| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0032/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/36 |
| Огноо | 2025-03-27 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Э.Н |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Б.М
Улсын яллагч Э.Н
Шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Д-ын У-д холбогдох эрүүгийн ..................тоот хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, . ....оны ... дүгээр сарын .-ни.....й өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, э.эгтэй, яс үндэс ....., .....боловсролтой, ......... ажилтай, ам бүл ............ хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ...-р баг ...... тоотод оршин суух одоо Э сумын .....-р баг ....... оршин суух, урьд ял шийтгэлгүй, А овогт Д-ын У /РД: ......./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.У нь согтуурсан үедээ Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5-р багийн нутаг дэвсгэрт 2024 оны 12 сарын 31-ний өдөр ........улсын дугаартай цайвар ягаан өнгийн Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байхад манай хоёр найз манай гэрт ирээд бид гурав 2 шил архи хувааж уусан. Тэгээд архи ууж дуусчихаад манай хоёр найз гэрлүүгээ явсан. Би тэгээд гэр байр луу ангийнхаа хүүхдийнд очих гээд гэрт нь очтол манай ангийн хүүхэд байгаагүй ээ. Тэгээд буцаад гэрлүүгээ явж байтал гудамжинд нэг эзэнгүй асаалттай машин байхаар нь унаад явсан. Тэгээд би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болхоор унаж явсан машинаа буцаагаад байранд нь тавих гээд гудамжаар ортол миний араас хоёр машин хөөгөөд байсан. Сандраад гудамжины үзүүр хүртэл яваад зогстол З гэдэг залуу сумын цагдаа, хэсгийн төлөөлөгчтэй ирээд намайг цагдаагийн хэсэг рүү авч явсан. Тухайн тээврийн хэрэгсэлийг авч явахад харанхуй байсан учир тээврийн хэрэгсэлийн өнгө улсын дугаарыг санахгүй байна. Надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Согтуу байсан болхоор унаад явсан байсан. Би ганцаараа явж байсан. Жолооны үнэмлэх авч байгаагүй. Тухайн үедээ бол хэний тээврийн хэрэгсэл гэдгийг мэдээгүй дараа нь манай доод ангийн залуу болох З-ын машин байсан гэдгийг мэдсэн. 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ ингэж мэдүүлэг өгсөн тухайн үед хоёр машин хөөсөн нэг машиныг нь машины эзэн З унаж байсан нөгөө машин нь сумын цагдаа, хэсгийн төлөөлөгчийн машин байсан. Приус маркийн машин байсан байх сайн санахгүй байна. Надаас мэдүүлэг авах явцад дарамталсан зүйл байхгүй. Миний эрх үүргийг сайн тайлбарлаж өгсөн. Би эрх үүрэгтэй танилцаа. Асууж тодруулах зүйл байхгүй. Би согтуудаа хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 38-39/
Шүүгдэгч Д.У шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй, татгалзах зүйл байхгүй гэв.
Хохирогч З.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдөр 18 цагийн орчимд ажлын газрын хүмүүсийн хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг тараагаад явж байгаад урд гэр байранд ажилчныхаа гэрээс гарч ирхэд миний унаж явсан Тоёота приус 30 маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэл алга болсон байсан би тэр айлруу ороод удаа 10 гаран минут болсон тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай хадам аав болох Т гэж хүний нэр дээр байдаг би бэлэг тараах гэж түр гуйж авсан юм. Миний мэдэж байгаагаар юу юу байсныг сайн мэдэхгүй байна би хадам ааваасаа тодруулж байгаад дахин мэдүүлэг өгий гэжээ. /хх-ийн 10/
Хохирогч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Надад ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг миний өөрийн эзэмшилийн тээврийн хэрэгсэл юм. Би одоо өөрөө Сүхбаатар аймгийн Онгон суманд унаж замын хөдөлгөөнд оролцож байгаа. Би 2024 оны 12 дугаар сарын 28-ны үед Дорноговь аймгийн Эрдэнэ суманд очоод хүргэн 3.З гэх хүнд өгч байсан өөр хүнд өгч байгаагүй. Миний тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэл байхгүй. Надад гаргах гомдол санал байхгүй. Надад өөр нэмж ярьх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 14-15/
Гэрч Х.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдөр Б гэдэг найзын хамт 16 цагийн орчимд У-ийн гэрт баяр болж байна гээд 3 шил архи авч очсон тэгээд бид 3 хамт хувааж ууж дуусаад Б бид 2 гэр гэрлүүгээ харьсан өөр зүйл болоогүй. Би У-г 12 дугаар сарын 31-ны өдөр тээврийн хэрэгсэлтэй явж байхыг хараагүй өөрт нь тээврийн хэрэгсэл байдаг эсэхийг мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 07/
Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Тэр үед би жижүүртэй ээлжинд гарч байхад Улаан уулын цагдаагаас надруу 21 цагийн үед залгаад У-ийн эхнэр мөн үү та ирж уулзах шаардлагатай байна гэж ярьсан. Тэгээд би дуудахад шууд явж очсон. Очоод юу болсон талаар асуухад хэсгийн төлөөлөгч нь өнөөдөр баярын өдөр учир та нехрее маргааш ирж уулзуулаарай. Танай нөхөр хүний машин зөвшөөрөлгүй авч явсан байна гэж хэлсэн. Өөр надад юм хэлээгүй. Манай нөхөр Д.У нь 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдер Дорноговь аймагт айлын 4 хүүхэд болж мэндэлсэн. Бага насаа аав, ээжийн гар дээр өсөж хүмүүжсэн. Бид хоёр гэр бүл болоод 13 жил болж байна. Дундаасаа 3 охин, нэг хүүтэй. Манай нөхрийн зан байдлын хувьд төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, хүний уг сонсох чавдар сайн. Аливаа зүйлд тэвчээртэй хүлээцтэй ханддаг. Хааяа найз нартайгаа уулзахаараа хэрэглэдэг гэжээ. /хх-ийн 41/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 20-21/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 22-23/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 2025 оны 02 сарын 24-ны өдрийн 252.0000.2800.32 дугаартай тогтоол /хх-ийн 33-35/
Шүүгдэгчийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-47, 51/
Хавтас хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 52-55/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Д.У нь согтуурсан үедээ Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5-р багийн нутаг дэвсгэрт 2024 оны 12 сарын 31-ний өдөр ......... улсын дугаартай цайвар ягаан өнгийн Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч З.З-ын мэдүүлэг /хх-ийн 10/, хохирогч Г.Т-ын мэдүүлэг /хх-ийн 14-15/, гэрч Х.Д-ы мэдүүлэг /хх-ийн 07/, гэрч Д.С-ын мэдүүлэг /хх-ийн 41/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 20-21/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 22-23/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт буруутай этгээд автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөө газарт авч явсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
“Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэдэг нь тухайн тээврийн хэрэгслийг өөрийн өмч болгох, захиран зарцуулах, ашиг орлого олох, завших гэсэн санаа зорилго агуулаагүй, шунахайн сэдэлтгүйгээр тээврийн хэрэгслийг түр унах, дүрсгүйтэх, хорхойсох, зугтаах, оргох зэргээр авч явсан байхыг ойлгоно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.У нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Д.У-ийн үйлдэл нь хохирогч Г.Т-ын эзэмшлийн ......улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинийг агуулсан болно.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч нь тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүйгээр буцаан өгсөн нь хохирогч Г.Т-ын мэдүүлэг болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 22-23/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, анх удаа хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Д-ын У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д-ын У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б