| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0034/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/35 |
| Огноо | 2025-03-26 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Э.Н |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж
Нарийн бичгийн дарга Б.М
Улсын яллагч Э.Н
Хохирогчийн өмгөөлөгч Н.Б
Хохирогч Г.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч У.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт У-ын Ц-т холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2025 оны 03 сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ... сарын ...ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, яс үндэс ..., ... настай, .эгтэй, ....боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..... хамт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .... дугаар баг, ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Э овогт У-ын Ц /РД: ......./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.Ц нь 2024 оны 04 сарын 21-ний өдрөөс 2024 оны 04 сарын 22-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 35 дугаар байрны гадаа хохирогч Г.Б-тай “машины дугуй өшиглөсөн” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, хөлөөрөө цээжин тус газарт өшиглөсний улмаас баруун чамархай яс хөхлөг сэртэн хамарсан хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэжээ. /1-р хх-ийн 150/
Шүүгдэгч У.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би хохирогчийг нүүр ам руу нь цохиогүй, түлхээд унахад хүнд хохирол авсан байгаа. Үүнийг зөвшөөрч байгаа. Эрүүл мэндийн байгууллагад учирсан хохирол төлсөн. Хохирогчтой хохирол, сэтгэцэд учирсан хохирол нийт 16,000,000 төгрөг төлөхөөр эвлэрч, 10,000,000 төгрөгийг төлсөн, үлдсэн 6,000,000 төгрөгийг нь 7 хоногийн хугацаанд төлөхөө илэрхийлсэн байгаа гэв.
Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би хүргэн дүү С-ийн хамт 117-р байрны подвалд хоёулаа 1 шил архи уучхаад Тумбаашийн 35-р байрны гадна явж байгаад С 1 машины дугуйг өшиглөсөн чинь цаад талаас танихгүй 2 залуу гарч ирснээ хэрүүл өдөөд байсан. Яагаад хүний машин өшиглөөд байгаа юм бэ гэх мэтээр хэрүүл өдөөд эхлээд С-г нэг залуу нь цохисон. Тэгээд миний нүүр рүү цохисон. Би хэн нь хэдэн удаа юугаар, яаж цохисныг мэдэхгүй байна. Намайг нүүр лүү цохих үед би ар дагзаараа газарт унах шиг болсон. Өөр зүйл санахгүй байна. Уруулын зүүн дээд хэсэг хавдсан, 2 нүд хөхөрсөн, баруун талын чихний ар хэсэгт хөхөрч хавдсан, толгойн ар, баруун дагзны хэсэгт хагарч 1 оёдол тавиулсан. Одоо биеийн байдал толгойн дээд хэсэгт хөөрч өвдөнө, чихний ар хэсэг зовуурьтай, босож чадахгүй, эмнэлгээс хөдөлгөөн хязгаарласан. Зүс таних нэрийг нь мэдэхгүй 2 залуу байсан. Намайг хэн нь юугаар хэдэн удаа яаж цохисныг мэдэхгүй, тухайн үед нэлээн согтолттой байсан болохоор өөр зүйл санахгүй байна. Би гомдолтой байна. Эрүүл мэндийн хувьд ч хүнд байна гэжээ. /1-р хх-ийн 10-12/
2024 оны 08 сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 04 сарын 21-ний орой 22 цаг 30 минутын орчимд баз хүргэн дүү С-ийн гар утас руу залгаж дуудаад бид хоёр 117 дугаар байрны подвалд 1 литрийн хэмжээтэй 1 шил архи хувааж уугаад юм ярьж сууж байгаад би гэртээ харьж амрах гээд 117 дугаар байрнаас 04 сарын 22-ны өдрийн 02 цагийн орчимд С-ийн хамт манай амьдардаг 35 дугаар байр луу явж байхад 155 дугаар байрны гадна манай эхнэр Д бид хоёр тосож авах гээд ирсэн. Тэгээд бид гурав 35 дугаар байрны гадна ирээд эхнэр бид хоёр гэртээ орно, С гэр рүүгээ явна гээд явж байхад Сайнбилэг талбайд зогсож байсан нэг машины дугуйг өшиглөхөд эсрэг талд машинд сууж байсан 2 залуугийн нэг нь “яагаад машин луу өшиглөөд байгаа юм бэ” гэж хэлэхэд С тэр хоёр залуугийн сууж байсан машин дээр очоод “яасан гэнэ ээ” гэх шиг зүйл яриад тэр хоёр залуу машинаас бууж ирээд нэг нь С-тэй хэрүүл маргаан үүссэн. Мөн С-тэй муудалцаж байсан залуутай хамт явж байсан залуутай би бас маргалцаад байсан ба манай эхнэр С бид хоёрыг тэр хоёр залуугаас ээлжлээд салгаад байсан. Намайг манай эхнэр гэртээ оруулах гээд байрны гадна талын шатаар өгсөх гэж байхад надтай хамт явж байсан С-ийг тэр хоёр залуу газар унагачихсан чирч ална гээд С-ийг газраар чирэхээр нь би эхнэрээс салаад тэр хоёр залуугаас С-ийг салгах гээд очиход С-тэй анх муудалцсан буюу С-ийг цохиод байсан залуутай хамт явж байсан нөгөө залууг нь бодоход намхан залуу нь миний нүүр хэсэг рүү баруун талын гараараа нэг удаа цохиод, хөлөөрөө цээж хэсэг рүү өшиглөхөд би хойшоо цементэн талбай дээр нуруу, толгойн дагз хэсгээр савж унаад ухаангүй болсон. Нэг мэдсэн чинь эмнэлэг дээр ирчихсэн эмчилгээ хийлгэж байсан. Баз хүргэн дүү С , манай эхнэр Д , хэрүүл хийсэн хоёр залуу, бид нар байсан. Тухайн үед С бид хоёртой хэрүүл маргаан хийсэн хоёр залуугийн намхан залуу буюу С-тэй анх хэрүүл хийсэн залуугийн нөгөөдөх нь миний нүүр хэсэг рүү гараараа цохиж, цээж хэсэг рүү хөлөөрөө өшиглөж би хойшоо савж унаад толгой хэсэгтээ гэмтэл авсан. Би анх мэдүүлэг өгөхдөө миний бие өвдөөд зовуурь ихтэй байсан тул сайн мэдүүлэг өгч чадаагүй, харин одоо бол зарим зүйлийг сайн санаж байна. С бид хоёр 1 литрийн архи хувааж ууж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нөгөө хоёр залуу бас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай архи үнэртэж байсан. Миний баруун талын чамархай яс хугарсан, хагалгаанд орж яс авхуулсан, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл учирсан, одоо тархинд ачаалал өгөх үед толгой өвдөх, баруун талын гар, хөл бадайрч өвдөнө, баруун талын чих хэнгэрэг цоорсон, баруун талын нүд муу хардаг болсон. Зүүн талын духны орчимд цусан хураа үүссэн бол эмчилгээгээр шимэгдэх, хагалгаа хийх боломжгүй гэсэн, мартаж сандаг болсон. Надад ямар нэг учирсан хохирлыг төлж барагдуулсан зүйл байхгүй, тэр залуу надаас уучлалт гуйсан зүйл байхгүй, миний биеийн байдал ямар байгаа талаар асууж байгаагүй гэжээ. /1-р хх-ийн 119/
Хохирогч Г.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч 10,000,000 төгрөгийг надад төлсөн, үлдэх 6,000,000 төгрөгийг 2025 оны 04 сарын 01-ний өдөр төлөхөөр гэрээ байгуулсан байгаа. Ц-ийн түлхэлтийн улмаас би хойшоо унахдаа тархиндаа хүнд гэмтэл авсан. Одоо биеийн байдал сайнгүй байгаа, толгой өвдөнө цаашдаа эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин орлогоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж өгнө үү гэв.
Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд сум дундын прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Г.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,545,637 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг У-ын Ц-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /1-р хх-ийн 113-114/
Гэрч Т.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 04 сарын 23-ны шөнийн 02 цаг 58 минутад гэмтлийн тасагт би хүлээн авч хэвтүүлсэн. Хэвтэх үед толгой өвдөнө, бөөлжис цутгана, босохоор толгой эргэнэ, дотор муухайрна, шилэн хүзүүгээр хөшнө, нүд эрээлжилнэ гэсэн зовуурьтай байсан. Биеийн ерөнхий байдал хүндэвтэр, дагз орчим зөөлөн эдийн няцралтай, 2,3х4,5 см байсан. Хуйхны дор няцрал үүсээгүй. 2х0,6 см орчим шархтай, нүүр, хамар орчим хавдаж, зөөлөн эд няцарсан, хүүхэн хараа 2 талд нарийссан, гэрлийн урвал эерэг, гэмтлийн үедэх процессыг санахгүй байсан. Энэ нь гэмтлийн үеийн нэг шинж. Ингээд компьютер томографыг тодосгогч бодисгүй гавал тархины шинжилгээг хийхэд гавал тархины зулай яс баруун талын ар хэсэг шугаман хугаралттай, тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнд 59х12 мм эпигурал цус хуралттай, мөн зүүн духны дэлбэнд 53х51 мм цусархаг няцралттай, тэр түвшинд тархины дунд бүрдэл баруун тийш бага зэрэг хазайсан, тархины эд хаван ихтэй, хамрын таславч мурийсан, 2 талын хамрын хөндийн доод эсийн хөөнгөтсөн гэмтэлтэй ирсэн. Одоо биеийн байдал хүндэвтэр. Дагзаараа хатуу биет дээр хүчтэй унах үед шугаман хугарал үүсэх боломжтой. Бусад гэмтлийг ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг би хэлж мэдэхгүй гэжээ. /1-р хх-ийн 15-18/
Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 04 сарын 22-ны шөнө 02 цаг 25 минутад манай нөхөр над руу байрныхаа ойрхон байна гэхээр нь би гэрээс гартал байрны гаднах зогсоол дээр тавьсан хар өнгийн машинд 2 залуу сууж байсан. Тэрийг өнгөрөөд явж байтал манай нөхөр болон хүргэн дүү С 2 хамт 155 дугаар байрны гадна байсан. Байрны гадна тэр 2 дээр 2 цагдаа ирчихсэн байсан. Тэр үед хэрүүл, маргаан, зодоон болоогүй. Байрны зогсоол дээр ирээд манай хүргэн болох С нэг машины дугуй руу өшиглөтөл нөгөө танихгүй 2 залуу машин дотроос “өө ах яагаад машин тэрэг өшиглөөд байна аа” гэр лүү нэг тиймэрхүү үг хэлтэл С нөгөө хоёрын сууж байсан машин дээр очоод “яасан зүгээр үү” гэх зэрэг үг хэлж байгаад хоорондоо маргалдаад байсан бөгөөд нөгөө 2 залуу машинаасаа буугаад ирсэн. Ингээд С 1 залуутай нь маргалдаж байж байгаад заамдалцаад байсан. Тэр үед нь би очоод “хүний машин тэрэг эвдэлчихнэ шүү дээ холдооч” гэтэл 1 хар малгайтай цамцтай залуу нь манай нөхрийг “энэ манай байрны ах шүү дээ” гэсэн. Тэгтэл манай нөхөр “энэ залуу манай машиныг шүргэдэг хүний хүүхэд шүү дээ” гэхээр нь л би манай байрны СӨХ-ийн эгчийн хүүхэд байна гэж мэдсэн. Тэр нь хар өнгийн цамцтай байсан. СӨХ-ийн эгчийн хүүхэд С 2 өөд өөдөөсөө хараад маргалдаад байсан, тэр үед манай нөхөр СӨХ-ийн эгчийн хүүхэдтэй хамт явсан саарал өнгийн цамцтай байсан залуу нь манай нөхөртэй барилцаад авчихгүй хэрнээ гараас нь татаад манай нөхөр ч мөн таталцаад байхаар нь би тэр хоёрыг салгах гээд татсан. Тэд нар бие биеийгээ үгээр идсэн байдалтай байсан чинь манай нөхөр С-г “энэ хүн чинь Тагнуулд ажилладаг юм шүү дээ” гэсэн чинь хэнийг нь мэдэхгүй нэг нь “чиний тагнуул гэж юу байдаг юм бэ, тагнуулын жижүүр биз дээ” гэтэл нөгөөх нь хэний билээ нэрийг нь санахгүй байна, нэг нэр хэлээд тэрний “суганы үс биз дээ” гэсэн. Ингээд зууралдаж явсаар байгаад орцны үүдэн дээр очсон. Саарал цамцтай залуу нь С-г хөлөөрөө хавирч унагаад дээрээс нь тонгойж байгаад алийг нь анзаараагүй 1 гараараа нүүр лүү нь цементтэй хавсраад цохих шиг болсон. Тэгээд С-г газраас босоогүй байхад нөгөө хар цамцтай залуу нь ирснээ “өө энийг ингээд чирч яваад алчихъя” гээд С-г хоёулаа нийлээд чирээд явсан. Гэтэл манай нөхөр найзыгаа өмөөрөөд салгах гээд очтол хар цамцтай залуу нь манай нөхрийг аль гараараа гэдгийг нь анзаараагүй 1 гараараа нүүр рүү цохиод хөлөөрөө өшиглөөд унагаасан. Манай нөхөр унах үедээ газарт цементэн шалан дээр маш хүчтэй унасан. Ингээд нэлээд удаан хугацаанд бараг 1, 2 минут орчим хөдөлгөөнгүй болоод сэрэхгүй, хөдөлгөөнгүй дээшээ хараад хэвтээд байсан болохоор нь түргэн дуудсан. Энэ хооронд саарал өнгийн цамцтай залуу нь манай нөхрийг “юундаа баашлаад байгаа юм бэ” гээд толгойн хэсэгт зогсоод 2 суган доогуур нь гараа хийгээд босгож суулгах гээд байсан. Гэтэл манай нөхөр нэг хурхирах шиг болсон чинь “өө энэ унтчихсан байна шүү дээ” гэсэн. Нөхөр маань газарт унахаар нь очтол хамраас нь цус гарчихсан байсан, хэсэг хугацааны дараа манай нөхөр сэргээд толгойгоо хөдөлгөсөн чинь толгойных нь дагз хэсгээс цус гарч байсан. Манай нөхрийн хамар, дээд уруул нь хөхөрч хавдсан, толгойн дагз хэсэгт хагарч оёдол тавиулсан, гарын шуу орчимд энэ тэнд хөхөрсөн, баруун талын чихний ард хөхөрсөн байсан. Өчигдөр буюу 2024 оны 03 сарын 23-ны өдөр тархины мэс засалд орсон. Одоо биеийн байдал нь сайнгүй, хэвтэрт сахиуртай байгаа. Саарал цамцтай залуу нь манай нөхрийн биед халдаж зодоогүй, хэвтэж байхад нь л “энэ баашлаад байна” гээд татаж босгох гээд байсан. Гараас нь татаад байсан, нөхрийн гарт байсан хөхрөлтийг тэр залуу үүсгэсэн байх. Бусад толгой болон нүүр, аманд нь учирсан гэмтлийг хар цамцтай СӨХ-ийн эгчийн хүүхэд учруулсан. Манай нөхөр болон С нар болон нөгөө 2 залуу бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед хүн байсан эсэхийг анзаараагүй, шөнө дунд харанхуй байсан болохоор юу ч анзаараагүй, нөхрийг өшиглүүлсний дараа манай 10 дугаар ангийн хүү маань гэрээс гарч ирсэн. Яг манай байрны дээд талд 1 хяналтын камер байдаг. Түрүүнд нь яг тэр байрны зогсоол дээр манай машиныг 1 машин шүргэсэн байсан тэр үед тэр камерыг ажилладаггүй гэж байсан ч тухайн хэрэг болох үед хар цамцтай залуу наад камер чинь ажилладаг шүү дээ гэсэн. Тэрнээс би ажилладаг үгүйг нь бол мэдэхгүй гэжээ. /1-р хх-ийн 20-21/
-2024 оны 08 сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед С-ийг чирч яваад алчихъя гээд С-ийг тэр хоёр залуу чирээд явж байхад манай нөхөр Г.Б С-ийг тэр хоёр залуугаас салгах гээд очиход хар цамцтай намхан залуу нь манай нөхрийн нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиод, хөлөөрөө цээж хэсэг рүү нь нэг удаа өшиглөж, манай нөхөр хойшоо нуруу болон толгойн дагз хэсгээр цементэн дээр савж унасан. Манай нөхөр савж унаад ухаангүй байгаад байсан гэжээ. /1-р хх-ийн 121/
