| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2021/04128/И |
| Дугаар | 101/ШШ2022/02099 |
| Огноо | 2022-05-05 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2022/02099
| 2022 05 05 | 101/ШШ2022/02099 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г-д холбогдох,
Орон сууц худалдсан төлбөр 95,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.С,
хариуцагч Э.Г,
хариуцагчийн өмгөөлөгч Б.Г,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр миний бие Г.Ц нь Э.Гэд эд хөрөнгийн эрхийн Ү-2 дугаартай, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Токио гудамж 24б байр, 84 тоот, 33.1 м.кв орон сууцыг бусдад худалдах бүрэн эрхийг итгэмжлэл үйлдэн олгосон. Уг итгэмжлэлийн дагуу Э.Г нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дээрх хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу Б.Долгормаад 79,440,000 төгрөгөөр худалдсан байна. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж заасан. Э.Гэд олгосон 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлд төлбөр тооцоог хүлээн авах тухай тусгасан ч захиран зарцуулах эрх олгоогүй. Ү-2 дугаартай орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний дагуу Б.Долгормаа нь орон сууцыг өмчлөх эртхэй болсон бөгөөд уг хэлцлийн үр дагавар буюу үнэ болох 79,440,000 төгрөгийг миний бие өмчлөх ёстой. Иймээс дээрх орон сууцыг худалдсан 79,440,000 төгрөгийг Э.Г нь надад буцаан шилжүүлэх үүрэгтэй. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Ү-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан төлбөрт 79,440,000 төгрөг нэхэмжилсэн. 2021 оны 02 дугаар сарын сарын 24-ний өдөр А н ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж Смарт таун 1 орон сууцны барилгын 305 тоот 47.5 метр квадрат орон сууцыг худалдан авахаар захиалахдаа гэрээний төлбөр 95,000,000 төгрөгт өөрийн орон сууцыг 100 хувь тооцуулаад бартердсан. Орон сууцыг 95,000,000 төгрөг гэж тохиролцсон бөгөөд тус орон сууцны үнийг шаардаж байгаа учраас 95,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна. Э.Гэд орон сууцыг худалдан борлуулах итгэмжлэл олгосон гэж тайлбарлаж байгаа боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь шүүхийн маргаан, төлбөр тооцоо, гэрээний хувьд маргаан бүхий байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зах зээлийн болон гэрээний төлбөрт тооцогдсон бодит үнээр нэмэгдүүлсэн. Үндэслэл нь өөрийн орон сууцыг А н ХХК-тай бартердсан, одоо А н ХХК-д 95,000,000 төгрөгийн өглөгтэй болсон байна гэсэн үг. Гэрч Б.Агийн компанитай А н ХХК ажил гүйцэтгэх гэрээтэй бөгөөд энэ гэрээний төлбөрт Б.Ад Г.Цгийн орон сууцыг шилжүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргасны дагуу нотариат дээр очиж итгэмжлэл хийлгэж өгсөн. Тус итгэмжлэлийн үндсэн дээр Э.Г нь орон сууцыг бусдад худалдан борлуулж төлбөрийг нь авсан тул хариуцагчаас шаардаж гаргуулах эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 95,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгийн эрхийн Ү-2 дугаартай, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Токио гудамж, 24б байр, 84 тоот, 33.1 м.кв орон сууцыг миний бие ашиглаагүй бөгөөд Б.Агийн хүсэлтээр тухайн орон сууцыг бусдад худалдан борлуулах эрхтэй итгэмжлэлийн дагуу шилжүүлж миний дансаар орсон төлбөрийг Б.Агийн хэлсэн дансанд мөнгийг шилжүүлсэн. А н ХХК болон гэрч Б.Агийн компани болох Д т х ХХК нар хоорондоо ажил гүйцэтгэх гэрээ хийсэн, ажлынхаа хөлсөнд А н ХХК-аас Г.Цгийн нэхэмжлээд байгаа байрыг Б.Агийн Д т х ХХК-д өгсөн байсан. Б.А өөрөө ажилтай байсан учраас намайг та завтай бол нэр дээрээ итгэмжлэл хийж аваад өөр хүн рүү шилжүүлээд өгөөч гэсний дагуу би итгэмжлэл авч оролцсон. Мөнгө төгрөгөө хоорондоо өгч авалцсан, надад ямар ч төлбөр тооцоонд оролцсон зүйл байхгүй. Б.А 79,440,000 төгрөгөөр шилжүүлж өг гэсний дагуу шилжүүлсэн. 95,000,000 төгрөгийн талаар мэдэхгүй, тухайн байр нь Б.Агийн ажлынхаа хөлсөнд авсан байр юм билээ. Миний хувьд ийм л зүйл мэднэ. Гэрч Б.А мэдүүлэгтээ Г.Цгийн орон сууцыг зарсны хувьд гарсан мөнгө нь ямар учиртай вэ гэдэг эх сурвалжийг зааж өгч байна, тэр нь нотлогдож байна, тэр мөнгийг зуун хувь хүлээн авсан гэж мэдүүлсэн. Хүчин төгөлдөр хуулийн шаардлага хангасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ, итгэмжлэл, ажил гүйцэтгэх гэрээнээс яагаад ийм процесс болсон бэ гэдэг нь тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл Э.Г өөрийн үйлдлийн улмаас бусдыг хохироогоогүй. Нэхэмжлэгч тал 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр анх А н ХХК-тай бартерийн гэрээ байгуулсан гэж ойлгож байсан, хэрэгт нотлох баримтаар авъя гэхэд ажил гүйцэтгэх гэрээ ирсэн, тэр ач холбогдолгүй боловч өөрсдөө тэр асуудлыг гаргаж тавиад А н ХХК-ийн захирал түүнийг 100 хувь хүлээн зөвшөөрч байна. Гэрч манайх байр өгнө гээд гэрээ байгуулсан, байраа өгчихсөн гэж байна. Г.Ц байраа авчихсан байна, тийм байж би одоо байраа авчихсан, хуучин байраа бартердахдаа нэг хүнд итгэмжлэл өгчихсөн, одоо энэ хүнээс мөнгөө гаргаж авна гэдэг зүйл байж болохгүй. Өөрөөр хэлбэл танайх манай байрыг ингэж бодож авчихаад ингэлээ гэхэд нь танайх тэрнээс авчихгүй юу, нэхээд үз гэдэг байдлаар явж байна гэж ойлгож байна. Г.Ц өөрөө очоод нэг жилийн хугацаатай хуулийн шаардлага хангасан худалдан борлуулах, бэлэглэх, арилжих, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, төлбөр тооцоог хүлээн авах, улсын бүртгэлд бүртгүүлж болно гэсэн хэсэгчилсэн биш, бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийн дагуу зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр Б.Долгормаа гэдэг хүнд худалд гэж гэрчээр орсон Б.А гэдэг хүн хэлсний дагуу худалдсан. Зарим төлбөр нь бэлнээр орсон, зарим төлбөр нь дансаар орсон гээд нотлох баримтаа гаргаж өгсөн. Б.А би хагасыг нь аваагүй гэвэл өөр асуудал, 100 хувь авсан гэдэг дээр маргаан байхгүй байна. Энэ асуудлаар Э.Г хариуцагч биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-4-5/, иргэний үнэмлэх /хх-6/, 2021.05.21-ний өдрийн Г.Ц, Э.Г нарын хооронд хийсэн итгэмжлэл /хх-7-8/, 2021.05.25-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх-9-11/, итгэмжлэл /хх-27/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-58/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-59/, 2021.02.24-ний өдрийн 210224/01 дугаартай Орон сууц захиалгын гэрээ /хх-60-63/, А н ХХК-ийн 2021.05.21-ний өдрийн 21/48 дугаартай албан бичиг /хх-64/, итгэмжлэл /хх-130/, шүүхэд гаргасан хүсэлт /хх-145/, итгэмжлэл /хх-151/,
Хариуцагч талаас ирүүлсэн: хариу тайлбар /хх-23/, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-45/, Хаан банкны 5023302646 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-46/, 2021.05.21-ний өдрийн 21/09 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ /хх-83-102/, Д т х ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-103/, А н ХХК-д гаргасан өргөдөл /хх-104/, ажлын гүйцэтгэлийн тооцоо /хх-105/, Д т х ХХК-ийн 2022.05.04-ний өдрийн 22/12 дугаартай албан бичиг /хх-152/,
Шүүхээс зохигчдын хүсэлтээр бүрдүүлсэн: гэрч Б.А, Ж.А нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-108, 109/, 2022.03.01-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /гэрч нарын мэдүүлэг/ /хх-110-123/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч Э.Гэд холбогдуулан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, тоот, 33,1 м.кв талбайтай орон сууцыг түүнд олгосон итгэмжлэлийн дагуу иргэн Б.Долгормаад 79,440,000 төгрөгөөр худалдан борлуулсан боловч мөнгийг нь өгөөгүй гэх үндэслэлээр орон сууц худалдан борлуулсны төлбөр 79,440,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Ц нь А н ХХК-тай 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 210224/01 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-нд өөрийн өмчлөлийн орон сууцыг 95,000,000 төгрөгөөр тооцож шинэ орон сууц авахаар харилцан тохиролцож бартердсан гэх үндэслэлээр уг гэрээний үнэ болох 95,000,000 төгрөгийг хариуцагч Э.Гээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Хариуцагч Э.Г нь Д т х ХХК-ийн захирал Б.Агийн хүсэлтээр А н ХХК-аас ажлын хөлсөнд тооцон авсан орон сууцыг итгэмжлэлийн үндсэн дээр бусдад худалдах гэрээг байгуулж, төлбөрийг өөрийн дансаар авч, Б.Агийн хэлсэн дансанд нь шилжүүлсэн, 79,440,000 төгрөгийг шилжүүлсэн, 95,000,000 төгрөгийн талаар мэдэхгүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлд Г.Цгээс Э.Гэд эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, тоот, 33,1 м.кв талбайтай орон сууцыг худалдах, бэлэглэх, арилжих гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа хүсэх, хүлээн авах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон байна. /хх-7/
Хариуцагч Э.Г нь уг итгэмжлэлийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр орон сууцыг 79,440,000 төгрөгөөр Б.Д-д худалдах тухай Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-9/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон А н ХХК-ийн захирал Ж.А нь нэхэмжлэгч Г.Цтэй орон сууц захиалгын гэрээ байгуулан 47,50 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 95,000,000 төгрөгөөр худалдах, төлбөрт Г.Цгийн өмчлөлийн тоот, 33,1 м.кв орон сууцыг бартераар шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон, тус орон сууцыг өөрийн компанийн нэр дээр шилжүүлэхгүйгээр Д т х ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлсэн гэж мэдүүлсэн.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан А н ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Г.Цд хаягласан 21/48 дугаартай мэдэгдэлд ...орон сууцыг өөрийн өмчлөлд бус гуравдагч этгээдэд буюу өөр гэрээний төлбөрт тооцон шилжүүлэх шаардлагатай болсон тул Энх овогтой Гийн нэр дээр яаралтай шилжүүлж өгнө үү гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь энэ баримтын талаар маргаагүй. /хх-64/
Хариуцагч нь орон сууцны төлбөрийг дансаар болон бэлнээр хүлээн авч Д т х ХХК-ийн захирал Б.Агийн хэлсэн данс руу мөнгийг шилжүүлсэн гэх тайлбарыг гаргасан бөгөөд гэрчээр оролцсон Д т х ХХК-ийн захирал Б.А нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт А н ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцыг шилжүүлэн авч, Э.Гээр дамжуулан орон сууцыг худалдан борлуулж, төлбөрийг бүрэн авсан гэж мэдүүлсэн.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- Нэхэмжлэгч Г.Ц нь А н ХХК-тай 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 210224/01 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний төлбөрт өөрийн өмчлөлийн орон сууцыг 95,000,000 төгрөгөөр тооцож шинэ орон сууц авахаар харилцан тохиролцож орон сууцаа тус компанид шилжүүлсэн. /хх-60-63/
- А н ХХК нь Д т х ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 21/09 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний төлбөрт нэхэмжлэгч Г.Цгийн орон сууц захиалгын гэрээний төлбөрт шилжүүлсэн орон сууцыг өгөхөөр тохиролцсон.
- Д т х ХХК-ийн захирал Б.А нь гэрээний төлбөрт шилжүүлэн авсан орон сууцыг нэхэмжлэгч Г.Цгээс хариуцагч Э.Гэд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр итгэмжлэл олгуулсны үндсэн дээр иргэн Б.Долгормаад худалдан борлуулж төлбөрийг Э.Гээс бэлнээр болон дансаар хүлээн авсан.
Дээр дурдсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй, нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй боловч нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууц нь түүний өмчлөлийн орон сууц байсан тул худалдан борлуулсан төлбөрийг авах эрхтэй гэж мэтгэлцсэн.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Э.Г түүний өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулж төлбөрийг авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарлан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч Э.Гээс орон сууцыг худалдан борлуулсан төлбөрт 95,000,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Г.Ц нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлийн дагуу орон сууцыг бусдад худалдан борлуулсан үндэслэлээр хариуцагчаас орон сууцны төлбөрт 95,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх боловч тэрээр А н ХХК-тай 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээний төлбөрт өөрийн өмчлөлийн орон сууцыг 95,000,000 төгрөгөөр тооцож шинэ орон сууц авахаар харилцан тохиролцож тус компанид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул гэрээний үүрэгт бартердаж шилжүүлсэн орон сууцны төлбөрийг хариуцагч Э.Гээс шаардах эрхгүй байна. А н ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний үүрэгтэй холбоотой гэрээнээс татгалзаж бартердаж шилжүүлсэн орон сууцны төлбөрийг гаргуулахаар шаардаж байгаа тохиолдолд гэрээний нөгөө талда хандах нь зүйтэй.
Хариуцагч Э.Г нь нэхэмжлэгч Г.Цгийн А н ХХК-д бартераар шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Токио гудамж, 24б байрны 84 тоот, 33,1 м.кв талбайтай орон сууцыг итгэмжлэлийн дагуу бусдад худалдан борлуулах гэрээг байгуулан, төлбөрийг авч шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх боловч зохигчдын хооронд орон сууцыг худалдан борлуулах, төлбөрийг төлөх талаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Мөн хариуцагч Э.Г нь хууль бусаар нэхэмжлэгчийн орон сууцыг бусдад худалдан борлуулж төлбөрийг авсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хариуцагчаа тодорхойлон шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй боловч хариуцагчаар Э.Гийг татсан нь үндэслэлгүй байх тул орон сууцыг худалдан борлуулсан төлбөрт 95,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 632,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Гээс орон сууц худалдсан төлбөр 95,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР