| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2025/0018/э |
| Дугаар | 2025/ШЦТ/19 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Р.Ариунаа,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Т.Х түүний өмгөөлөгч Э.Сайханаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Т-ын Хд холбогдох эрүүгийн 2417001720007 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 11-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, ................ ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн .......... сумын .......... дугаар баг, ......... тоотод оршин суух хаягтай урьд ял шийтгэлгүй гэх, Б овогт Т-ын Х /РД:........................../
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Х нь согтуугаар 2024 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 2 дугаар баг, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн зүүн талд байрлаж байсан 97-00 ГСА улсын дугаартай Outlander загварын тээврийн хэрэгсэл дотор хохирогч Э.Ттэй үл ялиг шалтгааны улмаас маргалдаж түүний нүүр орчимд цохисны улмаас хохирогчид хамрын нуруунд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Т.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б, Э хоёртой Боржигон чуулгын гадаа найз Бын эзэмшлийн 97-00 ГСА улсын дугаартай цагаан өнгийн суудлын машинд пиво уугаад сууж байсан. Тэгээд 04 цагийн үед Э ах манай найз Т ирлээ гэхэд нь би Ттэй уулзахгүй явлаа гээд машинаас буугаад ажил руу ортол жижүүр байхгүй байсан. Тэгэхээр нь би буцаад нөгөө хэд дээр очсон. Тэгээд үргэлжлүүлж пиво ууж байгаад Ттэй маргалдсан. Тэгээд миний уур хүрээд Тгийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд би 2 маргалдаад байж байтал цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 68 хуудас/
2. Хохирогч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 11 дүгээр сарын 24-ний 00 цаг өнгөрч байхад би найз Э руу утсаар залгаад хаана байгааг нь асуухад 1 дүгээр сургуулийн зүүн талын гудамжинд машиндаа найзтайгаа юм яриад сууж байна гэсэн. Би ганцаараа очсон. Машиных нь марк болон дугаарыг мэдэхгүй байна, 1 дүгээр сургуулийн зүүн гудамжинд нэг машин зогсож байхаар нь очоод машинд суутал Б, Э, Х нар шар айраг уугаад сууж байсан. Тэгээд бид нар тэр машинд 2 литрийн савалгаатай 2-3 шар айраг уугаад юм яриад суусан. Машины жолоочийн эсрэг талын суудал дээр би суусан, хойд суудал дээр Б, Э, Х нар сууж байсан. Намайг ирэхэд тухайн машины жолооч машинаа орхиод явсан байсан. Ямар хүн явсаныг би мэдэхгүй байна. Тэгээд бид нар шар айргаа уугаад нилээн согтсон. Тэгтэл машины ард сууж байсан Х гэнэт намайг араас толгой болон цээж рүү цохисон. Яаж байгаа юм гэтэл Э салгасан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16-17, 41-42 хуудас/
3. Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ ...тэр 2 өмнө нь хоорондоо маргалдаж байсан юм шиг байсан. Нарийн зүйлийг нь мэдэхгүй байна. Өмнө нь хоорондоо муудалцаад цагдаагийн байгууллага дээр ирсэн юм шиг байгаа юм. Чи би гэж байгаад Х Тгийн араас цохисон. Х хэдэн удаа яаж цохисныг сайн анзаараагүй. Ямар ч байсан Тгийн араас 1 удаа алгадаж байсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 7-8 хуудас/
4. Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дугаар дүгнэлтэнд:
Э.Тгийн биед хамрын нуруунд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 31 хуудас/
5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /х.х-ийн 69, 34 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Т.Х нь согтуугаар 2024 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 2 дугаар баг, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн зүүн талд байрлаж байсан 97-00 ГСА улсын дугаартай Outlander загварын тээврийн хэрэгсэл дотор хохирогч Э.Ттэй үл ялиг шалтгааны улмаас маргалдаж түүний нүүр орчимд цохисны улмаас хохирогчид хамрын нуруунд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Иймд шүүгдэгч Т.Хгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Хгийн өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Т, гэрч Б.Э нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Мөн шүүгдэгч Т.Х нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Т.Х нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь ахуйн хүрээнд архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.
Шүүгдэгч Т.Х нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн талаар мэдүүлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Т.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Т.Х нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Хд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч Т.Хгийн хувийн байдлыг харгалзаж улсын яллагчаас гаргасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналыг хүлээн авч 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.
Эрүүгийн 2417001720007 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Э.Т нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т-ын Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хд оногдуулсан 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