Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2018/03889

 

 

 

 

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2018/03889

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Э гаргасан,

 

Хариуцагч: С.Н,

 

Хариуцагч: С.Б нарт холбогдох,

 

4,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч Д.Э болон хариуцагч С.Н, С.Б нар 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр орон сууц заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байрлах амины орон сууцны дотоод засал чимэглэлийг нийт 8,000,000.00 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон.

 

Гэрээнд зааснаар талууд шаардлагатай тохиолдолд тухай бүр ажлын нөхцөл байдлаас хамаарч үнийн дүнг нэмэхээр болж, урьдчилгаа 4,000,000.00 төгрөгийг авсан, ингээд ажлын гүйцэтгэл 90 хувьтай байх үед нэхэмжлэгч нь гэрээнд зааснаас өөр ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Уг нэмэлт ажлын хөлсийг хариуцагчдаас нэхэхэд тэд өгөөгүй, гэвч бид тухайн ажлын төлбөрийг нэхэмжлээгүй, үүнийг тодруулбал 5 удаа шалны үнс зөөсөн, бүх өрөөнд агааржуулагч хоолойн нүх гаргасан, цахилгааны монтажны нүх ухсан, сангийн нүх гаргасан, хоолой бий болгосон, цонхны амалгаа засварласан гэх мэт.

 

Нэхэмжлэгч Д.Э тус ажлыг хийж гүйцэтгэхдээ хэсэг хүмүүсийг хөлсөлж, гүйцэтгэсэн, тэрээр ажлын явцын талаар тухай бүр зураг авч баталгаажуулсан ба их хэмжээний хог цэвэрлэж зөөсөн. Энэхүү ажлыг 2018 оны 06 дугаар сарын 15-нд дуусгах ёстой байсан ч 95 хувийн гүйцэтгэлтэй байх үед түүхий эд, бараа материал дууссанаас болж нэхэмжлэгч өөрөөсөө хөрөнгө гарган ажлыг хийж дуусгасан.

 

Гэтэл хариуцагч нар үлдэх 4,000,000.00 төгрөгийг төлөөгүй, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар захиалагчид ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг заавал төлөх үүрэгтэй тул 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан гэрээний дагуу хариуцагч С.Б, С.Н нарт ажил гүйцэтгүүлэгчийн үүрэг бий болсон.

 

Иймд, хариуцагч нараас 4,000,000.00 төгрөгийг нэхэмжилж байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь ариун цэврийн өрөөний ханын плита наах буюу 26 м.кв талбай, 1 м.кв талбайг 8,000 төгрөг, нийт 208,000 төгрөг, мөн тус өрөөний 26.5 м.кв талбайн шалны плитаг 1 м.кв талбайг 5,000 төгрөгөөр наах, нийт 31,250 төгрөг, түүнчлэн таазны лампир 6.25 м.кв талбайг, 1.кв талбайг 5,000 төгрөг, нийт 31,250 төгрөг, нийт 270,500 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй боловч хариуцагч нар гэрээнд заасан ажлыг хугацаандаа хүлээн аваагүй, төлбөрийг төлөөгүй учраас 4,000,000.00 төгрөгийг төлөх үүрэгтэй гэв.

 

Хариуцагч нараас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлаас зөвхөн дүүжин тааз чанарын шаардлага хангаж, бусад ажлууд доголдолтой байх тул 4,000,000.00 төгрөгийг төлөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

            ҮНДЭСЛЭХ нь


Нэхэмжлэгч Д.Эаас хариуцагч С.Б, С.Н нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчдад нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Д.Э болон хариуцагч С.Н нар 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч тал Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Ар-Хустай зусланд баригдсан 2 давхар хувийн орон сууцны 2 дугаар давхарт дотоод засал чимэглэлийн ажил хийж гүйцэтгэхээр болсон байна /х.х-ийн 7, 8 хуудас/.

 

Тодруулбал, нэхэмжлэгч тал уг гэрээний дагуу 325 м.кв талбайд дотор шавардлага, 165 м.кв талбайд дүүжин тааз хийх, 525 м.кв талбайд замаск тавих, 125 м.кв талбайд дулаалгатай бетон шал цутгах, 370 м.кв талбайд ханын цаас наах, 26 м.кв талбайд ханын плита наах, 6.25 м.кв талбайд шалны плита наах, 6.25 м.кв талбайд таазны лампир суулгах, 165 м.кв талбайд таазны эмульс хийх үүргийг тус тус хүлээж, эдгээр ажлыг нийт 8,000,000.00 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр болсон байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2018/14116 тоот захирамжийн дагуу талуудын маргаж буй ажил гүйцэтгэсэн хувийн орон сууцанд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үзлэг хийхэд хариуцагч нар ажлын үр дүнг хүлээн авсан байгаа боловч ажлын үр дүнг доголдолтой гэж маргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Эын зүгээс гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгч, тохиролцсон хөлсөө шаардсаныг хариуцагч нар үл зөвшөөрч, доголдолтой ажлын үр дүн хүлээн авсан гэж татгалзсан /х.х-ийн 23, 51-67, 68-73 хуудас/.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 343.2.-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж зааснаас гадна 343.3.-д Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлсэнээр гүйцэтгэгч талд хэлэлцэн тохирсон хөлс шаардах эрх үүсэх бөгөөд тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүн аливаа доголдолгүй байх ёстой.

 

Хэдийгээр талуудын хооронд байгуулсан барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээнд хариуцагч С.Б гарын үсэг зураагүй боловч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн үзлэг хийсэн баримт, гэрч нарын мэдүүлгээр тэрээр анхнаасаа энэхүү гэрээний захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлж, тухай бүр хяналт тавьж байжээ.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр оролцсон этгээдүүд уг гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхэд оролцсон байсан хэдий ч тэдгээрийг хариуцагч С.Б, С.Н нартай тухайн гэрээг байгуулаагүй учраас Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1.-д Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж, мөн 347.2.-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна гэж тус тус заасны дагуу туслан гүйцэтгэгчид гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, тус хуулийн 210 дугаар зүйлийн 210.1.-д Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж зааснаар гэрчээр оролцсон этгүүдүүд хариуцагч нартай бус, харин нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан туслан гүйцэтгэгчид юм.

 

Иймд, зохигчид гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул шүүхээс дээр дурьдсаныг тус тус үндэслэн тэдгээрийн хооронд энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.-т зааснаар талууд 8,000,000.00 төгрөгөөс 4,000,000.00 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, 2,000,000.00 төгрөгийг ажлын үр дүнг хүлээн авсан өдөр, үлдэх 2,000,000.00 төгрөгийг 1 /нэг/ сарын дараа төлөхөөр тохиролцсон ба 4,000,000.00 өгсөн болон ажлын хөлсөнд гүйцэтгэх ажлын төсөв багтсан эсэх тухай маргаагүй.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасан. Тодруулбал, хариуцагч нар тус хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1.-д гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх гэж заасны дагуу гагцхүү татгалзах үндэслэл байхгүй тохиолдолд хөлсийг төлөх үүргээ биелүүлэх ёстой.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 00 өрөөний 26 м.кв талбайд ханын плитаг 1 м.кв талбайг 8000 төгрөг, нийт 208,000 төгрөгөөр, мөн тус өрөөний 6.25 м.кв талбайд шалны плитаг 1 м.кв талбайг 5000 төгрөг, нийт 31,250 төгрөг, таазны 6.25 м.кв талбайд лампир суулгах ажлыг м.кв талбайг 5000 төгрөг, нийт 31,250 төгрөгөөр тус тус гүйцэтгэхээс бусад ажлыг зохих ёсоор гүйцэтгэж хүлээлгэн өгсөн гэсэн үйл баримттай хариуцагч тал маргаагүй.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч тал гэрээнд заасан бусад ажлыг хийж гүйцэтгэн хариуцагч нарт хүлээлгэн өгсөн байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Тайлбарлавал, ажил гүйцэтгэх гэрээгээр үүрэг хүлээсэн нэхэмжлэгч тал гэрээнд заасан ажлыг тогтоосон газар, хугацаандаа зохих ёсоор гүйцэтгэх учиртай.

 

Хэдийгээр талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1.-д зааснаар нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг тухайн ажлыг чанартай хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч зохигчид чанартай гэдгийг хэрхэн төсөөлсөн буюу гүйцэтгэсэн ажлын үр дүн бүрийг ямар байх талаар тусгайлан /тодорхой/ тохироогүй байх тул нэхэмжлэгч тал энэ хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1.-д Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу ердийн зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэгтэй юм.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон Б.Баяжаргал, А.Эрдэнэмягмар, Д.Хүслэн, Д.Баасанжаргал болон О.Даваасүрэн, О.Эрдэнэбат, Б.Баттулга нарын тайлбарт дурьдсанаар тэд гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн байх бөгөөд гэрчүүдийн тайлбар нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн ажлыг гүйцэтгэж буй үйл явцын нотолсон гэрэл зураг, үзлэг хийсэн баримттай тохирч байна /х.х-ийн 75, 77, 78, 81, 82, 84, 85, 91, 94,97 хуудас/.

 

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2.-т Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж, мөн 353.3.-т Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсанаар хариуцагч нар коридорын обой хууларч унасан, бүх өрөөний обойг дутуу орхисон, шалны доод бетоныг тэгш бус цутгасан, үүнээс обойг гүйцээж наасан, гэрлийн нүхийг битүү хийсэн байсныг цоолж, нүх гаргасан, шалны доод талыг нэмж зассан гэж маргасан боловч уг тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч С.Б, С.Н нар ийнхүү гэрээнд заасан тоо хэмжээнд нийцээгүй ажлын үр дүнг хүлээн авсан гэх тайлбараа нотлоогүй учраас зөвхөн тэдгээрийн доголдолтой байсан гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийг ердийн зориулалтаар ашиглах боломжгүй ажил гүйцэтгэсэн гэж буруутгах боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч тал гагцхүү хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг захиалагчаас шаардах учиртай. Гэтэл нэхэмжлэгч Д.Э 270,500.00 төгрөгт ногдох ажлыг гүйцэтгээгүй атлаа үлдэх 4,000,000.00 төгрөгийг бүхэлд нь нэхэмжилж буй нь хуульд нийцэхгүй байна.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч тал гэрээнд заасан ажлыг 8,000,000.00 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон, үүнээс 270,500.00 төгрөгт ногдох ажлыг хийж гүйцэтгээгүй байх тул нийт 7,729,500.00 төгрөгөөс түүний өмнө нь авсан 4,000,000.00 төгрөгийг хасч, хариуцагч нараас үлдэх 3,729,500.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 270,500.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч С.Б, С.Н нараас 3,729,500.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 270,500.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.2, 60 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,900.00 төгрөг хэвээр ж, хариуцагч нараас 74,622 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

د Б.МАНДАЛБАЯР