Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 83

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,  Улсын яллагч Б.Мөнгөншагай,  Хохирогч Ц.Мөнхбаатар, Хохирогчийн өмгөөлөгч Б.Батсайхан, Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг, Шүүгдэгч Г.Төрболд, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ганболдын Төрболдод холбогдох эрүүгийн 201715000060 тоот хэргийг хянан хэлэлцэв.  
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1990 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, технологийн багш мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд технологийн багш ажилтай, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 27-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Ганболдын Төрболд. РД: ЙС90072417,  
Шүүгдэгч Г.Төрболд нь согтуурсан үедээ 2017 оны 02 дугаар сарын 13-14-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, “Шонхор таун” орон сууцны зүүн талд өөрийн эзэмшлийн 43-16 ӨВА улсын дугаартай “Тоёта Приус” маркийн авто машинд унтаж байхад нь иргэн Ц.Мөнхбаатар нь ирж “таксинд явах уу” гэж асуухад нь “явахгүй” гэж хариулснаас үүдэн маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,  
ТОДОРХОЙЛОХ нь:  
 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч Г.Төрболд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр ажлаасаа 17 цагийн үед тараад “Мэргэд” сургуулийн Банзрагч гэдэг багш дээр очсон. Бид хоёр усан онгоцны макет хийж дуусгаад хордлого тайлах үүднээс би “Баянгол” дэлгүүрээс хиам болон архи авчраад бид хоёр уух гэж байтал гаднаас Батдаваа, Даржаа нар орж ирсэн. Тэгээд Банзрагч багш, Батдаваа бид гурав тус архийг уусан. Даржаа архи уугаагүй.  Тэгээд бид дахиад нэг шил архи авч уусан. Түүнээс хойш би болсон явдлыг санахгүй байгаа. Тэгээд нэг сэрсэн чинь “Шонхор” тауны зүүн талд 8 дугаар багийн орчимд 
Мөнхбаатартай маргалдаад байж байсан. Ц.Мөнхбаатар намайг “Таксинд явах уу? Архи авах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Би таксинд явахгүй ээ. Надад машины түлхүүр ч алга” гэж хэлсэн. Тухайн үед Мөнхбаатар миний машинд цээжээрээ ороод ирчихсэн байсан. Тэгээд бид 2 маргалдсан. Тэгээд би Мөнхбаатарт “Би цагдаад дуудлага өглөө шүү” гэж хэлээд цагдаагийн 7032102 гэсэн дугаар руу залгаж дуудлага өгсөн. Намайг цагдаад дуудлага өгч байх завсар Ц.Мөнхбаатар миний ам руу 2 удаа алгадаад авсан. Тэгэхэд миний уур гэнэт хүрээд түлхчихсэн чинь машины цаад руу хонхорхой руу бөгсөөрөө ойччихсон. Тэгээд намайг машинаас гараад иртэл босоод ирчихсэн зогсож байсан. Тэгээд би хоёр гараас нь барьж байгаад хавсраад унагасан чинь газрынхаа уруу руу ойччихоод хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь би очоод татаад үзтэл хөдлөхгүй байхаар нь 103 руу залгаж дуудлага өгсөн. Тэр хооронд цагдаа ирсэн. Би Мөнхбаатарыг эмнэлэгт хүргэж өгчихөөд цагдаагийн газар очсон. Миний хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж, буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 3.400.000 төгрөг төлсөн гэв.   
Хохирогч Ц.Мөнхбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр 12 цаг өнгөрч байхад айлд банш хийх гэж гэрээсээ гарсан. Тэгээд тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Одоо гомдолгүй. Шүүгдэгчтэй эвлэрсэн. Миний биеийн эрүүл мэндийн байдал сайжраагүй байгаа. Би ярьж чадахгүй бас хөдөлгөөн хомс болсон. Цаашид эмчилгээ хийлгэнэ. Цаашид эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилнэ. Нийт 3.763.677 төгрөг нэхэмжилж байгаа. үүнээс хохиролд 3.400.000 төгрөгийг авсан тул зөрүү хохирлын мөнгө болох 363.677 төгрөг нэхэмжилж байна гэв.  
Хохирогч Ц.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байсан юм. ...Найз Төгсөөгийн хамт оройн 23 цагийн орчимд “Онги” бааранд орсон. ... “Онги” баарнаас 0.5 литрийн 1 шил “Хараа” архи худалдаж аваад “Онги” баарны хамгаалагч Жиндэг, Төгсөө бид гурав хувааж уусан. Архиа ууж дуусгаад 00 цаг болгоод баарнаас гарсан. ... Төгсөө бид хоёр шууд манай гэрт ирсэн. ... Гэрээсээ ганцаараа гарсан. Төгсөө манай гэрт унтаад үлдсэн. ... Тэгээд л цаашаа юу болсныг мэдэхгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,  
Гэрч Б.Банзрагчийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Дэлгүүрээс гарч ирэхдээ Төрболд 0.5 литрийн багтаамжтай 1 шил архи хиамтай авч гарч ирсэн. ...Батдаваа, Даржаа хоёрыг дуудаад авч ирсэн архиа дөрвүүлээ хувааж уусан. ...Өрөөнөөс гарахад 19 цаг өнгөрч байсан байх, гадаа харанхуй болсон байсан. Тэгээд Батдаваа, Даржаа хоёр гараад 1 шил 0.75 литрийн багтаамжтай архи “Малчин” дэлгүүрээс аваад бид дөрөв Онцгой байдлын газрын хажуугийн засварын гадна талбай дээр машин дотроо дөрвүүлээ хувааж уусан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,  
Гэрч Д.Цэрэнтөмөрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 02 дугаар сарын 13-ны орой ...намайг гэрийн чинь гадаа байна гараад ир гэхээр нь гараад очтол Г.Төрболдын машинтай Г.Төрболд, Батдаваа хоёр байсан. ...Машинд нь суухад 0.5 литрийн “Цагаан” архи гэсэн нэртэй архи авч ирсэн. Тэр архийг задлаад хүзүүнээсээ доош 3-4 хуруу дундарсан архи байсан. Батдаваа бид хоёр ойр зуурын ажлын талаар ярьж байгаад архиа ууж дуусгасан. Би ганц нэг л татсан. Тэр хоёр хувааж уугаад дуусгасан байх. Г.Төрболд нэлээн согтсон хэл ам нь ээдэрсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,  
Гэрч Ц.Батдаваагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Бид дөрөв 0.5 литрийн архийг нь хувааж уусан. Ахиад 1 шил архи уухаар болоод мөнгөө нийлүүлээд “Малчин” дэлгүүрээс 0.75 литрийн архи авсан. ...зогсоол дээр зогсож байгаад 0.75 литрийн архиа ууж дуусгаснаа санаж байна. Тэгээд Банзрагч багшийг гэрт нь хүргэж өгчихөөд Г.Төрболд 0.5 литрийн 1 шил архи авсан. ...Цэрэнтөмөрийн гадна очихдоо задалчихсан архитай очсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,   
Сэжигтэн Г.Төрболдын: “...Нэг залуу жолоочийн талын хаалгыг онгойлгочихсон цээжээ машинд оруулаад ирчихсэн миний хармаа халаасыг нэгжээд байсан. Тэгснээ намайг “Таксинд явья” гэхээр нь би “Би согтуу байна явахгүй” гэхэд тэр залуу “Юу яриад 
байгаа юм бэ, яахаараа согтуу машин барьдаг юм” гээд байсан. Би тэр залууд олон удаа таксинд явахгүй гэж хэлсэн. Намайг юу солиороод байгаа юм бэ, чамд бичиг баримт байна уу гээд миний түрийвчийг шалгах явцад нь би бүрэн сэрсэн. Миний уусан архи нэлээн гарсан байсан. Тэгээд би цагдаа дуудлаа шүү гээд гар утсаа гаргаж ирээд цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Намайг цагдаа руу дуудлага өгөөд байгаа газраа хэлж байх хооронд миний ам орчимд гараараа 2 удаа алгадсан. Намайг алгадангуут нь миний уур хүрээд баруун гараараа цээж хэсэг рүү нь түлхэхэд Мөнхбаатар гэх залуу бөгсөөрөө газар унасан. Намайг машинаас гарах хооронд газраас Мөнхбаатар босоод ирсэн. Би босоод ирэхээр нь хоёр хөлийг нь хавсраад түлхсэн. Намайг түлхэхэд Мөнхбаатар нь газрын уруу тал руу эргээд нүүрээрээ дараад газарт унасан. Ахиад босоод ирэх юм болов уу гэж бодоод хараад байтал босч ирэхгүй болохоор нь очиж татаж үзсэн чинь хөдлөхгүй байсан. ...Мөнхбаатар гэх залуу ч нэлээн согтуу байсан. Намайг түлхэхэд гарын аясаар л унаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-101 дүгээр хуудас/,  
Шинжээч эмч Ц.Халтархүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Ц.Мөнхбаатарын биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд юм. Нүүрээрээ газар унасан тохиолдолд Ц.Мөнхбаатарын биед үүссэн гэмтлүүд нь нэгэн зэрэг үүсэх боломжгүй. Нүүрээрээ газар унасан тохиолдолд нүүрний хэсгийн зулгаралтууд, эрүүний зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн гэмтэл үүсэх боломжтой. Харин хамар ясны хугарал, 2 нүдний зовхины цус хуралт, тархины доргилт, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зүүн чихний дэлбэн, түүний ар хэсгийн зулгаралт, баруун мөрний цус хуралт  зэрэг гэмтлүүд нь цохилтын улмаас үүсэх боломжтой гэмтлүүд юм. ...Ц.Мөнхбаатарын биед үүссэн гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд юм” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,  
Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2179 тоот. “... Шинжилгээнд ирүүлсэн “Г.Төрболд /Өвөрхангай/ эр” гэж хаягласан цусанд 2.3 промилли, “Ц.Мөнхбаатар ӨВ” гэж хаягласан цусанд 1.6 промилли тус тус спиртийн агууламж илрэв...” гэх дүгнэлт /хх-ийн 73 дугаар хуудас/,  
Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 510 тоот: “... Ц.Мөнхбаатарын биед тархи доргилт, тархины зөөлөн бүрхүүл доорх голомтлог цус харвалт, 2 нүдний зовхи, зүүн чихний дэлбэн, зүүн хацар, баруун мөрөнд цус хуралт, баруун шанаа, хацар, зүүн хацар, эрүүнд зулгаралт, зүүн чихний дэлбэн, хуйх, дух, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ц.Мөнхбаатарын биед учирсан дээрх гэмтлүүд нь хохирогчийн амь насанд аюул учруулаагүй бөгөөд амь тэнссэн байдал үүсээгүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт   гаргасан акт №77 тоот  дүгнэлт үндэслэлгүй байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,  
Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 35 хуудас/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8-10 дугаар хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 11 дүгээр хуудас/, 
Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/, Хөрөнгө үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №04/43 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 17-18 дугаар хуудас/,  Шүүгдэгч Г.Төрболдын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 105-106, 128-131 дүгээр хуудас/,   Шүүгдэгч Г.Төрболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 104 дүгээр хуудас/ зэрэг болно.  
Шүүгдэгч Г.Төрболд нь согтуурсан үедээ 2017 оны 02 дугаар сарын 13-14-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, “Шонхор таун” орон сууцны зүүн талд өөрийн эзэмшлийн 43-16 ӨВА улсын дугаартай “Тоёота Приус” маркийн авто машинд унтаж байхад нь иргэн Ц.Мөнхбаатар нь ирж “таксинд явах уу” гэж асуухад нь “явахгүй” гэж хариулснаас үүдэн маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Мөнхбаатарын “...2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ...Найз Төгсөөгийн хамт оройн 23 цагийн орчимд “Онги” бааранд орсон. ...“Онги” баарнаас 0.5 литрийн 1 шил “Хараа” архи худалдаж аваад “Онги” баарны хамгаалагч Жиндэг, Төгсөө бид гурав хувааж уусан. Архиа ууж дуусгаад 00 цаг болгоод баарнаас гарсан. ... Төгсөө бид хоёр шууд манай гэрт ирсэн. ... Гэрээсээ ганцаараа гарсан. Төгсөө манай гэрт унтаад үлдсэн. ... Тэгээд л цаашаа юу болсныг мэдэхгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/, шүүгдэгч Г.Төрболдтой хамт архи уусан талаар мэдүүлсэн гэрч Б.Банзрагч, Д.Цэрэнтөмөр, Ц.Батдаваа нарын мэдүүлгүүд /хх-ийн 25-26, 34-35, 36, 38-39/, хохирогч Ц.Мөнхбаатарын биед хөнгөн гэмтэл учирсан, энэ гэмтлийг хэд хэдэн удаагийн цохилтын улмаас үүссэн болохыг нотолсон “... Ц.Мөнхбаатарын биед тархи доргилт, тархины зөөлөн бүрхүүл доорх голомтлог цус харвалт, 2 нүдний зовхи, зүүн чихний дэлбэн, зүүн хацар, баруун мөрөнд цус хуралт, баруун шанаа, хацар, зүүн хацар, эрүүнд зулгаралт, зүүн чихний дэлбэн, хуйх, дух, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ц.Мөнхбаатарын биед учирсан дээрх гэмтлүүд нь хохирогчийн амь насанд аюул учруулаагүй бөгөөд амь тэнссэн байдал үүсээгүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан акт №77 тоот  дүгнэлт үндэслэлгүй байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 510 тоот дүгнэлт /хх-ийн 80-81/, шинжээч эмч Ц.Халтархүүгийн “...Ц.Мөнхбаатарын биед үүссэн гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд юм” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 68-69 хуудас/, болон   Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6/, Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/, Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8-10/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 11/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 12-13/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 14/, Хөрөнгө үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №04/43 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 17-18/, шүүгдэгч Г.Төрболдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг болно.   Шүүгдэгч Г.Төрболдод холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Г.Төрболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв. 
 Шүүгдэгч Г.Төрболд нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг баримтын хэмжээнд нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм хор арилаагүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзсэн болно.   
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “хохирогч нь гомдол саналгүй сайн дураараа шүүгдэгчтэй эвлэрсэн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал гаргаж байгаа ч үүнийг хүлээж авах үндэслэлгүй  байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна. Гэтэл хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “биеийн эрүүл мэндийн байдал сайн эдгэрээгүй, ярьж чадахгүй, сайн явж чадахгүй байгаа, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэж мэдүүлж байгаа тул гэм хор арилсан гэж үзэх боломжгүй байна.     
Хохирлын талаар: Хохирогч нь “гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийтдээ хохиролд 3.763.677 төгрөг нэхэмжилснээс 3.400.000 төгрөгийг бэлнээр авсан байгаа. Одоо хохиролд 363.677 төгрөгийг нэхэмжилнэ” гэж байгаа болно.  Хавтаст хэрэгт 3.512.977 төгрөгний баримт авагджээ. Үүнээс өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөг, ганданд ном хуруулсаны үнэ 27.000 төгрөг нийт 627.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтын шаардлага хангаагүй /Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 29 хуудас баримтын 7-р хуудсанд авагдсан 133.000 төгрөгний баримт нь тамга тэмдэггүй, 14р хуудсанд авагдсан эмнэлэгт хэвтсэний төлбөр гэх 27.927 төгрөгний баримт  нь хаана ямар эмнэлэгт хэвтсэн нь тодорхойгүй, 15-18-р хуудсанд авагдсан Баруунбаян-улаан сум руу эмчилгээ хийлгэхээр явсан гэх 60.000 төгрөгний баримт нь  ямар эмчилгээ хийлгэхээр явсан баримт байхгүй, 19-р хуудсанд авагдсан Төмөртогоо гэх хүнээр бариа засал хийлгэсэн гэх 75.000 төгрөгний баримт, 29-р хуудсанд авагдсан нотариатын 6.000 төгрөг төлсөн баримт/ 301.927 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.         
Шүүгдэгч Г.Төрболд нь хохирогч Ц.Мөнхбаатарт  баримтаар 2.584.050 төгрөг баримтгүйгээр 815.950 төгрөг, нийт 3.400.000 төгрөг төлсөн, Одоогоор баримтын хүрээнд хэлэлцэх төлбөргүй байх тул, 3.763.677 төгрөгний зөрүү гэж нэхэмжилсэн 363.677 төгрөгийг гаргах үндэслэлгүй байна. Хохирогч хэлэлцээгүй орхисон хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.   
Шүүгдэгч Г.Төрболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэсэн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн саравчтай малгай, хэрэгт хураагдсан тархины томографийн зураг 1 ширхэг, CD 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгохыг тус тус дурьдав.  
Шүүгдэгч Г.Төрболдын эзэмшлийн Samsung S-5 маркийн гар утас  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.  
Тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 269 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн захирамжаар  шүүгдэгч Г.Төрболдод авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч 
Г.Төрболдод авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.    

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 292,  294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон    
ТОГТООХ нь:  
1. Шүүгдэгч Боржигон овгийн Ганболдын Төрболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
2. Шүүгдэгч Боржигон овгийн Ганболдын Төрболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 /зургаа/  дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.440.000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   
 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Г.Төрболд нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялыг 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  
 4. Шүүгдэгч Г.Төрболд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.  
5.  Шүүгдэгч Г.Төрболд нь хохирогч Ц.Мөнхбаатарт баримтаар 2.584.050 төгрөг,  баримтгүй 815.950 төгрөг нийт 3.400.000 төгрөг төлсөн, хохирогч Ц.Мөнхбаатарын  нэхэмжилсэн 3.763.677 төгрөгнөөс 627.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 301.927 төгрөгийг хэлэлцэхгүй орхисныг дурьдсугай.   
6. Хохирогч Ц.Мөнхбаатар нь хэлэлцээгүй орхисон хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.  
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч Г.Төрболдын эзэмшлийн Samsung S-5 маркийн гар утас  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.   
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгөтэй саравчтай малгай, мөн хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл болох CD 1 ширхэг, тархины томографикийн зураг 1 ширхэгийг тус тус хохирогч Ц.Мөнхбаатарт буцаан олгосугай.     
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Төрболдод авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1д  зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.   
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч 
Г.Төрболдод авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.МАНДАХБАЯР