Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/32

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б  даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.М 

Улсын яллагч Г.Г 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э 

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б-ын Г-д холбогдох эрүүгийн ........ тоот хэргийг 2025 оны 03 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын... .-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн..., . настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ..... ажилтай, ам бүл..., .....эхнэр, . хамтаар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын .......оршин суух хаягтай, урьд Дорноговь аймгийн хоёрдугаар шүүхийн 2007 оны 07 сарын 03-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, М  овогт Б-ын Г  /РД: ......../

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г  нь 2025 оны 01 сарын 18-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвд байх өөрийн гэртээ тухайн үед болсон нөхцөл байдлын улмаас хохирогч Б.Х-ийн толгойн тус газарт нь архины шилээр цохиж, түүний биед зулайн шарх, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г  нь 2025 оны 01 сарын 18-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвд байх өөрийн гэртээ тухайн үед болсон нөхцөл байдлын улмаас хохирогч Б.Х-ийн толгойн тус газарт нь архины шилээр цохиж, түүний биед зулайн шарх, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02/, хохирогч Б.Х-ийн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын цагдаагийн хэсэгт өгсөн өргөдөл /хх-ийн 03/, хохирогч Б.Х-ийн мэдүүлэг /хх-ийн 7-9, 12-13/, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д-ын мэдүүлэг /хх-ийн 21-22/, гэрч Б.Н-ын мэдүүлэг /хх-ийн 25-27/, гэрч Б.Т-ын мэдүүлэг /хх-ийн 30-31/, гэрч Э.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 34-36/, гэрч Б.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 38-39/, шинжээчийн 2025 оны 02 сарын 07-ны өдрийн ДОГ0725/048 дугаартай дүгнэлт /хх-ийн 45-46/, шүүгдэгч Б.Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 66-67/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.Г  нь хохирогч Б.Х-эд эмчилгээний зардал 820,000 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирол 1,948,704 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн нь хохирогчийн хүсэлт /хх-ийн 86/, шүүгдэгчийн мэдүүлэг, 2025 оны 02 сарын 05, 2025 оны 02 сарын 08, 2025 оны 02 сарын 11, 2025 оны 02 сарын 28-ны өдрүүдэд гүйлгээ хийсэн баримт /хх-ийн 90-94/ зэргээр тогтоогдож байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримт, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Б-ын Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Г-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г  нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Г-аас 1,948,704 төгрөгийг гаргуулж Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.Б