Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2018/03431

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 13 өдөр Дугаар 101/ШШ2018/03431 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, М-3000 төвийн зүүн жигүүрт байрлах Б Ү ХХК /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 41-9 тоот хаягт байрлах ЖКС ХХК /регистрийн дугаар: /-д холбогдох

 

46,410,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд, гэрч Г.Амарсайхан, Д.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б Ү ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б Ү ХХК нь өөрийн эзэмшлийн байрны 2 дугаар давхарт 120 м.кв, 4 өрөө ажлын байрыг ЖКС ХХК-д 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдөр түрээсийн гэрээгээр нэг сарын 3 сая төгрөгийн үнээр 1 жилийн хугацаатай түрээслүүлсэн.

Гэрээний хугацаанд ЖКС ХХК нь 2015 оныг дуустал түрээсийн төлбөрөө төлсөн ба 2016 он гарсаар сүүлийн 6 сарын төлбөрөөс зөвхөн 5,5 сая төгрөг төлсөн бөгөөд 12,500,000 төгрөг төлөөгүй юм.

Үүнээс хойш буюу гэрээний хугацаа дуусах хүртэл дахин төлбөрөө төлөөгүй. Үүгээр ч зогсохгүй дахин гэрээгээ сунгахыг хүсч шинээр гэрээ байгуулсан бөгөөд энэ хугацаандаа өмнөх болон шинээр хийсэн гэрээний төлбөрөө цаг хугацаанд нь бүрэн төлөхөө амласан ба урьдын танил Б.Амгалангийн үгэнд итгэж гэрээгээ 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дахин 1 жилийн хугацаатайгаар төлбөрийг өмнөхийн адил сар бүр 3 сая төгрөг төлөхөөр тохиролцон харилцан итгэлцлийн үндсэн дээр шинэ гэрээ хийсэн билээ.

Гэтэл Б.Амгалан итгэлийг эвдэж түрээсийн төлбөрөө төлөлгүй өдийг хүрсэн тул шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжилж байна.

ЖКС ХХК нь эхний гэрээний төлбөрөө 2016 он гарсаар бүрэн төлөөгүй тул 2016 он гарсаар бүрэн төлөөгүй тул 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл буюу 6 сарын түрээсийн төлбөрт /барьцааны 3 сая төгрөг, төлбөрийн 5,5 сая төгрөг өгснийг хасч тооцоод/ 9,5 сая төгрөг, торгууль 2 хувь, 190,000 төгрөг, нийт 9,690,000 төгрөг, шинэ гэрээ буюу 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 1 жилийн түрээсийн төлбөрт 36 сая төгрөг, торгууль 2 хувь, 720,000 төгрөг, нийт 36,720,000 төгрөг, бүгд 46,410,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ЖКС ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлд дурьдсанчлан манай компани нь ******* ХХК-ийн өмчлөлийн байрны 2 давхрын 120 м.кв талбай бүхий оффисын өрөөг түрээслэхээр тохиролцож, 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараагаар түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөд явдаг байсан. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийг түрээсийн төлбөр саатуулсан гэсэн үндэслэлээр тус түрээсийн байрны хаалганы голыг сольж, хаалганы кодны нэвтрэх нэр, нууц үгийг өөрчилсөн. Үүнээс болж хариуцагч компанийн ажилчид 2015 оны 10 дугаар сараас хойш уг оффист нэвтрэх боломжгүй болж уг хугацаанаас хойш тус нэхэмжлэгчийн байрыг түрээслээгүй болно. Ийнхүү ******* ХХК нь бидэнд мэдэгдэлгүй хаалганы голыг сольж, түрээсийн байран дотор байсан манай компанийн өмч хөрөнгө болох оффисын иж бүрэн тавилга, эд хогшил, эд зүйлсийг түгжсэн. Мөн манай сэйфийг түлхүүр тааруулан онгойлгож дотор нь байсан бичиг баримтуудыг авч зоорийн давхар луу хураасан байдаг. Дараагаар нь манай компанийн түрээслэж байсан оффисын өрөөнүүдийг өөр шинэ түрээслэгчид тавилгатай тэр чигээр нь түрээслүүлж, манай компанийн өмч хөрөнгийг бусдад дур мэдэн эзэмшүүлж, ашиглуулж зөвшөөрөлгүй хууль бус үйл ажиллагаа явуулсан. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл оффис түрээслэсэн мэтээр үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Хариуцагч ЖКС ХХК нь оффисыг түрээслэж, ашиглаж байсан хугацааны төлбөрөөс төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр байгаа бол үүнийг төлөхөөс татгалзах зүйлгүй. Харин 2015 оны 10 дугаар сараас хойш оффис түрээслээгүй хугацаа болох нэхэмжлэлд дурьдсанаар 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 20 сар 15 хоногийн түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б Ү ХХК нь хариуцагч ЖКС ХХК-д холбогдуулан, түрээсийн гэрээний үүрэгт нийт 46,410,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэрийг Б Ү бус ******* ХХК хэмээн нэхэмжлэлд алдаж бичсэн болохоо шүүх хуралдаан дээр илэрхийлж, нэхэмжлэгчийн нэрийг Б Ү ХХК хэмээн залруулсан, нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэрийн талаар зохигч талууд маргаагүй, шүүхэд хянан хэлэлцэгдэж буй тус хэргийн нэхэмжлэгчийн нэрийг ******* ХХК гэснийг Б Ү болгон нэхэмжлэгчийг сольсныг дурьдах нь зүйтэй.

