| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 197/2025/0018/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/16 |
| Огноо | 2025-01-17 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Ш.Сүрэнхорол |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/16
2025 01 17 2025/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Одончимэг,
Улсын яллагч Ш.Сүрэнхорол,
Шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Х-д холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: ******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч Н.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны *** дугаар сарын ***-ны өдөр Чингэлтэй дүүргийн *** дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг **** амралтын газар үйлчлүүлж байх үедээ амралтын газрын ажилтан Б.М-тэй дуу чимээ их гаргалаа гэж хэлсэн шаардлагаас нь болж маргалдан улмаар түүний хэвлий хэсэгт нь хөлөөрөө өшиглөж биед нь IV-III 13-14 долоо хоногтой байсан ураг зулбаж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Х нь иргэн Б.М-тэй дуу чимээ их гаргалаа гэж хэлсэн шаардлагаас нь болж маргалдан улмаар түүний хэвлий хэсэгт нь хөлөөрөө өшиглөж биед нь IV-III 13-14 долоо хоногтой байсан ураг зулбаж хүнд хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.М-ын "...Миний бие 2023 оны *** дугаар сарын ***-ний өдөр өөрийн ажил болох *** амралтын газарт ажиллаж байтал манайд амарч байсан 8 тооны хүмүүс чанга хөгжим тавиад байхаар нь 22:20 цаг орчимд очоод битгий чанга чимээ гаргаарай гэхэд тэр хүмүүс хөгжмөө багасгаад байшин руугаа орсон. Тэгээд би цаашаа яваад өөрийн ажлын байран дээрээ ирсэн чинь өнөө хүмүүс дахиад хөгжимөө чангалаад дуу чимээ гаргаад эхэлсэн...Тэгээд би тэд нарыг хэн хариуцаж явж байгаа вэ манайд хэн захиалга өгсөн гэж хэлээд байшин руу дөхөөд очсон чинь өөдөөс нилээн согтуу эмэгтэй гарч ирээд танайхаас яагаад дахин дахин ирээд байдаг юм бэ гээд шууд намайг үсдээд дарсан. Тэгсэн цаана байсан эрэгтэй хүмүүс нь ирээд салгасан. Би гайхаад та нарыг хэн хариуцаж байгаа вэ гэхэд өнөөх эмэгтэй дахиад намайг үсдэж аваад дарсан. Тэгсэн хамт байсан хүмүүс нь салгах гээд бужигнаад эхэлсэн. Тэгсэн миний толгойн баруун хэсэгт цохих шиг болсон, одоо тухайн хэсэг газар нь хавдсан байна. ...Нарийхан хоолойтой гадуураа цагаан өнгийн фудволктой залуу намайг хэл амаар доромжилж байснаа гараараа миний зүүн мөрний хэсэгт түлхсэн бөгөөд яг тэр цаг үед миний араас цагаан өнгийн урд талдаа эрээн өнгийн зурагтай хувцастой шорттой эрэгтэй нь хувцасны захнаас татаж намайг хойшоо унагасан. Би унах үедээ бөгсөөрөө унаж байсан бөгөөд газарт унахдаа зүүн гараа цементэд цохиод гэмтээсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Цагдаагийн албан хаагч нар ирсний дараа анх надтай хэрүүл маргалдсан эмэгтэй хүрч ирээд эхлээд чи намайг цохиж аваа биздээ гэж хэлээд миний үснээс зулгаасан ба цагдаагийн алба хаагч салгах үед тэр миний хэвлий хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн эмэгтэй миний хэвлий хэсэг рүү өшиглөснөөс болоод доошоо хатуурч өвдөөд мөн цус алдсан, би 3 сар гарантай жирэмсэн, эмнэлгийн хяналтад ороогүй байсан. ...2023 оны *** дугаар сарын ***-ны орой дахин түргэн тусламж дуудаад эх нялхасын эмнэлэгт очсон. Эмнэлэгт үзлэг хийгээд хожуу үеийн зулбалт байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг / хх 18-21 ху/, гэрч Б.О-ын “...Манай эхнэр 3 сартай жирэмсэн бөгөөд гэдэс рүүгээ өшиглүүлсэнээс болоод доошоо цус алдаад байна гээд Эх нялхасын эмнэлэг явсан. Манай эхнэрийг тухайн бор шаргал өнгийн хослолтой залуу, мөн махлаг хар өнгийн цамцтай эмэгтэй нар зодсон. Гэхдээ сүүлд цагдаагийн алба хаагч нар ирсэний дараа би эхнэрээ үлдээгээд доошоо явчихаад ирэхэд манай эхнэр доошоо тонгойгоод эвхэрчихсэн гэдэс рүү өшиглөчихлөө гээд сууж байсан намайг явахад манай эхнэр зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх 23-24 ху/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 33-38ху/, 2023 оны *** дүгээр сарын ***-ны өдөр хохирогч Б.М-р таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 33-38х/, Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны *** дугаар сарын ***-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 81-84 ху/, Эрүүл мэндийн яамны Эх барих эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2024 оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай дүгнэлт /хх 80 ху/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Н.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны *** дугаар сарын ***-ны өдөр Чингэлтэй дүүргийн *** дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг *** амралтын газар үйлчлүүлж байх үедээ амралтын газрын ажилтан Б.М-тэй дуу чимээ их гаргалаа гэж хэлсэн шаардлагаас нь болж маргалдан улмаар түүний хэвлий хэсэгт нь хөлөөрөө өшиглөж биед нь IV-III 13-14 долоо хоногтой байсан ураг зулбаж хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Н.Х-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Н.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.
Шинжээчийн 145 дугаартай дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд учирсан гэмтлийн дараах шинжийг хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарахыг тогтоосон бөгөөд хохирогчид учирсан бодит хохирлыг харгалзан тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр /550.000 х 12.99/ тооцож шүүгдэгчээс 7,144,500 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-г 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар шүүгдэгч Н.Х-ээс сэтгэл санааны хохиролд 7,144,500 /долоон сая нэг зуун дөчин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот, **** дүүрэг, **** дүгээр хороо, ***** тоотод суух хохирогч Б.М-д олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийг зөвхөн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА