| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2017/03146/И |
| Дугаар | 101/ШШ2017/02559 |
| Огноо | 2017-08-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2017/02559
| 2017 оны 08 сарын 18 өдөр | Дугаар 101/ШШ2017/02559 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Жгийн /РД:000000/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: О.У /РД: 000000000000/ холбогдох
8.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Ж миний бие О.Утэй 2015 оны 4 дүгээр сард танилцсан ба бид хоёрыг ангийн маань хүүхэд танилцуулсан. О.У эхэндээ мөнгөний тухай огт ярьдаггүй байсан ба яваандаа мөнгө зээлээд өг гэх болсон. Хамгийн эхлээд 2015 оны 4 дүгээр сард надаас 400.000 төгрөг авсан бөгөөд үүнийгээ эргүүлээд өгсөн. Түүнээс хойш уулзахаараа мөнгө олоод өг гэх болсон ба мөнгө авахдаа 7-10 хоногийн хугацаанд буцааж өгнө гэдэг байсан.
Би түүнд 2015 оны 4 сараас 12 дугаар сар хүртэл нийт 8.000.000 төгрөгийг зээлсэн. Миний өөрийн 5.000.000 төгрөг байсан ба үлдсэнийг нь ах, дүүсээсээ зээлж өгсөн. Ах, дүү нарынхаа мөнгийг би тэдэнд төлөөд дууссан. Мөнгөө нэхэхээр эхэндээ өгнө гэдэг байсан боловч сүүлдээ утсаа ч авахаа больсон.
Би О.Уэд мөнгө өгсөн тухайгаа тэмдэглэдэг байсан ба хэргийн 11 дүгээр талд уг мөнгө өгсөн байдлаа тэмдэглэсэн баримт байгаа. Би О.Утэй найзын харьцаатай байсан болохоор мөнгө өгөхдөө гарын үсэг зуруулдаггүй байсан.
Анх танилцаад ханиа болгох бодол байсан ба авсан мөнгөө өгөхгүй, мөнгө аваад зан нь өөрчлөгдсөн тул дахин мөнгө зээлүүлээгүй, ер нь больё гэж бодсон. О.У нь 1 охинтой бөгөөд надад зовлонгоо ярьдаг байсан тул би түүний байдлыг харж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа 1.000.000 төгрөгөө багасгаж, 7.000.000 төгрөгийг О.Уээс нэхэмжилж байна гэв.
Хариуцагч О.У шүүхэд гаргасан тайлбартаа:
О.У миний бие нэхэмжлэлийн утгатай танилцлаа. Энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч О.Уэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1.000.000 төгрөгөөр багасгаж 7.000.000 төгрөгийг хариуцагч О.Уээс нэхэмжилсэн байна.
Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч О.Уэд 2015 оны 4-12 саруудад зээлдүүлсэн 8.000.000 төгрөгөө нэхэмжилнэ гэж, хариуцагч О.У нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,
мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч О.Уэд 2015 оны 4-12 дүгээр саруудад нийт 8.000.000 төгрөгийг өгсөн болох нь хэргийн 11 дүгээр тал дахь мөнгө өгсөн талаараа тэмдэглэгээ үйлдсэн баримт, 2016 оны 6 дугаар сараас өнөөг хүртэл хугацаанд нэхэмжлэгч Д.Ж нь өөрийн ххххххххх, рррррррррр дугаарын утаснуудаас хариуцагч О.Уийн ннннннннннн дугаарын утас руу, мөн хариуцагч О.Уийн ннннннннннн дугаарын утаснаас нэхэмжлэгч Д.Жгийн ххххххххх, рррррррррр дугаарын утас руу харилцан өөр хоорондоо явуулсан захидлууд зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Д.Ж ххххххххх, рррррррррр дугааруудыг, хариуцагч О.У ннннннннннн дугаарыг тус тус эзэмшдэг талаар талууд маргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заажээ.
Хэргийн 11-22 дүгээр талуудад нэхэмжлэгч Д.Жгийн хариуцагч О.Уэд мөнгө өгсөн талаараа тэмдэглэгээ үйлдсэн баримт, мөн тэдний мөнгө өгсөн болон мөнгө өгөх талаараа нэхэмжлэгч Д.Жгийн ххххххххх, рррррррррр дугаарын утаснаас, хариуцагч О.Уийн ннннннннннн дугаарын утаснаас өөр хоорондоо харилцан бичиж байсан захидлууд байх ба үүнийг хариуцагч О.У эсэргүүцээгүй, энэ талаар ямар нэг тайлбар өгөөгүйг дурьдлаа.
Зээлийн гэрээний үндсэн шинж нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар буюу мөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох ба нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч О.Уэд 8.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Д.Ж нь О.Уээс зээлдүүлсэн мөнгөө буцаан шаардсан нь үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбараа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч О.У нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хэдий боловч татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй болно.
Нэхэмжлэгч Д.Ж нь нэхэмжлэлийн шаардлагаа 1.000.000 төгрөгөөр багасган хариуцагч О.Уээс 7.000.000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч О.Уээс зээлийн гэрээний үүрэгт 7.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Жд олгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч О.Уэд 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 09 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд буюу шүүх хуралдаан болохоос 4 хоногийн өмнө мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч О.Уээс 7.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Жд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Жгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Уээс 126.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Жд олгосугай.
3. Хариуцагч О.У нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.САРАНГҮН