Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2017/02510

 

 

 

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар101/ШШ2017/02510

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Эрх Чөлөө хотхон, Мсууц өмчлөгчдийн холбооны /гэрчилгээний дугаар ххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххххх тоотод үйл ажиллагаа явуулах, хххххххх ХХК-д /РД: хххххххххххх/ холбогдох

330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Мсууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтанцэцэг,

Хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мсууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Соёлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Эрх чөлөө хотхоны 31б байрны 6 тоотод үйл ажиллагаа явуулдаг Д ХХК нь нийтийн эзэмшлийн орон сууцанд жолооны курс ажиллуулдаг бөгөөд сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөрөө 2016 оны 5 дугаар сараас хойш төлөөгүй. Тус жолооны курс нь 2010 оноос хойш уг хаягт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2016 оны 5 дугаар сараас өмнөх хугацааны сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөрөө цаг хугацаанд нь төлж байсан.

Тус сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тогтоолоор 2014 оны 4 дүгээр сараас сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 30.000 төгрөг болж нэмэгдсэн ба үүнээс өмнөх хугацаанд 24.700 төгрөг байсан.

Д ХХК нь үйлчилгээ үзүүлж байгаа холбооны ажилтнуудыг үл хүндэтгэн, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.3-т заасан заалтыг зөрчин, удаа дараалан сануулах, шаардах хуудас өгч байсан боловч огт биелүүлдэггүй, тайлангийн хуралд оролцдоггүй, санал асуулгад хариу өгдөггүй, төлбөрөө төлөхгүй бидний үйл ажиллагаанд саад учруулж байна.

Иймд Д ХХК-иас 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөр буюу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 330.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д ХХК-ийн жолооны курс нь 2010 оноос хойш уг байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Хэрэгт тус сууц өмчлөгчдийн холбоотой манай байгууллагын байгуулсан гэрээ байх ба уг гэрээний 4.2-т гэрээнд 2 тал гарын үсэг зурж тамгалснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэсэн байх бөгөөд уг гэрээнд хариуцагч байгууллагын тамга дарагдаагүй.

Гэрээ нь 2 талын хүсэл зоригын илэрхийлэл байсны үндсэн дээр хүчин төгөлдөр болох ёстой бөгөөд уг гэрээ нь хууль ёсны бус. Сууц өмчлөгчдийн холбоо нь үнэлгээтэй холбоотой баримтаа танилцуулаагүй бөгөөд үнэлгээг хэрхэн тогтоосонтой холбоотой хурлын тэмдэглэл байсны үндсэн дээр нэхэмжлэл хангагдана.

Тус сууц өмчлөгчдийн холбооны ажилчид зан харьцааны соёл муутай, төлбөрийн асуудлын талаар зүй ёсоор харилцдаггүй. Манай байгууллага холбооны хийх ажлыг өөрсдөө хийдэг. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мсууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/1 сард төлбөр төлбөр 30.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр/

 

Хариуцагч хуулийн этгээдийн нэр Д ХХК болох нь хэрэгт авагдсан тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх ба шүүх 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ррррррррр тоот Иргэний хэрэг үүсгэх тухай, 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн ррррррр тоот Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх тухай, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 11204 , 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 11560, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 12390 тоот шүүх хуралдааныг хойшлуулах, хариуцагчийг албадан ирүүлэх тухай захирамжуудад хариуцагч байгууллагын нэрийг Д Икс ХХК гэж тусгасныг 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 13090 дугаар захирамжаар Д ХХК гэж өөрчилсөн болно.

/ХХ-ийн 45, 52-53 дугаар тал/

 

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 31А, 31Б дугаар байруудын оршин суугчдын хурлын тогтоол, материалыг үндэслэн Мсууц өмчлөгчдийн холбоог 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосон байх ба төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын дагуу 2014 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс С.Соёлмаа тус холбооны гүйцэтгэх захирлаар ажиллах болжээ.

/ХХ-ийн 3, 26 дугаар тал/

 

Мсууц өмчлөгчдийн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 3 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал сард засвар үйлчилгээг тухайн айлын талбайн хэмжээний 1 м.кв-д 150 төгрөг, лифт 1 өрх 6.000 төгрөг, аж ахуйн нэгжүүд 1 м.кв-д 600 төгрөг байхаар тогтоосон байна.

/ХХ-ийн 26, 65-66 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Мсууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал нь Д Х авто сургууль-тай 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний хуримтлалын гэрээ байгуулсныг хариуцагч тал хуулийн шаардлага хангаагүй гэрээ хэмээн тайлбарласан ба Д ХХК-ийн жолооны дамжаа нь 2010 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 31б байр, 6 тоот хаягт байршилтай, 58.5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204030374 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцанд үйл ажиллагаа явуулж байгаа тухайд талууд хэн аль нь маргаагүй болно.

/ХХ-ийн 24-25 дугаар тал/

 

Д ХХК-ийн жолооны дамжаа ажиллаж буй Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 31б байр, 6 тоот хаягт байршилтай, 58.5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204030374 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууц нь тус компанийн гүйцэтгэх захирал С.Отгонхишигийн өмчлөлийн орон сууц байх ба нэхэмжлэгч нь уг хуулийн этгээдээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг аж ахуйн нэгжүүдэд тооцогдох зардлаар бус хөнгөлөлттэй нөхцлөөр тооцож байгаагаа тайлбарласан ба үүнийг хариуцагч тал эсэргүүцээгүйг дурьдлаа.

/ХХ-ийн 64 дүгээр тал/

 

Хариуцагч Д ХХК нь 2016 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлсөн талаар нэхэмжлэгч тайлбарласан бөгөөд үүнээс хойш хугацааны зардлыг төлөөгүй талаараа хариуцагч мөн маргаагүй.

/ХХ-ийн 22-23 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Мсууц өмчлөгчдийн холбоо нь Д ХХК-иас 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 3 дугаар сарыг дуустал сар бүр 30.000 төгрөг, нийт 330.00 төгрөгийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нэхэмжилсэн ба хариуцагч Д ХХК нь сууц өмчлөгчдийн холбооны ажилчид зан харьцааны соёл муутай, төлбөрийн асуудлаар зүй ёсоор харилцдаггүй, холбоо ажлаа хангалттай хийдэггүй хэмээн тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заажээ.

 

Сууц өмчлөгч нь сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаатай холбоотойгоор өргөдөл, гомдлоо холбогдох албан тушаалтан, байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй.

 

Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд холбоо ажлаа хангалтай явуулдаггүй гэх тайлбар нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Иймд хариуцагч Д ХХК-иас 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 330.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Мсууц өмчлөгчдийн холбоонд олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцагч Д ХХК-иас 330.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Мсууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 10.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Мсууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Хариуцагч Д ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Н.САРАНГҮН