Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/25

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

***  аймгийн *** сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Улсын яллагч ***,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ***,

Шүүгдэгч ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

*** аймаг *** сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч ***д холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр *** аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, эхнэр, ач хүүгийн хамт, *** аймгийн *** сумын **-р багт орших суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, *** овогт *** ***, /РД:***/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: 

Яллагдагч *** нь "Хуш модны самар бэлтгэх хориотой үед буюу 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд *** аймгийн *** сумын 2 дугаар багийн нутаг "***" гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр нийт 121,7 кг хуш модны самар бэлтгэж, байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 60,180,650 төгрөгийн хохирол учруулсан, улмаар бэлтгэсэн 121,7 кг самрыг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны 22 цагийн орчим *** аймгийн *** сумын ** дугаар багийн нутагт *** улсын дугаартай "***" маркийн "***" загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар:

 

1. 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мэдээлсэн зөвшөөрөлгүй самар түүж тээвэрлэсэн гэх гомдол мэдээллийг *** аймгийн *** сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн бүртгэлийн 289/1100-4253/ дугаарт хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

2. 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр *** аймгийн *** сумын 2 6 дугаар багийн нутаг "***" гэх газарт байрлах *** *** маркийн *** тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, 5 ширхэг фото/ /хх-ийн 4-6, 7-р хуудас/,

3. 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр *** аймгийн *** сумын ** дугаар багийн нутагт байрлах Цагдаагийн хэсгийн байрны мэдүүлэг авах өрөөнд байрлах 3 шуудай самар болох эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, 4 ширхэг фото зураг /хх-ийн 8-9, 10-р хуудас/,

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***“...2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тус сумын иргэн *** нь ***гэх газраас хууль бусаар зохих зөвшөөрөлгүй 3 шуудай хуш модны самар бэлтгэсэн талаар мэднэ. Эргүүл шалгалтаар ажиллах үед илрүүлсэн юм. Тухайн үед самар бэлтгэх зөвшөөрөл олгоогүй. Журамдаа бол хуш модны самрыг түүх зөвшөөрлийг 2024 оны 10 дугаар сарын 20 ноос дараа оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд олгодог юм. Ахуйн зориулалтаар иргэнд 1 удаа 30 кг самар бэлтгэх зөвшөөрөл олгодог юм. ***гээс байгаль экологид учруулсан хохирлыг мөнгөн дүнгээр гаргаж холбогдох дансанд тушааж сум орон нутгийг хохиролгүй болгох шаардлагатай гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/,

5. Гэрч ***“...Би тухайн тээврийн хэрэгслийг хэзээ авсан гэдгээ санахгүй байна. 10 орчим жил ашиглаж байгаа. 2023 онд задаргаанд өгөх гээд *** аймаг руу оруулсан чинь манай нутгийн танил залуу болох *** гэдэг хүн засаж авна гэхээр нь 500,000 төгрөгөөр зараад нотариатаар оруулаад өгсөн. Одоо надад хамаарал байхгүй. Би тухайн тээврийн хэрэгслийг нэр шилжсэн гэж бодож байсан юм. Би иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй. ***гийн эзэмшилд шилжүүлсэн тул *** өөрөө хариуцна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 60-р хуудас/,

6. Шүүгдэгч ***гийн яллагдагчаар өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би *** сумын *** гэх газар луу самарт гарахдаа *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгсэлтэй очоод тэндээ 2 хоног самар бэлтгэсэн. Тэгээд цайруулсан байсан 3 шуудай самраа авч бууж байгаад цагдаад баригдсан. *** тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би 2024 оны 07 сард 1 сая төгрөгөөр *** аймгийн нэг хүнээс авч байсан. Тухайн самрыг түүж бэлтгэсэн. Ер нь самар унасан байсныг түүсэн. Модноос унагааж бэлтгээгүй. Уулнаас гараар ашигладаг цайруулдаг машин олж цайруулсан. Би самар бэлтгэх хориотой гэдгийг мэдэхгүй. Ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Би мөнгө олох зорилгоор түүсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-p хуудас/,

7. *** бүсийн сум дундын Ойн ангийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон тухай: *** аймгийн *** сумын 2 дугаар баг *** гэх газар тус аймгийн *** сумын ** дугаар багт оршин суух *** овогтой *** нь зохих зөвшөөрөлгүй, хуш модны самар бэлтгэх хориотой үед бэлтгэж, тээвэрлэсэн 3 шуудай "Ховор" ургамал болох Сибирь хуш модны үр болох самрыг хэмжихэд нийт 121.7 кг /цэвэр жингээр/ тооцоход бэлтгэсэн байна.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалаар Сибирь хуш модны самрын экологи эдийн үнэлгээ нь 1 кг /нойтон жин/ тутамд 98,900 төгрөг байна. Иймд иргэн *** зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэсэн 121.7 кг Сибирь хуш модны самар нь 12,036,130 төгрөг болж байна.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Ховор, ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох А/603 дугаар тушаалыг хавсралтаар хүргүүлэв. Дүгнэлт гаргасан: *** бүсийн сум дундын ойн ангийн дарга ***...” гэх дүгнэлт /хх-ийн 125-р хуудас/,

8. *** аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 01/29-02/279/01 дугаартай хохирлын үнэлгээ тогтоосон тухай “...Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3- т/ургамлын аймаг учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ тогтооно заасны дагуу 12,036,130x5=60,180,650 төгрөг болов. *** аймгийн *** сумын нутаг ***гэх газраас хууль бусаар хуш модны самар бэлтгэсэн иргэн *** нь ургамлын аймагт учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр нийт 60,180,650 төгрөгийн хохирол учруулсан байна. Байгаль орчны хяналтын улсын байцаагч ***... гэх акт /хх-ийн 132-р хуудас/,

9. Шинжээч ***гийн “...Хадгалсан өрөөний нөхцөлөөс шалтгаалж хуш модны самар нь хатаж хуучин жингээ алдах боломжтой. Хаана ямар нөхцөлд хадгалснаас шалтгаалан хэмжээ хаталт явагдах, чанар муудах, зэргээс шалтгаалан хэмжээ харилцан адилгүй өөрчлөгдөх боломжтой. Ямар нөхцөлд яаж хадгалах, тээвэрлэх талаар 18 дугаартай дүгнэлтийн 6 дахь заалтад заагдсан байгаа. Самрыг унасан үед түүж бэлтгэх аргачлалтай байдаг бөгөөд зөвшөөрөгдсөн хуулийн хугацаанд түүж бэлтгэх ёстой. *** нь хориглосон зөвшөөрөлгүй цаг хугацаанд түүж бэлтгэсэн байна. Хууль бусаар самар бэлтгэсэн учир экологи эдийн засагт тодорхой хэмжээний хохирол учирсан гэж үзнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 136-р хуудас/ зэрэг болно.

            Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээтэй, нотлох чадвараа алдсан нотлох баримт байхгүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч *** нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд *** аймгийн *** сумын 2 дугаар багийн нутаг "***" гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 121,7 кг хуш модны самар бэлтгэсэн, хууль бусаар түүж бэлтгэсэн самраа 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цагийн орчим *** аймгийн *** сумын 2 дугаар багийн нутагт *** улсын дугаартай "***" маркийн "***" загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх үйл баримт нь:

2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мэдээлсэн зөвшөөрөлгүй самар түүж тээвэрлэсэн гэх гомдол мэдээллийг *** аймгийн *** сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн бүртгэлийн 289/1100-4253/ дугаарт хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр *** аймгийн *** сумын 2 дугаар багийн нутаг "***" гэх газарт байрлах *** *** маркийн *** тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, 5 ширхэг фото/ /хх-ийн 4-6, 7-р хуудас/, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр *** аймгийн *** сумын 2 дугаар багийн нутагт байрлах Цагдаагийн хэсгийн байрны мэдүүлэг авах өрөөнд байрлах 3 шуудай самар болох эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, 4 ширхэг фото зураг /хх-ийн 8-9, 10-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/, гэрч ***мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/, яллагдагч ***гийн мэдүүлэг /хх-ийн 70-p хуудас/, *** бүсийн сум дундын Ойн ангийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай “экологи эдийн засгийн үнэлгээ” тогтоосон дүгнэлт /хх-ийн 125-р хуудас/, *** аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 01/29-02/279/01 дугаартай акт /хх-ийн 132-р хуудас/, шинжээч ***гийн мэдүүлэг /хх-ийн 136-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулсан суурь хууль бөгөөд уг хуулиар байгаль орчинд хамаарах объектуудыг газар, ус, агаар, ургамал, амьтан гэх зэргээр төрөлжүүлсэн салбарын нарийвчлан хуулиар зохицуулсан байна.

