Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00170

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

      Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Ж.Буянхишиг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жүгдэрийн Буянхишигт холбогдох 201722000270 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Цогнууд Жүгдэрийн Буянхишиг, 1980 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн РБ80011311 дугаартай,

Шүүгдэгч Ж.Буянхишиг нь 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Ж.Алтанбаатарын гэрт бэр эгч Б.Эрдэнэчимэгтэйгээ эд хөрөнгийн маргааны улмаас  маргалдаж биед нь баруун мөрний мултрал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Буянхишиг нь 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Ж.Алтанбаатарыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Буянхишигийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "…Алтанбаатар ахынд очиж архи уух гээд очиход эхнэртэйгээ хамт байж байсан. Би 0.5 грамын архи талыг нь уусан. Тэгээд Чимэгээ эгчтэй маргалдаад баруун гарын үзүүр хэсгээс нь барьж аваад татчихсан чинь гар хугарлаа гэхээр нь буцаагаад тавьчихсан... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…2017 оны 04 дүгээр сарын 30-ны өглөөний 07 цагийн үед манай нөхөр Аптанбаатарын төрсөн дүү Буянхишиг манай гэрт архи уучихсан согтуу морьтой ирсэн...Буянхишиг согтуурхаад “танай энэ байгаа малын хашаа миний нэр дээр байдаг, танайд хашаа байхгүй, ийм мал байх ёсгүй” гэхээр нь би энэ угаасаа манай мал ш дээ яагаад манай мал биш гэж гэсэн чинь Буянхишиг “танайд ийм мал байх ёсгүй, та нар манай ээжид туслаж байгаагүй байж мал авах гэлээ” гэсэн тэгэхээр нь би Алтанбаатар тусалж байсан гээд хэрүүл маргаан болоод баруун гарын бугалаг хэсгээс Буянхишиг барьж аваад гуд татсан. Тэгтэл миний баруун мөр хэсгээр мултарчихсан. Мултраад айхтар өвдөөд гэрээс гараад нөхөр Аптанбаатарт очоод Буянхишиг миний гарыг мулталчихлаа гэсэн чинь Алтанбаатар яадаг муу хог вэ гээд гэрлүү орсон. Тэгээд би гарныхаа өвдөлтөөс болоод хэсэг зуур ухаан балартсан байсан…Одоо надад ямар нэгэн гомол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-10 дугаар хуудас/,

     Гэрч Ж.Алтанбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "… Буянхишиг тухайн үед согтуу надтай малаас болж маргалдаад над руу хүрч ирээд намайг цохих гээд байх шиг байхаар нь би бариад авсан юм. Тэгтэл намайг барьж аваад хальт маргалдаад салсан. Энэ үед манай эхнэр гэрийнхээ гадаа гарч ирээд гарч болохгүй байна гэж байсан...эхнэрээсээ юу болсон юм бэ? гэж асуусан чинь Буянхишиг гарнаас татаад мөр мулталчихлаа гэсэн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-13 дугаар хуудас/,

Гэрч Ж.Зоригтбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Би Алтанбаатар ахын гэрлүү ороход ахын эхнэр Эрдэнэчимэг манай дүү Буянхишиг маргалдсан бололтой байж байсан. Эрдэнэчимэг мөр мулталчихлаа гээд уйлаад зогсож байсан. Би Эрдэнэчимэг эгчээс Буянхишиг таныг цохичихвуу гэсэн чинь цохиогүй гарнаас барьж аваад татаад мулталчихлаа гэж байсан. Эрдэнэчимэг эгчийн мултарсан гээд байгаа мөрнийх нь суга руу гараа хийгээд үзэхэд мөр нь доошоо болчихсон байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-16 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч Р.Ням-Осорын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 288 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Эрдэнэчимэгийн биед гэмтэл тогтоогдлоо.

2. Б.Эрдэнэчимэгийн биед баруун мөрний бүрэн мултрал бүхий гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн буюу мушгих, татах, дарах гэх мэт үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөн эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 23 дугаар хуудас/,

Хохирогч Б.Эрдэнэчимэг нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Буянхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Хохирогч Б.Эрдэнэчимэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / ХХ-ийн 41 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзлээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 201722000270 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цогнууд Жүгдэрийн Буянхишигийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Жүгдэрийн Буянхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Буянхишигт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ж.Буянхишигт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Ж.Буянхишигийн  тэнсэж хянан харгалзах хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа Цагдаагийн газарт даалгасугай.

     6. Эрүүгийн 201722000270 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Буянхишигт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР