Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/10

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                                                   Б.Эад холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр,

Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолтой Б.Эад холбогдох 2038002930397 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б овогт Б-ийн Э, 1970 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ..................../.

Б.Э нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг “Нарийн төмстэй” гэх газарт 2020 оны 3 дугаар сарын 25-наас 28-ны өдрийн хооронд эрхийн бичигт заасан аргыг зөрчиж 6 метрийн урттай 5 ширхэг, 7 метрийн урттай 4 ширхэг торхны босоо модыг зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө, Пад трактор ашиглан бэлтгэж, ойн санд 2,290,120 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч “Б” овогт Б-ийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар 4.3 куб мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд хөрөнгийг битүүмжилсэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Д-ийн Д-ид 31-02 ХӨВ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг, Пад маркийн тракторыг түр эзэмшигч гэх Б.Эад тус тус буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн нийт 4.3 куб метр нойтон хэрэглээний бөөрөнхий модыг хурааж хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн 2038002930397 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт шүүгдэгч Б.Эаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 31-02 ХӨВ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 5,500,000 төгрөгөөс экологи эдийн засагт учирсан хохирол болох 2,229,120 /хоёр сая хоёр зуун хорин есөн мянга нэг зуун хорь/ төгрөгийг гаргуулж Эрдэнэбулган сумын экологийн санд оруулах, үлдэх 3,270,880 /гурван сая хоёр зуун далан мянга найман зуун ная/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр давж заалдах гомдолдоо: Өмгөөлөгчийн хувьд өөрийн үйлчлүүлэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

Учир нь: Дээрх шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүгдэгч Б-ийн Эын эрх, хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх шийдвэр болсон байна. Үүнд:

Нэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв ... ” гэсэн нь учир дутагдалтай байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан...” тохиолдолд “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохоор заажээ.

Гэтэл хавтаст хэрэгт цугларсан баримтын хэмжээнд миний үйлчлүүлэгч Б.Эыг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг “Нарийн төмстэй” гэх газарт мод бэлтгэхдээ зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх үндэслэл тогтоогддоггүй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан байдаг.

Хэргийн бодит байдлын тухайд Б.Э нь хэрэглээний модны зөвшөөрөл авсан болох нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн Иргэдийн нийтийн хурлын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай “Хэрэглээний модны зөвшөөрөл олгуулах тухай” тогтоол /хх-ийн 121-р тал/-ын хавсралтаар хүү Э.Цэнгэнбаярт олгогдсон зөвшөөрлийн дагуу 2020 оны 3 дугаар сарын 25-28-ны өдрийн хооронд мод бэлтгэсэн байдаг.

Иймд Б.Эыг Ойн тухай хууль болон Ойгоос мод бэлтгэх журмын дагуу хууль ёсоор мод бэлтгэсэн гэж үзнэ. Түүнчлэн Б.Э нь 06106, 061573 дугаартай гарал үүслийн гэрчилгээг зохих журмын дагуу сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаас гаргуулан авч хэрэглээний мод бэлтгэсэн байтал түүнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан улмаар шүүхэд шилжүүлэх яллах дүгнэлт үйлдэхдээ “...эрхийн бичигт заасан аргыг зөрчиж...” гэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болсон. Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эрхийн бичигт заасан аргыг зөрчиж...” үйлдсэн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг агуулахгүй бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй.” гэх зохицуулалтыг ноцтойгоор зөрчсөн байна.

Хоёр. Мөн миний үйлчлүүлэгч Б.Э нь 061506 дугаартай эрхийн бичгээр 12м3, 061573 дугаартай эрхийн бичгээр 11 м3 мод бэлтгэх эрхийг тус тус авсан байдаг бөгөөд дээрх бичгийг үндэслэн зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэлгүй 18м3 унанги мод, 4.3м3 босоо нойтон мод бэлтгэсэн байдаг. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд “...зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн...нойтон модыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:  Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 354 дугаартай яллах дүгнэлтээр Б.Эыг ойгоос цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэх эрхийн бичиг авч улмаар Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг Нарийн төмстэй гэх газарт 2020 оны 03 дугаар сарын 25-28-ны өдрийн хооронд эрхийн бичигт заасан аргыг зөрчиж 6 метрийн урттай 5 ширхэг, 7 метрийн урттай 4 ширхэг торхны босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар 4.3 куб мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Мөрдөгч, прокурор нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5-т заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй нотолж чадаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг хуульчлан тодорхойлсон ба энэ хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасан.

Гэтэл Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2020.10.09-ний өдрийн 2038002930397 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол болон хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай 2020.05.28, 2020.06.28, 2020.07.28, 2020.08.28-ны өдрүүдийн мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын 2020.10.23-ны өдрийн тогтоолуудад гэмт хэрэг гарсан газрын нэрийг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг “Нарийн төмстэй” гэж,

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020.11.11-ний өдрийн 354 дугаартай яллах дүгнэлт хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн 2020.04.28-ны өдрийн Ж257 дугаартай тогтоол, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан 2020.04.09-ний өдрийн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын 2020.04.15-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах хугацаа сунгах тухай тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн 2020.04.09-ний өдрийн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн 2020.10.21-ний өдрийн тэмдэглэл, модонд үзлэг хийсэн 2020.04.09-ний өдрийн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020.10.23-ны өдрийн мөрдөгчийн санал, эд мөрийн баримтаар тооцох тухай 2020.10.23-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтыг хураан авах тухай 2020.10.22-ны өдрийн мөрдөгчийн санал, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2020.07.07, 2020.10.06-ны өдрүүдийн мөрдөгчийн санал, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж ирүүлсэн хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлт ялуулахаар буцаах тухай прокурорын 2020.07.09-ний өдрийн 75 дугаар тогтоол, хэргийг шүүхэд шилжүүлэх тухай 2020.10.23-ны өдрийн мөрдөгчийн санал зэрэгт Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг “Нарийн төмстэй” гэх газар гэж гэмт хэрэг үйлдсэн газрын нэрийг 2 өөр байдлаар бичсэн байна.

Дээрхээс дүгнэж үзэхэд шүүгдэгч Б.Э нь аль сумын ямар нэртэй газарт гэмт хэрэг үйлдсэн болох нь тодорхойгүй гэж үзэхээр байна.

Мөн Б.Э 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ “...Миний мод бэлтгэсэн газар бол Нарийн төмстэй гэх газраас 12 ширхэг унанги модноос 7 метр, 8 метрийн 24 ширхэг мод бэлтгэсэн. Харин Төмстэйн залгаа Тарвагатай гэх газраас шилмүүс нь хатсан 5 ширхэг шүүрхий мод огтолж дөрвөн ширхэг модноос 6 метр 7 метрийн урттай 8 ширхэг мод гарсан. Нэг модноос 6 метрийн урттай нэг ширхэг мод гарсан юм. ...12 ширхэг мод унанги мод нь Нарийн төмстэй гэх газраас харин 5 ширхэг босоо мод болохоор тарвагатай гэх газраас огтолсон хэргийн газрын үзлэгээр тогтоогдож байсан.” гэж,

2020.10.21-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18- хуудас/-д “...яллагдагч Эаар тарвагатай гэх газраас бэлтгэсэн босоо модыг заалгаж үзлэг хийхэд...” гэж,

Хөвсгөл аймгийн Нарс шинэсэн төгөл сум дундын ойн ангийн инженер Д.Гэрэлтуяагийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтэд “...4.3м3 шинэс мод нь Тарвагатай гэх газраас бэлтгэсэн ойн сангийн 3 дугаар мужид хамаарна” гэж дүгнэлт гаргасан байна.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг “Нарийн төмстэй” эсхүл “Тарвагатай” гэдэг газрын алинаас мод бэлтгэсэн болохыг мөрдөгч, прокурор эргэлзээгүй тогтоох шаардлагатай.

Б.Э 2020.04.28-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...тэгээд манай хүүхэд болох Цэнгэнбаярт надтай цуг Нарийн төмстэй гэх газар луу 2020 оны 3 дугаар сарын 25-28-ны хооронд бэлдэж, мөн сарын 28-29-ний өдөр сумын төвийн хашаандаа тээвэрлэж оруулж ирэхээр бичиг баримтан дээр бичсэний дагуу тээвэрлэж орж ирсэн юм. ...Би өөрийн хүүхдүүд болох Цэнгэнбаяр, Мянганбаяр нарын хамт бэлтгэсэн.” гэж /хх-ийн 45-46 хуудас/,

Э.Цэнгэнбаяр 2020.05.24-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...тэгээд гоожинд заасан хугацаанд буюу 03 сарын 25-ны үед байх манай аав Э, ах Мянганбаяр нартай Эрдэнэбулган сумын 3-р багийн нутаг Нарийн төмстэй гэх газар очиж мод бэлтгэсэн. Ойд унасан байсан унанги модноос тайрч бэлтгэсэн бөгөөд 7х8 харьцаатай урттайгаар модоо тайрч бэлтгэн машинд ачиж сумын төвд оруулж ирсэн. Ах бид хоёр унасан модноос уртын хэмжээг авч бэлтгэж байсан. Аав тэр хавиар хөрөө дуугаргаж, ах бид хоёрт мод зааж өгч байсан бөгөөд яг босоо мод хөрөөдөж байсан үгүйг сайн анзаарч хараагүй юм байна.” гэж /хх-ийн 61-62 хуудас/,

Д.Мөнх-Эрдэнэ 2020.04.06-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...би очиж үзсэн намайг очиход дүнзээ цагаалсан байж байсан. Би хэмжээ хэтрүүлсэн байна гэж хэлчихээд цаашаа айлуудаар гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлаар материал тарааж явсан. ...Цэнгэнбаяр, аав болох Э, ах нь болох Мянганбаяр нар ойгоос мод бэлтгэж байсан. Эрдэнэбулган сумын төвд байрлах Цэнгэнбаярын хашаанд буусан байгаа 33 ширхэг бөөрөнхий дүнзээ бүгдийг нь цагаалсан байхад нь би очсон.” гэж /хх-ийн 50-51 хуудас/ тус тус мэдүүлжээ.

Гэтэл эдгээр гэрчүүд гэрчээр өгсөн мэдүүлгүүдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрчилж шүүгдэгч Б.Э ганцаараа мод бэлтгэсэн мэтээр мэдүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан ба мөрдөгч, прокурор нь дээрх мэдүүлгийн зөрүүг арилгаж, хэрэв худал мэдүүлсэн тохиолдолд дээрх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах нь Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн зарчимд нийцнэ.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5, 6-д “гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”. Мөн “гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй.” гэж тус тус заажээ.

Гэтэл мөрдөгч нь гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг авах, өөрийнх нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдлын талаар гэрчээр мэдүүлэг авч байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байна. Иймд мөрдөгч нь энэ төрлийн алдааг цаашид гаргахгүй байхыг анхааруулж байна.

Шүүгдэгч Б.Э нь хүү Э.Цэнгэнбаярын нэр дээр мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж аван модоо бэлтгэсний дараа бэлтгэсэн модны хэмжээнд тааруулж дахин мод бэлтгэх эрхийн бичгийг нөхөж бичүүлж авсан байх нөхцөл байдал хэрэгт авагдсан мэдүүлгүүд болон ХӨА 061506, ХӨА 0615573 серийн дугаартай эрхийн бичгүүдээр тогтоогдож байх тул мод бэлтгэх эрхийн бичгийг нөхөж бичсэн эсэх асуудлыг дахин шалгах шаардлагатай.

Өөрөөр хэлбэл мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох, тэдгээрийг хэрэглэх, хяналт тавих журамд заасны дагуу эрхийн бичиг олгогдсон эсэх нь энэ хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны /засвартай/ өдрийн Нэмэлт шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Хөвсгөл аймгийн Нарс шинэсэн төгөл сум дундын ойн ангийн инженер Д.Гэрэлтуяа 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дүгнэлт гаргасан гэж үзэх нотлох баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 79-р хуудас/

Уг шинжээчийн дүгнэлтэд мөрдөгчийн тогтоолыг 2020.10.17-ны өдөр хүлээн авсан гэж тэмдэглэсэн байх ба 2020.10.16-ны өдрийн тогтоолыг үндэслэсэн гэсэн байна. Гэтэл дээрх огноотой тогтоол хэрэгт авагдаагүйн дээр уг дүгнэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009.12.11-ний өдрийн Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтад заасан нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээг 96000 /ерэн зургаан мянга/ төгрөгөөр тооцож гаргасан нь буруу байна.

Өөрөөр хэлбэл Д.Эад холбогдох эрүүгийн хэрэг нь 2020.03.25-28 хооронд үйлдэгдсэн байх тул шинжээч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020.03.16-ны өдрийн А/176 дугаартай тушаалыг үндэслэн Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг тооцож гаргах нь зүйтэй.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг” нотолно гэсэнтэй нийцэх юм.

Мөн 2020.04.08, 2020.10.21-ний өдрүүдийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд модны тоо хэмжээг зөрүүтэй бичсэн, хавтаст хэргийн 65-68, 82-83, 124, 125-127 дугаар хуудсанд авагдсан баримтууд хуулбар баримт байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил болно. Өөрөөр хэлбэл мөрдөгч, прокурор нь дээрх хуулийн 16.3 дугаар зүйл, 16.6 дугаар зүйлийн 3 дахь заалтад нийцүүлэн нотлох баримтыг цуглуулаагүй гэж үзнэ.

Иймд Б.Эад холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Эад холбогдох хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.СОСОРБАРАМ

          ШҮҮГЧИД                                                             Л.ЭРДЭНЭБАТ

                                                                             Н.БАЯРХҮҮ