Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,

улсын яллагч Ө.Манзушир,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзушир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Д-д холбогдох 2516000000067 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Ховд аймгийн ***** сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,  мэргэжилгүй,  ****** ******** -д жолооч ажилтай,  ам  бүл  4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг,  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ***** багийн ********-р байрны ****** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,  ********** регистрийн дугаартай, Х овогт Б-н Д.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуурсан   үедээ 2025 оны 03 дугаар сарын 09-ний шөнө 00 цаг 45 минутад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ************ замд ***** ХОЕ улсын дугаартай, “Приус-30” загварын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

1.Шүүгдэгч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь миний буруутай үйлдэл мөн ... Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/

2.Шүүгдэгч Б.Д-н амьсгал дахь спиртийн агууламж 0,26 хувь гарсныг тусгасан эрх бүхий албан тушаалтны 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 19, 21дүгээр хуудас/

3.Шүүгдэгч Б.Д-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ЗШ/274 дугаартай шийтгэврийн хуулбар./хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/

4.Гэрч   Ц.Б-н   мөрдөн   шалгах  ажиллагааны  үед  өгсөн  “... 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө хувиар томилгооны дагуу шугам замын эргүүлийн үүргийг гүйцэтгэсэн. Шөнө 00 цаг 45 минутын үед ********* замд ***** ХОЕ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочийг зогсоон бичиг баримтыг шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба үнэртэж байсан тул Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд авчирч драгер багаж үлээлгэхэд 0,26 хувийн согтолттой байсан ба тухайн хүн биедээ бичиг баримтгүй байсан тул регистрийн дугаарыг асуухад *********** гэсэн регистрийн дугаартай Ц-н Б гэж өөрийгөө хэлж бичүүлсэн байсан шалгалтын явцад Б.Д /РД*******/ болох нь тогтоогдож Б.Д нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр жолоодох эрхээ нэг жилийн хугацаатай хасуулсан байсан тухайн тээврийн хэрэгслийг түр саатуулж бүртгэлд оруулж ажилласан....” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

5 Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө хувиар томилгооны дагуу шугам замын эргүүлийн үүргийг гүйцэтгэсэн. Шөнө 00 цаг 45 минутын үед ************ замд **** ХОЕ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочийг зогсоон бичиг баримтыг шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба үнэртэж байсан тул Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд авч ирж драгер багаж үлээлгэхэд 0,26 хувийн согтолттой байсан. Тухайн хүн биедээ бичиг баримтгүй байсан тул регистрийн дугаарыг цагдаагийн ахлах ахлагч Ц.Б асууж тэмдэглэл хөтөлж цагдаагийн бүртгэлд оруулж, тээврийн хэрэгслийг нь журмын хашаанд түр саатуулж ажилласан...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Тодруулбал тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Мөн “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг мөн, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор хуульчилсан тайлбарыг хийжээ. Энэ нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд урьд өмнө нь адил үндэслэлээр, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үндэслэлээр шийтгэл хүлээж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тохиолдолд хамаарна.  Шүүгдэгч  Б.Д-н тухайд өмнө нь 2024 оны 05 дугаар сарын 12-ны шөнө жолооч согтуулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1(нэг) жилийн хугацаагаар хасуулсан тул түүний энэ удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангана гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч Б.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял нь  Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах  нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа)  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Х овогт Б-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг)  жилийн хугацаагаар хасаж, түүнд 2,700(хоёр мянга долоо зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоон зуун мянга)  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6(зургаа)  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Д-д сануулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.         

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА