Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/27

 

 

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжарал даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Б.Бүжинлхам,

шүүгдэгч Ш.Ц түүний өмгөөлөгч Э.Сайханаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бүжинлхамаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Ш-ийн Цт холбогдох эрүүгийн 2417001560017 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

                                                            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн..................... сум, .......... дугаар баг,........ дүгээр байрны .........тоотод оршин суух бүртгэлтэй боловч Говьсүмбэр аймгийн .........р сум, ............ дугаар баг, ............ тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх А овогт Ш-ийн Ц/РД:................./.

                                                    Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Ш.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Шийн Ц /РД:..................../ нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, Говьсүмбэр аймгийн Баянтал сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах авто замын 484/177 дугаартай тэмдэгтийн орчим 18-88 ГСА улсын дугаартай “Тоёота Виш” загварын тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Н.Оийн жолоодож байсан 63-97 УБЦ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган, улмаар Ю.Лгийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Шүүгдэгч Ш.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би эхнэр Бгийн нэр дээр байдаг 1888 ГСА улсын дугаартай бор хүрэн өнгийн Виш маркийн машинаар Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг чиглэлд хүн тээвэр хийдэг ажил хийдэг юм. Тэгээд 2024 оны 10 сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос 3 эрэгтэй хүн аваад гарсан тэгээд явж байгаад 22 цагийн алдад байхаа Говьсүмбэр аймгийн нутагт орж ирээд явж байгаад замын халтиргаан дээр гулгаад эсрэг урсгал руугаа ороод өөдөөс ирж байсан саарал өнгийн приус-30 маркийн машиныг хажуу хэсгээрээ мөргөөд зогссон. Би Улаанбаатар хотоос бараг 18 цаг өнгөрч байхад гарсан бөгөөд гадаа цас орж шуураад зам халтиргаа гулгаа их үүссэн байсан. Тэгээд зам халтиргаатай байсан явж болохгүй 20км цагийн хурдтай л яваад байсан. Тэгээд осол болоод машинаас буугаад очсон чинь нөгөө машинд эрэгтэй эмэгтэй 2 настайвтар хүн байсан бөгөөд эмэгтэй хүний бие муу байна гээд замын машин зогсоогоод Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү явуулсан. Нөгөө эрэгтэй нь машиндаа суугаад үлдсэн. Манай машинд сууж байсан хүмүүсээс 2 залуу нь гайгүй байна явлаа гээд замын машинд суугаад яваад өгсөн харин надтай хамт үлдсэн залуугийн дал нь өвдөөд байна гэж байсан. Тэгээд удаагүй эмнэлэг цагдаагаас хүмүүс ирээд түргэний машинаар нөгөө залуутай хамт Говьсүмбэр аймгийн эмнэлэг дээр ирсэн...гэх мэдүүлэг. /х.х-ийн 138 хуудас/

2. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 5 хуудас/

3. Хохирогч Ю.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2024 оны 10 сарын 20-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар орох гээд манай нөхөр Оийн эзэмшлийн 6397 УБЦ улсын дугаартай приус -30 маркийн авто машинтай өдөр 15 цагийн үед хөдөлсөн. Манай нөхөр О машин бариад би хажууд нь суугаад явсан бөгөөд бид хоёроос өөр хүн байгаагүй. Гадаа цас ороод зам дээр хальтиргаа гулгаа үүссэн байсан бөгөөд бид маш удаан явж байсан. Тэгээд орой 22 цагийн үед Говьсүмбэр аймаг Баянтал өнгөрөөд явж байхад өөдөөс маш хурдтай нэг машин гулгаад зам дээр эргэлдээд хажуу талаараа гулгаж ирээд миний сууж байсан талаар мөргөөд зогссон. Тэр машин маш хурдтай орж ирсэн. Тэгээд цагдаа нар маш хурдан ирсэн бөгөөд замын машинд суулгаад Говьсүмбэр аймгийн эмнэлэгт ирсэн. Тэр өдөр зам дээр маш олон аваар осол гарсан гээд ачаалал ихтэй байсан. Миний биед цээж хэвлийн хэсгээр хөхөрч няцарсан, толгойноос цус гарсан, зүүн хөлөнд урагдсан байсан. Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүд учирсан байсан. Манай машиныг мөргөсөн машин ямарч байсан улаан хүрэн өнгийн машин байгаа харагдсан тэр үедээ шоконд ороод юу болж байгааг сайн мэдэхгүй байсан. Манай нөхөр Оийн биед ил харагдхаар шарх гэмтэл тэр үед харагдаагүй. Би маргааш нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирж эмчилгээнд хамрагдсан... Миний эмчилгээний зардлыг төлж барагдуулсан байгаа учир одоо надад гомдол санал байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17-19 хуудас/

4. Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2024 оны 10 сарын 20-ний өдөр Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг орох гээд 1888 ГСА улсын дугаартай авто машинд орой 19 цагийн үед суугаад хөдөлсөн. Машинд надаас гадна жолооч тэгээд 2 залуу байсан бөгөөд би жолоочийн яг арын суудалд сууж явсан. Тэгээд явж байгаад 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн нутаг руу орж ирээд явж байсан бөгөөд 16-р зөрлөг орчим машин замын халтиргаан дээр гулгаад хажуугаараа хөндөлсөж байгааг мэдсэн. Тэгээд жолооч өө гээд хашиграх чимээнээр харсан чинь манай машин гулгаатай чигээрээ эсрэг урсгалд явж байсан машиныг хажуугаар очиж мөргөөд зогссон. Миний талын хаалга нээгдэхгүй байсан учир нөгөө талын хаалгаар машинаас буусан бөгөөд мөргөлдсөн машин нь хойд зүгт харсан байдалтай зам дээр зогсож байсан. Тус машин нь саарал өнгийн приус-30 маркийн машин байсан улсын дугаарыг нь бол санахгүй  байна. Бид нарыг Улаанбаатар хотоос гарахад л гадаа цас ороод шуурч байсан бөгөөд зам дээр халтиргаа гулгаа үүсэж байсан. Бид нарын осолд орсон зам мөстөж гулгаа үүссэн байсан. Тэгээд манай машины хүмүүс ерөнхийдөө гайгүй байна гэж байсан бөгөөд замын машинд суугаад явцгаасан жолооч бид 2 үлдээд эмнэлэг цагдаа ирэхийг хүлээж байгаад эмнэлгийн машинд суугаад Говьсүмбэр аймгийн эмнэлэг дээр ирсэн. Тэгээд үзүүлээд миний зүүн талын дал хэсэг хугарсан байна гээд одоо болтол сойлттой явж байгаа. Өөр гэмтэл бол учраагүй. Миний эмчилгээний зардлыг төлж барагдуулсан байгаа учир надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжилэхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 24-25 хуудас/

   5. Иргэний нэхэмжлэгч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2024 оны 10 сарын 20-ний өдөр өөрийн нэр дээр байдаг 6397 УБЦ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус-30 маркийн машинаар эхнэр Л-ийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот орох гээд 03 цаг 30 минутын үед хөдөлсөн. Би машинаа бариад эхнэр миний хажууд суудал дээр суугаад бид 2 хөдөлсөн бөгөөд Замын-Үүд сумаас хөдөлхөд гадаа бороо орж байсан. Тэгээд нааш явж байгаад Дорноговь аймагт орж ирэхэд гадаа цас орж эхэлсэн бөгөөд зам дээр хальтиргаа их үүсэж байсан. Цааш явах тусам цасан шуурга улам ширүүсэн мөс болж байсан. Тэгээд гэлдэрч явсаар байгаад шөнө 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн нутаг өнгөрөөд Баянтал сумын нутаг 16-р зөрлөг орчим явж байхад өөдөөс явж байсан машин гулгаад урсгал сөрөөд гараад ирсэн. Би тэр үед маш удаан буюу 20 км цагийн хурдтай явж байгаад өөдөөс урсгал сөрөөд гараад ирхээр нь машинаа доор нь зогсоосон чинь тухайн машин хажуугаараа гулгаж ирээд миний машиныг хажуу хэсгээрээ мөргөөд эргээд хойд чигт хараад зогссон. Миний машин байрандаа зам дээр зогсож байсан. Тэгээд манай эхнэр Людагийн дух хэсгээс нь цус гарсан байсан мөн зүүн талын өвдөгнөөс нь цус гарч байсан. Тэгээд би машинаасаа буугаад ирсэн бөгөөд нөгөө машин нь бор хүрэн өнгийн 1888 ГСА гэсэн дугаартай машин байсан бөгөөд тухайн машинд хэдэн хүн явж байсан талаар нь мэдэхгүй байна хүмүүсээ замын машинд суулгаж байсан жолооч нь нуруу өвдөөд гээд цагдаагийн машинд суулгаж байсан. Тэгээд манай эхнэрийн бие нь өвдөөд байсан учир замын машин зогсоогоод машинд суулгаад эмнэлэг явуулсан. Миний хувьд бол ил харагдахаар шарх гэмтэл бол байгаагүй. Тэгээд цагдаа эмнэлэг ирээд би эмнэлгийн машинаар Говьсүмбэр аймгийн эмнэлэг дээр ирсэн бөгөөд манай эхнэр бид 2-ын зургийг аваад эхнэр бид 2 эмнэлэгт хоносон... Одоо надад гомдол санал байхгүй, миний машиныг янзлуулж өгөөд эмчилгээний зардал бүрэн барагдуулсан байгаа. Шүүх хуралд оролцохгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 24-30 хуудас/

   6. Иргэний хариуцагч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тус 18-88 ГСА улсын дугаартай авто машин нь миний нэр дээр байдаг боловч Ш.Ц өөрөө унаж хэрэглэдэг учир би хохирол төлбөрийг төлж барагдуулахгүй... “ гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36 хуудас/

7. Иргэний нэхэмжлэгч Г.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Ю.Л, Б.С нар нь 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эрүүл мэндийн даатгалын сангаас 350 260 /гурван зуунтавин мянга хоёр зуун жаран/ төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33 хуудас/

8. Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2024 оны 10 сарын 20-ний өдөр Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг орох гээд 1888 ГСА улсын дугаартай авто машинд орой 19 цагийн үед суугаад хөдөлсөн. Машинд надаас гадна жолооч тэгээд 2 залуу байсан. Тэгээд явж байгаад 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн нутаг руу орж ирээд явж байсан бөгөөд 16-р зөрлөг орчим машин замын халтиргаан дээр гулгаад хажуугаараа хөндөлсөж байгааг мэдсэн. Тэгээд жолооч өө гээд хашгирах чимээнээр харсан чинь манай машин гулгаатай чигээрээ эсрэг урсгалд явж байсан машиныг хажуугаар очиж мөргөөд зогссон. Тэгээд машинаас би буусан бөгөөд мөргөлдсөн машин нь хойд зүгт харсан байдалтай зам дээр зогсож байсан. Тус машин нь саарал өнгийн приус-30 маркийн машин байсан улсын дугаарыг нь бол санахгүй байна. Бид нарыг Улаанбаатар хотоос гарахад л гадаа цас ороод шуурч байсан бөгөөд зам дээр халтиргаа гулгаа үүсэж байсан. Бид нарыг осолд орсон зам мөстөж гулгаа үүссэн байсан. Тэгээд манай машины хүмүүс ерөнхийдөө гайгүй байна гэж байсан бөгөөд би нэг залуутай нь хамт замын машинд суугаад Говьсүмбэр аймагт ирсэн. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Маргааш нь цагдаагаас дуудаад шинжээч эмчид үзүүлсэн эмнэлгийн тусламж бол аваагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 40 дүгээр хуудас/

    9. Говьсүмбэр аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 273 дугаартай дүгнэлтэнд:

