| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2025/0021/э |
| Дугаар | 2025/ШЦТ/26 |
| Огноо | 2025-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга П.Энхбат,
Улсын яллагч Б.Ануужин,
Шүүгдэгч Б.Х түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б-ын Хт холбогдох эрүүгийн 2517000080025 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1964 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймаг ..............сум ............ дүгээр баг, ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Дундговь аймгийн сум дундын шүүхийн Эрүүгийн шүүхийн 1996 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор 1993 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан Б овогтой Б-ын Х, РД: /................/
Холбогдсон хэргийн талаар:
/прокурорын яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч Б.Х нь өөрийн амьдардаг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Аяганы хонхор 300-1 тоот гэртээ 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эхнэр буюу хохирогч М.Эыг “дасгал, хөдөлгөөн хийгээч” гэж хэлсэн үгэнд нь дургүйлхэн бухимдаж, төмөр таягаар түүний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисны улмаас хохирогчийн биед духанд няцарсан шарх, баруун нүдний зовхинд, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний дотор хэсэг, хамрын нурууны зүүн талаар зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна гэв.
2. Хохирогч М.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 1-р баг Аяганы хонхорын 300-1 тоотод гэртээ нөхөр Х болон охин С, зээ Д бид 4 гэртээ байж байсан. Би өглөө нүүрс түлээ оруулаад гэртээ хоол цай хийж идээд банш хийж хөлдөөх гээд хоолны эд зүйлээ бэлдээд байж байтал миний нойр хүрээд гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан чинь манай өвгөн миний хөл хэсэгт сууж байсан. Тухайн үед би жоохон унтсан байсан тэгээд би сэрээд Хт хандаж хөл гараа хөдөлгөж байна уу? эмч чамайг хөл гараа хөдөлгөж дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай гэж хэлж байсан гэж хэлээд би хөлөөрөө зүүн талын гар хэсэгт нь 2 удаа гарыг нь дээш доош нь болгосон, чи ерөөсөө дасгал хийхгүй юм гэж хэлсэн. Тэгтэл манай охин ээж аав таягаа барьж тавиад байна таныг цохичихгүй байгаа гэж хэлээд би орон дээр дээшээ хараад утас оролдоод хэвтэж байтал Х таягаараа миний нүүр хэсэг рүү 1 удаа цохисон тэхээр нь таягийг нь бариад ёо ёо гээд босоод иртэл миний нүүр хэсгээс цус гараад ирсэн тухайн үед миний ухаан санаа орж гараад толгой эргээд гэрийн хаалганы ойролцоо ойчоод өгсөн. Тухайн үед ухаан санаа балартаад манай охин та ээжийг алчихлаа ш дээ ээж ухаан алдаад ойчлоо гэсэн зүйлийг ярьж сонсогдсон босох гэхээр босож болохгүй би нэг хэсэг газарт хэвтсэн. Тэгээд хэсэг хэвтэж байгаад босоод иртэл Х хутга бариад цээжин тус газраа 1 хатгасан байсан. Дахиад хатгах гээд байхаар нь би мөлхөж очоод хутгийг нь булааж авсан тэгтэл Х би нэг дүрсэн юм чинь өөрийгөө нэг мөсөн гүйцээе гэж хэлээд орилоод байсан. Тэгээд манай охин эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хандсан байсан. Х харвалт өгөхөөсөө өмнө намайг хэл амаар байнга дарамталж, зодож цохидог байсан. Харвалт өгснөөсөө хойш бол хүний асаргаанд орсон болохоор гайгүй болсон. 2024 оны 05 сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд бие нь гайгүй болсон. 2024 оны 06 сард мах чанаад идэж байтал мөн адил хутга аваад би эсхүл та 2-ыг ална нэг бол өөрийгөө ална гэж хэлж айлган сүрдүүлдэг байсан. Тэрнээс бол зодож цохисон зүйл байхгүй. Бид 2-ыг айлгаж сүрдүүлээд байхаар нь охин бид 2 ярилцаж байгаад ах дүү нартай нь холбогдоод Улаанбаатар хот руу таксинд суулгаж явуулсан тухайн үед манай охин төрөх хугацаа нь болсон байсан С 6 сарын 27-нд төрсөн тэгтэл 7 хоноогүй төрсөн 2 дүү нь хүргэнтэйгээ авчирсан байсан. Надтай уулзаагүй гэрт орхиод явсан байсан ...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28-29 хуудас/
3. Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед аав Х, ээж Энхжаргал, хүү Дөлгөөн бид 4 Сүмбэр сумын 1 дүгээр баг Аяганы хонхорын 300-1 тоотод гэртээ байж байсан. Аав 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр харвалт өгч зүүн талын хөл гар нь саажилт өгсөн юм. Ээж гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан, аав тухайн орны хөлд сууж байсан. Тэгээд ээж миний хөгшин хөл гараа хөдлөгө, дасгал хийе гэж хэлсэн. Тэгтэл аав ээжийн өөдөөс муухай хараад суугаад байсан. Орны хажууд байсан саарал өнгийн төмөр таяг аваад ээжийн нүүр хэсэгт 3 удаа цохисон. Тэгээд ээж босож яваад үүдний тэнд очоод ухаан алдаад унасан. Харин аав баруун талын орон дээр байсан гудас доороос шар иштэй хутга аваад өөрийнхөө зүүн талын цээж хэсэгт дүрж харагдсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24-25 хуудас/
4. Шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаар дүгнэлтэнд:
хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4.Зүүн хөмсөгний дотор хэсэг, хамрын нурууны зүүн талаар зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүи.
Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 50 хуудас/
5. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №110 дугаартай дүгнэлтэнд:
- Б.Х нь гэмт хэрэгт өртөх үедээ сэтгэцийн талаас өөрчлөлтгүй байсан байна. Харин мэдрэлийн талаас тархины цус харвалтын үлдэц, зүүн талын саажилт эмгэгтэй байсан байна. Б.Х нь тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай байсан байна.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, /х.х-ийн 165-166, 175 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Х өөрийн амьдардаг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн аяганы хонхор 300-1 тоот гэртээ 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эхнэр буюу хохирогч М.Эыг “дасгал, хөдөлгөөн хийгээч” гэж хэлсэн үгэнд нь дургүйлхэн бухимдаж, төмөр таягаар түүний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисны улмаас хохирогчийн биед духанд няцарсан шарх, баруун нүдний зовхинд, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний дотор хэсэг, хамрын нурууны зүүн талаар зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хийн өгсөн мэдүүлэг, хохирогч М.Э, гэрч Х.С нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Иймд шүүгдэгч Б.Хийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Б.Х нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Б.Х нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн тухайд гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй байна.
Шүүгдэгч Б.Х нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөнийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
ХОЁР. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Б овогт Б-ын Х нь өөрийн амьдардаг гэртээ буюу Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 1 дүгээр баг, Аяганы хонхорын 300-1 тоот гэртээ 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эхнэр буюу хохирогч Э-ыг дасгал хөдөлгөөн хийгээч гэсэн шаардлага тавьсанд нь дургүйцэн бухимдаж, түүний нүүр хэсэгт 2-3 удаа төмөр таягаар цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Энхжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч нь яллагдагчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх гэм хорын төлбөргүй байна. Шүүгдэгч Б.Х нь үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учруулсан хохиролдоо төлөх төлбөргүй, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн зүйлд зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан оногдуулсан торгох ялаас чөлөөлөх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгтээ баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн шүүгдэгч Б.Хт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг: Миний үйлчлүүлэгч Б Х нь 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байгаа. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болохыг тогтоосон. Үүнтэй холбогдуулан шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудал болон гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал дээр маргах зүйл байхгүй. Тийм учраас тухайн хэрэг маргааныг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан. Дээрх хүсэлтийн дагуу Б.Хийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Бусдад төлөх хохирол төлбөр байхгүй. Мөн хохирогч Э-ын зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаараа илэрхийлсэн. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар дээрх торгох ялаас чөлөөлөх тухай улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа. Тийм учраас хүлээн зөвшөөрсөн хэр хэмжээний хүрээнд шийдвэрлэж торгох ялаас чөлөөлж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасныг шүүгдэгч Б.Х нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. Шүүгдэгч Б.Хийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгчийг торгох ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин хохирогч М.Э болон шүүгдэгчийн эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 453 705 /дөрвөн зуун тавин гурван мянга долоон зуун таван/ төгрөг гарсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Хөөс 453 705 /дөрвөн зуун тавин гурван мянга долоон зуун таван/төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 2517000080025 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч М.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т
зааснаар шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Хөөс 453 705 /дөрвөн зуун тавин гурван мянга долоон зуун таван/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 Б.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