Гэрч Н.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би оройн 22 цагийн орчимд Ц-ийн найзын гэрт нь оччихоод тэнд 1 том савлагаатй Сэнгүр гэдэг пиво уусан. Ингээд такси бариад Ц-ийн байрны гадна очоод таксинаас буугаад тамхи татаад зогсож байсан чинь 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн урдаас ирж байсан. Эмэгтэй нь эрүүл, 2 эрэгтэй нь согтуу байсан. Тэгээд тэр 2 эрэгтэй байрны зогсоол дээр байсан машинуудыг өшиглөөд байхаар нь би “машин тэрэг яагаад өшиглөөд байгаа юм бэ, зурагдлаа шүү дээ” гэсэн чинь өөдөөс уначихдаг ах нь “та нарт ямар хамаатай юм бэ, та нарыг ална шүү” гэсэн чинь хамт явж байсан нь өөрийгөө “тагнуулд ажилладаг” гэж яриад байсан ах нь “би тагнуулын газарт ажилладаг, та хоёр пиздааг алчихна шүү” гээд дайраад эхэлсэн. Тэгээд тэр ах бид хоёрыг зодох гээд дайраад байхаар нь бид хоёр зугтаад зайлаад байсан. Тэгээд тагнуулд ажилладаг гэх залуу нь над руу дайраад байхаар нь би баруун гар талдаа зэрэгцэж явж байгаад юм шиг өөрийнхөө баруун гарыг нөгөө ахын баруун гаран дээгүүр давуулж тэврээд байрных нь орц руу нь аваад явсан. Тэгсэн чинь нөгөө хөгшин ах нь ардаас “наадхаа тавь пиздаа минь” гээд гүйгээд ирэхээр нь тавьчихсан юм. Тэгсэн чинь цаанаас Ц хүрээд ирсэн чинь нөгөө хөгшин ах Ц рүү дайраад цохих гэж байгаад өөрөө арагшаа траншейны нүхэнд тээглээд уначихсан юм. Тэгээд унахаар нь цагдаа болон түргэн ирээд түргэн нь түрүүлж ирээд аваад явсан. Тэр хөгшин ах газарт дагзаараа саваад нэлээн хүчтэй унасан, тэгснээ 1 босож ирснээ буцаад хойшоо хэвтээд өгсөн. Эхнэр нь болон бид нар битгий хөдөл гэж хэлж байсан. Удалгүй түргэн ирээд аваад явсан гэжээ. /1-р хх-ийн 26-27/
Насанд хүрээгүй гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би 2024 оны 04 сарын 21-ээс 22-нд шилжих шөнө гэртээ байсан ба манай аав Б орой 23 цагийн орчимд гэрээсээ гарсан, яах гэж гарсныг нь би мэдэхгүй. Тэгээд би унтаж байтал шөнийн 2 цагийн орчимд ээж “аавыг чинь аваад ирье байрны ойрхон байна гэнэ” гэхээр нь би дүүгээ хараад том өрөөндөө орсон, ингээд нэлээд байж байтал ээжийн дуу гарах шиг болохоор нь би болкон дээр очоод хартал аав, ээж, Сайнаа ах болон танихгүй 2 ахын хамт манай өөдөөс харсан байрны урдаас манай байрны орц руу чиглэлтэй урд хойноо ороод алхаж байсан. Хэн нь хаана нь явж байсан гэдгийг нь би мэдэхгүй байна. Хамгийн урд талд нь аав, ээж хоёрыг л явж байгаа юм болов уу гэж харсан. Харанхуй байсан болохоор нарийн сайн харагдаж, танигдахгүй байсан. Ингээд орцны үүдэнд ирээд хэсэг зогсож байснаа саарал юм уу гэмээр цайвар өнгийн цамцтай ах С ахыг хүзүү орчмоос нь барьж байгаад боогоод түлхэж гэдийлгэж дарснаа болиод С ахыг баруун гараараа нэг удаа алгадаад, хөлөөрөө хавсраад унагаасан. Ингээд С ах газарт унасан чинь хар хувцастай болон саарал цамцтай хоёр хамт нийлээд цааш нь чирээд явсан. Аав араас нь очсон чинь хар цамцтай ах аавыг баруун гараараа нэг удаа нүүр лүү нь цохиод цээж хавьд нь өшиглөх шиг болсон. Харанхуй орчимд 4 давхраас харсан болохоор нарийн сайн харагдаагүй, ямар ч байсан хөлөөрөө өшиглөсөн чинь аав шууд эгцээрээ хойшоо унаад босож ирэхгүй болохоор нь би гэрээс гараад гүйгээд очсон. Гараад иртэл саарал цамцтай ах аавыг 2 сугаар нь сугадаад босгох гээд оролдож байснаа “одоо тэгээд жүжиглэчихсэн шааж байна” гэж хэлээд босгох гээд оролдоод байсан. Тэр үед аав ямар ч ухаан байхгүй, толгой нь гулжганаад уначихсан, тэгсэн чинь ээж “буцаагаад хэвтүүл” гэхээр нь би толгойноос нь түшээд буцаагаад зөөлөн хэвтүүлсэн чинь аавын толгойны ар хэсгээс цус гарчихсан, миний баруун гар цус болчихсон байсан. Тэгээд ээж түргэн дуудсан, тэгэхдээ “түргэн рүү чинь яаж залгах билээ” гэсэн чинь хар цамцтай ах “шууд 103 гээд залгана” гээд ээж залгаж түргэн дуудсан. Тэр хар цамцтай ах цагдаа дуудаж байх шиг байсан. Тэд нарын яриа сонсогдоогүй, чанга орилж хашхирсан зүйл байгаагүй гэжээ. /1-р хх-ийн 32-33/
-2024 оны 08 сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Би болкон дээрээс харч байхад хар цамцтай ах аавыг баруун талын гараараа 1 удаа нүүр хэсэг рүү нь цохиж, цээж хэсэг рүү хөлөөрөө өшиглөхөд аав эгц хойшоо унаад босож ирэхгүй болохоор нь би гэрээс гүйгээд гарч ирсэн. Аав ухаангүй хэвтэж байсан. Манай аав, ах хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мөн аавыг цохисон ах болон хамт байсан ахаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан гэжээ. /1-р хх-ийн 122/
