| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/0056/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/63 |
| Огноо | 2025-03-11 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Ундармаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,
улсын яллагч Б.Ундармаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,
шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Б-д холбогдох 2516000000059 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, ***** оны *** дугаар сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** сумд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ******* сумын ***** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын ****-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулж, ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан, ********* регистрийн дугаартай, Ж овогт З-н Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч З.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч З.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 06 минутад Говь-Алтай аймгийн ********* сумын ********* багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй, “Даюун” загварын мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
1. Шүүгдэгч З.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/
2.Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл эрх хасагдсан ...” гэх агуулга бүхий жолоочийн лавлагаа, мэдээлэл. /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/
3. Шүүгдэгч З.Б-н амьсгал дахь спиртийн агууламж 0,55 хувь гарсныг тусгасан эрх бүхий албан тушаалтны 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл. /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/
4. Шүүгдэгч З.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулж, ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын ****-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар./хавтаст хэргийн 37-40 дүгээр хуудас/
5. Гэрч П.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт шугам замд үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Өдрийн 12 цаг 06 минутын үед Хаан банкны урд талын засмал зам дээр улсын дугааргүй Даюун загварын мотоцикл жолоодож явсан З овогтой Б-г шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, мөн тээврийн хэрэгслийн жолооч З.Б-с архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь З.Б-г Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд авч ирж 7510 маркийн драгер багаж үлээлгэхэд 0,55 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Тодруулбал, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Мөн “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг мөн, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор хуульчилсан тайлбарыг хийжээ. Энэ нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд урьд өмнө нь адил үндэслэлээр, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үндэслэлээр шийтгэл хүлээж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тохиолдолд хамаарна. Шүүгдэгч З.Б-н тухайд өмнө нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний шөнө жолооч согтуулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдэн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1(нэг) жилийн хугацаагаар хасуулсан тул түүний энэ удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангана гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч З.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,800(хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000(хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,800(хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000(хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 2,800(хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000(хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт З-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, түүнд 2,800(хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000(хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-д оногдуулсан 2,800(хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000(хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10(арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.Б-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА