| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2025/0019/э |
| Дугаар | 2025/ШЦТ/20 |
| Огноо | 2025-02-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга А.Энхбаяр,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч А.Б,
иргэний хариуцагч Л.Б,
хохирогч Д.С түүний өмгөөлөгч Г.Энхболд /ҮД:2668/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Агийн Бд холбогдох эрүүгийн 2417001610008 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, ............... дүүрэг, ............ дугаар хороо .............. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй гэх, А овогт Агийн Б /РД:..................../,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч А.Б нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу чиглэх замд 10-63 УНВ улсын дугаартай Т.Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, улмаар уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Д.С биед баруун талын 4,5,6,7-р хавирганы хугарал, цээжний хөндийн хий хуралдалт, баруун уушгины бүрэн бус авчилт, уушгины эдийн няцрал, зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Замын-Үүдээс Улаанбаатар хот орохоор Л.Бгийн нэр дээр бүртгэлтэй 1063 УНВ улсын дугаартай цагаан өнгийн Приүс-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод 17 цаг өнгөрч байхад 3 зорчигчтой хөдөлсөн. Тэр 3 зорчигчийг танихгүй, хот орохдоо ханьтай мөн бензиний мөнгөнд нэмэртэй гэж бодоод хот явна гэж зар тавиад суулгаад аваад явж байсан юм. Тэгээд явж байгаад 22 цагийн үед Чойр дөхөөд давхиж явтал гэнэт улаан өнгийн хаалт тулж ирэхээр нь сандраад баруун гар тал руугаа дартал шороон замаар явж байсан том тэрэгний гэрлийн гялбаанд ороод юу ч харагдахаа болихоор нь баруун гар талруугаа тултал нь дараад том машинаас зугтлаа гэж бодсон боловч тэр том машин миний дарсан тал руу ороод ирсэн. Тэгээд тэр машины өөдөөс нь очоод мөргөлдчихсөн. Тэгээд л осол гарсан. Осол болсон замын хэсэгт зам засварын ажил явагдаад шороо овоолчихсон байсан. Хэрэв овоолсон шороо байгаагүй бол нэвтрээд гарчих боломжтой байсан. Өмнө өдөр нь би хотоос Замын-Үүд орсон. Тэгэхэд тэр овоолсон шороо байсан. Зам засварын ажил явагдаж байсан. Би замаа тогтоогоод авсан байсан боловч буцахдаа тэр замыг арай болоогүй гэж бодож байтал гэнэт л хаалт ороод ирсэн. Тухайн үед би 100-110 орчим км/цагийн хурдтай явж байгаад улаан хаалт тулж ирээд тоормос гишгэх үед 80 км/цагийн хурдтай л явсан байх гэж бодож байна. Би Шандаас гараад нэг машин дагаа явсан. Айраг хүртэл дагасан тэр үед бол би 120-130 орчим км/цагийн хурдтай явж байсан нь бол үнэн. Миний буруутай үйлдлийн улмаас дээрх зам тээврийн осол гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би 1996 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хот 3-р төрөх эмнэлэгт төрсөн. Эхээс 6-лаа айлын хамгийн бага хүүхэд, бага насаа Улаанбаатар эцэг, эхийн гар дээр өнгөреөсөн. 2004-2014 онд Улаанбаатар хотын 97-р сургуулийг төгссөн. 2014-2016 онд Улаанбаатар их сургуульд сургалцаж байгаад эрүүл мэндийн байдлаас болж сургуулиас гарсан. Түүнээс хойш эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ л байсан. Бага байхдаа тархины саажилт оношоор хагалгаанд орж байсан. 