Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2018/03807

 

 

 

 

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2018/03807

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ө.У гаргасан,

 

Хариуцагч: Н.Б холбогдох,

 

7,588,200.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.У, хариуцагч Н.Б, нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч Н.Бтай зээлийн гэрээ байгуулж, түүний К банк ХХК дахь дансанд 4,800,000.00 төгрөгийг шилжүүлсэн.

 

Би, хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээнд зааснаар уг зээлийг сарын 2 хувь, нийт 3 сарын хугацаатай өгсөн бөгөөд үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон юм.

 

Гэтэл хариуцагч Н.Б нь зээлийг буцаан төлөхгүй, 1 жилийн хугацаанд олдохгүй надад маш их хүндрэл учруулсан. Бид, энэхүү гэрээг байгуулах үед тэрээр *******,*******, сансар хотхон  тоот хаягт амьдардаг гэсэн боловч тус хаягаар шүүхэд нэхэмжлэл өгсөн хэдий ч нэхэмжлэлийг буцаасан учраас эрэн сурвалжилж одоогийн хаягийн тогтоосон.

 

Намайг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4,800,000.00 төгрөг, хүү 288,000.00 төгрөг, алданги 2,400,000.00 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 7,588,200.00 төгрөг болсон.

 

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал 3,800,000.00 төгрөгийг төлсөн тул үлдэх 3,788,200.00 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд, хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Би, нэхэмжлэгч Ө.Уээс 4,800,000.00 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлсэн, энэ талаар маргахгүй. Өнгөрсөн хугацаанд зээлийг буцаан төлөх болоход нөхөр маань хүндээр өвчилж, нас барснаас ар гэрт маань гачигдал гарч, хүнд нөхцөл байдалд байсан учраас төлж чадаагүй.

 

Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 3,800,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үлдэгдэл 1,000,000.00 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацааны хүүгийн хамт төлөхөд татгалзахгүй, харин алдангийн хувьд төлөх санхүүгийн боломж байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Уээс хариуцагч Н.Бд холбогдуулан 7,588,200.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үндсэн зээлийн үлдэгдэл 1,000,000.00 төгрөг, хүү 288,000.00 төгрөг, алданги 2,400,000.00 төгрөг, учирсан хохиролд 70,200 төгрөг, нийт 3,788,200.00 төгрөгийг нэхэмжилж байна гэснийг хариуцагч үл хүлээн зөвшөөрч, алдангийг төлөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ө.У нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч Н.Бтай зээлийн гэрээ байгуулж, 4,800,000.00 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэхээр тохирч, хариуцагчийн К банк ХХК дахь  дансанд 4,800,000.00 төгрөгийг шилжүүлсэн байна /х.х-ийн 5, 6 хуудас/.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

Тодруулбал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ө.Уээс хариуцагч Н.Бгийн дансанд гэрээний зүйл болох 4,800,000.00 төгрөгийг шилжүүлсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна.

 

Тус зээлийн гэрээгээр хариуцагч тал 4,800,000.00 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлж, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төлөх үүрэг хүлээсэн байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч тал 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр буюу шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа 3,800,000.00 төгрөгийг төлсөн боловч тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үндсэн зээл, зээлийг хүүг төлөх хугацааг хэтрүүлсэн байна. Хэдийгээр тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс ийнхүү үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан буюу үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлохгүй байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан зэлийн гэрээ болон зээлийг хариуцагчийн дансад шилжүүлсэн өдрөөс эхлэн хүүг тооцвол:

 

-     4,800,000x2%=96,000 /нэг сарын хүү/, 96,000x12=1,152,000 /1 жилийн хүү/, 1,152,000:365=3,156.16 /1 өдрийн хүү/

-     Зээлийг олгосон 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 88 өдөр зээлийг ашигласан тул 3,156.16x88=277,742.16 төгрөг.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.4.-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол зээлийн хүүг жил тутам төлнө гэж заасны дагуу хариуцагчийн төлбөл зохих зээлийн хүүгийн хэмжээг жил, сар, өдрөөр тооцож, ашигласан хугацааны хүүг 277,742.16 төгрөг байна гэж үзэв.

 

Талууд, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.-д зааснаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, мөн 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ тус тус заасан.

 

Нэгэнт хариуцагч буюу зээлдэгч үндсэн зээлийг хугацаандаа буцаан төлөөгүй байх тул тэрээр гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид алданги төлөх үүрэг хүлээх бөгөөд гагцхүү энэхүү алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй юм.

 

Хариуцагч Н.Бгийн төлөх ёстой байсан буюу нэхэмжлэгч Ө.Уийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 4,800,000.00 төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн гэрээнд заасан хэмжээгээр алдангийг тооцоход:

 

-               4,800,000x0.5%=24,000 /1 өдрийн алданги/, үүнийг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцвол /24,000x304=7,296,000 төгрөг/ буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул алдангийн хэмжээг 2,400,000.00 төгрөг гэж тогтоов.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01768 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Ө.Уийн гаргасан хариуцагч Н.Бг эрэн сурвалжлах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлого болгожээ /х.х-ийн 4, 7, 8 хуудас/.

 

Зохигчид, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээг байгуулах үед хариуцагчийг *******,*******,******* тоот хаягт амьдардаг байсан, үүний дараа *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суудаг болсон гэдгийг нэхэмжлэгч мэдээгүй гэх үйл баримтын талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн 227 дугаар зүйлийн 227.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Ө.Уийн зүгээс хариуцагч Н.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах болоход хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхой бус байснаас улбаалан ийнхүү түүнийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тодруулахаар улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлж, зардал гаргасан байна.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 1,000,000.00 төгрөг, зээлийн хүү 277,742.16 төгрөг, алданги 2,400,000.00 төгрөг, хохирол 70,200 төгрөг, нийт 3,747,942.16 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40,257.84 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1.-д заасныг тус тус үндэслэн Н.Бгаас 3,747,942.16 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Ут олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40,257.84 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.2, 60 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136,361.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 74,917.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

د Б.МАНДАЛБАЯР