Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/08

 

 

 

                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

 

                                                   Б.Эт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ч.Батзориг,

Нарийн бичгийн дарга: Б.Болд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар захирамжтай Б.Эт холбогдох 2038000000036 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Цонхнууд овогт Б-ийн Э, 1994 оны 2 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ....................../.

Б.Э нь 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн Янгис гэх газарт хохирогч Э.Стай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зүрхэн тус газар нэг удаа хутгалж амь насыг нь хохироон хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар захирамжаар яллагдагч Б.Эт холбогдох эрүүгийн хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол яллагдагчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Батзориг эсэргүүцэлдээ: Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч өмгөөлөгч Л.Цуурайгийн хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хэлэлцүүлэг явуулан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг гаргасан. Дээрх шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

1. Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13-д заасан хэргийн оролцогч биш хүнээс урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлтийг хүлээн авч хэлэлцүүлэг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Учир нь эрүүгийн 2038000000036 дугаартай хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр анх Б.Хангалыг тогтоосон бөгөөд давж заалдах шатны шүүхээс тухайн этгээд нь тогтоолоор хүчингүй болгосон тул өмгөөлөгч Л.Цуурайгийн Б.Хангалтай хийсэн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь дуусгавар болсон гэж үзнэ. Мөн хохирогч, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон Б.Эрдэнэчулуунтай өмгөөлөгч Л.Цуурай нь дахин эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, түүний хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн төлөөлөх боломжтой байсан боловч тийм ажиллагаа хийгээгүй тул тухайн хэргийн оролцогч биш болох нь тогтоогдож байна.

2. Захирамжид “шүүх хуралдаанд хохирогч Б.Эрдэнэчулуун нь хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар тогтоогдсон. Сэтгэцийн эмчийн хяналтад байдаг болох нь амбулаториор эмчлүүлэгчдийн картаар тогтоогдож байна” гэсэн байх бөгөөд тухайн эмчлүүлэгчийн картыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг үзэж сонирхож байсан этгээдээс шууд хүлээн авч нотлох баримтаар үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Б.Эрдэнэчулуун нь амь хохирогч Э.Сын төрсөн эцэг нь бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдох этгээд байна. Тухайн этгээд нь өөрийн эрх ашгаа хамгаалуулах зорилгоор өмгөөлөгч авах эрхтэй боловч түүнийг мөрдөн шалгах ажиллагаанд заавал өмгөөлөгчөөр хангах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй байна.

3. Захирамжид “...хохирогчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг прокурор, мөрдөгч нь биелүүлээгүй гэх хүсэлт үндэслэлтэй байна...” гэжээ. Хэрэгт давж заалдах шатны шүүхийн магадлалд ашиг сонирхлын зөрчилгүй хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох гэж заасан ба Б.Эрдэнэбаярыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох талаар тусгаагүй. Мөн амь хохирогч Э.С нь 2.9 промиллын согтолттой байсан ба биеэ хамгаалах чадвартай байсан эсэхийг тогтоох гэсний дагуу шинжээч эмчээс мэдүүлэг авах, тухайн үед тээврийн хэрэгсэл дотор хамт явсан этгээдээс дахин гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг тус тус хийж гүйцэтгэсэн тул давж заалдах шатны магадлалд заагдсан ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж байна.

4. Эрүүгийн 2038000000036 дугаартай хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 10-д заасны дагуу явагдсан гэж үзэхгүй байна. Учир нь өмгөөлөгчийн хүсэлтийг сонссоны дагуу прокурор тайлбар хэлсэн бөгөөд прокурорын тайлбарт өмгөөлөгчийн хэлсэн хариу тайлбарын дуу бичигдээгүй, түүнийг хурлын оролцогч нар сонсоогүй, прокурорын 2 дахь тайлбарыг сонсолгүй завсарлаж шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн нөхцөл байдлууд тус тус тогтоогдож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5, 1.7, 1.9 заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих” зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн прокурор эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:  Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 395 дугаартай яллах дүгнэлтээр Б.Эийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.Сын зүрхэн тус газар нь нэг удаа хутгалж амь насыг нь хохироож хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх “мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийгдсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн” гэх үндэслэлээр шүүгдэгч Б.Эт холбогдох хэргийг прокурорт буцаасан байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн захирамжаар Б.Эт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан  хэлэлцүүлгийг 12 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлон зарлаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулжээ.

Уг урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч Б.Эрдэнэчулууны амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба энэхүү баримтыг үндэслэн шүүх хохирогчийг сэтгэцийн эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлж чадахгүй асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн байна.

Гэтэл шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Эрдэнэчулууны амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбарыг хэн, ямар үндэслэлээр гаргаж өгсөн нь тодорхойгүй, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд огт тусгаагүй байна.

Мөн Прокурорын эсэргүүцэлд энэ талаар “...эмчлүүлэгчийн картыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг үзэж сонирхож байсан этгээдээс шууд хүлээн авч нотлох баримтаар үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна” гэж заажээ. 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т заасан анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй гэж үзэх үндэслэл болох ба мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна.” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

Мөн шүүх хуралдааныг бичлэгээс үзэхэд шүүх хуралдаан 46 минут 16 секунт үргэлжилсэн байхад шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг 14 цаг 30 минутад эхэлж 15 цаг 45 минутад хаасан гэж тэмдэглэжээ. Энэ нь мөн адил дээрх хуулийн заалтыг зөрчсөн зөрчил юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл хөтлөхөд энэ зүйл нэгэн адил хамаарна“ гэж заасан тул нарийн бичгийн дарга хуульд заасан шаардлагад нийцүүлэн шүүх хуралдааны тэмдэглэлийг хөтөлж байх нь зүйтэй.

Мөрдөгч, прокурор нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурайг оролцуулаагүй нь буруу байна. Учир нь энэ хэрэгт амь хохирогч болон хохирогчийн эрх ашгийг хамгаалж Б.Хангалыг оролцуулсан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж давж заалдах шатны шүүхээс өмнө үзсэн.

Б.Хангалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь хохирогчийн эрх ашгийг хамгаалж буй өмгөөлөгч Л.Цуурайг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргах үндэслэл болохгүй тул өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй гэж үзнэ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                 Л.ЭРДЭНЭБАТ

                                                                             Н.БАЯРХҮҮ