Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2018/03468

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2018/03468

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон 8 дугаар байр, 24 тоот хаягт оршин суух Бэрсүд овгт Сэсээрийн А /регистрийн дугаар: /,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 44 дүгээр байр, 127 тоот хаягт оршин суух Боржигон овогт Жаргалсайханы Г /регистрийн дугаар: /,

 

Худалдан авсан автомашины доголдлыг арилгах зардалд 4,411,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн С.А би 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ж.Г той автомашин худалдах-худалдан авахаар хэлэлцэн тохирч 07-41 УНК улсын дугаартай 2008 онд үйлдвэрлэсэн, тоёота вангуард маркийн автомашиныг 19,500,000 төгрөгөөр худалдан авахаар хэлцэл хийсэн. Уг хэлцлээр худалдан авах автомашины үнэ болох 19,500,000 төгрөгийн 11,300,000 төгрөгийг бэлнээр өгөх, үлдэгдэл 8,200,000 төгрөгт өөрийн өмчлөлийн 23-11 УБҮ улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг тооцон шилжүүлж төлбөр тооцоог дуусгахаар тохиролцсон. Үүний дагуу тохирсон ёсоор төлбөр тооцоог хийж, автомашинуудыг автотээврийн үндэсний төв дээр харилцан шилжүүлж зохих бичиг баримтыг бүрдүүлэн бүртгэлийг хийлгэж, зөрүү бэлэн мөнгийг худалдагч Ж.Г ийн Хаанбанк ХХК-ийн 5023222818 тоот дансанд шилжүүлсэн. Тухайн үед худалдан авсан тоёота вангуард маркийн автомашинд ил харагдах шууд илрүүлэх биет байдлын доголдол мэдэгдээгүй. Мөн худалдагч нь эд хөрөнгийн чанар байдлын талаар хэлэхдээ ямар ч доголдол байхгүй гэх зэргээр автомашиныг ашиглахад хэвийн сайн гэж надад итгүүлсэн. Гэтэл автомашин авсны маргааш өдрөөс эхлэн моторын тосны түвшин илт багасаж, гоожиж богино хугацаанд моторын тосыг 2 удаа бүрэн сольсон. Үүний улмаас авто машиныг унах явцдаа 7 хоногт 1 литр моторын масло нэмдэг болсон. Ингээд 4 сарын хугацаанд авто машиныг ердийн байдлаар ашиглахад засвар үйлчилгээ хийх тос масло солих нэмэх, оношлуулах зэрэгт 1,311,400 төгрөг зарцуулсан. Энэ тухай зардлын баримтуудыг нэхэмжлэлд хавсаргав. Энэ мэтчилэн худалдаж авснаас хойш уг автомашины явах хөдлөх эд ангиудын чанар байдал нь илт доголдолтой нь мэдэгдэж ашиглалтын зардлууд ихээр гарах болсон. Үүний улмаас авто машиныг унаж ашиглаж чадахгүй байна. Бас кроп, хөдөлгүүрийг оношлуулахад засвар авахгүй бүрэн солих шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Үүнийг арилгах зардал нь 3,100,000 төгрөг шаардлагатай болж байна. Энэ талаар хариуцагч Ж.Г утсаар удаа дараа мэдэгдэн хэлцлээр өгч авалцсан мөнгө болон эд хөрөнгүүдийг буцаах талаар шаардсан боловч зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч Ж.Г нь дээр дурьдсан илт чанаргүй биет байдлын доголдолтой, ердийн ашиглалтын шаардлага хангахгүй эд хөрөнгө худалдсан тул Монгол Улсын ИХ-н 253 зүйлийн 253.1, 254-р зүйлийн 254.1, 254.6 д заасныг тус тус үндэслэн биет байдлын доголдлыг арилгахад шаардагдах болон гарсан зардалд 4,411,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие АТҮТ-ын ТӨҮГазрын НБТХҮТөвд ТХҮ-ын инженерээр ажилладаг юм. Би ажлынхаа чөлөө завсраар хуучин авто машин үнэ тохирон авч засвар үйлчилгээ хийж худалдаалдаг юм. Нэхэмжлэлд дурьдсан 2008 онд үйлдвэрлэсэн, Toyota vanguard маркийн 07-41 УНК улсын дугаартай авто машиныг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Дагдан овогтой Очбадрахаас худалдан авахдаа Мөнгөн Уур сервис ХХК-иар явах эд ангийн оношлогоо, мотор хороп гэх зүйл эд ангиуд үзүүлэхэд зүгээр хэвийн байна гэхээр нь бэлнээр нь 18,000,000 төгрөгөнд худалдан аваад Toyota vanguard маркийн 07-41 УНК улсын дугаартай авто машиныг хэсэг хугацаанд унахдаа моторын тос огт нэмээгүй, мотор ямар нэгэн доголдолгүй байсан. Тэгээд би уг нь авто машиныг зарын сайтууд facebook зэрэг зарын сайтуудад зар тавьсан. Гэтэл зарын дагуу иргэн С.Амржаргал 2018.01.30-ны өдрийн 14 цагт өөрийн биеэр ирж үзээд орой 18 цагийн үед ахыгаа дагуулж ирээд манай эхнэрээс машины түлхүүр авч цаг орчим үзэж байсан ба 19 цагийн орчим би ажлаасаа тараад ирэхэд ахтайгаа хамт үзэж байсан. Ах нь машин маш сайн мэддэг хүн байсан. А нь ахтайгаа маргалдахаар нь би наймаа хийхээ боль гэж хэлсэн чинь өөрсдөө гуйгаад 2008 оны 2014 онд орж ирсэн таг стандарт, будаг ихтэй, явах эд анги дуутай, машин өгье гээд зөрүү мөнгө тохирсон, тэгээд 19 цаг 30 минутын үед А миний машиныг унаад бид гурав Нарны замын Доктор авто сервист очиж хөдөлгүүр болон явах эд ангийн оношлогоо хийлгэхэд хэвийн гэж байсан. Амаржаргалд оношлогоо хийлгэсэн баримт бичиж өгсөн. Тэгээд А бид хоёр маргааш нь 2018.01.31-ний өдрийн 9 цагт машины бичиг баримтуудаа шилжүүлж зөрүү мөнгөө А миний дансруу хийсэн. Тэгээд бид хоёр хоёр тийшээ салсан. Машин зарснаас хойш моторын гэмтлийн талаар 2 сарын дараа 1 удаа ярьснаас өөрөөр мэдэгдэж байгаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргасныг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Амаржаргалд эдийн болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлж өгсөн. Харин А надаас худалдан авсан авто машиныг 5-6 сар ашиглахдаа моторт ямар гэмтэл учруулсныг би хэлж мэдэхгүй автомашины эвдрэл бол жолоочоос шууд шалтгаална бөгөөд авто машиныг ашиглахдаа моторт гэмтэл учруулсан гэж үзэж байна. Тиймээс би ил чанаргүй, биет байдлын доголдолтой, ердийн ашиглалтын шаардлага хангахгүй эд хөрөнгө худалдан борлуулаагүй тул Иргэний хуулийн 247 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч С.Амаржаргалын нэхэмжилсэн 4,411,400 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Ж.Г т холбогдуулан, худалдан авсан автомашины биет байдлын доголдлыг арилгах зардалд 4,411,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, талууд маргаж байна.

Талууд 2008 онд үйлдвэрлэгдсэн, Тоёота Вангуард маркийн, 07-41 УНК улсын дугаартай автомашиныг 19,500,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тохиролцож, худалдан авагч С.А нь хэлэлцэн тохиролцсон төлбөрийг төлж барагдуулсан байх бөгөөд энэхүү хэлцэл нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр болжээ.

Нэхэмжлэгч нь худалдан авсан автомашины мотор нь машиныг авсан өдрийн маргааш өдрөөс эхлэн доголдсон гэх ба хариуцагч нь С.Амаржаргалыг машин авснаас хойш 2 сарын дараа моторын гэмтлийн талаар нэг удаа мэдэгдсэн гэж тайлбарлаж байна. Мөн түүнчлэн, нэхэмжлэгч нь автомашиныг худалдан авснаас хойш буюу 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Автохими ХХК-д хандаж, моторын тос гоожилтын эсрэг үйлчилгээг автомашинд хийлгэсэн болох нь хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан зарлагын баримтаар тогтоогдов. Дээрх автомашины моторын 1 дүгээр голын сальник солих, духны сальник комоор солих, крышканы жийрэг, крышк тагны сальник, хуруувч резин, духны гинж чангалагч, клапан нагартай учираас моторыг нь комоор нь солих шаардлагатай, нийт зардал 3,100,000 төгрөг болох талаар Мүгэн авто засварын газар 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тодорхойлсон байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээч Таван богд ХХК-ийн Засварын үйлчилгээний төвийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлтээс үзэхэд, 07-41 УНК улсын дугаартай, Тоёота Вангуард маркийн АСА335229081 аралтай автомашины хөдөлгүүрт хийсэн оношлогоогоор хөдөлгүүрийн шатах камерт хөдөлгүүрийн тос их хэмжээгээр орж шаталт үүсгэн утаа ихээр ялгарч яндангаар гарч байгаа, хөдөлгүүрт ээлж хийх зайлшгүй шаардлагатай, сэлбэг болон үйлчилгээний хөлс нийт 3,700,000 төгрөг болно гэж дүгнэжээ.

Хариуцагч нь Тоёота Вангуард маркийн, 07-41 УНК улсын дугаартай автомашиныг биет байдлын доголдолгүй, эвдрэлгүй байсан хэмээн маргаж, нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлохоор 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Мөнгөн уур сервис ХХК-д оношлуулсан тухай зарлагын баримтыг гаргасан боловч тухайн баримтад дурдсанаар хөдөлгүүрийн бага эргэлт, их эргэлт дээр ямар нэгэн догол байхгүй, сальник, тос гоожилт, хөлөрсөн зүйл байхгүй гэж тэмдэглэснээс бус тухайн автомашины моторт дээр дурдсан шинжээч Таван богд ХХК-ийн оношлогоо, дүгнэлтэд дурдсанчлан эвдрэл байгаа эсэхийг тодруулаагүй, тогтоогоогүй байна.

Дээр дурдсан нотлох баримтуудаас үзэхэд, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн худалдах-худалдан авах хэлцлийн зүйл болох Тоёота Вангуард маркийн, 07-41 УНК улсын дугаартай автомашиныг биет байдлын доголдолтой гэж дүгнэх үндэслэлтэй.

Талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулан эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй боловч автомашин, тээврийн хэрэгслийн чанарын гол үзүүлэлт болох хөдөлгүүр хэвийн биш байгаа нь тогтоогдож байх тул энэхүү доголдлыг арилгуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Эд хөрөнгийн биед байдлын доголдлын талаар хуульчилсан зохицуулсан Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1., 251.2 дахь заалтаас үзэхэд, гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгө болон чанарын талаар заагаагүй ч гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой, гэрээнд заасан эд хөрөнгийг биет байдлын доголгүй гэж үзэхээр зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн худалдсан Тоёота Вангуард маркийн, 07-41 УНК улсын дугаартай автомашиныг эд хөрөнгийн доголдолгүй гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д зааснаар, худалдан авсан автомашины доголдлыг арилгуулах, доголдол арилгахад гаргасан зардлаа төлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 254.6.-д заасан зургаан сарын дотор нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч нь автомашины хөдөлгүүрийг солиулахад 3,100,000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд шүүхээс томилогдсон шинжээч Таван богд ХХК-ийн Засварын үйлчилгээний төв хөдөлгүүрт ээлж хийх зайлшгүй шаардлагатай, сэлбэг болон үйлчилгээний хөлс нийт 3,700,000 төгрөг болохыг дүгнэсэн, хөдөлгүүрийн тос гоожилтод нэхэмжлэгч 201,400 төгрөгийн зардал гаргасан нь нотлох баримтаар нотлогдсон тул 3,301,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Харин 1,110,000 төгрөгийн дүн бүхий амортизатор, пүрш, втулк, тэнхлэг тохиргоо, татуургыг Тоёота Вангуард маркийн, 07-41 УНК улсын дугаартай автомашинд худалдсан авсан нь автомашины биет байдлын доголдол гэж тооцогдхооргүйн дээр нэхэмжлэгч тал автомашиныг худалдан авч байх үедээ мэдэх боломжтой сэлбэг, бараа, үйлчилгээ гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,110,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хариуцагч Ж.Г оос 3,301,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Амаржаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,110,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Амаржаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,532 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Г оос улсын тэмдэгтийн хураамж 67,772.4 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Амаржаргалд олгосугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА