Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар  2025/ШЦТ/28

 

 

                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.М

Улсын яллагч Э.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б

Шүүгдэгч А.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт А-ын З-д холбогдох эрүүгийн .......... тоот хэргийг 2025 оны 03 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны .... дугаар сарын ....-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, э.эгтэй, ..... боловсролтой, ....... мэргэжилтэй, .......... ажилтай, ам бүл ...., ....... хамтаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .... баг ......... тоотод оршин суух хаягтай, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Х овогт А-ын З /РД: ........../

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.З нь согтуурсан үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тээвэрчин 102-1 тоот гэртээ 2024 оны 11 дүгээр сарын 13-ны шөнийн 04 цаг 45 минутын орчимд Б.Ц-г зодож биед нь хэвлийн хөндийн нэвтэрч доторх эрхтнүүдийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт, доод уруулын язарсан шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн мөрний цус хуралт, зүүн мөрний зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.З нь согтуурсан үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сум .... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .......... тоот гэртээ 2024 оны 11 дүгээр сарын 13-ны шөнийн 04 цаг 45 минутын орчимд Б.Ц-г зодож биед нь хэвлийн хөндийн нэвтэрч доторх эрхтнүүдийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт, доод уруулын язарсан шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн мөрний цус хуралт, зүүн мөрний зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн “Тухайн өдөр архи хэтрүүлэн хэрэглэснээс болж ийм хэрэг гарсан. Миний буруу. Цаашдаа архи уухгүй гэр бүлийнхээ төлөө явах болно. Одоо эхнэрийн биеийн байдал хэвийн байгаа. Маш их гэмшиж байна” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-13/, хохирогч Б.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 20-29, 183/, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д-ын мэдүүлэг /хх-ийн 35-36/, гэрч Б.Е-ийн мэдүүлэг /хх-ийн 40-41/, гэрч С.О-ийн мэдүүлэг /хх-ийн 43-44/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 46-47/, шинжээчийн 2024 оны 12 сарын 11-ний өдрийн 32 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-54/, шинжээчийн 2024 оны 12 сарын 11-ний өдрийн 181 дугаартай дүгнэлт /хх-ийн 173-175/, аюулын эрсдэлийн зэрэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 180/, гэрч Б.Болортуяагийн мэдүүлэг /хх-ийн 188/, шүүгдэгч А.З-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 198-200/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З-д 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин, орлогыг харгалзан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч А.З-ээс хохирогч нь нэхэмжилсэн хохиролгүй, иргэний нэхэмжлэгчид учирсан хохиролд 7,828,824 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 4,828,824 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, 2025 оны 03 сарын 10-ны өдрийн гүйлгээ хийсэн баримт /хх-ийн 233/ зэргээр тогтоогдож байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хувцас хатаагчны 71 см урттай цагаан өнгийн 1 ширхэг төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт А-ын З-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З-ийг 15,000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.З нь оногдуулсан 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч А.З-нээс 4,828,824 төгрөгийг гаргуулж Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хувцас хатаагчны 71 см урттай цагаан өнгийн 1 ширхэг төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.Б