          -Ю.Лгийн биед зүүн хөлийн дунд чөмөгний гадна дотор булуу ясны ил хугарал, шаант ясны гадна булууны ил хугарал, тойг ясны бяцарсан хугарал, зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал, зүүн тойгны гадна даруулган холбоосийн урагдал, зүүн өвдөгний дотор коллатерал холбоосийн суналт, зүүн мөрнөөс ташуу чиглэлтэй баруун хөх орчмын цус хуралт, духанд урагдсан шарх, зүүн өвдөгт няцарсан шарх, зүүн өвдөг орчмын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

           -Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

-Зүүн хөлийн дунд чөмөгний гадна дотор булуу ясны ил хугарал, шаант

ясны гадна булууны ил хугарал нь хамтдаа өвдөгний үүсгэгч яснуудын ил хугаралд хамаарах / зүүн өвдөгт няцарсан ил шархтай / тул хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги байдлаар их хэмжээгээр алдагдах гэмтлийн 4.6.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

-Зүүн хөлийн тойг ясны бяцарсан хугарал, зүүн өвдөгний дотор жийргэвч

мөгөөрсний урагдал гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

-Зүүн хөлийн тойг ясны гадна даруулган холбоосийн урагдал, зүүн өвдөгний

дотор коллатерал холбоосийн суналт, зүүн мөрнөөс ташуу чиглэлтэй баруун хөх орчмын цус хуралт, духанд урагдсан шарх, зүүн өвдөгт няцарсан шарх, зүүн өвдөг орчмын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 -т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдпаас хамаарна

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 45-46 хуудас/

  10. Говьсүмбэр аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 324 дугаартай дүгнэлтэнд:

  1. Б.Сын биед зүүн дал ясны их биеийн хугарал, зүүн өвдгөнд, баруун шилбэнд цус хуралт, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Зүүн дал ясны их биеийн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
  4. Зүүн өвдгөнд, баруун шилбэнд цус хуралт, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 61-62 хуудас/

            11. Говьсүмбэр аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 272 дугаартай дүгнэлтэнд:

            -Н.Оийн биед бүх биеийн доргилт, өвчүүний дунд хэсэг болон цээжний баруун талаар, зүүн гарын бугуйгаар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдпоо.

           -Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          -Бүх биеийн доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдпоо.

          -Өвчүүний дунд хэсэг болон цээжний баруун талаар, зүүн гарын бугуйгаар зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 66-67 хуудас/

      12. Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 007/2025 дугаартай магадлагаа:

      1.Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2. “Зам тээврийн осол”- тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад 1888 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Ц нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”

12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

12.3Жолооч    хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

  1. 6397 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.О нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна.
  2. Уг осолд зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь осол гарах хугацаанд цаг агаарын таарамжгүй нөцөл байдалтай, цас орж байсан, салхи шуургатай, зам халтиргаа гулгаа үүсэж байсан учир жолооч тухайн нөхцөл байдалд хөдөлгөөний хурдыг сонгож , тохируулж явах ёстой байсан гэж үзэж байна.

1888 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Ц нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Магадлагаа гаргасан цахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Майнбаяр гэжээ. /хх-ийн109-110 дугаар хуудас/

13. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 4-10, 40-43 хуудас/,

14. Ашид-Билгүүн ХХК-н автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан №351 /х.х-ийн 96-107 хуудас/,

15. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 122 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнгэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Ш.Цт дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Ш.Цийн гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч Ю.Л, Б.Ср нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Ц нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Ю.Л, Б.С нарын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсний зардалд иргэний нэхэмжлэгчээс 350 260 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Ш.Цаас гаргуулж Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор тогтоолоо.

            Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журмалан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ш.Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журмалан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ш.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

                                                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Ш-ийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ш.Цийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 03 /гурав/ хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Ш.Цт тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Цт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Цт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

6. Шүүгдэгч Ш.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ш.Цаас 350 260 /гурван тавин мянга хоёр зуун жаран/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.АРИУНЖАРГАЛ