| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2018/03951/И |
| Дугаар | 101/ШШ2018/03340 |
| Огноо | 2018-10-31 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2018/03340
| 2018 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 101/ШШ2018/03340 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч Д.Цэрэндолгор, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Э ,
Хариуцагч: З СӨХ
гэм хорын хохиролд нийт 13,678,634 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Р, иргэдийн төлөөлөгч Ж.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Дугарсүрэн овоггой Э миний бие нь 2017 оны 6 сараас хойш БЗД-ын 25-р хороо ШШГЕГ-ын 167 байрны 18 тоот 2 өрөө байрыг иргэн Б.Ундармаагаас сарын 550,000 төгрөгөөр түрээслэн сууж байгаа билээ. Гэтэл энэ 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн өглөө 8.30 цагт гэрээсээ ажилдаа явахаар гарах замдаа орцон дотроо 1-р давхарт цахилгаан шатны үүдэнд халтирч унасны улмаас нуруугаа хугалаж, унасан газраасаа хөдөлж чадахгүй байсаар түргэнээр Гэмтэлийн эмнэлгийн хүлээн авах дээр 09.55 цагт хүргэгдэж очсон. Улмаар цээжний 12, бүсэлхийн 1-р нурууны нугалам хугарсан болох нь оношлогдож, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Хүзүү Нурууны Гэмтлийн тасагт 2018 оны 1-р сарын 16-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Хэвтэх хугацаандаа 2018 оны 01-р сарын 08-ны өдөр Хугарсан нурууг нөхөн сэргээх мэс засал хийлгэсэн. Мөн хагалгааны төлбөрт 12,187,000 төгрөг, ор хоногийн төлбөрт 76,194 төгрөг, эмчилгээ эм тарианд 1,286,440 төгрөг, хэвтэрт байх хугацаанд эмчилгээнд зөөвөрлөсөн унааны хөлсөнд 129,000 төгрөг тус тус зарцуулж, нийт 13,678,634 төгрөгний зардал надаас гарсан. Иргэн Д.Э миний биед учирсан энэ гэмтэл БЗД-ийн 25-р хороо ШШГЕГ-ын ажилчдын байрыг хариуцсан З СӨХ-ийн хариуцлагагүй ажилтны шууд буруутай үйлдлээс улбаатай / үйлчлэгч тухайн өдрийн өглөө орцны 1-р давхрын цэвэрлэгээг хийхдээ цэвэрлэгээний горимыг мөрдөж ажиллаагүйгээс гадна байрны орцны үүдийг онгорхой орхиж хүйтэн жавар нэвт салхилуулснаас тус байрны 1-р давхарт орцны дотор талд цахилгаан шатны үүдэнд мөсөн толио үүсгэж, түүн дээр нь би халтирч унаж, нуруугаа хугалсан / байх тул миний эмчилгээний зардалд гаргасан дээрхи зардалыг З СӨХ-өөс нэхэмжилж байна. Энэ үйлдлийг нүдээр харж, намайг түргэн тусламжаар Гэмтэлийн эмнэлэгт хүргэж өгсөн СӨХ-ийн үйлчлэгч Амаржаргал байгаа. Мөн би одоо болтол бүрэн эдгэрээгүй өвдөж зовиурласаар, хөдөлмөрийн чадвараа алдсан хэвээр байна. Иймд миний биед учирсан эрүүл мэндийн гарз хохиролын нөхөн төлбөрт зориулж, миний эмчилгээнд зарцуулсан зардал болох 13,678,634 төгрөгний төлбөрийг надад З СӨХ-өөс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гансүх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм хорын хохиролд 13 673 634 төгрөг нэхэмжилж байгаа юм. 2018 оны 1-р сары 3-ны өдөр өөрийн амьдардаг хариуцагч СӨХ-н байрнаас гарах үед шатны мөсөн дээр хальтарч унаад гэмтсэн. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Хагалгаанд 12 187 000 төгрөг, ор хоногт 76 194 төгрөг, гадуур эм тарианд 1 286 440 төгрөг, хэвтэрт байхад эмчилгээ хийлгэх боолт хийлгэхэд унааны хөлс 129 000 төгрөг, нийт 13 673 634 төгрөгний хохирол учирсан. Иргэний хуулийн 498.1, 498.2-д зааснаар уг барилга нь хариуцагч СӨХ-д харьяалагдах юм. Ажилтнй хариуцлага алдаснаас гэмтсэн тул СӨХ-с нэхэмжилж байгаа. 2016.11.17-ны өдрийн А\797 Нийслэлийн засаг даргын захирамжид эрүүл аюулгүй орчинд амьдрах тухай заалтыг үндэслэж байгаа. Энд 50 м нийтийн эзэмшлийн талбайн хальтаргааг арилгах үүрэг болгосон байдаг. Энэ даалгаврыг биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид гэмтэл учирсан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Үйлчлэгчийн буруу ажиллагаанаас хохирсон байдаг. Тухайн өдөр үйлчлэгч Амаржаргал түргэн дуудаж, гэмтэлд хүргэж өгсөн. Амаржаргал нь СӨХ-н ажилтан юм. 2018.1.3-ний эмнэлгийн дуудлагыг гаргаж өгөхийг хүссэн боловч гаргаж өгөөгүй. Уг байранд оршин суудаг талаар баримт шаардлагагүй гээд гаргаж өгөөгүй. Амаржаргал гэдэг хүн түргэн тусламж дуудсан талаар баримтгүй. Лифтний үүдэнд унасан бөгөөд энэ талаар баримт байхгүй. Нэхэмжлэгч нь Нуган гэдэг эмийн санд менежерээр ажилладаг, эмч мэргэжилтэй гэв.
Хариуцагч З СӨХ нь шүүхэд гаргасан тайлбартаа: В.Лхагвасүх би З СӨХ-ний даргын ажлыг 2018 оны 08 сарын 01-ны өдрөөс хүлээн авсан. Иймд 2018 оны 01 сарын 03-ны өдөр болсон явдлын талаар мэдэхгүй, ажил хүлээлцэх явцад энэ талаар дурдагдаагүй гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Р нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гэм хорын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч нь 2018.1.3-д гэмтэл авсан гэдэг. Гэмтэлийн талаар баримт өгсөн. Харин яг энэ үйл явдал хариуцагч СӨХ-н орцонд болсон талаар баримтгүй. Нэхэмжлэгч нь уг байранд оршин суудаг эсэх нь тодорхойгүй. Хорооны тодорхойлолтоор энд амьдардаггүй гэсэн. Хэрэв түрээсэлдэг, өмчилдөг байсан бол энэ талаар баримт гаргах байсан. Хариуцагч нь энэ талаар нэхэмжлэл гаргах хүртэл огт мэдээгүй. Хариуцагч СӨХ-ний дарга солигдох үед энэ талаар ажил хүлээлцэхэд огт яригдаагүй. СӨХ нь оршин суугчийн эрх ашгийн үүднээс ажилладаг. Тухайн үед энэ талаар гомдол гаргасан бол тухайн үед нь энэ талаар арга хэмжээ авах байсан. Гэтэл хаана хальтарч унасан нь тодорхойгүй. СӨХ нь нэхэмжлэлийг хариуцах хуулийн этгээд бус харин оршин суугчдаас өгсөн төлбөрөөр нийтийн эзэмшлийн талбайн зардалыг төлдөг. Хариуцагч нь төлбөрийг төлөх боломжгүй. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар орцон дотор мөс байна гэдэг нь боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Амаржаргал гэдэг хүн нь энэ СӨХ-д ажилдаггүй. Нэхэмжлэгчийн нь хүсэлтийн явцад нотлох баримтын хүсэлтээ хэлж болох байсан хэлээгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь гэм хорын хохиролд нийт 13,678,634 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч З СӨХ нь манай хариуцдаг байранд оршин суудаггүй, тухайн өдөр орцонд унасан гэдэг нь нотлогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.
Нэхэмжлэлд дурдсанаар 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ШШГЕГ-н 167 дугаар байрны орц, тодруулбал цахилгааны шатны үүдэнд мөс тогтсон байсны улмаас нэхэмжлэгч нь хальтарч унасан үйл баримт тогтоогдохгүй байна. Харин нэхэмжлэгч нь гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн болох нь хэрэгт байгаа баримтуудаар тогтоогдож байгаа. Гэвч дээр дурдсанаар нэхэмжлэгч нь хальтарч унсаны улмаас гэмтэл учирсанд хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүй шалтгаант холбоотой гэдэг нь тогтоогдохгүй байна. Тодруулбал, хариуцагчийн гэм буруутэй үйлдэл, эс үйлдэхүйгээс болж нэхэмжлэгчид гэм хор учирсан гэж үзэх үндэслэлгүй байна. Энд хариуцагч нь Амаржаргал гэгч нь хариуцагч СӨХ-д ажилладаггүй гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч нь уг этгээд нь тухайн үед цэвэрлэгээ хийж байсан, түргэн тусламж дуудаж өгсөн гэх тайлбараа нотлоогүйг дурдах нь зүйтэй. Мөн нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ШШГЕГ-н 167 дугаар байрны 18 тоот хаягт байрлах орон сууцанд оршин суудаг гэх тайлбар нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны тодорхойлолтоор үгүйсгэгдсэн.
Нэхэмжлэгч нь Нуган ХХК-ний Нуган эмийн санд менежерийн албан тушаалд ажилладаг болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч нь өөрөө эмч хүн тул зарим эмийг өөрөө нэмж хэрэглэсэн байх гэж тайлбарласан. Эдгээрээс нэхэмжлэгч нь өөрийн ажилладаг байгууллагын зарлагын падаанаар гадуур эмчилгээнд зарцуулсан зардлын баримтыг тооцсон нь эргэлзээтэй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Түүнчлэн хэрэгт хувийн таксигаар үйлчлүүлсэн гэх баримт байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй байна. Учир нь зайлшгүй шаардлагын улмаас эмнэлэгт очиж боолт хийлгэсэн нь баримтаар тогтоогдоогүй.
Дээрхийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл хариуцагч, түүний ажилтаны гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсан гэдэг нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дүгээр зүйлийн 498.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч З СӨХ-д холбогдох гэм хорын хохиролд 13,678,634 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Э-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 226,343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Д.ЦЭРЭНДОЛГОР
Э.ЭНЭБИШ