| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2017/00912/И |
| Дугаар | 101/ШШ2017/02522 |
| Огноо | 2017-08-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2017/02522
| 2017 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 101/ШШ2017/02522 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т ХХК-ийн /РД: ............../ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г.О /РД:0000000/ ,
Хариуцагч:Г.Б /РД: 00000000 нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 3.862.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК-ийн захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т ХХК нь Г.Отай 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 7232 тоот зээлийн гэрээ байгуулан түүнд 3.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаагаар зээлсэн. Мөн өдөр зээлдэгч Г.Отай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан тоёота приус 10 маркийн, 0000 УНЯ улсын дугаартай авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирч автомашиныг нь манай компани өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан.
Г.О нь Г.Бгаас тоёота приус 10 маркийн, 0000 УНЯ улсын дугаартай авто машиныг 6.500.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулан үлдэгдэл төлбөрөө манайхаас зээлэн Г.Бд төлсөн байдаг.
Хариуцагч Г.О нь 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр үндсэн зээлээс 500.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 8-наас 11 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл хугацааны хүү 180.000 төгрөг, нийт 680.000 төгрөг төлсөн. Үүний дараахан Г.О нь автомашинаа унаж яваад эвдлэн Г.Бгийн хамт техникийн зах дээр 1.600.000 төгрөгөөр зарсан байдаг бөгөөд тэрээр мөнгөө Г.Бд өгсөн гэдэг.
Манай компани анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Г.Б, Г.О нарт холбогдуулан гаргасан бөгөөд хариуцагч Г.Бтай гэрээ байгуулаагүй тул түүнээс татгалзсан. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг зээлдэгч Г.Оаас шаардаж байгаа. Иймд Г.Оаас үндсэн зээл 2.500.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл 4 сарын хүү 600.000 төгрөг, алданги 762.500 төгрөг, нийт 3.862.500 төгрөгийг нэхэмжилж байна.
Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-т Зээлдэгч энэхүү гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл болон хүүг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдэгчээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги нэмж төлүүлнэ, 2 дугаар зүйлийн 2.5-д Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаа дуусахад зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлөөгүй бол энэхүү хугацаа нь цаашид зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлж дуусах хүртэл үргэлжилнэ гэж заасны дагуу зээлийн гэрээний хүү болон алдангийг нэхэмжилсэн болно гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Г.О, Г.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 3.862.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/үндсэн зээл 2.500.000 төгрөг, зээлийн хүү 600.000 төгрөг, алданги 762.500 төгрөг/
Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Г.Бгаас татгалзаж энэ талаарх тайлбараа ирүүлсэн болно.
/ХХ-ийн 20 дугаар тал/
Г.О нь Г.Бтай 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулан Г.Бгаас 1999 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгөтэй, тоёота приус маркийн автомашиныг 6.500.000 төгрөгөөр худалдан авсан нь дээрхи гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдлоо.
/ХХ-ийн 9 дүгээр тал/
Г.О нь 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Т ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлсэн ба мөн тэрээр уг өдөр нь Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан өөрийн худалдан авсан 1999 онд үйлдвэрлэгдсэн, тоёота приус маркийн, 0000 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан нь дээрхи гэрээнүүд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Дээрх зээлийн болон үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурж баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 7, 7 дугаар хуудасны ар хэсэг, 8, 10 дугаар тал/
Хариуцагч Г.О нь 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр үндсэн зээлээс 500.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 11 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэлх 1 сарын хүү 180.000 төгрөг, нийт 680.000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан болно.
Зээлдэгч Г.О нь 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч Т ХХК түүнээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй байна.
Хариуцагч Г.О нь Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-ний дагуу барьцаалсан 1999 онд үйлдвэрлэгдсэн, тоёота приус маркийн, 0000 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдсан нь түүний Т ХХК-д 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр гаргасан тайлбараар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 11 дүгээр тал/
Талууд анх гэрээ байгуулахдаа хугацааг нь 1 сар хэмээн тохирсон хэдий боловч тэдний хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаа дуусахад зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлөөгүй бол энэхүү хугацаа нь цаашид зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлж дуусах хүртэл үргэлжилнэ гэж заасныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т зааснаар үгийн шууд утгаар нь тайлбарлавал дээрх гэрээний хугацаа дуусаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн тооцсоны дагуу буюу 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүг гаргуулах нь зүйтэй.
Мөн талууд анх гэрээний хугацааг 1 сар гэж тохирсон, гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-т Зээлдэгч энэхүү гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл болон хүүг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдэгчээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги нэмж төлүүлнэ гэж заасан тул алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
/ХХ-ийн 7 дугаар тал/
Хариуцагч Г.Оын гүйцэтгэх ёстой үүрэг 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн гэрээ ёсоор
-Үндсэн зээл-2.500.000 төгрөг,
-Зээлийн хүү 450.000 төгрөг /1 сарын хүү 150.000 төгрөг, 2016.11.08-2017.02.08-ныг хүртэл, 3 сарын хүү/
-Алданги 762.500 төгрөг, /2.500.000 төгрөг*0,5 хувь=12.500 төгрөг, 1 хоногийн алданги/
-Нийт 3.712.500 төгрөг байна.
Иймд хариуцагчГ.Оаас 3.712.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 150.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Г.О нь 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 14-16 дугаар тал/
Хариуцагч Г.О нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч Г.Оаас 3.712.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 150.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Оаас 74.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Г.Бгаас татгалзсан болохыг дурьдсугай.
4. Хариуцагч Г.О шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.САРАНГҮН