3-р курсээс толгой өвдөөд болохгүй болохоор нь сургуулиас гарч байсан. Байнга толгой өвддөг, байнгын эм тариа хэрэглэдэг. Диатез буюу чихрийн төрлийн харшилтай. 2020 онд эхнэр М.М-тэй танилцаж, дундаасаа 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр охинтой болсон. Одоо Хөвсгөл аймаг Мөрөн суманд гэртээ амьдардаг, би болохоор хотод аав, ээжтэйгээ амьдардаг, нэг гэрт орж амжаагүй яваа. Ер нь бол хотод манай аав ээжийнд бид хамт амьдардаг юм гэх мэдүүлэг. /хх-ийн 130 дугаар хуудас/
2. Хохирогч Д.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Замын-үүдийн хилээр орж ирээд 10-63 УНВ улсын дугаартай Т.Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад Улаанбаатар хот орохооор 18 цагийн орчимд гарсан. 22 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт орж ирсэн. Тэгтэл цагдаа нар зогсоогоод зорчигч нарыг бүс бүслээгүй байна гэж хэлээд торгосон. Зорчигч нар бүгд бүсээ бүслээд цааш хөдлөхөд тухайн тээврийн хэрэгсэл 140-150 км цагийн хурдтай явсан. Би тухайн үед сууж явсан тээврийн хэрэгсэлийн хурдыг зураг дарж, бичлэг хийж явуулах гэтэл сүлжээгүй байсан. Тухайн осол гарсан газар 134 км цагийн хурдтай очоод тухайн тээврийн хэрэгслийг жолооч хойноос ирж байсан машины урд тал руу дараад орсон, тэгэхэд жолоочийн хурдийг харахад 134 км цагийн хурдтай байсан. Өөдөөс ирж явсан ачааны машин бид нарыг түрээд явсан, тэрнээс хойш шоконд орсон. Ослоос болж миний зүүн хөлийн дунд чөмөг 5 хугарсан, бяцралттай баруун талын 2 хавирга хугарч уушгинд хий нэвчсэн байгаа. 2024оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хөлний хагалгаанд орсон. Би сэтгэцэд учирсан хор хохирол нэхэмжилнэ... Мөн ослоос болж ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ, би сард 3.500.000 төгрөгийн цалин авдаг байсан бөгөөд аваараас хойш 3 сар ажилгүй байсан. Тухайн үед гэрээгээр ажил хийх гэж байсан бөгөөд тус ажил мөн зогссон учир тус гэрээгээр ажил гүйцэтгэж олох байсан мөнгөө нэхэмжилнэ, цалингийн баримтууд нэхэмжилнэ. Би сэтгэл санааны хохиролыг тавдугаар зэрэглэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрч байна. Миний хохиролыг барагдуулчихвал надад гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 24-26 хуудас/
3. Хохирогч Д.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 10 дугаар сарын 2-ны өдөр аавыгаа урагшаа Хөт хот руу эмчилгээнд авч явсан. Манай аав бас жолооч, тээвэрт явдаг байж байгаад энэ намар 9 сард ажилд гарахдаа эмнэлэгт үзүүлсэн. Хавдрын оноштой гээд материалыг гадагшаа эмнэлэгт явуулахад Хөх хотод эмчлэгдэх боломжтой гээд Хөх хот руу аавыгаа авч явж эмчлүүлсэн. Өглөө нь аавыгаа Хөх хотоос онгоцонд суулгаж нисгээд, би газраар Эрээнд ирээд, үдээс хойш нь Замын-Үүдэд ирсэн. Замын-Үүдээс яарсан шалтгаан нь би сая хавсаргаж өгсөн. Ажлын гэрээ хийчихсэн байсан. 27-ны өдрөөс 11 сарын 10-ны өдрийг хүртэл их том үйлдвэрийн тоног төхөөрөмж зөөж, холболт хийж өгөх ажил, тэрийгээ шинэ үйлдвэрт нь зөөж угсарч өгөөд, цааш хэвийн ажиллагаа явуулах боломжтой болгох өгөх гэрээ хийсэн байсан. 27-ны өдөр ажил эхлэх учраас маргааш өглөө нь хотод доороо хамт ажиллах аятайхан хүнтэй ярьж хэлэлцэх байсан. Тэр хүмүүсээ цуглуулсан байна гээд маргааш Өглөө нь хотод очих зорилготой Замын-Үүдээс гарсан. Воганы билет олдохгүй, автобус нь хүнээр дүүрсэн байсан. Өглөөнөөс хойш хоол идээгүй болохоор нэг цайны газар орсон чинь нэг 40 гаран насны жолооч ах хүү байсан. Би хот явах гэсэн чинь ах нь одоо явах гэж байна, суучих гэсэн. Яарч байсан болохоор суугаад, хөдлөөд зогсоолоос гарах гэсэн чинь жолооч нь солигдсон. Тэгээд энэ залуу жолоодсон. Замын-Үүдээс гараад бензин авч байхад нь би асуусан. Чи энэ хооронд байнга явдаг уу гэсэн чинь би энэ хооронд 6-7 жил явж байна. Замаа бол сайн мэднэ. Шөнө очоод маргааш өглөө нь хүн аваад явдаг гэж ярьж байсан. Нэг бууж үлдэх гэснээ заза олон жил явсан туршлагатай, маргааш өглөө нь ажилтай гээд суугаад явсан. Замын-Үүдээс гараад явж байхдаа би өөрөө урд сууж явсан учраас милийг нь хараад явсан. 120 км-ээс буухгүй яваад байсан. Замын-Үүдээс хот руу явдаг хүмүүс тусдаа нэг групптэй. Байнга утсаараа энд явж байна, тэнд явж байна гээд байсан. Цаад хүмүүс нь хүртэл ямар аймар хурдан явдаг, зөөлөн яв гэж хэлж байсан. Хэтэрхий хурдтай яваад байхаар нь Өргөн суман дээр нэг буугаад үлдчих юм уу гээд жолооч залуугаас гуйсан. Энэ Өргөн сумруу салдаг зам дээр нэг зогсоод өгөөч, манай нэг найз байдаг юм, юм авах гэсэн юм чинь ууртай, тэгж цаг алдах боломж байхгүй гэсэн. Осол гаргахаас өмнөхөн яг км-г нь би мэдэхгүй байна. 10-20 минутын өмнө гэж тооцож байна. Цагдаа зогсоогоод бүх зорчигчид бүсээ зүүгээгүй байна, бүсээ зүүгээд болгоомжтой яваарай гээд явуулсан. Эндээс хөдлөөд бүр маш их хурдтай явсан. Яг тэр үед явж байсан хурдны бичлэг ч надад утсан дээр байна. 140-150 км цагийн хурдтай явж байсан. Би дахиад хэлсэн. Чи арай хурдтай яваад байна, би ер нь Замын-Үүдээс гарахад л хэлсэн. Би олон жил явсан энэ замын чулууг нь хүртэл мэднэ гэсэн. Тэгэхээр нь би замаа мэдэж байгаа юм байх гэж бодсон. Шанд дээр зогсоод бензин авсан чинь цуг таньдаг Альфарттай таараад, тэрнээсээ салахгүй, цуг давхиад, наана, цаанаа ороод явсан. Тэр цагдаа зогсооход Альфартыг зогсоохгүй, манай машиныг зогсоосон. Миний бодлоор тэр машиныг түрүүлэх гээд хурдтай явсан байх. Тэгж байгаад нөгөө машинаа яг гүйцээд ирсэн, замын хажууруу дараад эсрэг урсгал руу орсон. Одоо миний нэхэмжилж байгаа хохирол нь нэгдүгээрт би бүтэн гурван сар гаран хэвтлээ. Мөрдөгчөөс хэргийн материалтай танилцах, мэдүүлэг өг гээд 14 хоногт наашаа явж байсан. Таяг тулаад явж байгаа. Байнга хэвтрийн дэглэм барь гээд байгаа. Сүүлд дахиад үзүүлэхэд бороолж эдгээгүй байна, дахиад хэвтрийн дэглэм барь гэсэн. Энэ 3 сарын хугацаанд юм юм үзэж байна. Аав минь Хөх хотоос боломжтой байна гэсэн нааштай хариу сонсоод 14 хоногийн дараа дахиад эмчилгээнд явах байсан боловч намайг ийм асуудалд орсоныг сонсоод сэтгэл санаагаар унаад хоол унднаас гараад, сар гарны дараа өнгөрсөн. Энэ хооронд ийм асуудлууд маш их гарсан. Аавыгаа бие муу байхад нь асарч чадахгүй, маш хэцүү байсан. Өөрөө хэвтэрт орсон. Сэтгэл санаа маш их хохирсон. Эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Би өөрөө зүгээр байсан бол ажил хийгээд мөнгө төгрөг олоод, аавыгаа эмчлэх боломжтой байсан. Надаас болж сэтгэл санаагаар маш их унаж, хоол унднаас гараад өнгөрсөн. Манай охин энэ жил нэгдүгээр ангид орсон. Хүүхэд зөөх хүн байхгүй. Маш хэцүү байсан. Эхнэр сар гаран намайг хараад, сар гаран ажлаасаа чөлөө авсан байсан. Хоёулаа ажилгүй, цалингүй болоод эхнэр сар гаран болоод ажилдаа орсон. Хүүхэд зөөх, авах, өр зээл гээд маш их асуудлууд гарч ирж байгаа. Энэ гурван хохирлыг нэхэмжилж, гаргуулж авмаар байна гэв.
4. Иргэний хариуцагч Л.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хуулга нь байгаа. 3,111,400 төгрөгийг манай нэг хүү өгсөн. Энэ өөрөө 3 сая гаран төгрөг өгсөн. Бусад нь наад баримт дээр чинь байгаа. Ганцхан дансаар мөнгө хийж байсан. З гээд ээжийнх нь дансанд хийж байсан. Хамгийн сүүлд 1,300,000 төгрөг өгөөд нийт 9,273,000 төгрөг өгсөн. Хэр мөнгө гарсаныг сайн ойлгохгүй байна. Шүүхээс ямар шийдвэр гарна. Тэрийг дагана. Хэр их мөнгө гаргах юм байгаа юм. Бүгд л амьдралтай, өр зээлтэй. Би өөрөө 660,000 төгрөгний тэтгэвэртэй. Хөгшин бас 660,000 төгрөгний тэтгэвэр авдаг гэв.
5. Хохирогч М.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 10 дгаар сарын 26-ны өдөр Замын-Үүд сумаас Улаанбаатар хот орох гээд вокзал дээр явж байгаад Улаанбаатар хот орно гэсэн цагаан өнгийн Т.Приус-30 маркийн 10-63 УНВ улсын дугаартай машинд суусан. Тэр машинд арын суудал дээр надаас гадна нэг эмэгтэй, урд суудал дээр нэг эрэгтэй сууж байсан. Тэгээд бид дөрөв 17 цаг өнгөрч байхад Замын-Үүд сумаас хөдөлсөн бөгөөд жолооч нилээн хурдтай явж байх шиг байсан, яг хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар хэлж мэдэхгүй байна. Тэгээд суудлын бүсээ хийсэн бөгөөд Сайншанд дээр цагдаа зогсоогоод надтай хамт сууж байсан эмэгтэйг суудлын бүсийг нь хийлгэсэн. Тэгээд би унтаад өгсөн бөгөөд нэг мэдсэн машин мөргөлдчихсөн хажууд сууж явсан эмэгтэй туслаарай гээд хашгирч байсан. Жолооч бас машинаас буугаад ирчихсэн надтай хамт байж байсан. Жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан залуу бууж чадахгүй байсан бөгөөд хажуу хаалга нь нээгдэхгүй байсан. Тэгээд нэг том машины жолоочоос хөнжил авчирч нөмрүүлээд эмнэлэг цагдаа иртэл хүлээсэн. Миний сууж явсан машин шороон зам дээр гараад ирсэн бөгөөд замын зүүн талд хойд зүгт харсан зогсож байсан. Манай машин том машинтай мөргөлдсөн бөгөөд тус машины чиргүүл нь шороон зам хөндөлссөн байдалтай толгой нь зүүн хойд зүгт харсан байдалтай шороон замаас гарсан зогсож байсан. Миний баруун хөлийн шилбэ хэсэгт хөхөрсөн байсан бөгөөд эмнэлэг цуурсан байж магадгүй гээд гипс тавьж өгсөн бөгөөд дахин зураг авахуулаарай гэсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 31 хуудас/
6. Иргэний нэхэмжлэгч Г.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ц.Э, Б.С нар нь эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авч үүнд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 5.759.995 /таван сая долоон зуун тавин есөн мянга есөн зуун ерэн/ төгрөгийн эмчилгээний зардал гарсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох нэхэмжлэлийг гаргаж байна. Тусламж үйлчилгээний зардал болох 5.759.995 төгрөгийг Төрийн сангийн 100900020080 дансанд төлж барагдуулна... гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/
7. Иргэний нэхэмжлэгч З.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болсон зам тээврийн ослын улмаас миний өөрийн унаж хэрэглэдэг миний нэр дээр байдаг 81-11 ДГС улсын дугаартай Сканни маркийн автомашин эвдэрч үнэлгээгээр 5.560.000 төгрөгийн хохирол учирсан, тус хохиролыг нэхэмжилж байна. Миний биед бол ямар нэг гэмтэл учраагүй... ” гэсэн мэдүүлэг /1 х.х-ийн 37 хуудас/
8. Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Тухайн жолооч Замын-Үүдээс гарсанаас хойш 120км цагийн хурдтай яваад байсан. Би жолоочийн хянах самбар хараагүй ч гэсэн өөрийн утсан дээрх хаана явж байгаагаа хардаг аплекшн дээр 120 км заагаад байсан. Тэгээд 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн нутагт орж ирээд явж байгааг утсаар хараад явж байтал тод гэрэл тусаад хартал шороон зам руу орж байгаа харагдаад өөдөөс ирж байгаа том машинтай мөргөлдөөд зүүн хойд зүгт хараад зогссон. Том машиныг хаашаа харсан талаар хараагүй. Тэгээд хажууд сууж явсан казак залуу намайг буулгаж аваад газарт хэвтүүлсэн. Жолооч дараа нь бууж ирсэн байгаа харагдсан намайг яаж байгаа талаар асуугаад гадаа чичрээд байсан учир буцаагаад машинд суулгасан. Жолоочийн хажууд сууж явсан залуу аманд цус амтагдаад байна гээд хашгираад байсан тэгээд удалгүй эмнэлэг цагдаа ирээд намайг эмнэлгийн машинд суулгаад нөгөө залууг насилкан дээр хэвтүүлээд бас эмнэлгийн машинд оруулж ирж байсан. Эмнэлэгт үзүүлэхэд хугарсан зүйл байхгүй байна гэсэн. Гэхдээ миний биеийн зүүн тал хөндүүрлэж өвдөөд байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй би шинжээчийн дүгнэлттэй танилцсан хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39-40дүгээр хуудас/
9. Иргэний хариуцагч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 10-63 УНВ улсын дугаартай машин миний нэр дээр байдаг миний машин байгаа юм. 2024 оны 08 дугаар сард манай том хүү Аболд бага хүү Бд өгөхөөр болсон байсан. Тэгээд тухайн үед манай хүү Б байхгүй байсан учраас миний нэр дээр шилжүүлсэн. Ер нь миний нэр дээр байдаг боловч Бын өөрийнх нь машин байгаа юм. Миний хувьд шүүхээс тогтоосон хохиролыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 48 дугаар хуудас/
10. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14694 дугаар дүгнэлтэнд:
- Д.С биед баруун 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, цээжний хөндийн хий хуралдалт, баруун уушгины бүрэн бус авчилт, уушгины эдийн няцрал, зүүн дунд чөмөг ясны далд хугарал, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаархохиролын хүнд зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Д.Дунгаамаа гэжээ. / х.х-ийн 51-54 хуудас/
11. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6390 дугаар дүгнэлтэнд:
- Шинжилгээнд ирүүлсэн “А Б 28/эр” гэж хаягласан хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. Спиртийн агууламж илрээгүй.
Дүгнэлт гаргасан: химийн шинжээч, цагдаагийн дэслэгч О.Лхагвасүрэн гэжээ. / х.х-ийн 57-59 хуудас/
12. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6389 дугаар дүгнэлтэнд:
- Шинжилгээнд ирүүлсэн “З Э 35/эр” гэж хаягласан хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. Спиртийн агууламж илрээгүй.
Дүгнэлт гаргасан: химийн шинжээч, цагдаагийн дэслэгч О.Лхагвасүрэн гэжээ. / х.х-ийн 62-64 хуудас/
13. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 330 дугаар дүгнэлтэнд:
- М.Д-ийн биед тархи доргилт, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохиролн хөнгөн зэрэг тогтоогдлоо.
- Баруун шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохиролын зэрэг тогтоохгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. / х.х-ийн 67-68 хуудас/
14. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 342 дугаар дүгнэлтэнд:
- З.Э биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. / х.х-ийн 71 хуудас/
15. шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дүгээр сарын 04-ны өдрийн 363 дугаар дүгнэлтэнд:
- А.Бын биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Э.Баасанжав гэжээ. / х.х-ийн 74-75 хуудас/
16. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 393 дугаар дүгнэлтэнд:
- Ц.Эын биед тухайн үед тархи доргилт, баруун шилбэнд шарх, цээж, хэвлийн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл учирчээ
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
- Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журамын 3.1.1-т зааснаар хохиролын хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Ганзориг гэжээ. / х.х-ийн 78-81 хуудас/
17. 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 001/2025 дугаартай Мөрдөгчийн магадлагаанд:
- Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2. “Зам тээврийн осол” –тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал гэж заасан учир уг үйлдэл нь зам тээврийнх осол мөн.
- 81-11 ДГС улсын дугаартай Сканни маркийн автомашины жолооч З.Э нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна.
- 10-63 УНВ улсыын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60км, суурийн газрын гадна цагт 80км, тууш замд 100 к-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрсөн гэх үндэслэлтй байна.
- Уг осолд зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
- 10-63 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч А.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.
- Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэглэж, прокурорт танилцуулахаар тогтов.
Магадлагаа гаргасан ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Майнбаяр гэжээ. /хх-ийн 92-93 дугаар хуудас/
18. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн эсэх хуудас. /хх-ийн 99 дүгээр хуудас/
19. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 110 хуудас/
20.“Ашид билгүүн” ХХК-ний техникийн үнэлгээний тайлан / х.х-ийн 85-87,90-91 хуудас/
НЭГ. Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус тодорхойлсон ба мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж хуульчилсан.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам зөрчснөөс хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Дээр дурдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу чиглэх замд 10-63 УНВ улсын дугаартай Т.Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, улмаар уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Д.С биед баруун талын 4,5,6,7-р хавирганы хугарал, цээжний хөндийн хий хуралдалт, баруун уушгины бүрэн бус авчилт, уушгины эдийн няцрал, зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос А.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцов.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Иймд шүүгдэгч А.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч А.Бын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
ХОЁР. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын саналдаа: Шүүгдэгч А.Бын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хариуцлага нь ял албадлагын арга хэмжээнээс бүрддэг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хэргийг сэргээх хохирлыг нөхөн төлүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд эрүүгийн хариуцлагын зорилго оршдог. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үйл баримт нийгэмд аюултай үйлдэл байдаг ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр тохирсон байна гэж хуульд хуульчлан зааж өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч А.Бд сонсгосон энэ зүйл анги нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилээс дээш 5 жил хүртэлх хугацаагаар хасаж, 1 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл 1 жилээс 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай зүйл анги байгаа. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулгүй шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Б 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатын шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С-ын эрүүл мэндэд учирсан хохирол 2,747,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн 5 дугаар зэрэглэлд учирсан хохирол болох 30,360,000 төгрөг буюу нийт 33,100,740 төгрөгийг гаргуулж С-д олгох, иргэний нэхэмжлэгч Ц-лийн нэхэмжилсэн эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 5,759,959 төгрөгийг гаргуулах мөн иргэний нэхэмжлэгч Эод учирсан хохирол болох 5,560,000 төгрөгийг тус тус гаргуулах саналыг мөн оруулж байна. Шүүгдэгч А.Бд 2025 оны 01 сарын 13-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна. Хэрэгт хураан авсан эд хөрөнгө болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж байна. Энэ хэрэгт мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй. Шүүгдэгч А.Бд шүүхийн шийтгэх тогтоол хуулийг хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хураан авсан битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийн шилжилт хөдөлгөөны хязгаарлалт тогтоох шүүгдэгчид авах албадлагын арга хэмжээ үгүй болохыг шүүхэд дүгнэлтээрээ гаргаж байгаа болно гэх дүгнэлтийг,
Хохирогч Д.С өмгөөлөгч Г.Энхболд: “Ер нь бол миний үйлчлүүлэгч бид хоёр ярилцаад ингэж шийдсэн байгаа. Адилхан залуу хүн байна, ар гэр ахуй амьдрал, өөрөө бас хагацал зовлон үзчихлээ. Тэгэхээр өнөөдөр энэ залууг ар гэрээс нь салгаад, хол байлгаад яах вэ гээд, эрүүгийн хариуцлага дээр хатуурхахгүй. Гол нь миний хохирлыг барагдуулбал сайн байна гэсэн ийм байр суурьтай байгаа. Тэгэхээр Эрүүгийн хуулийн зорилго болон эрүүгийн хариуцлагын зорилгыг сая улсын яллагч бас тайлбарлалаа. Хохирогчийн зөрчигдсөн эрхийг нь сэргээх хохирол төлүүлэх зорилготой байдаг. Хохирол төлбөрийг төлнө гэж илэрхийлж байгаа, энэ байдлыг харгалзаж үзэх нь зүйтэй. Шүүхээс хохирол хор уршгийн хэмжээг тогтоолоо. Ерөнхийдөө боломжийн бага хэмжээгээр тогтоосон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Яагаад гэвэл шүүгдэгч болон иргэний хариуцагч нар тодорхой хөрөнгүүдтэй байгаа. Энэ нь харагдаж байна. Тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгө, энэ хөрөнгүүд болон мэдэгдэхгүй байгаа, жишээлбэл хүний амьдралд байж байгаа хөрөнгүүдээрээ хохирлыг барагдуулчих хэмжээний байна гэж ингэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа учраас дараах байдлаар санал болон дүгнэлтийг гаргаж байгаа. Шүүгдэгч болон иргэний хариуцагч нар өөрсдөө хууль зүйн мэдлэг дутмаг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа аваагүй байна. Тэгэхээр өмгөөлөгчийн хувьд хорьж цагдаад байхгүйгээр Эрүүгийн хуулийн 7.1-т зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсээд, Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлд заасан үүргийг хүлээлгэж өгөөч гэж хүсэж байгаа. Энэ үүргийг хүлээлгэж өгөхийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т заасныг гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг 6 сарын хугацаанд барагдуулаад, мөн Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар тодорхой хугацаагаар тэнссэн шийдвэрийг гаргаж шийдвэрлэж өгөх боломжтой байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгчид ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
ГУРАВ. Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д “...Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ...”, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана...” гэж,
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 3.8-д “...Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэмт хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар...” зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ...” тус тус заасан.
