Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/54

 

Г.Зууннасан, А.Отгонбаяр нарт холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч, шүүгч            Г.Давааренчин

                                            Шүүгчид            Б.Эрдэнэхишиг                                  

                                                                       Д.Буянжаргал

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                     Т.Дэлгэрсайхан /онлайн/

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч               П.Буманзаяа

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              Д.Даваахүү /онлайн/

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              Б.Банзрагч

                            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЗ/67 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Амарбатын Отгонбаяр, ******* овогт Гансүхийн Зууннасан нарт холбогдох эрүүгийн 2033000310014 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон 3 дугаар багт оршин суух, ******* овогт Амарбатын Отгонбаяр /РД: ОК01241711/

Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, боловсролгүй, мэргэжилгүй, Дэр бетон үйлдвэрийн амралтын бригадын сахиул ажилтай, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Орхон сум 2 дугаар баг, Цант толгой гэх газар оршин суух, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, ******* овогт Гансүхийн Зууннасан /РД: МЙ85020413/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Зууннасан, А.Отгонбаяр нар нь бүлэглэж 2020 оны 03 дугаар сарын 12-ноос 2020 оны 03 дугаар сарын 13-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс тус сумын иргэн *******ын олон тооны буюу 5 тооны адууг хулгайлан *******д 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

Анхан шатны шүүх Г.Зууннасан, А.Отгонбаяр нарт холбогдох хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЗ/67 дугаартай шүүгчийн захирамжаар:

1.Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч ******* овогт Амарбатын Отгонбаяр, Могойчин овогт Гансүхийн Зууннасан нарт холбогдох эрүүгийн 2033000310014 дугаартай хэргийг прокурорт буцаасугай.

2. Прокурорт хэргийг очтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Мэдүүлгийг шалгах ажиллагааны бичлэг бүхий СД 1 ширхгийг хэргийн хамт хүргүүлсүгэй...” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор дээд шатны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай эсэргүүцэлдээ: ...Шүүх хэргийг үндэслэлгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэжээ. Үүнд:

Шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлэлгүйгээр, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн.

Учир нь яллагдагч Зууннасан Отгонбаяр нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, тогтворгүй мэдүүлэг өгсөөр байтал шүүх яллагдагч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт хөтлөгдөж бусад нотлох баримтууд буюу хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан магадлалгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргажээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан хохирогч *******ын ...мэдүүлэг, гэрч *******ын ...мэдүүлэг, гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглзл, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, мал амьтан хураан авсан тэмдэглэл, адуу хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт үл хөдлөх, хөдлөх хөрөнгө зуулчлалын Капитал зууч ХХК-ны гаргасан шинжээчийн дүгнэлтүүд зэргийг судлан, шинжлэхэд яллагдагч нарын анхны мэдүүлэг нь хэргийн жинхэнэ нөхцөл байдалтай нийцэж байгаад шүүх дүгнэлт хийж үзээгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Зууннасан мэдүүлэхдээ “...Би Отгонбаяр луу наад хавиараа 3 үрээний сураг тавьж байгаад харагдвал хэлээрэй гээд утсаар ярьсан. Утсаар ярьснаас хэд хоногийн дараа 3 үрээ энд явж байна гэсэн. Тэгэхээр нь би өнөөдөр наад руу чинь явах завгүй болчихлоо. Чи завтай байвал нааш нь дөхүүлээд өгөөч гэж би гуйсан. Тэгэхэд би одоохондоо бол завгүй хонинд явж байна. Тэгж байгаад дөхүүлж өгье гэсэн. Орой нь залгахаар нь утсаа авчихсан чинь ямар ч байсан дөхүүлээд хаячихъя гэсэн. Тэгээд барагцаагаар 8, 9 цагийн үед Баардаа давуулсан чинь танайхны адуу байна. Тэгэхээр нь давуулаад хаячихлаа гэж хэлсэн. Тэгээд айлын хэдэн гүү цуг явж байна гэхээр нь би салгаад үлдээчихвэл үлдээчих гэсэн. Гэтэл салахгүй байна гэсэн. Тэгээд би маргааш өглөө нь адуундаа явсан чинь манай 3 үрээтэй хамт 2 байдсан гүү, 2 бүдүүн гүү, нэг унагатай 5 тооны адуу байсан. Тэгэхээр нь би адуугаа тууж ирээд адуугаа ялгаж хийчихээд нөгөө 5 адууг нь ялгаад хаячихсан. Адуу руугаа би морь унаж явсан...” гэж мэдүүлсэн бөгөөд А.Отгонбаяр нь хулгайн гэмт хэргийг гүйцэтгэж гэмт хэрэг төгссөн, хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж төгссөний дараа 5 тооны адууг тууж явахдаа Г.Зууннасангийн унаж явсан морийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь Г.Зууннасан нь мал хулгайлах гэмт хэргийг үйлдэх талаар А.Отгонбаяртай үүрэн холбооны хэрэгслээр холбогдож, урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн гэмт хэрэгт хамтран оролцсон оролцогч бөгөөд хавтаст хэргийн 61-65 хуудсанд яллагдагч А.Отгонбаяр нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Амарбатын эзэмшлийн адуу болон хазаар зэргийг битүүмжилж, үнэлгээ тогтоолгох ажиллагаа хийлгэсэн баримт авагдсан байна.

