| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 197/2025/0142/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/124 |
| Огноо | 2025-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Дөлгөөн |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/124
2025 02 27 2025/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Одончимэг,
улсын яллагч Э.Дөлгөөн /цахим/,
шүүгдэгч Д.Л, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Л-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: ******
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Д.Л нь Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны *** дугаар байрны *** тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Ч.Ц-г бусадтай хардан, хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүр лүү нь гараараа удаа дараа цохиж эрүүл мэндэд нь биед зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Л нь Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны *** дугаар байрны *** тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Ч.Ц-г бусадтай хардан, хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүр лүү нь гараараа удаа дараа цохиж эрүүл мэндэд нь биед зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ч.Ц-ын “Манай нөхөр Д.Л нь хөдөө орон нутагт уул уурхайн ажилтай бөгөөд 2024 оны ** дүгээр сарын **-ны өдөр ажлаасаа ирээд **** газарт уулзах үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд би нөхөр болон хүү 11 настай, эрэгтэй Л.М-ын хамт Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо *** тоот гэртээ ирээд амрах гэж байхад нөхөр Д.Л нь ганцаараа архи уугаад байсан. Тухайн үед хүү Л.М нь намайг аавыгаа байхгүй байхад нь гэртээ хүн авч ирээд байсан гэж хэлэх үед нь Д.Л буруугаар ойлгож бусадтай хардаж улмаар хэрүүл маргаан үүсгэж миний нүүр лүү 5-6 удаа гараараа цохиж зодоод байхаар нь би гэрээсээ гарч явсан. Би нөхөр Д.Л-тэй хамтран амьдраад 14 жил болж байгаа, Манай нөхөр урьд өмнө нь ахуйн хүрээний хэрүүл маргаан гарах болгонд миний биед халдаж цохиж, зоддог байсан боловч миний бие тухай бүрд нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Д.Л нь намайг хардах гээд байдаг тал бий. Сүүлд 2024 оны *** дүгээр сарын ***-ны шөнө манайг хардалтын улмаас гараараа миний зүүн талын хацар хэсэгт нэг удаа баруун шанаанд нэг удаа цохисон тэгэхээр нь анх удаа цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн. Надад тийм зүйл байхгүй сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй” гэсэн мэдүүлэг /хх 11 ху/, хохирогчийн биед зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацарт цус хуралт гэмтлүүд учирсныг тогтоосон шинжээчийн *** тоот дүгнэлт /хх 22 ху/, яллагдагч Д.Л-н “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хардалтын улмаас тийм зүйл болсон. Одоо гэр бүлийн харилцаа хэвийн байгаа” гэсэн мэдүүлэг /хх 53 ху/, шүүгдэгч Д.Л-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугийн хувьд маргахгүй” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Д.Л-н гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Д.Л-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Д.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ц-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлэхгүй, сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй /хх 54 ху/ гэсэн тул шүүгдэгч Д.Л-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийг зөвхөн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА