Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/09

 

 

 

                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

2021         02             24                                         2021/ДШМ/09

 

                                                   Д.Бд холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: М.Берикбол,

Нарийн бичгийн дарга: З.Энэбиш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 37 дугаар захирамжтай Д.Бд холбогдох 2038000000490 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Лувсандоо овогт Д-ийн Д, 1985 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор ........ оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тэнсэн харгалзах ял эдэлж байсан /регистрийн дугаар РЖ....................../.

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Хөеөт” гэх нэртэй газрын ойгоос 4.1 мерт куб хуурай шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн ба ойн нөөцөд 2,074,455 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 37 дугаар захирамжаар шүүгдэгч Д-ийн Дд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол шүүгдэгч Д.Бд шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн 2038000000490 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг Хөвсгөл аймгийн прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Цацралд даалгаж, энэ хэрэгт шүүгдэгч Д.Бын хууль бусаар мод бэлтгэхдээ ашигласан Киа Пронтер маркийн 36-62 ХӨҮ улсын дугаартай автомашин, хууль бусаар бэлтгэсэн 4.1 метр куб модыг тус тус битүүмжилсэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 71 дугаартай Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор М.Берикбол эсэргүүцэлдээ: ... Шүүхээс буцаасан үндэслэлийн тухайд “... 1. Гэрч М.Отгонбаатарын үйлдлийг тодорхой шалгаагүй,

2. Улсын яллагч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ Д.Бын хууль бусаар мод бэлтгэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг Д.Баас гаргуупж улсын орлого болгохоор дүгнэж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

3. Шүүгдэгч Д.Б нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ 36-62 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байдаг ба яллах дүгнэлт үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан талаар дурдахгүйгээр ... зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэж зүйлчлэн ирүүлсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,

4. Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ хохирогч Э.Днь эрүүгийн хэрэгт холбогдсон этгээдээр “ажил хийлгэсэн”, “түлээний мод зөөлгөсөн”, “өөрийн хөрөнгөөр мод тарьж арчлах” юм бол хохирол төлүүлэхгүй тухай ярилцсан, мөн хохиролгүй тухай тодорхойлолт гаргаж өгсөн зэрэг үйл явдал нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд эргэлзээ бүхий байдал үүсгэж байна...” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүх зөв үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, хохирогч Э.Даваанямын, гэрч М.Отгонбаатарын, яллагдагч Д.Бын нарын мэдүүлгээр тухайн модыг яллагдагч Д.Б бэлтгэсэн болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг... гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан тул шүүгдэгч Д.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийн үнийг гаргуулахаар хуулийн дагуу санал тавьсан ба “Хууль бусаар мод тээвэрлэх” гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд тусгайлан заасан өөр шинжийг агуулсан гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/153 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралт “гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 2.2.1-т “мод бэлтгэх эрхийн бичиг” гэж иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад Ойн тухай хуулийн 34.1-д заасны дагуу олгосон ойн нөөц ашигласны төлбөр төлснийг баталгаажуулсан баримт бичгийг, мөн журмын 2.1.2-т мод, модон материалын “гарал үүслийн гэрчилгээ” гэж мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн мод болохыг гэрчилж Ойн тухай хуулийн 34.1, 34.4-д заасны дагуу олгосон баримт бичгийг ойлгохоор тодорхой заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэдгийг мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэхийг, харин уг зүйл заалтад гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан үйлдэл нь гарал үүслийн гэрчилгээтэй холбоотой тусдаа ойлголт ба сум дотроо ойгоос мод бэлтгэж, бэлтгэсэн модыг сум дотроо тээврийн хэрэгсэл ашиглан хүргэж байгаа нь мод бэлтгэх ажиллагааны нэг хэсэг бөгөөд мод бэлтгэх эрхийн бичигт тээврийн хэрэгслээр хүргэх газрыг тусгаж өгдөг. Шүүгдэгч Д.Б нь өөр аймаг, сум, тэдгээрийн хооронд тээвэрлээгүй, сум дотроо модоо тээврийн хэрэгслээр хүргэж байгаа нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг агуулаагүй бөгөөд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Д.Бын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн хохирлын талаарх тодорхойлолт, хохиролтой холбоотой тухайн сумын Тамгын газарт ажил хийж өгсөн талаарх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн, эргэлзээ төрүүлэх зүйл гэж үзэх үндэслэл биш бөгөөд гэмт хэргийн улмаас төр хохирсон тул хохирол заавал төлөгдөх ёстой ба шүүгдэгч Д.Бын шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул улсын яллагчийн зүгээс нотлох баримтаар үнэлэхгүй байх талаар санал гаргасан боловч шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар И.Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, 1.2 хэргийг прокурорт буцаах, 1.3 хэргийг түдгэлзүүлэх, 1.4 хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх шийдвэрийн аль нэгийг гаргахаар зохицуулсан байна. Хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж шүүгчээс үзэж яллагдагчийг шүүхэд шилжүүлэх талаар шийдвэр гаргасан тохиолдолд мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасны дагуу урьдчилсан хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр хэргийг прокурорт буцаах талаар хуулийн зохицуулалттай. Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг хамтад нь хийсний дараа хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна” гэж заасан, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүхээс шийдвэр гаргаж, урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж хэлэлцээгүй атлаа шүүх хуралдаанаас хэргийг буцааж байгаа нь хуулийг буруу ойлгон хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/37 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр прокурорын эсэргүүцэлд холбогдуулж гаргасан тайлбартаа:  ... Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос хэргийн талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буруутгаж ялласан ба миний үйлчлүүлэгч мөн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар огт маргаагүй болно.

Гэрч Отгонбаатар нь хуульд заасны дагуу хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв өгөхөө илэрхийлж гарын үсэг зурсан, хүлээлгэх хариуцлагын талаар ч ухамсарлаж шүүгдэгч Дын идшийг бэлтгэж ирэхээр явах үедээ түүний бэлтгэсэн модыг гарал үүсэл болон ямар нэгэн зөвшөөрөлгүй гэдгийг мэдэлгүйгээр тээвэрлэж ирсэн тухайгаа дэлгэрэнгүй ярьсан болно. Энэ нь хавтаст хэрэгт бүрэн тусгагдсан болно. Гэрчийг үйлдэл хийсэн гэж үзэж үүнийг шалгаагүй гэсэн нь дээр дурдсан үйл баримтаар хангалттай шалгаж тогтоогдсон болно. Тээвэрлэх гэмт хэргийн зүйлчлэлийн талаар прокурор эсэргүүцэлдээ тодорхой дурдсан. Хэрвээ шүүгдэгч Д уг бэлтгэсэн модыг тээвэрлэсэн байна гэж гэрч Отгонбаатарыг үзэх гэж байгаа бол нэг гэмт хэргийг хамт хийхээр үүрэг оролцоогоо хуваарилж, санаа бодол, үйлдэл хөдөлгөөнөө нэгтгэсэн, гэмт хэргээ туйлд хүргэхээр чиглэсэн, хүч чармайлтаа нэгтгэж нэгдмэл санаа зорилготой, ашиг орлого болон санхүүгийн тодорхой хуваарилалтад хүрсэн байхыг шаардах ба энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй болно. Шүүх Отгонбаатарын эзэмшлийн автомашины үнийг Д.Баас гаргуулж улсын орлого болгохоор улсын яллагч дүгнэж байгаа нь гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж тодорхойлох хэсэгтээ дурдсан нь ойлгомжгүй байна.  Мөн хохирол төлбөргүй болж хохирогч, яллагдагч нар эвлэрсэн тухай бичгийн баримт нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ямар эргэлзээ үүсгээд байгааг ойлгосонгүй. Баримтаар үнэлэхгүй бол хохирлыг гаргаад шийдвэрлэх эрх нь шүүхэд байсаар атал тодорхой дүгнэлт хийлгүй хэргийг прокурорт буцааж явдал чирэгдэл үүсгэн яллагдагчийн эрх зүйн байдал ноцтой зөрчигдөж байгаад өмгөөлөгч миний бие гомдолтой байгаа болно.

Шүүхээс захирамж гаргаж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ ЭХХШТХ-ийг зөрчсөн гэж тодорхойлох хэсэгтээ дурдсан, ямар мөрдөн шалгах ажиллагаа хуулийн аль заалтыг зөрчсөн талаар тодорхой дурдаагүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж холбогдох тайлбарыг гаргаж байна гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:  Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 409 дугаартай яллах дүгнэлтээр Д.Быг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Хөеөт гэх нэртэй газрын ойгоос 4.1 метр куб хуурай шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх ...М.Отгонбаатарын үйлдлийг тодорхой шалгаагүй, улсын яллагч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ Д.Бын бэлтгэсэн модоо тээвэрлэсэн гэх 36-62 ХӨҮ улсын дугаартай М.Отгонбаатарын эзэмшлийн тээврийн хэрэгслийн үнийг Д.Баас гаргуулж улсын орлого болгохоор дүгнэж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг агуулж байна. ...Д.Б нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ 36-62 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байдаг тул яллах дүгнэлт үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан талаар дурдахгүйгээр ...хэргийг зүйлчилсэн нь ойлгомжгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийсэн. Шүүгдэгч Д.Бын ажил хийсэн, түлээний мод зөөлгөсөн, өөрийн хөрөнгөөр мод тарьж арчлах юм бол хохирол төлүүлэхгүй тухай ярилцсан, мөн хохиролгүй тухай тодорхойлолт гаргаж өгсөн зэрэг үйл явдал нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд эргэлзээ бүхий байдал үүсгэсэн гэж үзжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ үйлдсэнийг мөрдөгч прокурор бүрэн нотлоогүй байна.

Яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэж бичжээ.

Гэтэл гэрч М.Отгонбаатар “...түлээгээ өмнө нь 11 сарын 23-ны үед унагаагаад тайраад бэлтгэсэн байсан болохоор очоол машиндаа ачаал орж ирж байгаад постон дээр Их-Уул сумын хэсгийн төлөөлөгч зогсоож шалгаад гоожингийн хугацаа дууссан байна зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна тээврийн хэрэгслийг түр саатуулна гээд Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын хашаанд машинтай модоо оруулж тавьсан” гэж /хх-ийн 34-р хуудас/,

Яллагдагч Д.Б “...2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 3 дугаар багийн нутаг Хөеөт гэх газар луу хүргэн ах Баасанхоролынд очиж идшээ бэлтгэхээр явсан. Очоод нилээд хэд хонож идшээ хийж байхдаа Хөеөтийн модноос 3 ширхэг хуурай мод огтолж, унагааж машинд ачихаар тайрч бэлтгэсэн. Ингээд 11 сарын 26-ны өдөр сумын төв рүү өөрийнхөө жижиг суудлын машинаар гэр бүлийнхэнтэйгээ орж ирсэн” гэж мэдүүлснээс үзэхэд гэмт хэрэг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гарсан гэж үзэх нь учир дутагдалтай.

Хэрэв 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзвэл М.Отгонбаатарын үйлдлийг тодорхой шалгаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Д.Баас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрчээр мэдүүлэг авахад тэрээр “2 ширхэг босоо мод унагааж 3 метрээр тайрч бэлтгэсэн. Зарим модыг газраар байсан унанги мод түүж бэлтгэсэн 1 м 50 см тайрч бэлтгэсэн. 5 ширхэг 3 метртэй тайрч бэлтгэсэн мод байгаа. Бүгд шинэс мод байгаа” гэж мэдүүлжээ.

Гэтэл мөрдөгч, прокурор нь шүүгдэгч Д.Бын бэлтгэсэн модны ямар хэмжээтэй хэсэг нь унанги, ямар хэмжээтэй хэсэг нь босоо мод огтолж бэлтгэсэн болохыг шалгаж тогтоогоогүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан модонд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээс харахад бэлтгэсэн модны зарим хэсэг нь унанги, үзүүр, мөчир түүж бэлтгэсэн байх нөхцөл байдал тогтоогдож байх ба үүнийг эргэлзээгүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг яаж үйлдсэн”-ийг тогтооно гэсэн хуулийн заалттай нийцэх юм.

Мөн модонд үзлэг хийсэн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэлд “...Уг хашаан дотор хураалттай модонд үзлэг хийн тоолж хэмжиж үзэхэд 3 метрийн урттай 5 ширхэг шинэс мод, 1м 50см урттай 25 ширхэг шинэс мод үзлэгээр тогтоогдлоо” /хх-ийн 12 дугаар хуудас/ гэж,

2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгтэд урт нь 2.65м, өргөн нь 1.6м, өндөр нь 0.95м, эзлэхүүн нь 4.1м3 гэж тус тус тэмдэглэжээ.

Дээрх баримтуудыг судалж үзэхэд Д.Бын бэлтгэсэн модны уртын хэмжээ зөрүүтэй байгаагаас шалтгаалж шинжээчийн дүгнэлтийг үнэлэхэд эргэлзээ төрж байна.

Иймд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж Д.Бын бэлтгэсэн модны ямар хэмжээтэй хэсэг нь босоо мод, ямар хэмжээтэй хэсэг нь унанги болохыг тогтоох нь хэрэг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г бүрэн нотлоогүй гэж үзнэ.

Харин шүүгчийн захирамжид заасан “...шүүгдэгч Д.Б нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ 36-62 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байдаг ба яллах дүгнэлт үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан талаар дурдахгүйгээр ...эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийсэн байна” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно.

Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын 2.1.2-т “Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ /цаашид “гарал үүслийн гэрчилгээ” гэх/ гэж мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн мод болохыг гэрчилж ойн тухай хуулийн 34.1, 34.4-д заасны дагуу олгосон баримт бичгийг” хэлнэ гэж тус тус заажээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг хууль тогтоогч “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал тээвэрлэсэн гэмт хэргийн шинж нь уг мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэсэн тохиолдолд зүйлчлэгдэхээр байна. Д.Бын тухайд сум дотроо тээвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгчийн биеийн байцаалтыг бүрэн тусгаагүй, найруулга болон үг, үсгийн алдаатай, тоог зөрүүлж бичсэн зэрэг алдаа гаргасан байх тул нарийн бичгийн дарга шүүх хуралдааны тэмдэглэлийг хуульд заасан шаардлагад нийцүүлэн хөтөлж байхыг анхааруулж байна.

Иймд давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/37 дугаартай захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                 Л.ЭРДЭНЭБАТ

                                                                             Н.БАЯРХҮҮ