Хулгайлах гэмт хэрэг нь хулгайлагдсан эд зүйлийг гэмт этгээд өөрийн үзэмжээр зарцуулах боломжтой байсан эсэхээс шалтгаалахгүйгээр тухайн эд зүйлийг эзэмшилдээ авсан үеэс төгсөх бөгөөд Г.Зууннасан, А.Отгонбаяр нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэг нь А.Отгонбаяр нь *******ын 5 тооны адууг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс тууж явснаар гэмт хэрэг төгссөн.

Шүүгчийн захирамжинд дурьдсан “Бардаа гэх уулын өвөрт гэмт хэрэг гарсан өдөр Зууннасангийн маллаж байсан адуу бэлчиж байсан уу, үгүй юу?, хашиж байсан адуу хаврын сард гүү хураадаг уу? гэх байдлыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ямар нэгэн ач холбогдолгүй байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын шинжлэн судлаж Г.Зууннасан болон А.Отгонбаяр нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлэлцэх бүрэн боломжтой байна.

Иймд Г.Зууннасан, А.Отгонбаярт холбогдох хэргийг прокурорт буцаасан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЗ/67 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Өмгөөлөгчийн зүгээс энэхүү шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Гол үндэслэл нь шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэх үедээ нэг нь хөдөө явж, нэг нь гэртээ байсан байдал харагддаг. Нийт шүүхийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд 4-5 удаагийн мэдүүлэг байдаг. Эдгээр мэдүүлгүүд эрс зөрүүтэй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын мэдүүлэг нэг нь нөгөөгөөрөө үгүйсгэгдэж байх тул хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд яаж нотлогдож байгаа нь огт нотлогддоггүй... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 67 дугаартай захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад яллах, цагаатгах талын нотлох баримтыг адил цуглуулсан байх ёстой... гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Банзрагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурор эсэргүүцлээ 4 үндэслэлээр бичсэн. Нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт бодитоор  үнэлээгүй гэж байна. Үүнд хариу тайлбар хэлэхэд шүүх бодитоор үнэлж, нөхцөл байдлыг нэмэлт мөрдөн байцаалтаар тодруулах шаардлагатай гэж үзсэн байна. Прокурор тайлбарлаж байна. Мэдүүлгийн зөрүү болон тогтвортой мэдүүлэг өгсөн талаар прокурор зөвшөөрч байна.

... Шүүгдэгч нарт ял халдаах юм бол шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг илт дордуулахаар үндэслэлүүд үүсэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Г.Зууннасан, А.Отгонбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорын газарт буцааж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорын газар очтол хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэсэн байна.

Дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу Г.Зууннасан, А.Отгонбаяр нарт холбогдох эрүүгийн 2033000310014 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь ХЯНАВАЛ: 

Шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа зөрүүтэй мэдүүлэгүүд өгсөн байх ба анхан шатны шүүх нь шүүгдэгчийн мэдүүлэг  дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэсэн үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-т “хэрэгт авагдсан нолтох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар  нотлох баримтыг шалгана” гэж заасан бөгөөд  шүүх  шүүгдэгч нарын мэдүүлэг зөрүүтэй байсан ч хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Мөн хохирогч нарын адуу Баардаа уулын өвөрт бэлчиж байсан эсэхийг тодруулах нь тухайн хэргийн нотолгоонд хэрхэн нөлөөлж байгаа талаар  шүүх тодорхой дурьдаагүй байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, 2-д “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно...” гэж заасан байх ба анхан шатны шүүх нь дээрх зохицуулалтын дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн  хэмжээ, хязгаарын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын Дээд шатны прокурорын 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №02 дугаартай эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЗ/67 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЗ/67 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол А.Отгонбаяр, Г.Зууннасан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                            ШҮҮГЧИД                                     Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                      Д.БУЯНЖАРГАЛ