Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
Хэргийн индекс | 101/2017/03521/И |
Дугаар | 101/ШШ2017/03315 |
Огноо | 2017-10-23 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2017/03315
2017 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 101/ШШ2017/03315 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т ХХКийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: В ХХКд холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 32,508,000 төгрөг, алданги 16,254,000 төгрөг, нийт 48,762,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т ХХК нь В ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр №СР/А1/06/16 тоот худалдах-худалдан авах гэрээг байгуулж, тус гэрээний дагуу манай байгууллага нь гэрээний хавсралт №1-д заасан бүтээгдэхүүнийг нийлүүлэх, худалдан авагч тал нийт бүтээгдэхүүний төлбөр болох 245,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Захиалгын дагуу ТР-20 стандарт бүхий 12,000 нэгж бүхий 240,000,000 төгрөгийн, ТР-10 стандарт бүхий 5000 нэгж бүхий 5,000,000 төгрөгийн, нийт 245,000,000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хоёр компанийн нягтлан бодогч нар тооцоо нийлэхэд 37,548,000 төгрөгийг В ХХК төлөхөөр гарсан. Үүнээс хойш 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр М250 хэмжээстэй, 8,50 хэмжээтэй, 160,000 төгрөгийн нэгж үнэтэй 1,360,000 төгрөгийн үнэ бүхий дайрга, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр М250 хэмжээстэй, 23,00 хэмжээтэй, 160,000 төгрөгийн нэгж үнэтэй 3,680,000 төгрөгийн үнэ бүхий дайрга буюу нийт 5,040,000 төгрөгийн бүтээгдэхүүнийг В ХХК бартераар шилжүүлж, үлдэгдэл нь 32,508,000 төгрөг болсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-т зааснаар 0,3 хувийн алданги төлөхөөр тохирсон бөгөөд гэрээгээр тохирсон үүргээ зөрчиж байгаа тул алдангид 16,254,000 төгрөгийг нэхэмжилж байна. Худалдан авагч тал тээвэрлэлтээ бүрэн хариуцдаг. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн баримтад тамга тэмдэг дарсан. Тооцоо нийлсэн баримтуудаа бид имэйл хаягаар сканердаад явуулдаг байсан. 45 ширхэг баримт байхгүй гэж буй нь үндэслэлгүй байна. Дайрга ачиж ирж хүлээлгэн өгсөн жолооч нар нь гарын үсгээ зурдаг.
Иймд гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөг хүртэл төлөөгүй байгаа тул В ХХК-иас төлбөрийн үлдэгдэл 32,508,000 төгрөг, алданги 16,254,000 төгрөг, нийт 48,762,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч В ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч 37,548,000 төгрөгийн тооцоо нийлсэн гээд байгаа боловч энэ нь нотлогдохгүй байна, учир нь хариуцагч тал гарын үсэг зураагүй байдаг. Нэхэмжлэгчээс хэрэгт 120 ширхэг санхүүгийн баримт ирүүлсэнээс бидэнд байгаа баримтуудтай тулгахад 45 ширхэг баримт ирээгүй байна. Kүб метрийг тооцоход 900 күб метр хайрга дайрга манайд ирээгүй, тооцоо нийлээгүй, тэгэхээр үүнийг 12,000 төгрөгөөр тооцоход 10,800,000 төгрөгийг манай тал үндсэн төлбөрийн үлдэгдэлээс хасагдах ёстой гэж үзэж байна. 120 санхүүгийн баримтаас 2-ыг л хүлээн авсан баримт байдаг бөгөөд зарим баримт нь хүлээн авсан жолоочийн гарын үсэг тодорхойгүй зэрэг байна. Манайд хайрга дайрга хүлээн авсан баримтын жагсаалт байгаа боловч 45 баримт байхгүй байна. Манай үйлдвэр дээр харуул байдаг бөгөөд харуул дээр бүртгэгдэж байгаа, тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Сүүлд нь бартераар дайрга нийлүүлсэнийг хүлээн зөвшөөрч байгаа, өөр төлбөр хийгээгүй. Бид бүтээгдэхүүн авсан хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч В ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 32,508,000 төгрөг, алданги 16,254,000 төгрөг, нийт 48,762,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч В ХХК нь нэхэмжлэгч дайрга дутуу нийлүүлсэн, бид тооцоо нийлээгүй, 900 күбметрийн үнэ 10,800,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Т ХХК, В ХХК-иудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр №СР/А1/06/16 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, ТР-20 (10-20 мм) стандартын 20,000 мкүб хэмжээтэй, нэгж үнэ 12,000 төгрөг бүхий 240,000,000 төгрөгийн, ТР-10 (5-10 мм) стандартын 1,000 мкүб хэмжээтэй, нэгж үнэ 5000 төгрөг бүхий 5,000,000 төгрөгийн, нийт 245,000,000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэх үүргийн дагуу Т ХХК нь бүтээгдэхүүн нийлүүлэх үүргээ биелүүлсэн, төлбөр төлөх үүргийн дагуу В ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 37,548,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь №СР/А1/06/16 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Дайрганы тооцоо зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Зохигчид 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дайрганы тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдэл нь 37,548,000 төгрөг болохыг баталгаажуулан хоёр талын нягтлан бодогч нар гарын үсэг зурж, санхүүгийн тэмдгээ дарсан байна. /хх-8/
Ийнхүү тооцоо нийлсэнээс хойш В ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр М250 хэмжээстэй, 8,50 хэмжээтэй, 160,000 төгрөгийн нэгж үнэтэй 1,360,000 төгрөгийн үнэ бүхий дайрга, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр М250 хэмжээстэй, 23,00 хэмжээтэй, 160,000 төгрөгийн нэгж үнэтэй 3,680,000 төгрөгийн үнэ бүхий дайрга буюу нийт 5,040,000 төгрөгийн бүтээгдэхүүнийг бартераар Т ХХК-д шилжүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар үлдэгдэл нь 32,508,000 төгрөг болсон,
Мөн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр М100 хэмжээстэй, 13,00 хэмжээтэй, 125,000 төгрөгийн нэгж үнэтэй 1,625,000 төгрөгийн үнэ бүхий дайргыг бартераар Т ХХК-д шилжүүлж, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үлдэгдэл нь 30,883,000 төгрөг болсон болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч нь дээрх бартераар тооцоо хийсэн дайрга болон төлбөрийн хувьд маргадаггүй, өөр төлбөр хийгээгүй гэж тайлбарлаж байна.
Дээр дурьдсан 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дайрганы тооцооны баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрдөггүй бөгөөд үндэслэл нь манай нягтлан бодогч гарын үсэг зурсан эсэх нь тодорхойгүй, санхүүгийн тамга тэмдгийг компьютер графикийн аргаар дарсан байх магадлалтай гэж, мөн манайд хайрга дайрга хүлээн авсан баримтын жагсаалт байгаа бөгөөд 45 баримт байхгүй байгаа тул зөвшөөрөхгүй, дайрга дутуу нийлүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3.3-т Худалдан авагч тал нь өөрийн тээврийн хэрэгслээр бүтээгдэхүүнийг Худалдагчийн бүтээгдэхүүн нийлүүлэх газарт ачиж авснаас хойш бүтээгдэхүүний чанар, стандарт, биет хэмжээ, тээвэрлэлт, ашиглалттай холбоотой аливаа асуудлыг бүрэн хариуцна гэж зааснаас үзэхэд худалдан авагч буюу хариуцагч В ХХК нь тээвэрлэлттэй холбоотой асуудлыг бүрэн хариуцахаар талууд харилцан тохирсон тул санхүүгийн 45 баримт байхгүй, ямар жолооч гарын үсэг зурсан нь тодорхойгүй гэсэн хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй байна.
Гэрээний 4.2-т Худалдан авагч нь худалдагчийн заасан хугацаанд нэхэмжилсэн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,3 хувийн алдангийг худалдагчид төлнө гэж талууд тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтад нийцэж байх бөгөөд мөн хуулийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр худалдах-худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл нь 30,883,000 төгрөг, энэхүү гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцоход 15,441,500 төгрөг, нийт 46,324,500 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс 2,437,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч В ХХК-иас төлбөрийн үлдэгдэл 30,883,000 төгрөг, алданги 15,441,500 төгрөг, нийт 46,324,500 /дөчин зургаан сая гурван зуун хорин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Тэгтш плант ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,437,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 401,760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 389,572 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Тэгтш плант ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