Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/50

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2413000520260 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Бын Б (РД: .....), 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт .... аймгийн ... сум, ... (Б) дугаар баг, ... гудамжны .... тоотод амьдардаг, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж байсан.

Холбогдсон хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй “шүүгдэгч Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “Гурван гатлага” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох 2 тооны зэгсний зэрлэг гахайн тоорой агнаж, тээвэрлэн амьтны аймагт 11’380’000 (арван нэгэн сая гурван зуун наян мянга) төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Нэгдүгээр хавтаст хэргээс: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дугаар хуудас), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (4-8 дугаар хуудас), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (9-11 дүгээр хуудас), мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах мөрдөгчийн санал (12 дугаар хуудас), мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд  тооцсон прокурорын тогтоол (14-15 дугаар хуудас), эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал (16 дугаар хуудас), эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (17 дугаар хуудас), эд зүйл хураан авсан тэмдэглэл (18 дугаар хуудас), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (19-23 дугаар хуудас), Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 32/287 дугаартай албан бичиг (25 дугаар хуудас), Монгол алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаартай албан бичиг, газрын зураг (26-27 дугаар хуудас), Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 32/249 дугаартай албан бичиг (28 дугаар хуудас), Баян-Өлгий аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаартай албан бичиг, газрын зураг (29-30 дугаар хуудас), эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол (33 дугаар хуудас), эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (34 дүгээр хуудас), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (35 дугаар хуудас), Х.Ж-ийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол (39 дүгээр хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Жийн мэдүүлэг (41 дүгээр хуудас), гэрч А.Хын мэдүүлэг (43 дугаар хуудас), гэрч Д.Х мэдүүлэг (45-46 дугаар хуудас), гэрч А.Сын мэдүүлэг (49 дүгээр хуудас), гэрч Х.Еийн мэдүүлэг (51 дүгээр хуудас), гэрч О.Бы мэдүүлэг (53 дугаар хуудас), гэрч А.Хын мэдүүлэг (56 дугаар хуудас), гэрч Т.Нын мэдүүлэг (58-59 дүгээр хуудас), гэрч М.Шын мэдүүлэг (62-63 дугаар хуудас), гэрч С.Бын мэдүүлэг (65-67 дугаар хуудас), гэрч Ц.Тын мэдүүлэг (68-69 дүгээр хуудас), гэрч Н.Тын мэдүүлэг (71-72 дугаар хуудас), “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн БӨА-24-0047 дугаартай үнэлгээний дүгнэлт (80-84 дүгээр хуудас), 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт (92-93 дугаар хуудас), 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1003 дугаартай дүгнэлт (99-101 дүгээр хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-ын мэдүүлэг (175, 177 дугаар тал), гэрч Г.Б-гийн мэдүүлэг (179 дүгээр хуудас), гэрч Н.Б-ын мэдүүлэг (183 дугаар хуудас),

Хоёрдугаар хавтаст хэргээс: мал эмнэлгийн газар эмгэг анатомийн задлангийн протокол (75-82 дугаар хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 8/31-3/116-01 дугаартай шинжээчийн дүгнэлт (83-89 дүгээр хуудас) зэргийг шинжлэн судалсан, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 2 дугаар хуудас);

- Хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас);

- Эд зүйлд үзлэг хийсэн “...Хэргийн газарт байгаа улаан шар өнгийн хятад мотоциклд үзлэг хийхэд “Amazing” гэсэн нэртэй, улаан шар өнгөтэй, урд дугуйтай, хойд дугуйгүй, улсын дугаарын тал хэсэг нь хугарсан, нийт 10’782 км явсан, баруун, зүүн хойд гишгүүр, суудлын хойд хэсэг нь улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, хуучин мотоцикл байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас);

- Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 17-23 дугаар хуудас);

- Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаартай “...32/249 дугаартай албан бичгээр ирүүлсэн газрын солбицол нь Увс аймгийн нутаг дэвсгэрт харьяалалтай байна” гэх албан бичиг, газрын зураг (1 дэх хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас);

- Lifan amazing-150 загварын мотоциклыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолууд (1 дэх хавтаст хэргийн 33, 149 дүгээр хуудас);

- Гэрч А-ын Хын “...Миний бие тус сумын тусгай хамгаалалттай газрын улсын байцаагчаар 22 дахь жилдээ ажиллаж байна. Би тус өдөр өглөө ажилд очиж орой ажлаас тарж ирээд гэрт байхад 22 цагийн үед миний гар утас руу манай сумын иргэн Д.Х гэх залуу залгаад “би энэ оны 01 дүгээр сарын эхээр тус сумын 7 дугаар багт хадлангийн талбайгаас шар өвс хадсан. 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн орой 17 цагийн үед хадсан бухал өвсийг очиж боодол болгож ачих гэтэл уг өвсний доороос 1 үнэг, 2 зэгсний зэрлэг гахай нуусан байна” гэж мэдэгдсэн. Тухайн үед Д.Хг дагуулж хадлангийн талбайд очиход тухайн газарт 1 үнэг, 2 зэгсний зэрлэг гахай байсан ба уг зэгсний зэрлэг гахайн гэдсийг задалсан байсан юм. ...Сумын төвөөс гарч очиж үзэхэд уг гахай хөлдөөгүй, гэдсийг нь задалж дотор байсан элгийг нь авсан байсан. Харин хажууд нь нэг үнэг байсан. Би уг хоёр зэрлэг гахай, 1 үнэгийг тухайн газарт үлдээх боломжгүй байсан тул сумын төвд шөнийн 02 цагийн үед авч ирсэн. ...Хэргийн газарт улбар шар өнгийн хятад мотоцикл байсан. Уг мотоциклын хойд талын дугуй нь байхгүй, арын хоёр гишгүүр, суудлын хойд хэсэг нь улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай байсан. Өөр ямар нэгэн эд зүйл байхгүй байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 43 дугаар хуудас);

- Гэрч Д.Х “...Энэ оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 10 цагийн үед хадлангийн талбай очиход “Гурван гатлага” гэх газрын хажууд байсан бухал өвсний хажууд улбар шар өнгийн хятад мотоцикл байсан. Би тухайн үед уг мотоциклын эзэн нь өвс хадаж байгаа байх гэж бодоод анзаараагүй юм. Би өвс хадсан газрын хажууд Х.Е, түүний хүргэн ахын хамт О.Б гэх залуугийн трактор /подпорчик/-оор өвс боож, боодол хийж байсан. Дараа нь 16 цагаас миний өвсийг боож боодол хийж байхад миний бухал өвсний доороос нэг үнэг гарч ирсэн. Дараа нь 2 ширхэг зэгсний гахай гарч ирсэн. Тухайн үед зэгсний гахайны гэдэс нь задарсан байдалтай байсан ба бид нар өвсний доороос гаргаж тухайн газарт тавьсан. Би өвс боож дууссаны дараа О.Б гэх хүний хамт Ногооннуур сум руу явсан. Харин тухайн газарт Х.Е хүргэн ахын хамт үлдсэн. Би гэрт ирснийхээ дараа тус сумын улсын байцаагч А.Х гэх хүнд мэдэгдэж, шөнийн 22 цагийн үед А.Х бид хоёр сумын төвөөс гарч уг зэрлэг гахай, үнэг байгаа газарт очиж шөнийн 02 цагийн үед 1 үнэг, 2 зэгсний зэрлэг гахайг авч ирсэн. Тухайн газарт улбар шар өнгийн мотоцикл үлдсэн. ...Тухайн өвс хадсан газар нь “Гурван гатлага” гэх газар байсан. Тухайн үед надаас өөр Х.Е, түүний хүргэн ах, О.Б нар байсан. Өвс хадаж байхад ямар нэгэн ан агнаж байсан сэжигтэй хүн байхгүй байсан. Харин энэ оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн орой над руу Х.Е гэх залуу над руу аудио бичлэгээр “надаас Шикэн гэх залуу хандаж миний мотоциклыг харсан уу, хажууд байгаа өвсний дотор нэг үнэг, 2 зэгсний зэрлэг гахай байсан, та нар харсан бол олж өгөөрэй гэж асуусан” гэж хэлсэн. Өөр гахай, мотоциклыг асуусан хүн байхгүй. Би Х.Е-ээс асуусан Шикэн гэх хүний мотоцикл гэж бодож байна. Уг улбар шар өнгийн мотоциклын арын хоёр гишгүүр, суудлын хойд хэсэг нь улаан шар өнгийн зүйлээр бохирлогдсон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас);