Гэрч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 04 сарын 21-ний орой 22 цаг 30 минутын орчимд хүргэн ах Б-тай уулзаад 117 дугаар байрны подвалд 1 литрийн хэмжээтэй 1 шил архи хувааж уугаад юм ярьж сууж байгаад ахыг гэрт нь хүргэж өгөөд гэртээ харьж амрах гээд 117 дугаар байрнаас 04 сарын 22-ны шөнийн 02 цагийн орчимд Б ахын амьдардаг 35 дугаар байрны гадна талбайд зогсож байсан машины дугуйг өшиглөхөд эсрэг талд машинд сууж байсан 2 залуу бууж ирсэн. Тэр хоёр залуугийн нэг нь намайг “чи яагаад хүний машин луу өшиглөөд, цохиод байгаа юм бэ” гэж уурлаад бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. Тэгсэн чинь надтай хэрүүл маргаан хийсэн залуу “өө энэ тагнуулын жижүүр, Х-ийн суганы үс байна шүү дээ” гээд намайг доромжилж, тэр залуу намайг гараараа цохиж унгаж, энэ үед тэр залуутай хамт явж байсан залуу ирээд намайг тэр хоёр залуу ална тална гэх шиг зүйл яриад намайг харанхуй байшингийн булан руу чирэх үед хүргэн ах Б тэр хоёроос намайг салгах гэтэл надтай муудалцаж намайг цохисон залуутай хамт явж байсан залуу Б ахыг цохиод, хөлөөрөө өшиглөөд газар унгасан. Б ах барилгын дунд байх цементэн машины зогсоол дээр дээшээ харсан байдалтай унасан. Би болон Б ахын эхнэр бид хоёр очиход Б ахын толгойн ар хэсгээс цус гарч байсан тул Б ахын эхнэр Д эмнэлэг, цагдаа руу дуудлага өгсөн. Тэгээд удалгүй эмнэлэг, цагдаагийн алба хаагч нар ирээд Б ахыг эмнэлэг рүү авч яваад бид нар бас эмнэлэг дээр ирээд намайг тэр хоёр залуутай хамт цагдаа дээр авч ирсэн. Би Б ахыг гэрт нь оруулж өгөх гээд хамт явж байсан ба Б ахын эхнэр нь ахыг тосож авах гээд байрны гадна гараад ирсэн байсан. Тэр хоёр залуу бид нар байсан. Б ах бид хоёр болон тэр хоёр залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Б ах бид хоёртой муудалцсан залуучууд хар бараан өнгийн хувцастай байсан ба харанхуй байсан тул хар бараан харагдаж байсан. Надтай муудалцаж байсан залуутай хамт явж байсан залуу Б ахыг цохиод, өшиглөөд унагасан. Надтай хэрүүл маргаан хийсэн залуу намайг гараараа цохиод газар унагасан ба миний хацар хавдсан, өмдний гуя дээр урагдсан байсан. Тэр залуучууд намайг машины дугуй өшиглөж, багажийн хаалгыг цохисон тул энэ асуудлаас болж тэр хоёр залуу намайг машины дугуй руу өшиглөсөн гээд хэрүүл маргаан гарсан. Яг хэний машин байсан талаар мэдэхгүй, тэр хоёр залуугийн ямар ч байсан машин биш байсан гэжээ. /1-р хх-ийн 35-36/
-2024 оны 07 сарын 30-нд өгсөн мэдүүлэгтээ: Би хааяа нэг такси дуудах хэрэг гардаг тул Б ахын байранд амьдардаг 40 орчим настай эгчийг дуудаж таксигаар үйлчилдэг. Тэгээд би тухайн хэрэг гарсан цаг хугацаанаас хэд хоногийн дараа тухайн дууддаг таксигаар үйлчлүүлсэн чинь дээр чи эмнэлэг дээр ахтайгаа хамт байсан уу, тэр залуу манай байрны залуу байна лээ, хэд хоногийн өмнө хүмүүс муудалцаад байсан, танай ах чинь гайгүй юу, манай хүүхэд цонхоор харсан байна лээ, танай ахын цээж хэсэг рүү нэг залуу өшиглөж унагаж байхыг харсан байна лээ гэж хэлсэн. Манай ахын амьдардаг байрны нэг хүүхэд цонхоор юу болсон талаар харсан юм шиг байна лээ. Манай ахыг цохиж, өшиглөж унагасан залууг харвал таних байх, тэр залуугийн нэрийг сүүлд сонсож байхад Ц гэж байх шиг байсан гэжээ. /1-р хх-ийн 38/
Гэрч М.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2024 оны 04 сарын 21-ний өдрөөс 04 сарын 22-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл Цагдаагийн хэлтсийн жижүүрийн цагдаа жолооч албан тушаал дээр ажилласан. 04 сарын 21-ээс 22-ны шилжих шөнө 01 цаг 30 минутын орчимд Цагдаагийн хэлтсийн 70527102 дугаарт 155 дугаар байрны урд талд нэг согтуу хүн хүмүүсийн машины хаалга, купер цохиж өшиглөөд хашхираад байна гэсэн дуудлага ирсэн тул дуудлага мэдээллийн дагуу тус өдөр эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч Б.Б-ийн хамт дуудлага өгсөн газарт ирэхэд хоёр согтуу хүн байсан ба нэг залуу нь хашхираад, чанга чанга яриад байсан. Тэгээд тухайн үед дуудлага өгсөн хүний гар утас руу залгаж хэн ямар машины хаалга, купер цохисон юм бэ гэж асуухад би яг ямар машин цохисон талаар мэдэхгүй, машин цохиж байгаа чимээ гараад, хүн хашхираад байсан гэж хэлсэн. Тэгээд тухайн байрны гадна байрлуулж тавьсан машинуудыг цохиж, эвдрэл учруулсан зүйл харагдахгүй байсан тул тэр хоёр залууд хууль зүйн зөвлөгөө өгч байхад энэ эмэгтэй хүн ирээд тэр хоёр залууг хариуцаад авч явахаар болсон. Тэгээд хэсэг хугацааны дараа 02 цагийн орчимд Цагдаагийн хэлтсийн 70527102 дугаар утсанд дуудлага мэдээлэл ирсэн ба нэг иргэнээс Замын-Үүд сум 1 дүгээр баг, 35 дугаар байрны гадна талд нэг эрэгтэй хүн агсам тавиад байхаар нь хойш нь түлхсэн чинь траншейны таганд тээглээд хойшоо савж унаад толгойдоо гэмтэл аваад толгойноос цус гараад байна гэсэн дуудлага ирсэн. Тэгээд би эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч Б.Б-ийн хамт дуудлага өгсөн газарт ирэхэд хоёр согтуу эрэгтэй хүн байсан ба юу болсон талаар асуухад нэг өндөр залуу нь "энэ байрны гадна зогсоол дээр байсан машинуудыг хоёр согтуу залуу ирээд нэг нь машинуудыг цохиод байхаар нь боль гэж хэлсэн чинь" "тэр хоёр залуу бид хоёртой хэрүүл маргаан хийж, муудалцаад тэр нэг залуу нь намайг цохиж зодох гээд дайраад байхаар нь би тэр залууг цааш нь түлхсэн чинь траншейны таганд тээглээд хойшоо унаад толгойдоо гэмтэл аваад цус гараад байсан тул эмнэлэг ирээд аваад явсан гэж хэлсэн". Надад юу болсон талаар хэлээд байгаа залууг цагдаа дээр авч ирж согтолтыг шалгах У Ц гэж байсан. Тэгээд тэр хоёр залууг аваад машинд суулгаад эмнэлэг дээр ирэхэд нөгөө 155 дугаар байрны гадна согтуу байсан хоёр залуу эмнэлэг дээр ирсэн нэг залуугийн толгойн ар хэсгээс цус гарсан байдалтай, оёдол хийлгэх гэж байна гэж хажууд байсан эмэгтэй буюу толгойдоо гэмтэл авсан залуугийн эхнэр нь гэж байсан. Тэр оёдол хийлгэх гэж байгаа залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, юу болсон талаар хэлэх чадваргүй, хамт байсан эхнэр нь эмнэлэг дээр дагуулж очсон хоёр залуугийн нэг нь буюу цагдаа дээр авч ирж согтолтыг шалгах үед У-ын Ц гэх залууг манай нөхрийг цохиж, зодсон гэж хэлж байсан. Тэгээд тухайн эмэгтэйд хандаж та гомдол саналтай бол өргөдөл бичээд цагдаа дээр хүрээд ир гэж хэлээд нөгөө согтуу байсан залуучуудыг аваад цагдаа дээр ирж согтолтын зэргийг шалгаж үзээд, маргааш цагдаа дээр ирэх талаар хэлээд явуулсан. Дуудлага мэдээллийн дагуу очиход хоёр залуу байсан ба нэг өндөр залуу нь "энэ байрны гадна зогсоол дээр байсан машинуудыг хоёр согтуу залуу ирээд нэг нь машинуудыг цохиод байхаар нь боль гэж хэлсэн чинь" "тэр хоёр залуу бид хоёртой хэрүүл маргаан хийж, муудалцаад тэр нэг залуу нь намайг цохиж зодох гээд дайраад байхаар нь би тэр залууг цааш нь түлхсэн чинь траншейны таганд тээглээд хойшоо унаад толгойдоо гэмтэл аваад цус гараад байсан тул эмнэлэг ирээд аваад явсан гэж хэлсэн". Надад юу болсон талаар хэлээд байгаа залууг цагдаа дээр авч ирж согтолтыг шалгах У Ц гэж байсан. Тэр хоёр залуу согтуу байсан. Эмнэлэг дээр ирсэн чинь оёдол хийлгэх гэж байгаа залуугийн эхнэр гэх эмэгтэй эмнэлэг дээр дагуулж ирсэн хар цамцтай залууг цохиж, зодсон гэж хэлж байсан. Тэр хар цамцтай залууг цагдаа дээр авч ирээд согтолтыг шалгахад У-ын Ц гэж байсан. /1-р хх-ийн 125-126/
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2024 оны 04 сарын 21-ний өдрөөс 04 сарын 22-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа албан тушаал дээр ажилласан. 04 дүгээр сарын 21-ээс 22-ны шилжих шөнө 01 цаг 30 минутын орчимд Цагдаагийн хэлтсийн 70527102 дугаарт 155 дугаар байрны урд талд нэг согтуу хүн хүмүүсийн машины хаалга, купер цохиж өшиглөөд хашхираад байна гэсэн дуудлага ирсэн тул дуудлага мэдээллийн дагуу тус өдөр жижүүрийн жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.С-ын хамт дуудлага өгсөн газарт ирэхэд хоёр согтуу хүн байсан ба нэг залуу нь хашхираад, чанга чанга яриад байсан. Тэгээд тухайн үед дуудлага өгсөн хүний гар утас руу М.С залгаж хэн ямар машины хаалга, купер цохисон юм бэ гэж асуухад тухайн хүн яг ямар машин цохисон талаар мэдэхгүй, машин цохиж байгаа чимээ гараад, хүн хашхираад байсан гэж ярьсан. Тэгээд тухайн байрны гадна байрлуулж тавьсан машинуудыг цохиж, эвдрэл учруулсан зүйл харагдахгүй байсан тул тэр хоёр залууд хууль зүйн зөвлөгөө өгч байхад энэ эмэгтэй хүн ирээд тэр хоёр залууг хариуцаад авч явахаар болсон. Тэгээд хэсэг хугацааны дараа 02 цагийн орчимд Цагдаагийн хэлтсийн 70527102 дугаар утсанд дуудлага мэдээлэл ирсэн ба нэг иргэнээс Замын-Үүд сум 1 дүгээр баг 35 дугаар байрны гадна талд нэг эрэгтэй хүн агсан тавиад байхаар нь хойш нь түлхсэн чинь траншейны таганд тээглээд хойшоо савж унаад толгойдоо гэмтэл аваад толгойноос цус гараад байна гэсэн дуудлага ирсэн. Мөн би жижүүрийн жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.