| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2020/01481/И |
| Дугаар | 101/ШШ2020/02218 |
| Огноо | 2020-06-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2020/02218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүгч Т.Болормаа, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Боржигон овогт Б.Э /РД:0/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0 тоотод оршин суух Шинэ олхон овогт Н-О.Б-Э /РД:0/,
Хариуцагч: 0 тоотод оршин суух Олхонууд овогт Б.Т /РД:0/ нарт холбогдох,
Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2,340,170 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Н.Б-Э, түүний өмгөөлөгч З.А, хариуцагч Б.Т, иргэдийн төлөөлөгч Б.М, Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Б.Т, Н.Б-Э нар 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 3 дугаар байрны гадаа сагсан бөмбөг тоглож байх явцдаа оноо дээрээ маргаж миний насанд хүрээгүй хүү С.Сыг зодож гэмтэл учруулсан. Би тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргаж, улмаар эрүүгийн 1806073980311 тоот хэрэг үүсгэн шалгасан. Тус хэргийг шалгасан мөрдөгч шинжээч томилсны дагуу Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлэхэд С.Сын биед зүүн чихний хэнгэргэн хальсны урагдал, зүүн чихний ард хөхлөг сэртэн орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо гэсэн байдаг. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан Миний хүүд гэмтэл учруулсан эрүүгийн 1806073980311 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Прокурорын Газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.Мөнх-Амгалан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдсэн.
Тус эрүүгийн хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр миний хүү С.Сыг Б.Т, Н.Б-Э нар цохиж зодсон нь нотлогдсон байдаг. Өнөөдрийн байдлаар миний хүү С.Сд учирсан гэмтлийн эмчилгээний зардалд би 2,840,170 төгрөгийг гаргаад байна. Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад миний хүүд хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч эмчилгээний зардалд 500,000 төгрөг төлсөн. Иймд миний хүү С.Сд учруулсан гэмтлийн улмаас гаргасан эмчилгээний зардал болох 2,340,170 төгрөгнөөс Б.Таас эмчид үзүүлсэн, эм тариа авсан болон шинжээч томилоход гаргасан зардал 2,030,650 төгрөг, Н.Б-Ээс мөрдөн шалгах ажиллагааны явцад байцаалт өгөхөөр очих, эмнэлэгт очиж үзүүлэхэд гаргасан унааны зардал, утасны зардал болох 309,520 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Б-Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөхөөр явахдаа ШТС-аас шатахуун худалдан авсан баримтыг хавсаргажээ. Энэ баримтууд ажлын бус цагаар дандаа шөнийн цагаар худалдан авалт хийсэн баримтууд байна. Тэгээд ч нэг зүйлийг анхааран үзэхэд шатахуун худалдан авалт их хэмжээтэй, зарцуулалт ихтэй байх бөгөөд өдөр болгон шахуу худалдан авалт хийсэн байна. Үүнийг мөрдөн байцаагчаас тодруулах нь зүйтэй. Мөрдөн байцаагч өдөр болгон дуудсан уу, цаг хугацаа хууль ёсны байв уу гэдгийг хавтаст хэргээс ч харж болно. Утасны төлбөр бүр ойлгомжгүй. Гурван өөр төрлийн үүрэн телефоны утсаар ярьсан ярианы төлбөр нэхэмжилсэн байх юм. Би мөрдөн байцаагчтай ярьсан гэж бодож тайлбар бичиж байна. Төлбөрийн баримт нь хэрэглэгчийн утасны эрхээ сунгуулсан төлбөр байх юм. Үүнийг холбогдох газраас тодруулах нь зүйтэй. Би оюутан, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлогын эх үүсвэр байхгүй учир төлбөр төлөх чадваргүй санхүүгийн хувьд бусдаас хараат байдаг. Төлбөр нэхэмжлэгчийн хүүхдэд учирсан гэмтлийн хөнгөн зэрэгт шууд хамааралгүй асуудлыг эвлэрүүлэх талаас хандсан. Шүүх хурлаас өмнө төлбөр төлж байсан, одоо ямар ч төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж энэхүү тайлбарыг гаргаж байна гэв.
Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие иргэн Б.Эийн нэхэмжилсэн 2,340,170 төгрөгийн нэхэмжлэлийн үндэслэлгүй, хамааралгүй баримт цуглуулан өгч нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. 2018 онд миний бие найз Болд-Эрдэнэ, мөн Саруул, байрны бусад хүүхдүүд сагс тоглож байгаад тоглоомноосоо болоод хүүхдүүд бидний аль алиных нь харьцаанаас үүсэж маргалдсан юм. Тэр үед Саруулын ээж Б.Эийн надаас нэхсэн мөнгө болох эмчийн үзлэг, эм, бариа засал, утасны төлбөр, бензин гээд бүгдийг үлдэгдэл гаргахгүйгээр түүний Хаан банкны дансанд 500,000 төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн үед Б.Э, С.С нартай хамт эмнэлэг орох таксины мөнгө, хоолны мөнгө гээд 30,000 төгрөг өгсөн болно. Б.Эийн хэрэгт хавсаргасан зарлагын баримтууд нь С.Сын биед учирсан гэмтлийг эмчилэхэд зарцуулагдсантай ямар ч хамааралгүй баримтууд байна. Иймд Б.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчээс гаргасан баримтууд нь хуурамч юм байна гэж ойлголоо. Хүүхдүүд буруугаа хүлээсэн байна. Тухайн үед мөнгө өгсөн байна. Дахин мөнгө өгөх шаардлагагүй гэж бодож байна гэв.
Иргэдийн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжилж буй баримт бичиг шаардлага хангахгүй санагдсан тул хариуцагч нарыг буруугүй гэж үзэж байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.Т, Н.Б-Э нарт холбогдуулан гэм хорын хохиролд 2,340,170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Б.Т, Н.Б-Э нар нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Сыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 69 дүгээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, уг үйл баримтад талууд маргаагүй.
2003 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү С.С нь Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй, иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд байх тул түүнд учирсан гэх гэм хорын хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар эх Б.Э нь төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хүү С.Сд учирсан гэм хорын хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй.
Харин дээрх шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрөө нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтаа цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгчээс цуглуулж өгсөн хэргийн 24-64 дүгээр талд авагдсан баримтуудаас үзэхэд хэн, юунд зориулж авсан болох нь тодорхойгүй, утасны төлбөр, бинзен зэргийг хариуцагч нарын учруулсан зөрчилтэй холбоотойгоор авсан гэх шалтгаант холбоо тогтоогдоогүй буюу даралтны эм, кофе, өгөөжийн боорцог, эх Б.Эийн өөрийнх нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зэрэг баримтууд байна. /хх-ийн
Түүнчлэн хариуцагч нараас нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэх үйл явдал 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр болсон байхад нэхэмжлэгчийн цуглуулж өгсөн дээрх баримтууд нь 2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 06 дугаар сарын хугацаанд утасны төлбөр, шатахуун, даралтны эм худалдан авсан баримтууд байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэхээргүй байна.
Нэхэмжлэгч Б.Э эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Сд учирсан хохирлыг толгой томографийн шинжилгээ хийлгэхэд 120,000 төгрөг, ЭМЖЖ эмнэлэгт үзүүлэхэд төлсөн төлбөр 25,000 төгрөг, тархи болон даралтны эм 113,400 төгрөг, толгойн барианы төлбөр 200,000 төгрөг, унааны зардал 78,000 төгрөг, нийт 536,400 төгрөг гэж тодорхойлж байсан байна. /хх-ийн 19 дүгээр тал/
Дээрх 536,400 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хүү С.Сд учирсан бодит хохирол гэж үзэхээр ба уг хохирлыг хариуцагч Б.Т, Н.Б-Э нь төлж барагдуулсан байна. Тодруулбал, Б.Эийн эзэмшлийн Хаан банк дахь 5024557821 тоот дансад 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөгийг Б.Тын эцэг эхээс, 36,400 төгрөгийг Н.Болд-Эрдэнийн эцэг эхээс тус тус төлжээ. Нэхэмжлэгч 536,400 төгрөг авсан үйл баримтад маргаагүй. /хх-ийн 25, 75 дугаар тал/
Нэхэмжлэгч Б.Э нь С.Сд учирсан бодит хохирол 536,000 төгрөгөөс давсан эмчилгээний төлбөр гарсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй, Эмнэхүй өрхийн эмнэлгийн магадлагаа болон амбулаториор эмчлүүлэгсдийн картаар хүү С.Сыг цаашид хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болон түүний шүдэнд аппарат зүүх шаардлагатай болохыг тодорхойлоогүй, шүдний аппарат зүүх шаардлагатай талаар эмч, эмнэлгийн бичиг авагдаагүй байна.
Иймд хариуцагч Б.Т, Н.Б-Э нар нь С.Сын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг төлж барагдуулсан, нэхэмжлэгч нь дахин нэмэлт эмчилгээ хийлгэсэнтэй холбоотойгоор шаардсан шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт нэхэмжлэгчээс цуглуулж өгсөн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 69 дүгээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд нь прокурорын байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хэлбэрээр авагдсан.
Уг баримтуудыг нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж буюу нотариатаар гэрчлүүлж өгөхийг шүүхээс сануулахад төлбөрийн чадваргүй гэх үндэслэлээр гэрчлүүлэхээс татгалзсан. Талууд уг баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргаагүй.
Гэвч дээрх бичгийн нотлох баримтуудад хариуцагч тал маргаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх баримтууд бүрдсэн талаар хэн аль нь тайлбарласан тул шүүх дээрх баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгосныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Т, Н.Б-Э нарт холбогдох гэм хорын хохиролд 2,340,170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,393 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ
ШҮҮГЧИД Т.БОЛОРМАА5024557821
Б.ЦОЛМОНГЭРЭЛ