- Гэрч А.Сын “...Тухайн үед Д.Хд 9 бухал өвс байсан ба хамгийн эхний бухал өвс дотроос эхэнд нь нэг үнэг, дараа нь 2 ширхэг зэгсний зэрлэг гахай гарч ирсэн. Тухайн үед бид нар хэний нуусан гахай вэ гэж гайхаж, уг гахайг өвсний дотроос гаргаж тавьсан. Харин уг гахай гардаг газрын хажууд улаан шар өнгийн хятад мотоцикл байсан. Уг мотоциклын 2 гишгүүр болон суудлын хойд хэсэг нь улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Бид нар хажууд байгаа айлуудын мотоцикл байх гэж бодоод тухайн газарт өвсний дотроос гарсан 1 үнэг, 2 зэгсний зэрлэг гахай, улбар шар өнгийн мотоциклыг үлдээж явсан. Би хадам дүү Х.Еийн хамт явж байхад бид нарын мотоциклын гинж гараад, хойд дугуй хагарсан тэр үед тухайн газарт байсан улбар шар өнгийн хятад мотоциклын хойд дугуйг тайлаад өөрийн мотоциклд тавьж Ногооннуур сум руу явсан. Одоо уг мотоциклын дугуй манай хадам аавын гэрт байна. ...миний хажууд өвс боож байсан хүмүүс Бөхмөрөн талын иргэдийн гахай байх гэж хэлж байсан. Уг гахайны гэдэс нь задарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 49 дүгээр хуудас);

- Гэрч Х.Е-ийн “...Бид нар Д.Х өвсийг боож байхад тухайн өвсний доороос нэг үнэг, хоёр зэгсний зэрлэг гахай гарч ирсэн. Тухайн үед бид нар өвсний доороос гаргаж тавьсан. Орой 20 цагийн үед хадлангийн талбайд байгаа бүх өвсийг боож дуусгаад бүгдээрээ гэр рүүгээ явцгаасан. ...Хүргэн ах А.С бид хоёр миний мотоциклоор сум руу явах гэж байхад гинж мултарч, арын дугуй хагарсан. Би уг мотоциклын арын дугуйг тайлж, өөрийн мотоциклд тавьж, шөнийн 22 цагийн үед Ногооннуур сумын төвд орж ирсэн. ...маргааш нь буюу 01 дүгээр сарын 09-ний өдөр 17 цагийн үед миний 85823201 гэх дугаар руу 94254672 дугаараас залгаж, миний аав А.Хтай ярьсан. Тухайн үед миний аав А.Х “би Шикэн гэх хүний эхнэр нь байна, таны хүүхдүүд өвс хадах үед тухайн газраас мотоцикл харсан уу, өвсний доороос 1 үнэг, 2 гахай харсан уу гэж асуусан” гэж хэлсэн. Би аав А.Хад тухайн газарт улаан шар өнгийн мотоцикл, 1 бодгаль үнэг, 2 бодгаль зэгсний зэрлэг гахай үлдсэн гэж хэлсэн. Түүнээс хойш миний утас руу Шикэний эхнэр нь залгаагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51 дүгээр хуудас);

- Гэрч О.Бы “...Оройн 17 цагийн үед тус сумын иргэн Д.Х бухал өвсний хажууд ирэхэд уг өвсний хажууд улбар шар өнгийн хятад мотоцикл байсан. Бүрэн бүтэн байсан. Тухайн мотоциклын арын хоёр гишгүүр, суудлын хойд хэсэг нь улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Би Д.Х өвсийг боож байхад уг өвсний дотроос 1 үнэг гарч ирсэн. Дараа нь 2 ширхэг зэгсний зэрлэг гахай гарч ирсэн. Бид нар бүгд уг гахайг үзэж, тухайн газарт нь үлдээсэн. Уг зэгсний зэрлэг гахайны гэдэс нь задалсан байдалтай байсан. ...тухайн газарт Х.Е, А.С нар үлдсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 53 дугаар хуудас);

- Гэрч А-ийн Хын “...миний хүү Х.Е үүдний амбаарт өвс хаддаг хадуур янзалж байхад түүний 85823201 дугаар руу 94254672 дугаараас залгасан. Тухайн үед утсыг авч ярихад “би Ш гэх хүний эхнэр нь байна, танай хүүхдүүд өвс хадсан газраас миний нөхөр Б хоч нэр нь Ш гэх хүний мотоцикл алга болсон байна, мөн уг мотоциклын хажууд, өвсөн дотор байсан 1 бодгаль үнэг, 2 бодгаль зэгсний зэрлэг гахай харсан уу” гэж асуухаар нь би мэдэхгүй, миний хүүхдүүд хадланд явж ирсэн, тэд нараас асууя гээд утсаа тасалсан. Дараа нь хүү Х.Ет хандан та нар хадлангийн талбайгаас мотоцикл, зэгсний зэрлэг гахай харсан уу гэхэд “өвс ачсан газарт улаан шар өнгийн мотоцикл, 2 бодгаль зэгсний зэрлэг гахай, 1 бодгаль үнэг байсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56 дугаар хуудас);

- Гэрч Т.Нын “...Энэ оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн орой 17 цагийн үед Б хоч нэр нь Ш гэх хүн ирж “бид нараас улбар шар өнгийн мотоцикл харсан уу, танай хадлангийн хажууд байсан мотоцикл байхгүй байна” гэж асуухаар нь би хараагүй гэж хэлсэн. ...тухайн үед Ш гэх хүн саарал өнгийн суудлын тээврийн хэрэгсэлтэй, үл таних 2 залуугийн хамт явж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас);

- Гэрч М.Ш-ын “...Би отрын гэрт байхад энэ оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гадна харанхуй болж байхад манайд Ш гэх залуу үл таних 2 залуугийн хамт ирээд “улбар шар өнгийн мотоцикл та нар харсан уу, танай хадлангийн доор үлдээсэн, миний улбар шар өнгийн хятад мотоцикл байхгүй байна” гэж асуусан. Дараа нь “бор өнгийн УАЗ-469 загварын тээврийн хэрэгсэл явсан байна, тэр хэн бэ” гэж асуусан. Би мэдэхгүй гэж хэлсэн. Ш гэх хүн “мотоциклыг энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой “Гурван гатлага” гэх газарт үлдээсэн, тухайн газарт байгаа голын хажууд байсан” гэж хэлсэн. Өнөөдөр уг мотоциклыг авах гэсэн чинь байхгүй байна гээд мотоциклыг сураглаж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас);

- Гэрч С.Бын “...дүү Ш.Дийн хамт түлээнд явж байхад манайд саарал өнгийн суудлын тээврийн хэрэгсэл ирсэн. Ш.Д бид хоёр түлээний мод авч ирэхэд уг тээврийн хэрэгсэл манай гэрээс явсан байсан. ...Харин манайд Ш гэх хүн ирж улбар шар өнгийн мотоцикл харсан уу гэж асуусан гэж миний ах Т.Н хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас);

- Гэрч Ц.Тийн “...Миний бие нэг удаа хуучин мотоцикл худалдаж аваад засаж сэлгээд өөр хүнд худалдсан. Тухайн мотоцикл нь Lifan amazing-150 загварын, улбар шар өнгийн мотоцикл байсан. Уг мотоциклыг 2022 оны 08 дугаар сард тус сумын 2 дугаар багийн иргэн Г.Галбадрах гэх хүнээс худалдан авсан. Дараа нь 2023 оны 09 дүгээр сард манай багийн иргэн Н.Т /хоч нэр нь Бандаа/ гэх хүнд худалдсан. ...миний мотоцикл улсын дугаартай байсан ба дугаар нь хагарсан хойд тал нь ...021-вб гэсэн дугаартай байсан гэж санаж байна. ...хуучин улбар шар өнгийн хятад мотоцикл байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас);

- Гэрч Н.Тын “...Ц.Т гэх хүнээс улбар шар өнгийн баримт бичиггүй, “Lifan amazing-150” загварын хуучин мотоцикл худалдан авсан. Уг мотоцикл худалдан авахад мотор нь эвдэрсэн байсан. Дараа нь Ц.Т гэх хүнээс Мустанг-150 загварын мотоциклын мотор авч, уг мотоциклын моторыг засаж, манай сумын иргэн Б /хоч нэр нь Шикэн/ гэх хүнд 300’000 төгрөгөөр худалдсан. Би уг мотоциклыг сайн танина. Тус мотоцикл нь улсын дугаартай байсан, дугаар нь хагарсан байсан ба хойд тал нь 021 -вб гэсэн дугаартай, хар саарал өнгийн мотортой, моторын утсыг цэнхэр өнгийн лентээр ороосон, суудал нь саарал өнгийн хивсэн бүтээлэгтэй байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас);

- Ашид билгүүн ХХК-ийн гаргасан хөрөнгө үнэлгээний “...Lifan amazing-150 загварын, хуучин хятад мотоцикл 400’000 төгрөг” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 80-83 дугаар хуудас);

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1003 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн марл шинжилгээнд тэнцэнэ. Марл дээрээс амьтны цус илэрсэн. Ямар төрөл овгийн амьтан болохыг тогтоох шинжилгээ хийх боломжгүй” гэх шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 99-101 дүгээр хуудас);

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бын “...Би болсон явдлын талаар анх Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын байгаль хамгаалагч н.Ж гэх хүн 2024 оны 01 дүгээр сард над руу утасдаж “Гурван гатлага гэх газарт 2 тооны зэрлэг гахайн тоорой агнагдсан байна” гэж хэлэхэд мэдсэн. Мөн хэргийн газраас мотоцикл олдсон гэж хэлээд улбар шар өнгийн мотоциклын зураг явуулсан. Би хэний мотоцикл болохыг мэдээгүй. Хэргийн газар очоогүй, агнасан амьтныг хараагүй. 2023-2024 онуудад Бөхмөрөн болон Ногооннуур сумдад зэрлэг гахай агнах тусгай зөвшөөрөл олгогдоогүй. Гэм буруутай этгээдийн олж тогтоон байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлж барагдуулж өгнө үү” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 175 дугаар хуудас);

- Гэрч Г.Бгийн “...Нөхөр маань 2023 оны 09 дүгээр сард Ц.Т гэх хүнээс улбар шар өнгийн хятад мотоцикл худалдан авсан. Тэр мотоцикл моторгүй байсан тул нөхөр маань мотор авч тавиад унаж байгаад 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Ш гэх урианхай залууд 300’000 төгрөгөөр зарсан. ...Ш Хаан банкны 580213677 гэсэн дансыг авч хүн рүү утасдаад мөнгийг нь шилжүүлсэн. Мотоциклыг Ц.Тээс авахад дундуураа хугарсан тал дугаартай байсан. Хэд гэсэн дугаартай байсныг санахгүй байна. ...Шд зарсан мотоциклыг дахин авч хэрэглээгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 179 дүгээр хуудас);

- Гэрч Б.С-ийн “...Би мэргэжлээрээ 4 жил ажиллаж байна. Гурван гатлага гэх газар нь Бөхмөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаардаг. Гурван гатлага гэх газар нь тэр чигтээ Ачит нуур, Дэвэлийн арлын байгалийн цогцолборт газарт хамаардаг бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутаг юм. Уг гурван гатлага, Хар бураа, Модны үзүүр, Ачит нуурын хөвөө орчмоор зэрлэг гахай нутагшдаг юм. Уг зэрлэг гахай нь зэгсний гахайн ангилалд хамаардаг, улаан номд орсон ховор амьтан юм. Улирал цаг уурын нөхцөл, хүмүүсийн хөдөлгөөнөөс хамаарч гахай нь байршлаа сольж байдаг. 01 дүгээр сард голчлон Ачит нуурын хойд хөвөөний зэгс болон Арзгар, Модны үзүүр гэх газруудаар нутагшдаг юм. Эдгээр газрууд нь Бөхмөрөн сумын 3 дугаар багийн нутагт хамаардаг. ...Уг гахайг Нуурын хөвөөний зэгс болон түүний ар талын тасархай зэгснүүд орчмоос агнасан байх боломжтой. Уг газраасаа сумын төв рүү тээвэрлэх замдаа мотоцикл эвдэрч саатсан чиглэлтэй байна. Тусгай хамгаалалттай газар нутгаас ан агнах, галт зэвсэг ашиглахыг хориглодог” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 181 дүгээр хуудас);

- Шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 2 толгой амьтан нь Зэгсний зэрлэг гахайн эд эрхтэн мөн байна. Зэгсний зэрлэг гахайн Баг: Туруутан, Овог: Гахай, Зүйлийн нэр: Зэгсний зэрлэг гахай, 1 толгой шар үнэгний бүтэн мах нь шар үнэг мөн байна. Баг: Идэштэн, Овог: Чонынхон, Зүйлийн нэр: Шар үнэг байна. Шинжилгээнд хүргүүлсэн зэгсний гахайн Монгол Улсын Улаан ном болон Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад орсон ховор амьтан юм. Шар үнэг нь элбэг амьтны жагсаалтад орсон амьтан.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 92 дугаар хуудас);

- Үхсэн зэгсний хоёр гахай болон шар үнэгэнд хийсэн задлан шинжилгээний тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 75-82 дугаар хуудас);

- Шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08-31-03/116-01 дугаартай “...Эр гахай /торой/-н арьсыг өвчиж үзэхэд баруун урд талын 3 дугаар хавирганы арын хэсэгт 0,5x1 см диаметр хэмжээтэй, зүүн талын хавирганы дээгүүр өвчүү хавирганы завсар хэсэгт 3x1 диаметр хэмжээтэй нүх үүсэж цус хурж улайсан шарх, зүүн гуяны булчингийн хэсэг булчин бяцарсан, бага хэмжээний цус харвалттай байсан. Уг гахай нь баруун урд талын 3 дугаар хавирганы арын хэсэгт 0,5x1 см диаметр хэмжээтэй, зүүн талын хавирганы дээгүүр өвчүү хавирганы завсар хэсэгт 3x1 диаметр хэмжээтэй гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн шарх нь үхлийн шалтгаан болсон байна. Тухайн шарх нь ямар хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй.

Эм гахай /торой/-н арьсыг өвчиж үзэхэд зүүн суганд 1x1,5 см орчим диаметртэй 2 нүх бүхий шарх үүссэн, зүүн гуяны урд хэсэгт 2,5x3 см орчим хэмжээтэй бэрсүү үүссэн, зүүн сүвээний хавирганы ар хэсгийн арьс 4-5 см орчим хуучин урагдалтай сорвитой, 3, 4 дүгээр хавирга дундуураа шинээр хугарсан гэмтэлтэй байсан. Уг гахай нь зүүн суганд 1x1,5 см орчим диаметртэй 2 нүх бүхий шарх үүссэн, 3, 4 дүгээр хавирга дунд хэсгээрээ шинээр хугарсан гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн гэмтэл нь үхлийн шалтгаан болсон байна. Тухайн шарх, гэмтэл нь ямар хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй.

Үнэгний арьсыг өвчиж үзэхэд үзэхэд хүзүүний 1 дүгээр нугалам мултарсан хүзүүний 1, 2 нугалам орчимд 5x1 см булчин бяцарч, цус хурж, хөхрөлт үүссэн байна. Тухайн гэмтлүүд нь гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр үүсгэгдэх боломжтой. Уг үнэг нь хүзүүний 1 дүгээр нугалам мултарсан гэмтлийн улмаас үхсэн байна” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 83-85 дугаар хуудас) зэрэг болно.

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 2 дугаар хуудас), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас), Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаартай “...32/249 дугаартай албан бичгээр ирүүлсэн газрын солбицол нь Увс аймгийн нутаг дэвсгэрт харьяалалтай байна” гэх албан бичиг, газрын зураг (1 дэх хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас), гэрч Аманкелдын Хын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 43 дугаар хуудас), гэрч Д.Х мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас), гэрч А.Сын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), гэрч Х.Еийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), гэрч О.Бы мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 53 дугаар хуудас) зэргээр 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “Гурван гатлага” гэх газарт өвс хадаж байсан гэрч Д.Х, А.С, Х.Е, О.Б нар өвс хадаж байгаад өвсний бухал дотроос хоёр үхсв?эн гахай, нэг үнэг, мөн хажууд нь “Lifan amazing-150” загварын хуучин мотоцикл байсныг олж Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын тусгай хамгаалалттай газрын улсын байцаагч Аманкелдын Хад мэдэгдсэн байх бөгөөд А.Х нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт гэмт хэргийн талаарх мэдээлэл өгчээ.

2.2. Увс аймгийн Бөхмөрөн сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “Гурван гатлага” гэх газраас олдсон үхсэн хоёр гахай нь биологийн төрөл зүйлийн хувьд баг: туруутан, овог: гахай, зүйлийн нэр: зэгсний зэрлэг гахай болох нь; үхсэн нэг тооны үнэг нь биологийн төрөл зүйлийн хувьд баг: идэштэн, овог: чонынхон, зүйлийн нэр: шар үнэг болох нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 92 дугаар хуудас)-ээр тогтоогдож байна. Тодруулбал Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар зэгсний гахай нь ховор амьтан бол харин шар үнэг нь элбэг амьтанд хамаарна.

Шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08-31-03/116-01 дугаартай “...Уг гахай нь баруун урд талын 3 дугаар хавирганы арын хэсэгт 0,5x1 см диаметр хэмжээтэй, зүүн талын хавирганы дээгүүр өвчүү хавирганы завсар хэсэгт 3x1 диаметр хэмжээтэй гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн шарх нь үхлийн шалтгаан болсон байна.

...Уг гахай нь зүүн суганд 1x1,5 см орчим диаметртэй 2 нүх бүхий шарх үүссэн, 3, 4 дүгээр хавирга дунд хэсгээрээ шинээр хугарсан гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн гэмтэл нь үхлийн шалтгаан болсон байна.

...Уг үнэг нь хүзүүний 1 дүгээр нугалам мултарсан гэмтлийн улмаас үхсэн байна” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 83-85 дугаар хуудас)-ээс үзвэл хоёр тооны зэгсний гахай болон шар үнэг нь гаднын нөлөөтэйгөөр үхсэн буюу агнагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

2.3. Гэрч Ц.Т (1 дэх хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас) нь хэргийн газраас олдсон “Lifan amazing-150” загварын хуучин мотоцикл (1 дэх хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас)-ыг гэрч Н.Т (1 дэх хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас)-д зарсан байх бөгөөд гэрч Т нь шүүгдэгч Б.Бт зарсан үйл баримт тогтоогдож байна. Тодруулбал гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд тухайн “Lifan amazing-150” загварын хуучин мотоцикл нь шүүгдэгчийн эзэмшилд байжээ.  

