Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2502

 

МАГАДЛАЛ

 

2018.12.17                                                 Дугаар 2502                                    Улаанбаатар хот

 

 

 

 

Ч.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/02112 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.З-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр О.З-д 2 000 000 төгрөг бэлнээр зээлдүүлж, нэг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлье гэж гуйсан ба баталгаа бичиж гарын үсгээ зурсан. Гэтэл О.З зээлсэн 2 000 000 төгрөгийг нэг сарын дараа өгнө гэж амлаж баталгаа гаргасан боловч өгөөгүй өнөөдрийг хүрлээ. Би өөрөө олон удаа О.З-тай утсаа ярьж мөнгөө нэхсэн боловч мөнгийг маань өгөөгүй, сүүлдээ утсаа огт авахгүй, авахаараа дуугарахгүй утсаа тавьдаг болсон. Би сүүлийн жилүүдэд хүнд өвчний улмаас хэвтэрт байдаг болсон тул 2017 онд миний эхнэр н.Б О.З-тай очиж уулзахад “мөнгийг чинь өгөх гэж байна” гэж хэлээд загнаад явуулсан байсан. О.З-гаас 2 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ч.Д-ийн төрсөн хүү Д.Э  Д  компанийн Т дэлгүүрийг 2012 оноос 2016 он хүртэл түрээслэн ажиллаж байх хугацаанд Д.Э  нь компанийнхаа тайлангийн торгуульд 1 000 000 төгрөг, дараа нь дахин 1 000 000 төгрөг О.З надаас зээлж авсан билээ. Д.Э  нь би аавын мөнгийг төлнө гэж тохирсон юм. Тийм учраас иргэн Ч.Д  ямар ч өр төлбөргүй болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.З-гаас 2 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Д-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн    46 960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.З-гаас 46 960 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Д-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ч.Д-оос 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2 000 000 төгрөг зээлж авсан гэдэгтэй маргаагүй. Харин 200 000 төгрөгөөр 3 удаа бэлнээр төлөлт хийж, нийт 600 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч нь надаас 600 000 төгрөгийг авсныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвшөөрч тайлбар гаргасан атал зөвшөөрсөн тайлбарыг авч хэлэлцээгүй.хариуцагчид бэлнээр төлсөн 600 000 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч О.З-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “нэхэмжлэгчийн хүү Д.Э нь надаас 2 000 000 төгрөг зээлсэн, би аавын мөнгийг төлнө гэж тохирсон” гэж тайлбарлажээ.

Хэргийн баримтаас үзвэл хариуцагч О.З нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Ч.Д-той “Баталгаа” гэх хэлцэл /хх3/ байгуулж, 2 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Мөн гэрээний нөхцлөөр 2 000 000 төгрөгийг хариуцагчид бэлнээр олгохдоо зээлийн гэрээ байгуулаагүй боловч “Баталгаа” гэх баримтыг үйлдэн нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч О.З-д уг мөнгийг олгосон, гэрээний үүргийг зээлдэгч нь биелүүлээгүй үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

Шүүх талуудын хооронд байгуулсан дээрх гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцэх зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, уг гэрээний дагуу зээлдүүлэгчээс бодитоор шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээг зөв тодорхойлж, зээлдэгч нь төлбөрийг тохирсон нөхцөлөөр буцаан төлөх үүрэг хүлээсэн боловч биелүүлээгүй талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо 3 удаа бэлнээр    200 000 төгрөг төлж байсан тул 600 000 төгрөгийг хасч шийдвэрлэж өгөх үндэслэлтэй гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/02112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх йхуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