Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 42

 

МАГАДЛАЛ

 

2018.12.26                                                 Дугаар 42                                    Улаанбаатар хот

 

 

 

 

О.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2018/02646 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.О-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 12 594 099 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2017 оны 7 дугаар сард О.А нь эхнэр А.Ч-ийн хамт 4918 УНМ улсын дугаартай, Бейбен маркийн машиныг иргэн Сүхбатаас зээлээр худалдан авч Багахангайд орших улаан тоосгоны үйлдвэрт ажиллаж байтал О.А-гийн танил Б-гийн эхнэр Н.О ХК ХХК-ийн зуурмагийн узелд Шувууны фабрикаас хайрга зөөх ажил байна. 15 хоногоор нь тооцоогоо бэлнээр хийнэ. Мөн машины зээлээ хугацаанд нь төлж болох юм байна гэж тооцон зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд хайрга зөөх ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэвч тохирсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Төлбөрөө Н.О-ээс нэхэхээр ХК ХХК мөнгөө төлөхгүй байна. Санаа зоволтгүй гэх мэтээр худал амласан ба О.А нь түүнд нь итгэн ажлыг дуустал хийж гүйцэтгэсэн. Ингээд ХК ХХК-ийн нягтлантай уулзтал та нартай гэрээ хийгээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад би хариуцагч ХК ХХК-аас татгалзсан. Учир нь ХК ХХК нь Н.О-тэй харилцан тохиролцож байгуулсан гэрээгээ 2017 оны 10 дугаар сард цуцлан бүх ажлын төлбөр мөнгийг шилжүүлсэн байсан. ХК ХХК-ийн нягтлан О.А-гийн гүйцэтгэсэн ажлын тооцоог гаргаж өгсөн бөгөөд тухайн баримтаас үзэхэд О.А  12 594 099 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна. Иймд уг төлбөрийг Н.О-ээс гаргуулж, О.А-г хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагаас 9 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа ба үлдэх            3 594 099 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ХК ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Хайрга, дайрга ачих тээвэрлэх гэрээ байгуулан хово машинаар хайрга тээвэрлэх болсон. Анх энэ тухай хэлэхдээ 1 куб метрийг 6 500 төгрөгөөр гэдгийг маш сайн хэлсэн ба өөрсдөө зөвшөөрөөд ажлыг хийсэн. Гэхдээ цаанаа буюу ХК ХХК-тай байгуулсан гэрээнд ондоо үнэлгээтэй байсан. Ажил хийсэн жил шүлхий өвчин гараад хөл хориотой байсан тул гэрээний дагуу бүрэн тээвэрлэж чадаагүй тул гэрээг цуцалсан. Хийсэн ажлын хөлсийг бартераар авч дууссан. Би нэхэмжлэгчид ХК ХХК-иас ажлын хөлсөнд өгсөн дугуй, автомашин зэрэг зүйлийг авахыг санал болгосон боловч О.А-гийн хувьд алийг нь ч хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл намайг цагдаад шалгуулахаар гомдол гаргасан байсан. Тэр үед цагдаагийн хажууд тохирон нэгжийн үнийг 6 500 төгрөгөөр тооцон нийт 2326 куб.метрээр үржүүлэн 15 119 000 төгрөг болж, үүнээс түлшний үнэ болох 6 300 000 төгрөгийг хасан 8 819 000 төгрөг гарсан тул 9 000 000 төгрөг гэж тооцон надад мөнгө зээлсэн болгож 9 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Миний зүгээс 9 000 000 төгрөгийг төлнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.О-ээс 12 594 099 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн   7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 500 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж, хариуцагчаас 216 455 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талууд 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар нэг баримт бичиг үйлдэж гарын үсэг зурж гэрээ байгуулсан талаар маргадаггүй боловч шүүх үүнийг нь үнэлэхэд эргэлзээ төрүүлсэн гэж тайлбарладаг. Гэтэл энэ үйл баримт нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаанд талууд үүргийн гүйцэтгэлийн тухай тооцоо нийлж уг зээлийн гэрээ гэх баримтыг үйлдсэн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон. Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь Зээлийн гэрээ байгуулах биш харин үлдэгдэл төлбөрөө баталгаажуулах зорилгоор уг гэрээг байгуулсан байгаа юм. Шүүх дээрх гэрээний нэршил биш харин хүсэл зоригийн илэрхийлэл юу байсан бэ гэдэг талаар дүгнэл хийгээгүй байна. Хариуцагч нь ХК ХХК-тай м.куб нь 8 000 төгрөг тохирсон атал О.А-г ажиллуулсныхаа төлөө өөрөө ямар нэгэн ашиг олох зорилгогүй нэхэмжлэгчид м.куб-ийг нь 8 000 болож төлбөр өгнө гэж шүүх үзсэн нь ойлгомжгүй байна. Учир нь хүн ямар нэгэн ажил үйлчилгээ явуулж байгаа тохиолдолд үүнээсээ ашиг олох зорилготой байдаг нь нийтэд илэрхий нотлох баримт болох юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 3 594 099 төгрөгөөр багасгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, нотлох баримт болон хэргийн үйл баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн боловч шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч О.А нь хариуцагч Н.О-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 12 594 099 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч           9 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх 3 594 099 төгрөгийн хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтад хариуцагч Н.О нь ХК ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Хайрга, дайрга ачих тээвэрлэх гэрээ байгуулж, захиалагч тээвэрлэлтийн 1 куб.метрийн үнийг 8 000 төгрөгөөр тооцон хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байна. Түүнчлэн, нэхэмжлэгч О.А гэрээний туслан гүйцэтгэгчээр ажиллаж, өөрийн эзэмшлийн 49-18 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хайрга, дайрга тээвэрлэн, хариуцагч Н.О нь хөлс төлөхөөр харилцан тохиролцсон боловч хөлс төлөөгүй үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх-29-33/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг хэн аль нь шаардах эрхтэй.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч нь ХК ХХК-нд өөрийн эзэмшлийн 49-18 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хайрга, дайргыг нэгжийн үнэ болох 8 800 төгрөгөөр тээвэрлэн, нийт 12 594 099 төгрөгийн ажил гүйцэтгэсэн талаарх тооцооны баримтыг жагсаалтаар гаргасан байна. Харин хариуцагч нь 9 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн боловч үлдэх 3 594 099 төгрөгийг баримтаар няцаагаагүй байх тул үйл баримтыг нотлох үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар биелүүлээгүй, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хариуцагчийн татгалзал, түүнд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХК ХХК-д нэхэмжлэлийг гардуулан тайлбар авсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн хариуцагчаас татгалзсаныг шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүй нь буруу байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2018/02646 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХК ХХК-д холбогдох нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.О-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 72 460 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

         ШҮҮГЧИД                              Д.ЦОГТСАЙХАН

 

                                                       М.НАРАНЦЭЦЭГ