| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2024/0195/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/46 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2435000000136 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Э ургийн овогт Д-ы П (РД:....), 1996 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, малчин, ам бүл зургаа, эхнэр хүүхдүүдийн хамт ... аймгийн ... сумын ... дүгээр багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар: Увс аймгийн прокурорын газрын хяналт прокурор Б.Догмиддорж “шүүгдэгч Д.П нь 2023 оны 04 дүгээр сард Увс аймгийн Баруунтуруун сумын Хавтгай чулуун гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч Б.Л-гийн сартай хүрэн зүсмийн гүү, хар хүрэн зүсмийн гүү, нийт 2 тооны буюу олон тооны малыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-5 дугаар хуудас), тамганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас), хохирогч Б.Л-гийн мал тооллогын баримт (хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас), хохирогч Б.Л-гийн Хаан банк дахь харилцах дансны хуулга (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас), хохирогч Б.Л-гийн өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 25-26, 28, 30 дугаар хуудас), гэрч П.Л-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас), гэрч Б.Ө-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас), гэрч Б.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас), гэрч Э.Н-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас), гэрч Б.Гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас), гэрч О.Оийн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас), гэрч А.Аын мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар хуудас), шинжээчийн 121 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 60 дугаар хуудас);
- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 83 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 88 дугаар хуудас), П.Н, П.Н, П.Н, П.Н нарын төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 93-96 дугаар хуудас), Увс аймгийн Зүүнхангай сумын эрүүл мэндийн төвийн даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 135 дугаар хуудас), Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 136 дугаар хуудас), Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 171 дүгээр хуудас) зэрэг болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Үүнд:
- Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-5 дугаар хуудас);
- Тамганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас);
- Б.Л-гийн мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллогын баримт (хавтаст хэргийн 9-17 дугаар хуудас);
- Хохирогч Б.Л-гийн “...2023 оны хавар 04 дүгээр сард Хавтгай чулуут гэх газарт очиж адуугаа үзэж харахад манай сартай бор хээр азаргатай адуунаас сартай хүрэн зүстэй баруун чих нь цуулбар, зүүн талын ташааны хавтгайд сартай чандмань тамгатай, хар хүрэн зүстэй хоёр чих нь цуулбар имтэй, зүүн талын ташааны хавтгайд сартай дормон тамгатай 2 тооны адуу алга болсон байсан. Би тэр орчмын газарт нутаглаж байсан айлуудад захиж хэлээд өөрөө тэр орчмын газарт хайж байгаад олдохгүй болохоор нь Зүүнхангай сумын адуу мал малладаг залуучуудад захиж хэлсэн. 2024 оны 02 дүгээр сарын сүүлээр Зүүнхангай сумын 01 дүгээр багийн иргэн Б.Б гэх залуу надад таны хайж байсан хүрэн зүстэй гүү Зүүнхангай сумын Даланбулаг багийн иргэн Д.Пгийн адуунд байна гэж хэлсэн. Би Б.Баас им тамгын талаар утсаар тодруулж асуухад миний хайж байсан сартай хүрэн зүстэй буруу чих нь цуулбар зүүн талын ташааны хавтгайд сартай чандмань тамгатай адуу мөн байна гэж хэлсэн. Би Д.П-тай утсаар холбогдож адууны талаар асууж тодруулах гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй байсан тул ярьж асууж тодруулж чадаагүй. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Д.П-тай сумын төвд гудамжинд ээжтэйгээ цуг явж байтал таараад “чамтай ярих юм байна, чи надад холбоо барих утасны дугаараа өгөөч” гэж хэлээд утасны дугаарын авчхаад орой дугаар руу нь залгаж “танай адуунд миний хүрэн зүстэй гүү байна гэж сураг байна” гэхэд “тиймээ хүрэн зүстэй гүү байгаа тэр таны гүү юм уу? тэр гүү үхчихсэн” гэж надад хэлсэн. Би “яахаараа үхчихдэг юм бэ, цуг байсан хар хүрэн гүү яасан юм” гэхэд “юун гүү яриад байна, тэр гүүг чинь би яаж мэддэг юм бэ” гэж хэлээд утсаар миний урдаас уурлаж надтай харьцсан юм. Д.