| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/0015/э |
| Дугаар | 2025/ШЦТ/21 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Г.Ичинхорол /ҮД:1642/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ... ... холбогдох эрүүгийн 2417000000144 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ...-нд ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, ... ам бүл ..., эхнэр ... хүүхдийн хамт ..., ..., ..., ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх ... овогт ... М /РД: ................../,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч ... нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ... аймгийн ... сумын ...дугаар баг, ... тоот нутаг дэвсгэрт тухайн үед хамт архи ууж байсан Б.Отай үл ялиг зүйлээр шалтаглан маргалдаж, хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож улмаар биед цээжинд баруун 7, 8, 9, 10-р хавирганы хугарал, баруун нүдний ухархайн доод хана, дотор хананы цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний алимны доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч ...т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2417000000144 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч ... шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дурааараа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч намайг үг хэлээр доромжилсон. Намайг эхлээд боогоод байсан. Боолтыг нь тавиулах гэж би 2, 3 удаа цохисон. Хохирогчийн цээж рүү 1 удаа өшиглөсөн. Миний үйлдлийн улмаас хохирогч Б.Оад гэмтэл учирсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдсан 2 092 342 төгрөгийг төлөөгүй байгаа. Үүнийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг төлнө. Хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна гэв.
2. Шүүгдэгч ... мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
О бид хоёр архи хувааж уугаад юм яриад сууж байхад О гэнэт л миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа хоёр удаа цохиод намайг дээрээс дарж хэвтүүлээд өмсөж байсан цамцаар боогоод би ухаан алдах гээд байсан учир Оыг доороос нь толгой хэсэг рүү нь гараараа 2, 3 удаа цохиж байж гарыг нь тавиулсан. Тэгээд би босож ирээд уур хүрээд байсан учир цээж хэсэг рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/,
3. Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би хувиараа том оврын авто машины жолооч хийдэг бөгөөд 2024 оны 10 сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Баянжаргалан суманд ажил хийхээр ....улсын дугаартай авто машинтай Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймагт өглөө 09 цагийн үед орж ирсэн. Улаанбаатар хотоос гарахдаа надаас гадна 2 машин надтай хамт нэг ажил хийхээр гарсан. Тус машинуудад ...., ...., бас нэг туслах жолооч гээд залуу байсан, нэрийг нь мэдэхгүй байна. Бид нар хамт Говьсүмбэр аймагт ирсэн. Тэгээд Говьсүмбэр аймгаас Дундговь аймгийн Баянжаргалан сум чиглээд 3 машин 12 цагийн үед хөдөлсөн. Говьсүмбэр аймгаас гараад 2, 3 км яваад цай ундаа уух гээд замын хажууд машинаа байрлуулаад зогсоцгоосон. Цай унд ууж байхдаа .... машинаасаа 2.5 литрийн савлагаатай 2 пиво гаргаж ирээд ...., ...., бид 3 хувааж уусан бөгөөд туслах жолооч гэх залуу бол уугаагүй. Пиво ууж дуусаад 0,5 литрийн Хараа нэртэй архи гаргаж ирээд дахиад бид 3 хувааж уусан. Бид нар архи уугаад сууж байхдаа ....ыг нэг бол хоцроод нэг бол түрүүлж давхиад гэх зүйл ярьж байгаад би архи уусан байгаа учир цаашаа явахгүй эндээ унтаж байгаад явна гэж хэлж байсан. Тэгээд би ер нь нойр муутай ядарсан байсан учир жаахан халаад унтаад өгсөн юм шиг байна лээ. Нэг сэрсэн чинь Дундговь аймгийн Баянжаргалан суманд хөдөө байдаг “Говь Шоо” гэх жоншны уурхай дээр ирсэн байсан бөгөөд нэг харсан чинь өглөөний 07 цаг болж байсан. Энэ бүх хугацаанд би юу болсон талаар юм санахгүй байгаа. Би өөрийнхөө машинд хамаг хувцас шороо болсон байдалтай баруун нүд битүү хавдаад юм харж болохгүй болсон байсан. Зүүн нүд доогуураа улайж хөхөрч хавдсан, зүүн талын дээд талын араасаа 2 дахь шүд хугарсан байсан. Мөн баруун талын хавирга хэсгээрээ хөдөлж болохгүй хөндүүрлэж байсан. Мөн хүзүү улайж зулгаралтууд үүссэн байдалтай сэрсэн. Тэгээд цонхоор харсан чинь .... гээд уурхай дээр ажилладаг ах явж байхаар нь дуудаад уулзсан чинь “чи чинь яачхаа вэ” гээд асуухаар нь “намайг харин ийм болгоод аваад ирсэн байна, наагуур чинь хүн байна уу” гэж асуусан чинь “бүгдээрээ байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь та нөгөө хэдийг дуудаад өгөөч гэсэн чинь ...., ...., ....ийн жолооч нар машинаасаа буугаад над дээр ирсэн бөгөөд би “яаж байгаа юм бэ” гээд асуусан чинь “гайгүй юу” гээд өөдөөс асууж байсан. Тэгээд бие өвдөөд байсан учир машиныхаа арын орон дээр хэвтээд миний машиныг .... бариад цааш хөдөлцгөөсөн. Тэгээд цааш явж очих газраа хайж байгаад очоод би “бие өвдөөд байна, буцах машин ол” гэсэн чинь “сүлжээ байхгүй машин олдохгүй байна” гэж байсан. Тэгээд би машиндаа л хэвтээд байсан бөгөөд тэр өдөр байх ....ийн жолооч гээд хамт явсан залуугаас асуусан чинь “намайг уулан дээр гараад ирсэн чинь та ийм болчихсон байсан” гэж надад хэлсэн. Өөр зүйл бол хэлээгүй. Би ....аас юу болсон талаар асуугаагүй. Тэгээд 2024 оны 10 сарын 26-ны орой миний машины эзэн Б рүү тус уурхай дээр ажиллаж байсан ....гээд миний зүс таних залуу чатаар холбогдоод над дээр ирсэн. Тэгэхээр нь би Бд “...., .... бид нар явж байгаад эд нар намайг зодчихлоо намайг ирж аваа” гэж хэлээд маргааш нь Б ирж намайг машинаар аваад Улаанбаатар хотод 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлсэн. Намайг эмнэлэгт ирэхэд .... дагаж явсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд миний баруун талын 7, 8, 9, 10 дугаар хавирга хугарсан, баруун нүдний ухархай хэсэг цөмрөлттэй байна гэж эмч нар хэлээд нэгдүгээр эмнэлэгт 2024 оны 10 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрийн хооронд 3 өдөр эмнэлэгт хэвтэж нүдний ухархайдаа хагалгаанд орсон. Намайг Улаанбаатар хот руу авч явж байхдаа .... надад “мориноос унасан гэж хэлэхгүй бол эмнэлэг яаралтай үзэхгүй байхаа” гэж хэлээд би эмч нарт үзүүлэхдээ “мориноос унасан” гэж хэлж үзүүлсэн. Би нэгдүгээр эмнэлгээс гараад 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Баяр эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлүүлсэн. Энэ хоорондох эмчилгээний төлбөрүүдийг .... бүгдийг нь хийж байсан. Би гомдолтой байна. Ажилгүй байсан хугацааны орлого болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. Сард олдог байсан орлогоо нотлох баримт болон цаашид гарсан эмчилгээний зардлын баримтаа гаргаж өгнө... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/
Одоо гаргаж өгөх нотлох баримт байхгүй. Шүүх хурал дээр баримтаа гаргаж өгөөд мөнгөн дүнгээрээ нэхэмжилнэ. Яг бол хэдэн төгрөг гарсан талаар хэлж мэдэхгүй байна. Анх намайг эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байх хугацааны бүх төлбөр тооцоог .... төлсөн. Бас надад хэрэглээний мөнгө гээд 1 000 000 төгрөг шилжүүлж өгсөн байгаа. Эмчилгээнд хэдэн төгрөг өгсөн талаар нь би хэлж мэдэхгүй байна. Тэрнээс хойш ямар нэгэн мөнгө өгөөгүй байгаа. Надад одоогоор өөрөөс гарсан эмчилгээний зардал байхгүй байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
4. Иргэний нэхэмжлэгч Г.Цэцэгдэмбэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Б.О нь 2024 оны 10 дугаар сарын 26-наас 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эмнэлгийн байгууллагын тусламж, үйлчилгээ авч үүн дээр эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2 092 442 төгрөг зарцуулсан байна. Тус зарцуулсан төлбөрийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
5. Гэрч Г..... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би хувиараа том машинаар тээвэр хийдэг ажил хийдэг юм. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Говсүмбэр аймгаас Дундговь аймгийн Баянжаргалан суманд ажиллахаар болоод өөрөөсөө гадна 2 машинтай хөдөлсөн. Тус авто машинуудыг ...., О нар тус тус унаж явсан. Тэгээд бид нар тухайн өдөр 12 цагийн үед Говьсүмбэр аймгаас хөдлөөд 7 км орчим яваад цай ундаа уух гээд Баянжаргалан явах шороон зам дагуу зогсоцгоосон. О .... нар түрүүлээд цайлах газраа очсон байсан бөгөөд О над руу залгаад 2.5 литрийн 2 ширхэг пиво захисан бөгөөд би тэрийг нь аваад очсон. Тэгээд тэр пивийг ...., О бид 3 хувааж уусан бөгөөд ууж байхдаа О надтай маргаад ажил яриад агсараад байсан. Тэгээд ууж байсан пиво дуусаад надад машинд байсан Хараа нэртэй 0.75 литрийн архи гаргаж ирээд бид 3 хувааж уусан. Би архинаас бол уухгүй байсан чинь “чоно санаа гаргаад” гээд байгаад байхаар нь машинаа асаагаад нэлээд хол очиж зогсоод буцаж очоогүй байж байгаад шууд цаашаа Баянжаргалан сумын уурхай дээр хүрээд байж байсан чинь араас ...., О нарын машин ирсэн бөгөөд “О машиндаа унтаж байна” гэж байсан. Тэгээд маргааш өглөө нь босоод Отай уулзсан чинь нүүр нь хавдсан харагдаж байсан, бас “хавиргаар хатгаад байна” гэж байсан бөгөөд юу болсон талаараа бол надад яриагүй. Би ....аас юу болсон талаар нь асуусан чинь “чамайг хөдлөөд явсаны дараа надад агсараад намайг боож аваад машин тэргээ шаварт суулгаад байсан. Тэгээд би нүүр лүү нь 2 цохиод хавирга руу нь тийрсэн” гэж хэлж байсан. О бид хоёр Б гээд нэг хүний машин барьдаг юм. Тэгээд маргааш нь байхаа Б ирээд ...ай хамт Оыг аваад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар нь мэдэхгүй байна хэрэг болох үед ....ын туслах жолооч Эрдэнэсүх гээд залуу хамт байсан, тэр залуу бүдгийг нь харсан юм шиг байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
6. Насанд хүрээгүй гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би хуурай ах .... хамт тээвэрт явахаар нь хаа нэг л хамт явж тусалдаг юм. Тэгээд “Дундговь аймаг руу тээвэрт явна” гэхээр нь хамт явахаар болоод 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймагт ирсэн. Тэгээд тэр өдрөө 12 цагийн үед байхаа Говьсүмбэр аймгаас хөдөлсөн. .... ахтай хамт ...., О ах нар тус тусдаа машинтайгаа явж байсан юм. Тэгээд би .... ахын машинд суугаад явж байсан бөгөөд Говсүмбэр аймгаас Дундговь аймгийн Баянжаргалан сум чиглээд гарсан бөгөөд нээх хол яваагүй цай ундаа уух гээд зогссон. Тэгээд цай унд ууж байхдаа ...., О, .... ах нар том савтай пиво гаргаж ирээд хуваагаад уугаад байсан. Тэгж ууж байхдаа О ах, .... ах болон .... ах руу агсараад байгаа бололтой үгээр өдөөд “цалин цагаагаа бага өгдөг уяатай нохой шиг чи ажлаа биз дээ” гээд машинхаа эзнийг л хэлээд байгаа бололтой байсан. О ахын унаж явсан машин нь .... ахын хадам ахынх нь гэж байсан. Тэгээд л .... ах, .... ах нар луу агсараад байсан юм билээ. Тэгээд агсараад хэл амаар доромжлоод байсан чинь .... ах түрүүлээд машинаа унаад яваад өгсөн. Тэрнээс өмнө пиво нь дууссан чинь О ах “машинд байгаа архи ууна” гэсээр байгаад .... ахын машинаас надаар Хараа нэртэй архи авчируулсан. Тэгээд .... ахыг явсаны дараа О ах .... ах хоёр архиа хувааж уугаад юм яриад сууж байсан. Би тэр үед машин дотор цонхоор тэр хоёрыг хараад сууж байсан бөгөөд О ах .... ахыг нүүрний баруун хэсэг рүү алгадаж байгаа харагдаад бас толгой руу нь цохиж байгаа харагдсан. Тэгээд машинаас буугаад ирсэн чинь О ах .... ахын дээр гарчихсан цамцаар нь боочихсон байсан. Тэгээд тэр 2 зууралдаж зодолдож байгаад би “боль” гэсэн боловч намайг тоохгүй байсан бөгөөд би О ахыг .... ахын дээрээс татаад авсан бөгөөд бас .... ахыг татаж босгосон. Тэгээд босож ирээд байж байгаад .... ах О ах руу уурлаад “зүгээр байж байхад боож зодлоо” гээд О ахын нүүр лүү нь 2, 3 удаа цохиод нэг удаа цээж рүү нь өшиглөсөн. Тэгэхээр нь би очиж салгаад дахиж зодолдуулаагүй бөгөөд .... ах болон О ах 2 нэлээд согтуу байсан. Тэгээд О ах “буцаад явлаа” гээд хашхираж байгаад машинаа унаж хөдлөөд нээх хол яваагүй шаварт суучихсан. .... ах араас нь очоод машиныг шавраас гаргаад машинаас бууж ирсэн. Тэгээд О ах гадуур хашхичаад .... ахыг “алнаа” гээд байсан бөгөөд шаварт гулгаж унаад яваад байсан. Бас машиндаа бууж суугаад байсан бөгөөд машинаасаа буухдаа гишгүүр дээрээсээ унаад байсан. Би холоос харсан болохоор яг хаагуураа яаж унасан эсэхийг нь мэдэхгүй байна. Тэгээд тэр .... ах аргадаж байгаад О ахыг машинд нь оруулаад унтуулаад өөрөө гадаа нь хэвтээд унтаад өгсөн. Тэгээд орой 20 цагийн үед сэрээд би .... ахын машиныг бариад О ахын машиныг .... ах бариад цааш явсан. Маргааш өглөө нь О ах “хавирга өвдөөд” гэж байсан бөгөөд 2 нүд нь хөхрөөд хавдсан байсан. .... ахын биед гэмтэл бэртэл харагдаагүй. Тэгээд 1 хоноод Улаанбаатар хотоос хүн ирээд .... ах О ах нарыг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
7. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
... нь манай нөхөр бөгөөд гэрлэлтээ батлуулж хамт амьдраад 16 жил болж байна. Дундаасаа хоёр хүүхэдтэй. Одоо гурав дахь хүүхэд маань төрөх гэж байгаа. Манай нөхөр ... нь багаасаа хар бор ажил хийж ээждээ тусалж 2 дүүгээ өсгөлцсөн. 2 дүүгээ их сургуульд сургаж төлбөр мөнгийг нь төлж байсан. Өөрөө бол дээд сургуульд сурч чадаагүй. 8 дугаар ангиа төгсөөд сургуулиасаа гараад хар бор ажил хийж байгаад 2009 онд жолооны курсэд суралцан төгсөөд жижиг машинаар халтуур хийж мөнгө олоод гэр бүлээ тэжээдэг байсан бөгөөд би 2014 онд гадаад явж 2 жил болсон бөгөөд тэр хугацаанд 2 хүүхдээ харж өсгөж байсан. Тэгээд би 2017 онд ирээд тэрнээс хойш том машин аваад манай нөхөр тус машинаараа ачаа зөөж амьдралаа залгуулж эхэлсэн. Архи согтууруулах ундаа бол бараг хэрэглээд байдаггүй. Өмнө нь ямар нэгэн хэрэгт орж байгаагүй. Хүнд тусархуу зантай. Найз нөхөд, гэр бүл, хамт олон дунд нэр хүнд сайтай. Хүнтэй муудалцаж байхыг нь би хараагүй. Энэ удаа яагаад архи уугаад хүнтэй муудсан талаар мэдэхгүй байна. Тэр муудаж маргасан О гэх залуутай хамт тээвэрт явж байгаа, Говьсүмбэр аймагт байж байгаад архи хувааж уугаад хэл амаар доромжлоод цохиж аваад цамцаар нь боогоод байхаар нь цохисон гэж надад өөрөө хэлсэн. Барагтай юманд уурлаж хүний өөдөөс гар далайж үг хэлдэггүй хүн ийм асуудал гаргасан гэж бодохоор тэвчээр нь үнэхээр алдарсан байна гэж бодсон. Манай нөхрийн биед ил харагдах шарх гэмтэл тухайн үед харагдаагүй. О гээд залуу нь манай төрсөн ахын машиныг хөлсөөр барьж тээвэрт явдаг хүн байгаа юм. Манай ах болон манай нөхөр ....ийг хэл амаар доромжлоод байсан гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
8. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 351 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Б.Оын биед цээжинд баруун 7, 8 ,9, 10-р хавирганы хугарал, баруун нүдний ухархайн доод хана, дотор хананы цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний алимны доргилт гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Цээжинд баруун 7, 8, 9, 10-р хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
- Баруун нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний алимны доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
9. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- ...ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 39 дүгээр хуудас/,
10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 146 дугаар дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- .... О /..../-н сэтгэцэд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресс үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна.
- Дээрх шинж илэрсэн нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна.
- Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.
Дүгнэлт гаргасан: Шинжээч Э.Мөнхнаран, З.Амар-Амгалан гэжээ /хх-ийн 43-45 дугаар хуудас/,
11. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
12. Хохирлын баримт /хх-ийн 61-63 дугаар хуудас/,
13. Шүүгдэгч ...ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч ...т холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч ... нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Бурхант 7-08 тоот нутаг дэвсгэрт тухайн үед хамт архи ууж байсан Б.Отай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож улмаар биед цээжинд баруун 7, 8, 9, 10-р хавирганы хугарал, баруун нүдний ухархайн доод хана, дотор хананы цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний алимны доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч ...ийн өмгөөлөгч Г.Ичинхорол гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч ... нь анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Харин хохиролын хувь шүүгдэгч ... нь хохирогч Б.Оад эмчилгээний зардалд 4 721 990 төгрөг, дараа нь ойр зууртаа хэрэглээрэй гээд 1 000 000 төгрөг, нийт 5 721 990 төгрөгийг төлсөн. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.Оын эмчилгээнд гарсан 2 092 442 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Хохирогч Б.Оын сэтгэцэд учирсан хохиролыг шинжээчийн дүгнэлтээр хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр сэтгэцэд учирсан хохиролын хэмжээг тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч ... нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр буюу Говьсүмбэр аймгаас Дундговь аймгийн Баянжаргалан сум явдаг шороон зам дээр тухайн үед хамт архи ууж байсан Б.Отай маргалдаж, хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнийг зодож, хохирогч Б.Оын биед цээжинд баруун 7, 8, 9, 10-р хавирганы хугарал, баруун нүдний ухархайн доод хана, дотор хананы цөмөрсөн хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна гэж үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч ...ийн холбогдсон гэмт хэргийн гарсан байдлыг “...Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Бурхант 7-08 тоот нутаг дэвсгэрт...” гэж бичсэн байх боловч шүүгдэгч ... нь холбогдсон хэрэг нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр буюу Говьсүмбэр аймгаас Дундговь аймгийн Баянжаргалан сум явдаг шороон зам дээр үйлдэгдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч ... нь хохирогч Б.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Түүнчлэн шүүгдэгч ... нь хохирогч Б.Оын цээжинд баруун 7, 8, 9, 10-р хавирганы хугарал, баруун нүдний ухархайн доод хана, дотор хананы цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний алимны доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.О, гэрч Г....., насанд хүрээгүй гэрч О.Э нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 351 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 146 дугаар дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч ...ийн үйлдлээс шалтгаалан хохирогч Б.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч ...ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ... нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Г.Ичинхорол нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч ...ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Оын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан ба шүүгдэгч ... нь хохирогч Б.Оад эмчилгээний зардалд 5721990 төгрөгийг нөхөн төлсөн байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.Оын эмчилгээнд 2 092 442 төгрөгийн зардал гарсан ба Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлөхөөр заасан байх тул шүүгдэгч ...аас 2 092 442 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох шийдвэрлэлээ.
Хохирогч Б.Оын өмгөөлөгч Б.Зулбаяр нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан дээр “хохирогч Б.О нь энэ гэмт хэргийн улмаас сэтгэц нь гэмтсэн. “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ийн 4-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол сэтгэцэд учирсан хор уршиг нь гуравдугаар зэрэглэлд хамаарч байгаа. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 146 дугаар дугаартай шинжээчийн дүгнэлт нь хохирогч Б.Оын сэтгэцэд гэмтэл учирсан эсэхийг тогтоосон. Харин хохиролын зэрэглэл буюу хэдий хэмжээний хохирол гарсан талаар эцэслэн тогтоосон дүгнэлт биш. Хохирол тогтоох эрхийг шүүхэд олгосон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр сэтгэцэд учирсан хохиролыг тогтоож өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “...Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/, ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж заасан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Мөнх-Эрдэнийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх” тогтоолын дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 146 дугаар дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан ба уг дүгнэлтэд “1. .... О /..../-н сэтгэцэд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресс үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2. Дээрх шинж илэрсэн нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл хохирогч Б.Оын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байх тул хохирогчийн өмгөөлөгч Б.Зулбаяраас 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүхээс үзлээ.
Харин хохирогч Б.Оын сэтгэцэд учирсан хор уршгийг “Хоёрдугаар” зэрэглэлээр тогтоосон байх тул “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ийн 4-т зааснаар хохирогч Б.Оын сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660 000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Оын сэтгэцэд учирсан хор уршиг 3 960 000 төгрөгийг шүүгдэгч ...аас гаргуулж хохирогч Б.Оад олгох нь зүйтэй гэж үзлээ.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч ...ийн өмгөөлөгч Г.Ичинхорол эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч ...ийн хувьд хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай гэмт хэрэг тул улсын яллагчаас гаргасан торгох ял оногдуулах саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч ...т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч ... нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Түүнчлэн гэрч Г.....ын “...тэр пивийг ...., О бид 3 хувааж уусан бөгөөд ууж байхдаа О надтай маргаад ажил яриад агсараад байсан... ...Би ....аас юу болсон талаар нь асуусан чинь “чамайг хөдлөөд явсаны дараа надад агсараад намайг боож аваад машин тэргээ шаварт суулгаад байсан. Тэгээд би нүүр лүү нь 2 цохиод хавирга руу нь тийрсэн” гэж хэлж байсан...” гэж мэдүүлсэн, насанд хүрээгүй гэрч О.Эийн “...О ах .... ахыг нүүрний баруун хэсэг рүү алгадаж байгаа харагдаад бас толгой руу нь цохиж байгаа харагдсан. Тэгээд машинаас буугаад ирсэн чинь О ах .... ахын дээр гарчихсан цамцаар нь боочихсон байсан. Тэгээд тэр 2 зууралдаж зодолдож байгаад би “боль” гэсэн боловч намайг тоохгүй байсан бөгөөд би О ахыг .... ахын дээрээс татаад авсан бөгөөд бас .... ахыг татаж босгосон...” гэж мэдүүлсэн байна. Дээрх мэдүүлгүүдэд дүгнэлт хийхэд шүүгдэгч ... нь хохирогч Б.Оын хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч ...т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...т оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ... нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт ... ....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...т оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч ... нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Оад 5721990 /таван сая долоон зуун хорин нэгэн мянга есөн зуун ер/ төгрөг нөхөн төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Оын сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр болох 3 960 000 /гурван сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг шүүгдэгч ...аас гаргуулж хохирогч Б.Оад олгосугай.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...аас 2 092 442 /хоёр сая ерэн хоёр мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