Талууд Б Ү ХХК-ийн оффисын өрөө, тасалгааг нэг сард 3,000,000 төгрөгийн төлбөртэй түрээслүүлэх, түрээслэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд хэлэлцэн тохиролцож, оффисын өрөөн түрээслэгч орсноос хойш 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн /дугааргүй/, 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн /дугааргүй/ Түрээсийн гэрээг нөхөж байгуулсан үйл баримт тогтоогдож байх тул талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан, гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Хуульд заасан дээрх шаардлага хангагдаагүй тул дээрх түрээсийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Дээр дурдсанаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан Түрээсийн гэрээг талуудын хооронд байгуулагдаагүй гэж үзэх бөгөөд мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтаар тайлбарлах, үүргийг гүйцэтгүүлэх боломжтой.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар хариуцагч нь тухайн оффисын өрөө, тасалгааг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгасан хугацааны төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4.-т зааснаар хариуцагч нь тухайн оффисын өрөө, тасалгааг өөрийн буруугаас ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй.

2015 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн гэрээ нь 1 жилийн хугацаатай байгуулагдсан байх бөгөөд төлбөрийг 2015 он дуустал төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд энэхүү гэрээний төлбөрийн үлдэгдэл 9,500,000 төгрөг байна.

2016 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн гэрээг талууд байгуулсан бөгөөд түрээслэгч нь мөн оны 10 дугаар сар хүртэл хугацаанд түрээслүүлэгчийн оффисын өрөө, тасалгааг эзэмшилдээ байлгасан болох нь ...2016 оны 4-5 дугаар сарын үед хөдөө ажилд яваад наадмын үеэр ажил зогсоод Улаанбаатар хотод ирсэн, дахиад 8 дугаар сард ажилд гараад 12 сарын 28-нд эргэж ирсэн. 2016 оны 9-10 дугаар сарын үед компанийн бичиг хэргүүдээ нэг өрөөнд оруулж, тавилгууд хэвээрээ үлдсэн, ...оффист очиход өөр хүнд түрээслүүлсэн байсан... гэх гэрч Г.Амарсайханы мэдүүлгээр тогтоогдож байх тул хариуцагч нь 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний дагуу 4 сарын төлбөр 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь гэрч Г.Амарсайханы мэдүүлгийг үгүйсгэж нотлоогүйн дээр, нэхэмжлэгчийн хүсэлтээр асуугдсан гэрч Д.Энхтайвын мэдүүлэг тодорхойгүй, тухайлбал оффисын өрөөнд нэвтрэх хаалганы код сольж байсан цаг хугацааг тодорхойгүй мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч Г.Амарсайханы мэдүүлэг, талуудын мэтгэлцээнд үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний дагуу төлөх төлбөрийг дээр дурдсанаар тооцох нь зүйтэй байна.

Мөн түүнчлэн, талууд оффисын өрөө, тасалгааг буцаан хүлээлцээгүй нь тэдний хооронд байгуулагдсан гэрээний дагуу төлбөрийн үүрэг гүйцэтгэхэд төвөгтэй байдал үүсгэснийг дурьдах нь зүйтэй.

Талууд гэрээ байгуулахдаа, төлбөрийг хугацаа хожимдуулан төлөх нөхцөлд төлбөрийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 2 хувиар бодож торгууль оногдуулахаар тохиролцож, гэрээний Тавдугаар зүйлийн 1-д тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй., 232.5.Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ. гэж тус тус заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч нь 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний төлбөр 9,500,000 төгрөгийн торгуульд 190,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний төлбөр 36,000,000 төгрөгийн торгуульд 720,000 төгрөгийн торгууль тус тус ногдуулж хариуцагчаас шаардсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас халихгүйгээр торгуулийг тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, гэрээний Тавдугаар заалтад заасны дагуу, торгуулийг хоног тутамд тооцох бус нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнээс халихгүйгээр, үлдэгдэл төлбөрийн хоёр хувийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

Иймд 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний төлбөр 9,500,000 төгрөгийн торгуульд 190,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний төлбөр 12,000,000 төгрөгийн торгуульд 240,000 төгрөгийн торгуулийг хариуцагчаас гаргуулна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар эд хөрөнгө хөлсөлсний үүрэгт 21,930,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.5-д тус тус заасныг баримтлан, хариуцагч ЖКС ХХК-иас 21,930,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б Ү ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,480,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 390,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЖКС ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 267,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б Ү ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА