Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2017/02499

 

 

 

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар101/ШШ2017/02499

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Э.Энэбиш, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххххххх тоотод оршин суух, б овогт Г.Я /РД: 000000000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххххххх тоотод оршин суух, Хас-Очирын Э /РД: 0000000000/, Т овогт И.О/РД: 0000000000/,

Хариуцагч: ххххххххххххххххх байшин, С Э ХХК /РД: 000000000/ нарт холбогдох

61.065.897 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Я,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ариунтунгалаг,

Хариуцагч С.Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж,

Гэрч Л.Март,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Буянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Я шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Я би үйлдвэрлэлийн осолд орсны улмаас гарсан эмчилгээний зардал 4.091.206 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, олох байсан орлого 52.287.197 төгрөг, хөдөлмөрийн чадвар 51-70 хувь алдсаны нэг удаагийн нөхөн төлбөр 9.779.994 төгрөг, нийт 66.158.397 төгрөгийн хохирол болон нөхөн төлбөрийг С.Э ХХК-иас нэхэмжлэхээр тооцоо гарсан ба үүнээс тус компанийн надад олгосон 5.092.500 төгрөгийг төлбөрийг хасч үлдэгдэл 61.065.897 төгрөгийг С.Э ХХК-иас нэхэмжилж байна.

Г.Я би С.Э ХХК-д ажиллаж байх хугацаандаа 2012 оны 8 дугаар сарын 5-ны өдөр тус компанийн Дорноговь аймаг дахь барилгын ажлын заслын ажлыг гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осолд орсон ба үүний улмаас гавлын ясандаа хүнд зэргийн гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа 51-70 хувь алдсан.

С.Э ХХК-ийн захирал Х.Э, И.О нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ба хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр Дорноговь аймгийн прокурорын газрын прокурорын 2013 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 5/123 тоот тогтоолоор тэдэнд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-т заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгон, намайг эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх талаар тогтоолд дурьдсан.

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Болор-Эрдэнийн 381 дүгээр дүгнэлтэд амь насанд аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж дүгнэсэн.

Миний хувьд 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвар 70 хувь алдалттай, 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвар 65 хувь алдалттай, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвар 65 хувь алдалттай, 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувь, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувь, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувь тус тус алдсан маань Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар тогтоогдоно.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна, мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин, хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.

Миний хувьд С.Э ХХК-ийн ажлыг гүйцэтгэсэн тул өөрт учирсан хохирлоо тус компаниас нэхэмжилж байгаа ба иргэн Х.Э, И.О нараас татгалзаж энэ талаарх тайлбараа шүүхэд гаргаж өгсөн.

Иймд үйлдвэрлэлийн осолд орсны улмаас эмчлүүлсэн эмчилгээний зардал 4.091.206 төгрөг, 2012 оны 10 дугаар сараас 2017 оны 6 дугаар сар хүртэл нийт 57 сараар ажилгүй байсан хугацааг тооцож мөн сарын дундаж цалинг 2012 оны 7, 8, 9 дүгээр саруудад С.Э ХХК-иас Л.Март болон Г.Я бидэнд олгосон нийт 6.520.000 төгрөгийн цалингийн дунджаар буюу сарын цалинг 1.086.666 төгрөгөөр тооцож тус хугацаанд авсан хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж 9.652.765 төгрөгийг хасч зөрүү дутуу авсан цалин нийт 52.287.197 төгрөг, Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т ... хөдөлмөрийн чадвар 51-70 хувь алдсан бол 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 ба түүнээс дээш удаа гэж заасныг үндэслэн 2012 оны 7, 8, 9 дүгээр саруудад С.Э ХХК-иас олгосон цалингийн дундаж 1.086.666 төгрөгөөр тооцон 9 сараар үржүүлж үйлдвэрлэлийн осолд орсны хохирлын нөхөн төлбөр 9.779.994 төгрөг, нийт 66.158.397 төгрөгөөөс С.Э ХХК-ийн өгсөн 5.092.500 төгрөгийг хасч үлдэх 61.065.897 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Я нь С.Э ХХК-д байнгын ажлын байранд ажиллаж байгаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан. Г.Я нь олох байсан орлогоо хэрхэн тодорхойлж байгаа нь эргэлзээтэй байна.

Байнгын ажлын байранд нийгмийн даатгалын дэвтэр болон хөдөлмөрийн гэрээг үндэслэн олох ёстой байсан орлогыг тодорхойлж болно. Эмчилгээний зардлын хувьд нөхөн сэргээхтэй холбоотой зардал нэхэмжилж байгаа нь хэрхэн нотлогдож байгааг харгалзан үзэх хэрэгтэй байх. Ямар, ямар зардал гэдгийг сайн тодруулах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Я нь хариуцагч Х.Э, И.О, С.Э ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол 30.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Э ХХК-иас цалин авдаг байсан үндэслэлээр хариуцагч Х.Э, И.О нараас татгалзжээ.

Нэхэмжлэгч Г.Я нь нэхэмжлэлийн шаардлагаа 31.065.897 төгрөгөөр нэмэгдүүлэн хариуцагч С.Э ХХК-иас уг 61.065.897 төгрөгийг нэхэмжилжээ.

/эмчилгээний төлбөр 4.091.206 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 52.287.197 төгрөг, үйлдвэрлэлийн ослын улмаас олгох 1 удаагийн нөхөн төлбөр 9.779.994 төгрөг, нийт 66.158.397 төгрөг/

66.158.397-5.092.500 төгрөг /хариуцагчийн нэхэмжлэгчид өгсөн мөнгө/= 61.065.897 төгрөг.

 

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт С.Э ХХК-ийн барилгын дотор засал чимэглэлийн ажлын явцад 2012 оны 8 дугаар сарын 5-ны өдөр уг ажлыг гүйцэтгэж байсан Г.Я нь өндрөөс унасан тул тус компанийн захирал Х.Э, И.О нарт холбогдуулан 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

Х.Э, И.О нар нь хөдөлмөр хамгаалал, ариун цэвэр, эрүүл ахуйн ажиллагааны талаарх харилцааг зохицуулж гаргасан хууль тогтоомж буюу Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм-ийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Г.Я өндрөөс унаж түүний биед хүнд гэмтэл учирсан хэдий боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагад татах 6 сарын хугацаа өнгөрсөн тул Х.Э, И.От нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-т заасныг үндэслэн Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2013 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 5/126 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон, иргэн Г.Яг өөрийн бие махбодид учирсан гэмтлийг цаашид эмчлүүлсэн тохиолдолд жич нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар шүүхэд хандах эрхтэй гэжээ.

Х.Э, И.От нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх тогтоол хүчин төгөлдөр болсон нь Дорноговь аймгийн прокурорын газрын 2013 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 5/204 тоот, мөн 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 5/25 тоот хариу мэдэгдэх хуудсуудаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 4, 5, 110-112, 344-349 дугаар тал/

 

С.Э ХХК нь Дорноговь аймгийн засаг даргатай барилга угсралтын ажлын гэрээ байгуулан тус аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх явцдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас 2012 оны 8 дугаар сарын 5-ны өдөр дотор засал чимэглэл хийж байсан иргэн Г.Я өндрөөс унаж түүний бие махбодид хүнд гэмтэл учирсан нь талуудын тайлбар, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, Л.Мартын гэрчийн мэлүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.Я бэртэн гэмтэл авснаас үүдэн С.Э ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт үйлдсэн байх ба уг актад ослын шалтгаан хүчин зүйлийг чөлөөт талбайд доороос нь шат угсарч тавиагүй, бага талбайд шат зассанаас плитан шалан дээр гулсаж, талбайгаас мултарч унасан гэж үзэн болгоомжгүй үйлдлээс болж шат тавцангаас мултарч унасан хэмээн дүгнэн уг ослыг үйлдвэрлэлийн осолд тооцож, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээнэ гэжээ.

/ХХ-ийн 34, 35, 326-338 дугаар тал/

 

Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11-06017-448 тоот дүгнэлтээр Г.Я нь ажил үүрэгтэй холбоотой аюулгүй ажиллагааны зааварчилга аваагүй, шатны бүрэн бүтэн байдлыг шалгалгүй ажил үүрэг гүйцэтгэсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д Өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн, мөн С.Э ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд тусгагдсан ажил олгогчийн үүргээ биелүүлж ажиллаагүй зөрчил гаргасан нь үйлдвэрлэлийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна гэжээ.

/ХХ-ийн 97-97 дугаар тал/

 

Хариуцагч С.Э ХХК нь нэхэмжлэгч талд 2012 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 380.000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 300.000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 200.000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 200.000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үзлэгийн төлбөр 10.000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үйлчилгээний төлбөр 10.000 төгрөг, 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 100.000 төгрөг, 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 200.000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үзлэгийн төлбөр 10.000 төгрөг, 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 100.000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 10.000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 30.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 42.900 төгрөг, нийт 1.592.500 төгрөгийг өгсөн байх ба талууд энэ талаар хэн аль нь маргахгүй байгаа болохыг дурьдлаа.

Иймд хэргийн 84-96 дугаар талд авагдсан мөнгө төлсөн баримтуудыг хариуцагч талаас гаргуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

/ХХ-ийн 84-96 дугаар тал/

 

Хариуцагч С.Э ХХК нь нэхэмжлэгч Г.Яд дээрх 1.592.500 төгрөгөөс гадна чихний аппаратны төлбөр 1.550.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг, бэлнээр 2.500.000 төгрөг, нийт 5.092.500 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүйг дурьдлаа.

 

Нэхэмжлэгч Г.Я нь хариуцагч С.Э ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсаны үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгээгүй, өөрөөр хэлбэл тэдний хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдоогүй бөгөөд харин тэдний хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч С.Э ХХК-иас Г.Ягийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 52.287.197 төгрөг, үйлдвэрлэлийн ослын улмаас олгох 1 удаагийн нөхөн төлбөр 9.779.994 төгрөгийг тус тус гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.Я нь хариуцагч С.Э ХХК-ийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх явцдаа тус байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас өндрөөс унаж бие махбодид нь хүнд гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул түүнд эмчилгээний зардлыг олгох үндэслэлтэй ба эмчилгээний зардал 4.091.206 төгрөгөөс хариуцагч талын урьд өмнө өгсөн чихний аппаратны үнэ 1.000.000 төгрөгийг хасч 3.091.206 төгрөгийг хариуцагч С.Э ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Г.Яд олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэдийн төлөөлөгч нь энэ өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд талууд түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8д заасныг үндэслэн иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан хариуцагч С.Э ХХК-иас 3.091.206 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Яд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 57.974.691 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.Я нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч С.Э ХХК-иас 64.410 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Нэхэмжлэгч Г.Я нь хариуцагч Х.Э, И.О нараас татгалзсан болохыг дурьдсугай.

 

4. Хариуцагч С.Э ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Н.САРАНГҮН

 

ШҮҮГЧИД Д.ЦЭРЭНДОЛГОР

 

Э.ЭНЭБИШ