Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2022/01234

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        03          18                                     101/ШШ2022/01234         

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.А,

 

Хариуцагч: А.Н нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 38,903,712.12 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П,

Хариуцагч Н.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Тус банк нь зээлдэгч Н.А, А.Н нартай 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 2102028871 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 120 сарын хугацаатай олгосон.

Зээлдэгч нар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр хийхгүй хугацаа хэтрүүлсэн, эрэн төлөлтийн хуюаарь 2020.04.24-ний өдрөөс зөрчигдсөн, зээлээ эргүүлэн төлөхийг удаа дараа банкнаас шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна.

Н.А, А.Н нар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 33,178,877.82 төгрөг, зээлийн үндсэн хүү 5,723,204.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,630.10 төгрөг, нийт 38,903,712.12 төгрөгийн төлбөртэй болсон.

Зээлдэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдөр хүртэлх хугацаанд 6,484,200 төгрөгийг төлсөн бөгөөд шүүхийн шийдвэр гартал манай программд хүү бодогддог тул энэ хүртэл бодогдсон хүүнээс хариуцагч нарын төлсөн 6,484,200 төгрөгийг хассан. Энэ тухай дансны хуулгаа хэрэгт өгсөн.

Банкны программаар хариуцагч нарын төлөх ёстой үндсэн зээл нь 33,178,877.82 төгрөг, зээлийн хүү 2,084,497.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,378.57 төгрөг, нийт 35,268,753.82 төгрөг болж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төглөгдсөн 6,484,200 төгрөг нь нэг дор төлөгдөөгүй, төлөлт хийх бүрт хүүнээс хасч тооцсон. Хариуцагч нар үндсэн төлбөрт 1,821,122.18 төгрөг, үндсэн хүүнд  21,722,391.45 төгрөг төлөхөөс  19,687,894.02 төгрөгийн хүү төлсөн, нэмэгдүүлсэн хүү 32,298.28 төгрөг төлөхөөс 26,919.71 төгрөгийг тус тус төлсөн.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээг шүүхийн журмаар цуцлуулах шаардлага гаргасан бөгөөд хариуцагчаас гэрээний үүрэгт 6,484,200 төгрөг төлснийг хүүнээс хасч тоцоход манай банкны программаар үлдэгдэл нь 35,268,753.82 төгрөг болно.

Иймд зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3, Иргэний хуулийн 225.1, 227.1, 453.1 дүгээр зүйлийг тус тус үндэслэн, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлдэгч нараас 38,903,712.12 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие А.Н нь тус зээлийн гэрээний батлан даагч А-д зээлийн үлдэгдэл 3,900,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ үлдэгдлээ 12 дугаар сарын 25-ны дотор төлөөд үндсэн зээлд орохоор тохиролцсон тул энэ хүртэлх хугацаанд хүлээж өгнө үү.

Үндсэн зээлдэгч Н.А нь Баян-Өлгий аймаг руу ажлаар яваад 2 сар гаран болж байна. Энэ сарын 28-ны өдөр хотод ирнэ гэжээ.

 

/хх-ийн 59/

 

Хариуцагч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр А-тай 2102028871 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн болон барьцааны гэрээний талаар маргах зүйлгүй. Уг зээлээс сүүлийн 1 жилийн хугацаанд эргэн төлөлт хийж чадаагүй. Одоо хүү, зээл хоёр нийлээд миний авсан зээлнээс хэтрээд явчихсан байна. Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш боломж, бололцооны хирээр 6,484,200 төгрөг төлсөн. Энэ мөнгийг банкнаас нэхэмжилсэн 38,903,712.12 төгрөгөөс хасч тооцож өгнө үү, үлдэх 32,419,512 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “А” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “А” ХХК-иас Д.Ц, Б.П нарт олгосон итгэмжлэл, 2019.01.09-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээний хуулбар болон зээл, зээлийн хүү төлөх хуваарь, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 11-1348508 дугаартай барьцаалбар, Н.А, А.Н нарын иргэний үнэмлэхийн хуулбар, улсын бүртгэлийн Ү-0 дугаартай орон сууцны гэрчилгээний хуулбар, барьцаалбарын агуулгад өөрчлөлт оруулах тухай баримт, 2021.01.21-ний өдрийн 2102028871 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь, 2021.01.21-ний өдрийн 2102028871 тоот зээлийн барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, хүү тооцооллын хүснэгт, зээл хүсэгчийн анкет, зээлийн дансны хуулга, 2019.01.10-ны өдрийн №202110186949032193-0 дугаартай мемориалын баримт, “А” ХХК-иас зээлдэгч Н.А, А.Н нарт хүргүүлсэн мэдэгдэл, зээлийн дансны хуулга /хх-ийн 3-32, 77-80/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь Н.А, А.Н нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 33,178,877.82 төгрөг, хүү 5,723,204.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,630.10 төгрөг, нийт 38,903,712.12 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, түүний хавсралтаар тохирсон зээл эргэн төлөх хуваарийг зээлдэгч нь эс биелүүлж, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн зөрчсөн, үүргээ биелүүлэхийг шаардсан боловч зөрчлөө арилгаагүй тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3-т зааснаар орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэжээ.

 

Хариуцагч А.Н нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зөрчлөө арилгаж, зээлийн гэрээг үргэлжлүүлэх, хариуцагч Н.А нь нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн төлбөрт төлөгдсөн 6,484,200 төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцуулан, үлдэх хэсгийг зөвшөөрнө гэж тайлбарласан.

 

2. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.  

 

“А” ХХК болон Н.А, А.Н нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр №2102028871 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээгээр 35,000,000 төгрөгийг, жилийн 20,40 хувийн хүүтэй, 120 сар буюу 2028 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаатай, орон сууц худалдан авах зориулалттай байхаар тохиролцсон,

2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр №2102028871А дугаартай “2102028871 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-ээр зээлийн үлдэгдэл 37,424,449.95 төгрөг, 4,840,581.19 төгрөгийн зөрчилтэй болохыг тусгаж, гэрээний хугацааг 12 сараар сунгаж, хугацааг 132 сар болгосон нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 7-10,17-19/

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №2102028871 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-ээр Н.А-н өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 хороолол, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 46,06 м.кв талбайтай, нэг өрөө, Орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг талуудын хооронд байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээний үүргийн биелэлт буюу барьцаагаар хангагдах шаардлагын баталгаа болгон байгуулжээ.

 

Мөн талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “2102028871 тоот зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ээр барьцаагаар хангагдах үүргийг 2102028871А дугаартай зээлийн гэрээний хавсралт №01А-д дурдсан хуваарийн дагуу авсан зээл, түүний төлбөрийг хангуулах гэж тодорхойлсон байна. /хх-ийн 11-13, 20-21/   

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т:Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-т: “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ”, 

 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ”, 12.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан.

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №2102028871, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №2102028871А дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн  барьцааны гэрээ”-г бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн байгааг дээр дурдсан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ. 

 

3. Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний талаар талууд маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг,  зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т: Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасантай нийцсэн байна. /хх-ийн 21,28/

 

Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д: “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасны дагуу зээлдэгч Н.А, А.Н нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 

Талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 132 сар, тодруулбал 2030 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаатай, зээл, түүний хүүг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөхөөр тохиролцсон байх бөгөөд талууд ийнхүү хугацаа, төлөлтийг тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл болно. 

 

Зээлдэгч Н.А, А.Н нар гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон тул энэ нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зээлийн гэрээг банкны санаачилгаар хугацаанаас өмнө цуцлах үндэслэлийг тохиролцсон, 5.2.3-т ”Зээлдэгч зээлийн гэрээ болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох зээл, түүний хүү төлөх хуваарь, гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт, барьцааны болон батлан даалтын гэрээний заалтыг ноцтой зөрчсөн” гэжээ.

 

4. Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсаны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 1,821,122.18 төгрөг, хүүд 13,211,984.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 18,629.41 төгрөг, нийт 10,051,735.91 төгрөг төлсөн, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 6,484,200 төгрөг төлсөн байх бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн болох нь тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргасангүй. /хх-ийн 21/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч нар зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6-т заасан зээлийн эргэн төлөлтийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн зөрчсөн, зээл төлөх мэдэгдлийг 2020.09.18, 2020.11.06, 2021.08.17, 2021.08.25-ны өдөр тус тус зээлдэгч нарт хүргүүлсэн, ийнхүү мэдэгдэл хүргүүлснээс хойш эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөлт хийгдээгүй зэргээс үзэхэд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлдүүлэгчийн зүгээс түүнд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзнэ. /хх-ийн 29-32/

 

Үүнээс үзэхэд зээлдэгч нар зээлийн гэрээгээр тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байх тул зээлдүүлэгч нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3-т зааснаар гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т тус тус зааснаар гэрээ цуцлах талаар зээлдэгчид мэдэгдсэн, үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, түүнчлэн үүргээ гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан зэргээс үзэхэд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь тогтоогдож байна гэж үзэхээр байна. 

 

5. Зээлдэгч Н.А, А.Н нар гэрээний үүргийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу биелүүлээгүй, дутуу биелүүлсэн, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш гэрээний үүргийг биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах шаардлагыг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр тооцож гаргасан байх тул мөн өдрөөр гэрээг цуцалж, цуцлах хүртэл хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 33,178,877.82 төгрөг, үндсэн хүү 5,723,204.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,630.10 төгрөг, нийт 38,903,712.12 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр тооцон цуцалж байх тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 2021.11.15-ны өдрөөс 2022.01.26-ны өдрийн хугацаанд гэрээний үүрэгт төлсөн 6,484,200 төгрөгийг дээрх шаардлагаас хасч тооцон, үлдэх 32,419,512 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Н.А, А.Н нараас зээлийн гэрээний үүрэгт 32,419,512 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,484,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйл болох Н.А-н өмчлөлийн, 

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 хороолол, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 46,06 м.кв талбайтай, нэг өрөө, Орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч Н.А, А.Н нар зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байх тул хариуцагч нараас 32,419,512 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 320,047 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хэмжээнд ногдох 70,200 төгрөг, нийт 390,247 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 422,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч Н.А, А.Н нараас зээлийн гэрээний үүрэгт 32,419,512 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,484,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Н.А, А.Н нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд

Н.А-н өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 46,06 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хариуцагч Н.А, А.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 390,247 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 422,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