П “тийм адуу миний адуунд байхгүй очоод үз” гэж хэлээд утсаа тасалсан. Маргааш өглөө нь би Б.Баас утсаар залгаж “миний адуу Д.Пгийн адуунд одоо байна уу, чи хараадах” гэхэд очиж үзээд тэдний тэжээж байсан адуунд байна гэж надад хэлсэн. Би цагдаагийн хэсгийн байранд ирээд хэсгийн цагдаад дэд ахлагч А.А-д “миний адуу өөр айлын адуунд байна, би очиж адуугаа авах гэсэн юм” гэж хэлээд хэрүүл маргаан гарч болзошгүй гэж бодоод А.Аыг өөрийн тээврийн хэрэгсэлд суулгаж аваад Зүүнхангай сумын Даланбулаг багийн Бага хайрхан гэх газарт байх Д.Пгийн гэрт явж очсон. Тэдний гэрт хүн байхгүй тэдний хажууд айлд Д.Пгийн аавын дүү болох О.О гэх хүн байсан. Д.Пгийн тэжээж байгаа адуунд миний сартай хүрэн зүсмийн баруун талын чих цуулбар зүүн талын ташааны хавтгайд сартай чандмань тамгатай 1 тооны гүү байна гэсэн би тэр адуугаа авах гэж ирсэн юм гэж хэлээд Д.Пгийн тэжээж байсан адууг нь О.О гэх хүнтэй цуг явж тууж ирээд өөрийн адууг барьж авч өөрийн тээврийн хэрэгсэлд тээвэрлэн сумын төвд авч ирж хашаандаа тэжээж байгаад Зүүнхангай сумын Л.Дашдэмбэрэлийн адуунд тавьсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас);
- Хохирогч Б.Лгийн дахин өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай сумын иргэн Д.П сумын төвд надтай таараад “тантай ярих зүйл байна” гэж хэлсэн. Би “чи надтай юу ярих гэж байгаа юм” гэж асуухад Д.П хэлэхдээ “ахаа таны 2023 оны 04 дүгээр сард алга болсон бор хээр зүсмийн, сартай хүрэн зүстэй 2 тооны адууг би авсан юм. 2023 оны хавар Баруунтуруун сумын нутаг “Хавтгай чулуут” гэх газар манай адуунд байхаар нь би хамт туугаад аваад ирсэн юм, 1 адууг та өөрөө манайхаас аваад явсан, харин бор хээр гүүг урагшаа Завхан аймаг руу зарчихсан юм, тэгсэн өвөл үхчихсэн байна, би таны хохирлыг барагдуулж өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи яагаад бэлчээрээс миний адуу үлдээхгүй аваад явчихдаг юм” гэж асуухад “хэнийх нь мэдэхгүй болохоор аваад явчихсан юм” гэж хэлсэн. Д.П “та над руу дансаа явуулчих, би таны 1 адууны үнэ төлбөрийг шилжүүлнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө Хаан банкны 5806091339 тоот дансны дугаараа Д.Пгийн 95666546 гэсэн дугаар руу мессежээр явуулсан. Орой 17 цаг 56 минутын үед миний дансанд 5800941577 гэсэн данснаас 1’300’000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөг ороод ирсэн. Би интернэт банкаар уг дансыг шалгахад Д.Пгийн өөрийнх нь данс байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас);
- Гэрч Лын “...2023 оны хавар 04 дүгээр сард миний нөхөр Б.Л “Хавтгай чулуут” гэх газарт очиж адуугаа үзэж харахад манай сартай бор хээр азаргатай адуунаас 2 тооны адуу алга болсон байсан гэж ярьсан. Түүнээс хойш миний нөхөр алга болсон 2 тооны адуу малаа хайж нэлээн явсан боловч алга болсон 2 тооны адуугаа олоогүй, нутгийн иргэдэд захисан гэж байсан. 2024 оны 03 дугаар сарын эхээр миний нөхөр Б.Л “манай алга болсон 2 тооны адуу манай сумын иргэн Д.Пгийн тэжээж байгаа адуунд байна гэж хүн хэллээ” гэж яваад 1 тооны сартай хүрэн зүсмийн адуугаа авч ирсэн. Манай алга болсон 2 тооны адууг Д.П мэдэж байгаа юм байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас);
- Гэрч Б.Өгийн “...2023 оны 04 дүгээр сарын дундуур Зүүнхангай сумын төвөөс манай аавын төрсөн дүү Б.Л над руу утсаар яриад “би өөрийн адуугаа Баруунтуруун сумын нутаг “Хавтгай Чулуут” гэх газарт дэлийг нь засах гэж байгаа юм. Чи ирээд адууны дэл засалцаад өгөөч” гэж хэлсэн. Би “Хавтгай Чулуут” гэх газарт Б.Л ахын адууны дэл засалцаж өгөх ажилтай явж очиход Б.Л ах миний адуунаас 2 тооны хүрэн зүстэй гүү дутаж байна гэж хэлсэн. Б.Л ах бид хоёр тухайн орчмын газраар хайж байгаад олдохгүй болохоор нь адуугаа дэллээд Б.Л ах надад “чи тэр хоёр гүүг сайн хараад амьтан хүнд захиж байгаарай, сураг чимээ гарах юм бол надад хэлээрэй” гэж хэлээд Зүүнхангай сумын төв рүү явсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас);
- Гэрч Б.Бын “...Тухайн үед Б.Л ах надад сартай хүрэн зүстэй, буруу чих нь цуулбар, ташаан дээрээ сартай чандмань тамгатай бор хээр зүсмийн адуу захиж байсан. Би адуу малаа хараад явж байтал 2024 оны 01 дүгээр сарын сүүлээр Зүүнхангай сумын иргэн Д.Пгийн адуунд Б.Лгийн надад захиж байсан сартай хүрэн зүсмийн, баруун чих нь цуулбар, ташаан дээрээ сартай чандмань тамгатай адууг тамганы доод хэсэгт өөрийн карант тамгаар тамгалсан байхыг харсан. Би тэр талаар Б.Лд хэлсэн. Б.Л ах 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “миний адуу Д.Пгийн адуунд байна уу” гэж дахин надаас асуусан. Би Д.Пгийн тэжээж байсан адуунд очиж үзэхэд Б.Л ахын адуу байсан тул таны адуу Д.Пгийн адуунд байна гэж хэлээд тэр өдөр Б.Л ах өөрийн адууг авч явсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас);
- Гэрч О.Ды “...2023 оны өвөл адуугаа Баруунтуруун сумын нутаг Цагаан уул гэх газарт өвөлжүүлээд 2023 оны 03 дугаар сарын орчим манай хүү Д.П адуугаа очиж цуглуулж авсан. Би 2023 оны 06 дугаар сарын үед өөрийн адуунд ирэхэд манай адуунд сартай хүрэн зүстэй зөв ташаанд сартай чандмань тамгатай адуу байсан. Өөр ямар нэгэн адуу мал байгаагүй. Би адуу малаа хараад байдаггүй манай хүү Д.П хардаг юм. Тухайн үед манайх Зүүнхангай сумын нутаг Бар гэх газарт өөрийн адуу малаа тамгалсан. Би адуу малаа бөөгнүүлж, тогтоож өгч байсан манай хүү Д.П, Ганаа, Цоож нар тамгалсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас),
- Гэрч Э.Нийн “...2023 оны 09 дүгээр сард Завхан аймгийн Сонгино сумын нутаг Тариат гэх газар манайх намаржаанд байхад Зүүнхангай сумын иргэн Д.П надтай малын бэлчээрт таарсан. Малын хэрэг гараад би “чамд зарах адуу байна уу” гэж асуухад Д.П “зарах нэг адуу байна” гэж хэлэхээр нь тэр адууг худалдаж авахаар тохиролцож, бор хээр зүстэй 4-5 орчим насны гүү барьж өгсөн. Би хавартаа үнэ өртгийг өгнө гэж хэлээд авч явсан. 2023 оны 09 дүгээр сард Д.П надад өгсөн 1 тооны адуу нь бор хээр зүстэй зөв буюу зүүн талын ташааны дээд хавтгайд сартай дормон тамгатай гэж хэлэхээр гүү байсан. Миний өөрийн адуу гэж хэлж өгсөн. Би тухайн үед Д.Пгаас авсан бор хээр зүстэй гүүг Завхан аймгийн Түдэвтэй суманд хүнд өгч явуулсан ба 2024 оны 01 дүгээр сард уг адууг харж байсан Түвшин гэх хүн таны адуу зудад үхсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас),
- Гэрч Б.Гийн “...Би 2023 оны 10 дугаар сард Зүүнхангай сумын 1 дүгээр багийн нутаг Бар гэх газарт байхад Д.П “адуу тамгалаад өгөөч” гэхээр нь очиж адуу тамгалсан. Тухайн өдөр Д.П 10 гаруй унага тамгалсан бөгөөд тухайн үед Д.Пгийн сартай хүрэн зүстэй гүүг унага тамгалж дуусаад сүүлд нь тамгалсан. Тухайн үед Д.Пгийн тамгалсан сартай хүрэн зүстэй гүүний зөв тал буюу зүүн талын ташаанд сартай чандмань тамгаар тамгалсан байсныг Д.П өөрийн карантан тамгаар доод хэсэгт нь буюу гуяны хонхорхой дээр нэмж тамгалсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас),
- Гэрч О.Оийн “...2024 оны 03 дугаар сард манайх Зүүнхангай сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан гуу гэх газарт төрсөн ах Дтай хамт айл байсан. Зүүнхангай сумаас Б.Л тээврийн хэрэгсэлтэй ирээд Д.Пгийн гэрийн гадна тэжээж байсан адуунаас сартай хүрэн зүстэй, зүүн талын ташааны хавтгай дээр сартай чандмань тамгатай зүүн талын гуяны хонхорхойд карантан тамгатай 1 тооны адууг авч явсан. Тухайн үед О.Д ах хүү Д.Пгийн хамт муудсан адуугаа сумын төвөөс авч ирэх ажилтай явсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар тал),
- Гэрч А.Аын “...миний алга болсон адуу Д.Пгийн тэжээж байсан адуунд байна гэж хэлээд сартай хүрэн зүсмийн адууг заасан, уг адуу нь зөв гуяны хавтгай дээрээ сартай чандмань тамгатай, мөн уг тамганы доод хэсэгт карант тамгатай байсан. Ганаа гэх хүнд “уг адууг авч явлаа, та О.Д гэх хүнээс асуугаад өгөөч” гэсэн. Хэсэг хугацааны дараа Ганаа гэх хүн “та нарынх бол авч яв гэж байна” гэж хэлсэн. Б.Л энэ адуу миний адуу гэж хэлээд авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар хуудас),
- Шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 121 дугаартай “2023 оны 04 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Зүүнхангай суманд 4 настай морь /эм/ 700’000 төгрөгийн, 8 настай морь /эм/ 1’000’000 төгрөгийн зах зээлийн ханштай байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 60 дугаар хуудас) зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудаар 2023 оны 04 дүгээр сард шүүгдэгч Д.П нь Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг “Хавтгай чулуун” гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч Б.Лгийн адуунаас сартай хүрэн зүсмийн болон хар хүрэн зүсмийн 2 тооны гүүг адуутайгаа нийлүүлэн авч, улмаар нэг тооны гүүг нь өөрөө тэжээж, нөгөө гүүг нь гэрч Э.Н-д зарсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаардаг.
Шүүгдэгч Д.П нь хохирогч Б.Лгийн 2 тооны адуу буюу бод малыг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авсан үйлдэл нь дээр дурдсан мал хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангажээ.
3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш тооны мал хамаарахаар тодорхойлжээ. Шүүгдэгч хохирогчийн хоёр тооны адууг буюу бод малыг хулгайлсан тул дээрх олон тооны мал гэх ойлголтод хамаарч байна.
Тодруулбал шүүгдэгчийн хоёр тооны адуу хулгайлсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.
3.3. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Д.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог бол тус зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Шүүгдэгчийн үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн улмаас хохирогч Б.Лд 1’700’000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний 121 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 60 дугаар хуудас)-ээр нотлогджээ.
Хохирогч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Миний адууны хохирлыг бүрэн барагдуулсан тул тухайн журамд заасны дагуу гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, зэрэглэл тогтоолгохгүй. Миний сэтгэцэд ямар нэгэн хохирол учирсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас) өгсөн байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Д.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван зургаан насанд хүрсэн хүн тус хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Шүүгдэгч Д.П гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 85 дугаар хуудас)-аар нотлогдсон, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 83 дугаар хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 85 дугаар хуудас), шүүгдэгчийн оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 87 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 88 дугаар хуудас), шүүгдэгчийн хүүхдүүд болох П.Н, П.Н, П.Н, П.Н нарын төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 93-96 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь эхнэр, дөрвөн хүүхдийн хамт мал аж ахуй эрхэлж амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
3. Улсын яллагч “... Шүүгдэгч Д.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх агуулгатай санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах зарчмыг хэрэглэж миний үйлчлүүлэгчид тухайн зүйл заалтад заасан хорих ялын доод хэмжээ буюу хоёр жилийн хоёрны нэгээр тооцож ял оногдуулж өгнө үү” гэх агуулгатай санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон чөлөөлөх үндэслэл, журмыг хуульчилжээ.
Тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болно.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байх бөгөөд шүүгдэгч нь дээр дурдсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх урьдач нөхцөлийг хангаж байна. Нөгөөтэйгөөр гэмт хэргийн улмаас хохирогчид 2 тооны адууны буюу 1’700’000 төгрөгийн хохирол учирсан гэх хохирлын шинж чанар, шүүгдэгч урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдлыг харгалзан үзвэл өмгөөлөгчийн саналыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
3.2. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
4. Мөрдөгч 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр энэ хэрэгт холбогдуулан шүүгдэгч Д.Пүрэвбаатарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 80 дугаар хуудас) авчээ. Шүүгдэгчийг энэ хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрлөөр болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан, улсын яллагч түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Элжигэн төр ургийн овогт Д-ы П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Д.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг заасныг баримтлан шүүгдэгч Д.П-д оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Д.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА