| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2019/00628/И |
| Дугаар | 156/ШШ2020/00021 |
| Огноо | 2020-01-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 156/ШШ2020/00021
| 2020 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 156/ШШ2020/00021 | Хэрлэн сум |
156/2019/00628/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Х...... с.., .. дугаар баг ......... тоот хаягт оршин суух, Б овогт Ч н Т /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Х...... с...., .. дугаар баг, Д...... ...... тоот хаягт оршин суух, С овогт М С /РД:/-д холбогдох
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Ч.Т, өмгөөлөгч Д.О
хариуцагч М.С, өмгөөлөгч Б.Б
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оноос 2016 онд М.С дотно харилцаатай байсан. Улмаар би жирэмсэн болж 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр охин С төрүүлсэн. Бид 2 гэр бүл болж хамтран амьдраагүй. Иймд М.С Т.С эцэг болохыг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай одоо маргах зүйл байхгүй. Харин 2 хүүхэдтэй, 1 хүүхэд оюутан, мөн банкны зээлтэй учраас хуульд хувь хэмжээ, хугацаанаас өөр байдлаар тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Эхний байдлаар сард 50 000 төгрөг төлмөөр байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч М.С холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
М.С, Ч.Т нар нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр охин Т.С төрүүлсэн гэдэг дээр хариуцагч нь маргаагүй, мөн уг үйл баримт нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6570 дугаар ... М.С нь Т.С биологийн эцэг байх магадлал 99.99% ... гэх дүгнэлтээр тогтоогдсон байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар эцэг тогтоолгох тухай шаардлагыг хангах үндэслэлтэй.
Талуудын шүүхэд ирүүлсэн тайлбараар охин Т.С нь эхийн асрамжид байгаа, түүнчлэн асрамжийн талаарх маргаан энэ хэрэгт гараагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцгийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагч М.С хүлээх болохыг хуульд тодорхойлсон байна.
Хариуцагчийн зүгээс тэжээн тэтгэх үүргээс татгалзаагүй бөгөөд хуульд заасан хувь хэмжээнээс бууруулж тэтгэлэг төлөх байр суурийг илэрхийлсэн.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар тэтгэлэг төлөгч өөр хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь тэтгэлэг авагчаас бага орлоготой, тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан, эсхүл тэтгэлэг авагч хүүхэд өөрөө хангалттай орлоготой бол шүүх тэтгэлгийн хэмжээг багасгаж болно гэсэн байх боловч нэхэмжлэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн амьжиргааны доод түвшинд хамрагдсан байдал, тэтгэлэг авагч хүүхдийн нас, хариуцагч нь тогтмол орлогын эх үүсвэртэйг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр эхийн асрамжид буй охин Т.С эцэг М.С нь тэжээн тэтгүүлэхээр тогтоож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь нээлттэй болохыг дурдвал зохино.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлэхдээ хуулийн шаардлага хангаагүй учир хариуцагчийн гаргаж өгсөн ХААН банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг үнэлээгүй болохыг дурдвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Т.С эцгээр М.С тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Т.С 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.С нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ч.Т даалгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаад хариуцагчаас 101 764 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