 Нөгөөтэйгөөр шүүгдэгч Б.Б нь тухайн “Lifan amazing-150” загварын хуучин мотоцикл болон зэгсний гахай зэргийг хайж, бусдаас асууж байсан нь гэрч Т.Н (1 дэх хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас), гэрч М.Ш (1 дэх хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас), гэрч С.Б (1 дэх хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас) нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Б.Бын эхнэр Б.О тухайн мотоцикл, үхсэн зэгсний гахай, үнэг зэргийг хайж гэрч Абугийн Хаас асуусан нь гэрч А.Хын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56 дугаар хуудас), гэрч Х.Еийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51 дүгээр хуудас) зэргээр тогтоогдож байна. Тухайлбал гэрч Абугийн Хын мэдүүлэгт дурдсанаар 94254672 дугаараас залгасан гэх бөгөөд тухайн дугаар нь шүүгдэгч Б.Бын эхнэр Б.Оийнх болох нь гэрч Б.Оийн шүүгдэгчийн хувийн байдлын талаар мэдүүлэг өгөхдөө биеийн байцаалт хэсэгт тэмдэглүүлсэн дугаартай тохирсон, мөн шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Энэхүү тогтоогдсон үйл баримтуудаар шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн 2413000520260 дугаартай хэрэгт Бөхмөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Гурван гатлага” нэртэй хэргийн газраас олдсон “Lifan amazing-150” бичиглэл бүхий улбар шар мотоцикл нь миний мотоцикл биш, би уг хэрэгт авагдсан байгаа зэрлэг гахайн 2 ширхэг тооройг агнаагүй болохоор би хүлээн зөвшөөрөхгүй байна.

... Хэрэгт авагдсан Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Гурван гатлага” гэх нэртэй газраас олдсон гэх зэгсний зэрлэг гахайн 2 ширхэг тоорой, “Lifan amazing-150” гэсэн бичиглэл бүхий улбар шар мотоцикл нь хэний эд зүйл болохыг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 236-237 дугаар хуудас);

- Шүүх хуралдаанд өгсөн “Миний хийсэн хэрэг биш. Би хилс хэргээр явж байгаа. Бын Б буюу Ш гэж хүнийг агнасан гэж байгаа. Энэ бол би биш юм. Ногооннуурт Ш гэж нэртэй олон хүн байгаа. Энэ миний мотоцикл биш миний мотоцикл цэнхэр өнгийн мустанг авсан үнэн. Тэр мотоцикл одоо хүртэл байгаа” гэх мэдүүлэг нь няцаан үгүйсгэгдэж байна.

Иймд хэргийн газарт байсан “Lifan amazing-150” загварын хуучин мотоцикл нь шүүгдэгч Б.Бынх нь болох нь хөдөлбөргүй тогтоогдсон. Тухайн мотоциклын арын хоёр гишгүүр, суудлын хойд хэсэг нь улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон бөгөөд уг гишгүүрээс бэхжүүлж авсан цус мэт зүйлийн биологийн дээжид шинжилгээ хийсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1003 дугаартай  дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 99-101 дүгээр хуудас)-ээр амьтны цус болох нь тогтоогдсон тул дээрх мотоциклоор үхсэн хоёр зэгсний гахай, нэг шар үнэгийг тээвэрлэсэн гэж үзнэ. Тодруулбал тухайн хоёр зэгсний гахай болон нэг шар үнэгийг шүүгдэгч Б.Б агнасан гэж үзэх үндэслэлтэй.

2.4. 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “Гурван гатлага” гэх газарт байх өвсний бухал дотроос хоёр тооны, үхсэн зэгсний гахай, нэг тооны, үхсэн шар үнэг гарч ирснийг шүүгдэгч Б.Б агнасан болох нь тогтоогдож байх боловч тухайн гахай болон үнэгийг Гурван гатлага гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгаас агнасан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл агнагдсан амьтад байсан газрыг гэмт хэрэг үйлдэгдсэн газар гэж шууд үзэх нь эргэлзээтэй байна.

Тодруулбал шүүгдэгч тухайн амьтадыг яг хаанаас агнасан нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд гэрч Б.Сийн “...Улирал цаг уурын нөхцөл, хүмүүсийн хөдөлгөөнөөс хамаарч гахай нь байршлаа сольж байдаг. 01 дүгээр сард голчлон Ачит нуурын хойд хөвөөний зэгс болон Арзгар, Модны үзүүр гэх газруудаар нутагшдаг юм. Эдгээр газрууд нь Бөхмөрөн сумын 3 дугаар багийн нутагт хамаардаг. ...Уг гахайг Нуурын хөвөөн зэгс болон түүний ар талын тасархай зэгснүүд орчмоос агнасан байх боломжтой” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 181 дүгээр хуудас)-ийг үхсэн амьтад байсан гэх газартай харьцуулан дүгнэвэл хэрэг гарсан гэх газрыг ерөнхий байдлаар буюу Увс аймгийн Бөхмөрөн сумын гуравдугаар баг гэж үзэх нь зүйтэй.

Мөн Увс аймгийн Бөхмөрөн сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр бүхэлдээ улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг болохыг нотолсон баримт хэрэгт байхгүй тул прокурорын тусгай хамгаалалттай газар нутгаас тухайн амьтадыг агнасан гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

2.5. Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрээс хоёр тооны зэгсний гахай, нэг тооны шар үнэг зэргийг агнасан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ан амьтан нь төрийн нийтийн өмч юм. Төрийн буюу нийтийн өмчийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй иргэн, аж ахуй нэгж дураараа хувьдаа завшихыг хүрээлэн буй орчинд халдсан, нийгэмд аюултай үйлдэлд тооцдог. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Б нь Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан ховор амьтан болох 2 тооны зэгсний гахайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан үйлдэл нь дээр дурдсан хууль бусаар ан агнах гэмт хэргийн обьектив болон субьектив талын үндсэн шинжийг хангасан байна.

3.2. Шүүгдэгч Б.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

4.1. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар зэгсний гахайн үнэлгээг 5’690’000 төгрөгөөр тогтоосон байна. Тодруулбал шүүгдэгч Б.Б нь хоёр тооны зэгсний гахай агнаж байгаль орчинд 11’380’000 төгрөгийн хохирол учруулжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр, мөн Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтоохоор тус тус хуульчилсан.

Иймд шүүгдэгч Б.Баар гэмт хэргийн хохирол, хор уршигт нийт 22’760’000 (=11’380’000₮*2) төгрөгийг төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй.

4.2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар, мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэхээр тус тус журамласан байна. Иймд шүүгдэгч Б.Баас 22’760’000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэв.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч Б.Бын хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 250 дугаар хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 242 дугаар хуудас), шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 247 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 249 дүгээр хуудас), Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас), мөн тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 6-8, 3 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Эрүүгийн хариуцлагын талаар: улсын яллагч “...шүүгдэгч Б.Бын хөдөлмөрийн насны, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэггүй, цаашид хохирол нөхөн төлөх байдал зэргийг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай үйлдэлд нь 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэх агуулгатай санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сонгох ялын санкцын зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх агуулгатай санал;

- Шүүгдэгч “Ялыг ажил хийх боломж олгож аймгийн хэмжээнд тавьж өгнө үү” гэх агуулгатай санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн хүнд таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилжээ.

3.2. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимтай. Шүүгдэгч Б.Б нь урьд хүрээлэн байгаа орчны эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан тул улсын яллагчийн санал шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй.

Ял шийтгэл гарцаагүй байх зарчимд үндэслэн шүүгдэгчид хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

3.3. Шүүгдэгчийн урьд хорих ял эдэлж байгаагүй гэх хувийн байдал, оногдуулсан хорих ялын хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг заавал албадан гаргуулах буюу хураан авахаар заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн тус зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж нарийвчлан хуульчилжээ.

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ “Lifan amazing-150” загварын мотоциклыг ашигласан болох нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан, хэрэгт битүүмжилсэн мотоциклыг хураан авч худалдан борлуулж, олсон орлогыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэв.

4. Мөрдөгч 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгч Б.Бт (1 дэх хавтаст хэргийн 221 дүгээр хуудас) хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Шүүгдэгч нарыг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй.

5. Шүүгдэгч Б.Бын эзэмшлийн “Lifan amazing-150” загварын мотоциклыг хураан авч улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн тул уг мотоциклыг Бөхмөрөн сумын цагдаагийн хэсгийн байранд битүүмжилсэн 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгчийн тогтоол (1 дэх хавтаст хэргийн 149 дүгээр хуудас)-ыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн ховор амьтан болох үхсэн хоёр ширхэг зэгсний гахай, үхсэн нэг ширхэг шар үнэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан, хэрэгт битүүмжилсэн мотоциклыг хураан авч худалдан борлуулж, олсон орлогыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн тус зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалт, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг үндэслэн шүүгдэгч Б.Б-аас 22’760’000 (хорин хоёр сая долоон зуун жаран мянга) төгрөгийг албадан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлсүгэй.

7. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгчийн эзэмшлийн улбар шар өнгийн, Lifan amazing загварын, улсын дугааргүй мотоциклыг битүүмжилснийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн ховор амьтан болох үхсэн хоёр ширхэг зэгсний гахай, үхсэн нэг ширхэг шар үнэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХЗАЯА