Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/22

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийнэрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн П.Энхбат,

улсын яллагч Б.Бүжинлхам,

шүүгдэгч Н.М түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Нийн Мд холбогдох эрүүгийн 2417001780010 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, яс үндэс халх, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “................” ХХК-д тээрмийн машинист ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Говьсүмбэр аймаг, ............. сум ............ дүгээр баг, Төмөр замын ................. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай,

Урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугар сарын 09-ний өдрийн 77а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Б овогт Нийн М, регистрийн дугаар (...............).

                                                                        Холбогдсон хэргийн талаар:

     /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 22 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Ганзамын 502-2 тоотод тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогч Л.Аын цээж, хэвлий хэсэг рүү нь өшиглөж, улмаар эрүүл мэндэд нь цээжинд баруун талын 8-р хавирганы хугарал, зүүн 2, 3, 4, 6, 8, 9-р хавирганы хугарал, цээжний баруун талаар цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Н.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

2. Хохирогч Л.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2024 оны 11 дүгээр сарын 03-ны орой 09 цагийн үед найз Мтай хамт хөдөө яваад 1 хонь аваад 22 цагийн үед Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 1-р баг Ганзам 502-ийн 2 тоотод ирээд найз Б, М нартай хамт хонио гаргаад байж байтал миний таньдаг дүү М орж ирээд хийж байсан ажилд туслаад, над дээр ирэхдээ 0.75 литрийн 1 шил архи авчраад хамт уусан удалгүй М манай найз Бтай муудаад байхаар нь би болиулаад найзыгаа явуулсан. Тэгээд уугаад сууж байснаа муу сайн хорихын хянагч нар гээд доромжлоод байхаар нь за дүү одоо болсон одоо харь гээд гараас нь бариад гэрээс гаргасан чинь эргэж хараад миний элэг рүү өшиглөж унагаасан. Тэгээд тухайн үед цохилт ороод би дугарч чадахгүй газар хэвтэж байсан чинь манай найз Мыг боож унагаасан буцаж над дээр ирээд намайг хэвлий хэсэг рүү олон удаа өшиглөсөн. Тэгээд удалгүй манай найз М ирж салгаад наад хүнээ аллаа гээд холдуулсан. Тэгсэн М шууд гэртээ харих гээд явсан. Манай найз М намайг гэрлүү өргөөд оруулсан тэгээд би унтаад өгсөн. Маргааш өглөө 07 цагийн үед М малгайгаа авах гээд ирсэн тэгсэн миний зодуулсан газар малгай нь байж байсан тэгээд малгайгаа аваад явсан. Би Н.Мгээс сэтгэл санаан хор хохирол нэхэмжлэхгүй, эмчилгээний зардал гээд 7,800,000 төгрөг авсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 11, 13-14 дүгэр хуудас/

3. Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2024 оны 11 дугаар сарын 03-ны өглөө ажлаасаа буугаад гэртээ ирж байтал найз А над руу залгаад хоёулаа ойрхон хөдөө яваад айлд машины бүтээлэг аваачиж өгөөд ирье гэж А утсаар ярьсан би тухайн үед Атай цуг явъя гэж хэлсэн тэгтэл А удалгүй ирсэн. Хөдөөнөөс ирэхдээ 1 хоньтой ирсэн А, Б ах бид 3 хонио хийж байтал М /М/ гэх хүн Хараа нэртэй 0,5 литрийн савлагаатай 1 шил архитай орж ирсэн малаа хийгээд бид 4 цуг уусан. Тэгтэл М гэх залуу Б ахтай муудалцаад шоронгийн хуяг гээд дээрэлхээд байхаар нь А  Б ахад хандан одоо миний найз яв Мягаатай учраа олохгүй гэж хэлээд Б ахыг явуулсан. А мөн адил Мг одоо болно харь гээд гараас нь татаад гадаа гарсан. Тэгтэл М нь гараараа Аын дагз хэсэг рүү нэг удаа цохисон. Би араас нь гартал М намайг үгийн зөрүүгүй боогоод унагаасан. Би тухайн үед ухаан санаа балартаж хэсэг ухаан алдсан юм шиг байсан. Тэгээд сэртэл Аыг М цээж хэсэг болон хэвлий хэсэг рүү өшиглөж байсан. Би Мд хандаж наад хүнээ аллаа гэсэн чинь болиод яваад өгсөн. Аыг би өргөөд гэрт нь оруулаад хамт хоносон..” гэх мэдүүлэг (хх-ийн 18 дугаар тал),

4. Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2023 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр найз Аын эзэмшлийн блокийн үйлдвэрт 21 цагийн үед яваад очиход манай найз А М /Мянгаа/ нар хонь хийгээд байж байсан. Би очоод ууж байсан архинаас нь 100 гарам татаад байж байсан чинь гаднаас танихгүй нэг залуу 1 шил “Хараа” гэдэг архи аваад орж ирсэн тэгээд жаахан байж байгаад чанасан махнаас нь амсаад гэр лүгээ яваад өгсөн” гэх мэдүүлэг (хх-ийн 16 дугаар тал),

                 5. Гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2024 оны 11-р сарын 15-ны өдөр манай дүү А 99283455 гэсэн дугаараас залгаад дүү нь эмнэлэгт хэвтэж байна маргааш хагалгаанд орно ойр зуурын юм авчираад өгөөч гэж надруу залгасан. Би ойр зуурын юм аваад Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очиж дүүтэйгээ уулзсан чинь манай дүү А танигдахын аргагүй турсан царай алдсан байсан. Маргааш нь хагалгаанд ороод эмнэлэгт 3 хоног хэвтсэний дараа очиход манай дүү А би үнэнээ хэлье намайг М гэх хүн зодсон гэж надад хэлсэн. Би тэр хүнийхээ утас гэрийн хаяг өгөөдөх гэсэн чинь 94400609 гэсэн дугаар өгөхөөр нь залгаад ярьсан чинь би А гэх хүн танихгүй ямар сүртэй юм, хэдэн төгрөг авах гээд байгаа юм гээд утсаа тасдсан дахин залгахад утсаа авахгүй байсан. Дүү Атай ярилцаад яагаад одоо болтол өргөдөл өгөөгүй юм гэсэн чинь хүн чанар зулгаагаад таньдаг хүнээ цагдаад өгөөд яахав гэж бодсон гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

6. Шинжээчийн 2024 оны 01 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаар дүгнэлтэнд:

  1. Л.Аын биед цээжинд баруун 8-р хавирганы хугарал, зүүн 2,3,4,6,8,9-р хавирганы хугарал, цээжний баруун талаар цус хуралт гэмтэл тогтоогдпоо.
  2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Цээжинд баруун 8-р хавирганы хугарал, зүүн 2,3,4,6,8,9-р хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
  4. Цээжний баруун талаар цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

      5.Цаашид ерөнхий хөлөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дүгнэлт гаргасан ахлах зэргийн шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулга /хх-ийн 35, 43-47 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 22 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Ганзамын 502-2 тоотод тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогч Л.Аын цээж, хэвлий хэсэг рүү нь өшиглөж, улмаар эрүүл мэндэд нь цээжинд баруун талын 8-р хавирганы хугарал, зүүн 2, 3, 4, 6, 8, 9-р хавирганы хугарал, цээжний баруун талаар цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Иймд шүүгдэгч Н.Мгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Мгийн өгсөн мэдүүлэг, хохирогч Л.А, гэрч Т.М, С.Э нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 354 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь ахуйн хүрээнд архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

Шүүгдэгч Н.М нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн ба энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Хохирогч Л.Аын эмчилгээний зардалд 7 800 000 төгрөгийг шүүгдэгч Н.М төлж барагдуулсан байна.

Мөн хохирогч Л.Аын эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 66.769 /жаран зургаан мянга долоон зуун жаран есөн/ төгрөг гарсныг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

ХОЁР. Шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Н.М нь хүлээн зөвшөөрсөн байх тул торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүхээс шүүгдэгч Н.Мгийн хувийн байдлыг харгалзаж улсын яллагчаас гаргасан 700 /долоон зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналыг хүлээн авч 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй нэхэмжлэх зүйлгүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Нийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мг  700 /долоон зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд оногдуулсан 700 /долоон зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт зааснаар Н.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                    

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