| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/0021/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/25 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ц.Н |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ш.Анхцэцэг,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Батгэрэл,
Шүүгдэгч: А.Ж, О.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Товогт А.Ж, Т овогт О.П нарт холбогдох эрүүгийн 2435001340004 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .....оны .сарын ..........ний өдөр У аймгийн Д суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Ч ХХК-д цэвэр усны шугам сүлжээний засварчин ажилтай, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт У аймгийн У сумын ... дүгээр багийн ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Товогт А.Ж /РД:......................../,
Монгол Улсын иргэн, .....оны ...... дугаар сарын .....-ны өдөр У аймгийн У суманд төрсөн, .....настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг, У аймгийн У сумын .. дүгээр багийн ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т овогт О.П, /РД:......................../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Ж, О.П нар бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... оны ....р сарын .....-ны өдрөөс ... оны 9 дүгээр сарын 06-ны өдөрт шилжих шөнө У аймгийн У сумын ..... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “.....”-ын талбай орчимд Г.О гар болон хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч А.Ж, О.П нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч А.Ж, О.П нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөрт шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “....................”-ын талбай орчимд Г.О гар болон өшиглөсөн болох нь:
Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
Хохирогч Г.О мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46, 48 дахь тал),
Гэрч О.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 4-5 дахь тал),
Гэрч Э.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-р тал),
Шинжээчийн 403 дугаартай дүгнэлт мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
Насанд хүрээгүй гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-р тал),
Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-р тал)-үүдээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 403 дугаартай “Г.О биед зүүн талын 5, 6 дугаар хавирганы зөрөөгүй далд хугарал, бүсэлхийн зүүн ар хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлтэд заагдсан тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн талын 5, 6 дугаар хавирга ясны зөрөөгүй далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдож байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч А.Ж, О.П нар нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Г.О биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул шүүгдэгч нарыг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зүйлчилж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Ж, О.П нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөрт шилжих шөнө хохирогч Г.О биед хүндэвтэр гэмтэл учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч А.Ж, О.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Г.О мөрдөн байцаалтын шатанд “... Би Увс аймгийн Улаангом суманд ....................лд хайрга бутлуурын үйлдвэрт ажиллахаар Улаанбаатар хотоос 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ирж, тухайн үйлдвэрт ажиллаж байсан юм. Улмаар 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ны өдөр шилжих шөнө би хамт ажилладаг Н,Б, Б нарын хамт “.............” бааранд орж пиво уусан. Тухайн үед бид нар нэг хүн 2-3 пиво уусан. Тэгээд тэр шөнө баар хаах дөхөөд 01:00 цагийн үед бид нар баарнаас бүгд гарцгаасан. Тэгээд бид нар Улаангом сумын 11 дүгээр багт байрлах Гиваан баатарын талбайн хажуу талд байх Хөдөлмөрийн дээд сургуулийн урд талын автобусны зогсоол дээрээс такси барих гээд зогсож байтал надтай хамт явж байсан Л.Б гэх залууг үл таних 3 эрэгтэй хүн барьж аваад заамдаж авсан. Тэгээд би наад талаас нь гүйж очоод юу болж байгаа юм, больцгоо гэж хэлэхэд тэнд байсан А.Ж гэж дуудаж байсан залуу миний нүүр лүү гараараа цохиж, намайг газарт унагасан, түүний дараа намайг газарт унасны дараа Ж гэгч нь миний цээжний хэсэг рүү хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Би газраас босож ирэхэд намайг зодсон Ж гэгч нь цаашаа алхаж явсан. Тэгээд би босож ирээд “та нар зүгээр явж байсан хүнийг яагаад зодож байгаа юм” гэхэд тэр залуу надад “хамт явж байсан дүүгээсээ асуугаач, яагаад наанаа шээж байгаа юм” гэж хэлээд би түүнд энд шээсэн хүн байхгүй, юу яриад байгаа юм, намайг яагаад зодож байгаа юм гэж хэлэхэд Ж гэх залуу дахин намайг алгадаж газарт унагаасан юм. Тэгээд би газар уначихсан хэвтэж байтал хамт явсан залуу тухайн үед хар өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай П гэх залуу миний нуруу хэсэгт хөлөөрөө 2 удаа өшиглөсөн юм. Тэгж байтал надтай хамт явсан Нарангэрэл хүрч ирээд “та нар яаж байгаа юм” гээд намайг зодож байсан залууг салгаж авсан. Тэгээд надтай хамт явж байсан хүмүүс цагдаа дуудна, та нар яагаад зүгээр явж байсан хүнийг зоддог юм гэж хэлэхэд тэр гурван залуу зугтаад явцгаасан. Түүний дараа би Н,Б, Б нартай хамт цагдаагийн газар очиж гомдол гаргасан юм. ..Уг үйл явдал нь 2024 оны 9 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Улаангом сумын 11 дүгээр багт байрлах Гиваан баатарын талбай дээр 01 цагийн үед болсон. Тухайн үед намайг цохиод явсан залуу болох А.Ж, П, Э.А мөн надтай хамт явсан Н,Б, Б нар нийт 7 хүн байсан. ...А.Ж гэх залуу миний нүүрэн хэсэгт 2 удаа гараараа цохих үед би газар унахад П хөлөөрөө миний бөөр нуруу хэсэгт өшиглөсөн. Мөн Ж нь цээж хэсэгт хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Харин А гэх залуу миний биед халдаж цохиогүй. ..” гэх мэдүүлэг,
Дахин өгсөн “...Намайг зодож эрүүл мэндэд хохирол учруулсан Ж, П нарт гомдолтой байна. Надад учирсан хохиролд ямар нэгэн мөнгөн төгрөг өгсөн зүйл байхгүй. Мөн надтай нэг ч удаа ярьсан зүйл байхгүй. Миний биед гэмтэл учирсны улмаас би эмчилгээ болон бусад зардлууд гарсан бөгөөд би гарсан зардлуудаа тооцож байгаад хохирлоо нэхэмжилнэ. ..” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.О мөрдөн байцаалтын шатанд “У хот, ........дүүрэг, .р хороо, Зүр...........х Уул .......... тоотод оршин суух аягтай, Г овогтой О /................/ миний бие ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хохирол барагдуулсан нь үнэн болно. О.П, А.Ж 2-т гомдолгүй” гэх гарын үсгийг нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 140 дэх тал)-г үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Ж, О.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч А.Ж, О.П нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч А.Ж, О.П нар нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч О.П нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 101 дахь тал)-аар,
Шүүгдэгч А.Ж нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 102 дахь тал)-аар тогтоогдсон.
Шүүгдэгч А.Ж, О.П нарын зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэн шүүгдэгч А.Ж, О.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар тохиролцож ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан прокурортой тохиролцсон зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Ж, О.П нарт 6 /зургаа/ сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан А.Ж, О.П нарт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан А.Ж, О.П нар нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих, шүүгдэгч А.Ж, О.П нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Ж, О.П нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Товогт А.Ж, Т овогт О.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Ж, О.П нарт 6 /зургаа/ сар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч А.Ж, О.П нарт зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тоогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан А.Ж, О.П нар нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч А.Ж, О.П нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Ж, О.П нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР