Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2434

 

МАГАДЛАЛ

 

2018.12.10                                                 Дугаар 2434                                    Улаанбаатар хот

 

 

 

П.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/02062 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч П.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ЗГБНҮТӨ ААТҮГазар-т холбогдох,

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ю.Ч,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Э ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2005-2017 он тус байгууллагад тасралтгүй 12 жил ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, сахилгын зөрчил гаргаж, шийтгэл авч байгаагүй. Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр П.Д-г санхүүгийн албаны хоёр хүний хамт эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа гэх үндэслэлээр түүний ажил албан тушаалыг түдгэлзүүлж, цалин хөлсийг зогсоосон. Энэ хэрэгт шалгагдаж байгаад 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 39 тоот мэдэгдлийн дагуу ажил албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэхийг шаардсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосон. Үүний дагуу ЗГБНҮ-ний газарт албан ёсоор ажилд орох хүсэлтээ гаргасан боловч, ажилд авах эсэх нь мэдэгдэхгүй байж байгаад 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдлээр угтагчийн албан тушаалд ажиллуулах санал ирүүлсэн. Энэ нь нэхэмжлэгчийн өмнөх ажил албан, тушаалыг бууруулсан шийдвэр гэж үзэж байна. Иймд П.Д-г урьд эрхэлж байсан нярвын ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: П.Д тус газарт няраваар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн, байгууллагын хөрөнгө мөнгийг хувьдаа завшсан нь тогтоогдож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дуусгасан гэх үндэслэлээр, түүнд үүсгэсэн хэрэг бүртгэлийн 201701000094 дугаартай хэргийг прокурорын тогтоолоор хаасан. П.Д нь байгууллагын мөнгийг бусадтай бүлэглэн, өөрийн дүү П.Д болон бусад хүмүүсийн хувийн данс руу шилжүүлж, хувьдаа авч, байгууллагад хохирол учруулсан нь нотлогдсон. П.Д-ийн ажиллаж байсан нярвын ажлын байр бол их хариуцлагатай байх албан тушаал юм. П.Д өөрөө ч энэ байдлаа ойлгож, ямарч ажилд орсон татгалзах зүйлгүй гэж Захиргааны зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралд өөрийн биеэр оролцож, хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн байдаг. Иймд захиргаа түүний хүсэлтийг хүлээн авч, цалин хөлсийг бууруулахгүйгээр угтагчийн ажил, албан тушаалд ажиллуулах тухай саналаа хүргүүлсэн. П.Д-г нярвын ажилд буцаан авч, ажиллуулах боломжгүй болохоо мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар П.Д-г ЗГБНҮГ-ын нярвын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЗГБНҮГ-аас 1 929 580 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Д-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ЗГБНҮГ нь П.Д-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч П.Д-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ЗГБНҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 45 823 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нярвын "Ажлын байрны тодорхойлолт"-д "Эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, хөрөнгийн ямар нэг зөрчил дутагдалгүй байх, Ёс зүйн дүрмийг чанд сахих" гэсэн шалгуур үзүүлэлтүүд байдаг ба П.Д нь туршилтын хугацаанд ажиллаж байхдаа ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан тул түүнийг эд хөрөнгө хариуцсан уг албан тушаалд ажиллуулах боломжгүй болсон. П.Д нь өөрөө ч энэ байдлаа ойлгож "би заавал нярвын орон тоон дээр биш өөр ажлын орон тоонд ажиллах хүсэлтэй байна" гэж Захиргааны Зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралд өөрийн биеэр оролцож, хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн. Түүний хүсэлтийг нь захиргаа хүлээн авч өөр албан тушаалд ажиллахыг санал болгосон. 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 373 тоот албан бичгээр өгсөн энэхүү саналыг анхан шатны шүүх "ажлаас халсан захиргааны шийдвэр" хэмээн үзэж, энэ албан бичгийг хүлээн авсан өдрөөс эхлэн шүүхэд гомдол гаргах хугацааг тооцож хугацаандаа гаргасан байна гэж үзсэн нь үндэслэл муутай байна. Энэ албан бичиг нь П.Д-г ажлаас халсан албан ёсны захирлын тушаал биш бөгөөд өөр ажилд ажиллах гэсэн түүний хүсэлтийн дагуу санал болгосон ажлын санал болно. Тус байгууллага нь 2017 онд ЗГБНҮГ болон өөрчлөгдөн зохион байгуулагдсан тул П.Д-тай 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг 3 сарын туршилтын хугацаатай байгуулсан. Тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д "туршилтын хугацаа 6 сараас илүүгүй байна" гэж заасан тул Хөдөлмөрийн гэрээг туршилтын 3 сарын хугацаагаар байгуулж, мөн гэрээний 1.8-р зүйлд "Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц талууд цуцлах санал тавиагүй бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно" гэсний дагуу уг гэрээ нь мөн хугацаагаар сунгагдсан бөгөөд П.Д нь туршилтын хугацаандаа байгууллагын мөнгө эд хөрөнгийг хувьдаа ашигласан нь тогтоогдсон. Мөн анхан шатны шүүх хариуцагч ЗГБНҮГ-ыг Хөдөлмөрийн тухай 37 дугаар зүйлийн 37.3, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлүүдийг зөрчсөн гэж үзсэн нь хууль бус байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд "37 дугаар зүйлийн 37.3" гэсэн заалт байхгүй болно. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтыг хариуцагч зөрчөөгүй ба эрх бүхий байгууллагын шаардснаар албан тушаал эрхлэхийг нь түдгэлзүүлсэн. Мөн нярав нь төрийн жинхэнэ албан хаагч биш тул төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг зөрчсөн гэж шүүх үзсэн нь хууль бус байна. Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч П.Д хариуцагч ЗГБНҮТӨ ААТҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч байгууллага нь эс зөвшөөрч дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул няравын ажилд эгүүлэн томилох боломжгүй гэж маргажээ.

Хэрэгт авагсдан баримтад П.Д-г Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх” тогтоол, ЗГБНҮГ-ын захирлын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 133 дугаар тушаалаар няравын албан үүргээс түр түдгэлзүүлсэн талаар талууд маргаагүй байна. /хх 29/

Нэхэмжлэгч П.Д-г “төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан, хууль бусаар олсон орлогын эх сурвалжийг нуун далдлах зорилгоор бусдад шилжүүлж мөнгө угаасан, онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулж байгаа боловч, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэх нөхцөл байдал тогтоогдож гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй гэж үзэн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Захиргааны зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралд нэхэмжлэгч өөрийн биеэр оролцож, “улсын мөнгийг өөрийн дансруу      шилжүүлсэн нь миний буруу, би заавал няравын ажил биш өөр ажлын орон тоонд ажиллах хүсэлтэй” гэж өөр ажилд томилохыг анх өөрөө хүлээн зөвшөөрсөн талаарх хурлын тэмдэглэлд авагдсан байна. Иймд ажил олгогчоос санал болгосон ажлын байрыг зөвшөөрсөн гэж үзэхээр байна. /хх 39/

ЗГБНҮ-ний ТӨААТҮГ-аас 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “мэдэгдэл хүргүүлэх тухай” гэсэн албан бичгээр П.Д-г 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор цалингийн хэмжээг хэвээр олгож, угтагчийн ажил албан тушаалд ажлуулах саналтай байгаа талаар мэдэгдсэнээс үзхэд ажлаас үндэслэлгүй халсан, өөр ажилд үндэслэлгүй шилжүүлсэн гэж үзэх үндэслэл няцаагдаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр заажээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай П.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/02062 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай П.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 823 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

      ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

        М.НАРАНЦЭЦЭГ