С-ын хамт дуудлага өгсөн газарт ирэхэд хоёр согтуу эрэгтэй хүн байсан ба юу болсон талаар асуухад нэг өндөр залуу нь "энэ байрны гадна зогсоол дээр байсан машинуудыг хоёр согтуу залуу ирээд нэг нь машинуудыг цохиод байхаар нь боль гэж хэлсэн чинь, тэр хоёр залуу бид хоёртой хэрүүл маргаан хийж, муудалцаад тэр нэг залуу нь намайг цохиж зодох гээд дайраад байхаар нь би тэр залууг цааш нь түлхсэн чинь траншейны таганд тээглээд хойшоо унаад толгойдоо гэмтэл аваад цус гараад байсан тул эмнэлэг ирээд аваад явсан гэж хэлсэн". Надад юу болсон талаар хэлээд байгаа залууг Цагдаа дээр авч ирж согтолтыг шалгах У Ц гэж байсан. Тэгээд тэр хоёр залууг аваад машинд суулгаад эмнэлэг дээр ирэхэд нөгөө 155 дугаарын байрны гадна согтуу байсан хоёр залуу эмнэлэг дээр ирсэн нэг залуугийн толгойны ар хэсгээс цус гарсан байдалтай, оёдол хийлгэх гэж байна гэж хажууд байсан эмэгтэй буюу толгойдоо гэмтэл авсан залуугийн эхнэр нь гэж байсан. Тэр оёдол хийлгэх гэж байгаа залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, юу болсон талаар хэлэх чадваргүй, тухайн залуутай хамт байсан эхнэр нь эмнэлэг дээр дагуулж очсон хоёр залуугийн нэг нь буюу /Цагдаа дээр авч ирж согтолтыг шалгах У Ц гэх/ залууг манай нөхрийг цохиж, зодсон гэж хэлж байсан. Тэгээд тухайн эмэгтэйд хандаж та гомдол гаргах саналтай бол өргөдөл бичээд Цагдаа дээр хүрээд ир гэж хэлээд нөгөө согтуу байсан залуучуудыг аваад цагдаа дээр ирж согтолтын зэргийг шалгаж үзээд, маргааш цагдаа дээр ирэх талаар хэлээд явуулсан. Дуудлага мэдээллийн дагуу очиход хоёр залуу байсан ба нэг өндөр залуу нь "энэ байрны гадна зогсоол дээр байсан машинуудыг хоёр согтуу залуу ирээд нэг нь машинуудыг цохиод байхаар нь боль гэж хэлсэн чинь, тэр хоёр залуу бид хоёртой хэрүүл маргаан хийж, муудалцаад тэр нэг залуу нь намайг цохиж зодох гээд дайраад байхаар нь би тэр залууг цааш нь түлхсэн чинь траншейны таганд тээглээд хойшоо унаад толгойдоо гэмтэл аваад цус гараад байсан тул эмнэлэг ирээд аваад явсан гэж хэлсэн". Надад юу болсон тайлбарлаж хэлээд байгаа залууг Цагдаа дээр авч ирж согтолтыг шалгах У Ц гэж байсан. Тэр хоёр залуу согтуу байсан. Эмнэлэг дээр ирсэн чинь оёдол хийлгэх гэж байгаа залуугийн эхнэр гэх эмэгтэй эмнэлэг дээр дагуулж ирсэн хар цамцтай залууг цохиж, зодсон гэж хэлж байсан. Тэр хар цамцтай залууг цагдаа дээр авч ирээд согтолтыг шалгахад У-ын Ц гэж байсан гэжээ. /2-р хх-ийн 64-65/
Шинжээч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Шинжээч томилсон тогтоолын дагуу иргэн Г.Б-ын биед учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор 2024 оны 04 сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд нэгдсэн эмнэлгийн No22 дугаартай яаралтай тусламжийн хуудас, 2024 оны 04 сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд нэгдсэн эмнэлгийн No1976 дугаартай өвчний түүхийн хуулбар зэргийг шинжлэн судалж шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Эмнэлгийн бичиг баримтыг шинжлэн судлахад Г.Б-ын биед баруун чамархай яс хөхлөг сэртэн хамарсан хугарал, хатуу хальсан дээрх доорх цусан хураа, тархины эдийн няцрал, дагзны шарх гэмтлүүд учирсан, тухайн гэмтлийн улмаас тархи чөлөөлөх мэс засалд орсон байсан. Энэ талаар эмнэлгийн бичиг баримтад тодорхой тусгасан байсан. Г.Б-ын биед учирсан эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ихэвчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн тэнцвэрт байдлаа алдан унах үедээ биеийн аль нэг хэсэгтээ гэмтэл авдаг. Хэрэв согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн явганаас хөл алдан унах үедээ тухайн гэмтэл үүссэн хэсгээр мохоо зүйл дээр унах үед эдгээр гэмтлүүд үүсэх боломжтой. Хүнийг зогсоо байдалд байх үед цохих, түлхэх үед ямар нэгэн мохоо биетийг мөргөсөн түүн дээр цохигдож унах үед эдгээр гэмтэл үүсэх боломжтой. Харин цохих, түлхэх үед нь ямар нэгэн мохоо биет мөргөхгүй, газарт унахгүй бол эдгээр гэмтэл үүсэх боломжгүй гэжээ. /2-р хх-ийн 68-69/
Шинжээчийн 2024 оны 05 сарын 07-ны өдрийн 02/200 дугаартай дүгнэлтэд: 1. Г.Б-ын биед баруун чамархай яс хөхлөг сэртэн хамарсан хугарал, хатуу хальсан дээрх доорх цусан хураа, тархины эдийн няцрал, дагзны шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан баруун чамархай яс хөхлөг сэртэн хамарсан хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, хатуу хальсан дээрх доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт тус тус хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4. Учирсан дагзны шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /1-р хх-ийн 45-46/
Шүүх шинжилгээний шинжээчийн 2024 оны 07 сарын 22-ны өдрийн 754 дугаартай дүгнэлт: 1. Хохирогч Г.Б-ын сэтгэцэд 2024 оны 04 сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. 2. Г-ын Б сэтгэцэд F43.22 дасан зохицолтын эмгэг, түгшүүрлэх, сэтгэл гутрах холимог хариу урвалын шинжүүд илэрч байна. 3.Ганболдын Болдбаатарын сэтгэцэд дээрх шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. 4. Шинжилгээний явцад өөр зүйл илрээгүй болно. /1-р хх-ийн 93-96/
Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 01/
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 02-03/
Иргэний нэхэмжлэгч байгууллагын даатгалын сангаас гарсан зардал /1-р хх-ийн 116/
Хохирлын баримтууд /1-р хх-ийн 130-138, 2-р хх-ийн 101-104/
Хэргийн газрын хөнөн үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 50-52/
Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2-р хх-ийн 53-56/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 57-60, 70-73/
Шүүгдэгч, хохирогч нарын хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол дээр тохирсон тохиролцоо /2-р хх-ийн 105/
Хохирол төлсөн баримт /2-р хх-ийн 106-107/
Шүүгдэгчийн Хаан банкны дансны хуулга /2-р хх-ийн 111-133/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч У.Ц нь 2024 оны 04 сарын 21-ээс 2024 оны 04 сарын 22-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 35 дугаар байрны гадаа хохирогч Г.Б-тай “машины дугуй өшиглөсөн” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, хөлөөрөө цээжин тус газарт өшиглөсний улмаас баруун чамархай яс хөхлөг сэртэн хамарсан хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Б-ын мэдүүлэг, гэрч Т.С-ын мэдүүлэг /1-р хх-ийн 15-18/, гэрч Г.Д-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 20-21/, гэрч Н.Д-ийн /1-р хх-ийн 26-27/, насанд хүрээгүй гэрч Б.Т-ын мэдүүлэг /1-р хх-ийн 32-33, 122/, гэрч Э.С-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 35-36, 38/, гэрч М.С-ын мэдүүлэг /1-р хх-ийн 125-126/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 64-65/, шинжээч Э.А-ын мэдүүлэг /2-р хх-ийн 68-69/, Шинжээчийн 2024 оны 05 сарын 07-ны өдрийн 02/200 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 45-46/, Шүүх шинжилгээний шинжээчийн 2024 оны 07 сарын 22-ны өдрийн 754 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 93-36/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 02-03/, иргэний нэхэмжлэгч байгууллагын даатгалын сангаас гарсан зардал /1-р хх-ийн 116/, хохирлын баримтууд /1-р хх-ийн 130-138, 2-р хх-ийн 101-104/, хэргийн газрын хөнөн үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 50-52/, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2-р хх-ийн 53-56/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч У.Ц-ийн гэм буруутай үйлдэл, хохирогч Г.Б-т учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Хохирогч Г.Б нь эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохиролд нийт 16,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг бэлнээр авч, үлдэх 6,000,000 төгрөгийг 2025 оны 04 сарын 01-ний өдөр авахаар шүүгдэгчтэй харилцан тохиролцсон. Шүүгдэгч У.Ц нь иргэний нэхэмжлэгч байгууллага болох Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,545,637 төгрөгийг, хохирогчид 10,000,000 төгрөгийг төлж барагдуулсан нь гүйлгээ амжилттай баримт /2-р хх-ийн 106-107/-аар болон шүүгдэгч, хохирогч нарын тайлбараар тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг нэхэмжлэгч байгууллагад төлөх хохирол төлбөргүй, харин Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч У.Ц-ээс 6,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б-т олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч, хохирогч нар нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тооцохдоо шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хор уршгийн гуравдугаар зэрэглэлийг гэмт хэрэг гарахад мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 16 дахин нэмэгдүүлж буюу 10,560,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч У.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирлыг төлж барагдуулсан, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялыг оногдуулсан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн цалин орлого, ажил эрхлэлтийн байдлыг харгалзан үзээд оногдуулах торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт У-ын Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-ын Ц-ийг 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ц оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч У.Ц-ээс 6,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б-т олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, нэхэмжлэгч байгууллагад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б