“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолд сэтгэцийн эмгэгийн тавдугаар зэрэглэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 дахин нэмэгдүүлснээс 99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэхээр тогтоосон.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөг байхаар тогтоосон тул гэмт хэрэг гарсан хугацаанд буюу 2024 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгөөр тооцож, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэрэг 2024 оны 10 дугаар сарын сарын 26-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн ангилал, хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэмт хор учруулагчийн гэм буруу, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан хүндэвтэр хохирлын улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн тавдугаар зэрэглэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлбөрийг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 797 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.С сэтгэцэд учирсан хор уршгийг тавдугаар зэрэглэлээр тогтоосныг үндэслэн шүүгдэгчээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 46 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 30 360 000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Хохирогч Д.С нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 12 хуудас материал шинээр ирүүлснээс 2.740.740 төгрөгийн эм, эмчилгээний зардал, ажил гүйцэтгэх гэрээгээр олох байсан орлого 7.500.000 төгрөг нэхэмжилснээс ажил гүйцэтгэх гэрээгээр олох байсан орлогын нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр шийдвэрлэх боломжгүй байна.
Харин хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардал баримтааргаргасан өгсөн 2.740.740 төгрөгийг гаргуулж хохиргчид олгож, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 5.759.995 төгрөгийг хохирогчийн нэхэмжлэлээс хасч Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна. Учир нь хохирогч дээрх зардлыг төлөөгүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Б нь хохирогч Д.Сд 9.273.400 төгрөгийг төлсөн гэх боловч хэрэгт авагдсан банкны гүйлгээний баримтаар 5.712.000 төлсөн болох нь нотлогдож байх тул дээрх тооцоог хасч шүүгдэгч А.Баас 27.388.740 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Сд олгохоор тус тус шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч З.Эын эзэмшлийн 81-11 ДГС улсын дугаартай Сканни маркийн автомашинд учирсан эвдрэл гэмтэл 5.560.000 төгрөгний хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ний үнэлгээ, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Баас хохирол төлбөрийг барагдуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
Харин хохирогч нарт үзүүлсэн эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Д.С-ийн эмчилгээний зардалд 4 134 792 /дөрөв саян нэг зуун гучин дөрвөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөг, хохирогч Н.Э-ын эмчилгээний зардалд 1 625 203 /нэг сая зургаан зуун хорин таван мянга хоёр зуун гурав/ төгрөг, нийт 5 759 995 /таван сая долоон зуун тавин есөн мянга есөн зуун ерэн таван/ төгрөг гарсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар шүүгдэгч А.Баас 5 759 995 /таван сая долоон зуун тавин есөн мянга есөн зуун ерэн таван/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 т зааснаар шүүгдэгч А.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг жил 08 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг 01 /нэг/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хязгаарлах ялыг биелүүлэхгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй 01 /нэг/ хоногийг хорих ялын 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаанд хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тооцож эхлэхийг дурдсугай.
5. Шүүгдэгч А.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил 08 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ял оногдуулсан шүүхийн шийдвэрт хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын төлбөр тавдугаар зэргээр тогтоогдсон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 30.360.000 /гучин сая гурван зуун жаран мянга/ төгрөгөөр тогтоож шүүгдэгчийн төлсөн 5.712.000 /таван сая долоон зун арван хоёр мянга/ төгрөгийг хасч тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Баас 27 388 740 /хорин долоон сая гурван зуун наян найман мянга долоон зуун дөчин/ төгрөг гаргуулж хохирогч Д.Сд, 5 560 000 /таван сая таван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч З.Эод, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар 5 759 995 /таван сая долоон зуун тавин есөн мянга есөн зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, хохирогчийн Д.С ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой олох байсан орлогыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