Тухайлбал: Байгалийн ургамлын тухай хуулиар ой болон таримал ургамлаас бусад ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулсан байх бөгөөд хуулийн 3 дугаар зүйлийн 2-т зааснаар ургамлын нөөц, нөхөн сэргэх чадварыг харгалзан нэн ховор, ховор, элбэг ургамал гэж ангилан, ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг хамааруулж, энэ ургамлын жагсаалтыг Засгийн Газраас батлахаар хуульчилжээ.

Үүний дагуу Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153, 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/-г ховор ургамлын жагсаалтад оруулсан тул энэ төрлийн мод, түүний үр, идээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлээр хамгаалсан байна.

Самар нь Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар ойн дагалт баялагт тооцогдох бөгөөд хуулийн 38 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тодорхой төлбөртэйгөөр тухайн ойн анги, эсхүл байгаль хамгаалагчаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах журмыг тогтоосны зэрэгцээ тухайн зүйлийн 38.5-д “Хушны самрын дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацтай жилд аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө” гэж хуш модны самрын ашиглалтын талаар тухайлан заасан нь байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, жам ёсоор нөхөн сэргээх шинж чанарыг хадгалах зорилгыг илэрхийлж буйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч зохих зөвшөөрөл авч самар түүдэг талаар мэдэхгүй гэж мэдүүлж байгаа ба хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн идэвхтэй үйлдлээр хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д  зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүж бэлтгэсэн, зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирол, иргэний нэхэмжлэл бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийгмийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

Шүүх шүүгдэгчийн байгаль экологид учруулсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр 12,036,130 төгрөг гэж тогтоогдсоныг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

Учир нь: *** аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 01/29-02/279/01 дугаартай “хохирлын үнэлгээ тогтоох тухай” актаар: Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу 12,036,130х5=60,180,650 төгрөг болов.

*** аймгийн *** сумын нутаг “***” гэх газраас хууль бусаар хуш модны самар бэлтгэсэн иргэн *** нь ургамлын аймагт учруулсан экологи, эдийн засгийн үнэлгээгээр нийт 60,180,650 төгрөг учруулсан байна гэжээ.

Улсын байцаагчийн дээрх актыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчид танилцуулсан байгаа боловч уг актыг эс зөвшөөрсөн нөхцөлд гомдол гаргах эрхийг уг актад тусгаагүй, тайлбарлаж өгөөгүй, хууль зүйн шаардлага хангахгүй байгаа зэргийг харгалзан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн шууд буюу бодит хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.  

Иймд шүүгдэгч ***гээс хохирол 12,036,130 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн ***банкны 100900013040 тоот дансанд оруулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хохиролд 200,000 төгрөг төлснийг дурдах нь зүйтэй.

*** *** маркийн ***улсын дугаартай автомашин нь ***өмчлөлийн болох нь **дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 79/

 

Иймд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийн болох нь тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн ***банкны 100900013040 тоот дансанд оруулж шийдвэрлэв.

 

Мөрдөгч эд мөрийн баримтаар 121,7 кг самар хураан авсан байх боловч хэрэг прокуророос шүүхэд шилжих үед самрын хэмжээ 90,7 кг болсон нь шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтны тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,5-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 90,7 килограмм самрыг худалдан борлуулж  орлогыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн ***банкны 100900013040 тоот дансанд шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж  шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч *** нь "Хуш модны самар бэлтгэх хориотой үед буюу 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд *** аймгийн *** сумын 2 дугаар багийн нутаг "***" гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр нийт 121,7 кг хуш модны самар бэлтгэж, байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 60,180,650 төгрөгийн хохирол учруулсан, улмаар бэлтгэсэн 121,7 кг самрыг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны 22 цагийн орчим *** аймгийн *** сумын 2 дугаар багийн нутагт *** улсын дугаартай "***" маркийн "***" загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримт болон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлон тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас учирсан 60,180,650 төгрөгөөс шүүгдэгч нь 200,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Эрүүгийн хуулийн тусгай анийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ***г гэм буруутайд тооцох саналыг шүүхэд оруулж байна. Гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан байх бөгөөд тээвэрлэсэн болон самар бэлтгэх хориотой үед зохих зөвшөөрөлгүйгээр 121,7 кг хуш модны самар бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг оруулж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ***г 1 жил 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг шүүхэд оруулж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух *** аймгийн *** сумын нутгаас гарахыг хязгаарлах саналыг оруулж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй байна. Шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй. Хилийн хориг тавигдаагүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 93,95 кг хуш модны самрыг хурааж улсын орлого болгох саналыг оруулж байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх *** улсын дугаартай "***" маркийн "***" загварын тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох саналыг оруулж байна. Хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болно гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ***: Шүүгдэгч ***гийн хувьд гэм бурууд маргахгүй. Хохирол төлбөрийн хувьд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 60,180,650 төгрөгийн хохирол учруулсан гэдэгт шүүгдэгчийн зүгээс маргахгүй. Үүнээс шүүгдэгч нь 200,000 төгрөгийг төлж барагдуулсан. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1, 514.2-д зааснаар уг гэм хорын нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзаж шүүх багасгаж болно гэж заасны дагуу *** нь ам бүл 3, эхнэр, ач хүүгийн хамт амьдардаг. Эхнэр *** нь умайн хүзүүний хорт хавдрын хагалгаанд орсон учир ажил хийх боломжгүй байгаа. Мөн гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийгээгүй *** сумын удирдлагуудын ажил  үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй байна гэж үзэж байгаа учир энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж  Байгаль экологид учруулсан хохирлыг шүүхээс багасгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал мөн “***” гэдэг компанид 2,500,000 төгрөгийн цалинтай ажил хийдэг. Энэ компани нь *** хотын *** дүүрэгт байрладаг. Тэндээ ростерын ажил хийж энэ хүн гэр бүлийн амьжиргаагаа авч явдаг. Энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол төлбөрөөс төлсөн, шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдал  болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байна гэв.

 

Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Өөрөөр хэлбэл тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэг нь урьд мэдэх тооцоолох боломжгүй гэнэт үүссэн нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгоно.

Шүүгдэгч нь “***” ХХК-д мужаанаар ажилладаг, 1 сарын үндсэн цалин 2,500,000 төгрөг бөгөөд цалингийн орлогоосоо хохирлыг төлж барагдуулахаа шүүх хуралдааны шатанд илэрхийлсэн.

Шүүгдэгч *** нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эхнэр С.*** умайн хүзүүний хоргүй хавдар оноштой, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ***д хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ,  мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна.

 

Шүүгдэгч нь *** аймгийн *** суманд амьдардаг, *** хотын *** дүүрэгт ажилладаг байх тул түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах прокурорын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 

Учир нь зорчих эрхийг хязгаарлах ял шүүгдэгчид оногдуулснаар ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх боломжийг хязгаарлах тул түүний хувийн байдалд тохирохгүй.

 

Бусад:

 

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *** овогт *** ***г зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гээс хохирол 12,036,130 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн ***банкны 100900013040 тоот дансанд оруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,5 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 90,7 килограмм самрыг худалдан борлуулж, орлогыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн ***банкны 100900013040 тоот дансанд шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 800,000 төгрөгийг шүүгдэгч ***гээс гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн ***банкны 100900013040 тоот дансанд оруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 3 жилийн тэнсэнгийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ,  мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтын арга хэмжээ тус тус авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

7.Энэ  хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *** аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА