Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

         Улсын яллагч Д.Ариунжаргал

         Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Билэгсайхан

Иргэний нэхэмжлэгч ***

Шүүгдэгч ***-ын өмгөөлөгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***-т холбогдох 201707000037 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, *** сумын ***-р баг, ***-эд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, *** регистрийн дугаартай, *** овогт ***-ын *** гэв.

Холбогдсон хэргийн талаар:

    Шүүгдэгч *** нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумын Хүрэмт багийн нутаг Ондгой гэх газар нэн ховор амьтан болох цоохор ирвэс агнаж улсад 11.200.000 төгрөгний хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Манай хот руу шөнө болгон ирвэс дайрдаг шөнө болгон буудаж үргээдэг байсан. 1 дүгээр сарын дундуур шөнө мал үргэхээр нь гараад харахад ирвэс ирээд хотон дотор мал барьсан байсан. Тэгээд би гэр рүүгээ хариаж ороод буугаа авч гарч ирээд нэг удаа хий буудсан. Хашаа руу гарсан чинь миний өмнөөс дайраад гараад ирэхээр нь өмнөөс нь буудсан цаашаа явсан юм уу, буугаад явах шиг болсон тэгээд би малаа хотлуулчихаад ороод унтаад өгсөн. Өглөө нь босч ирээд малаа хураагаад явж байсан чинь хотны дээд захад үхчихсэн байсан. Би энэ ирвэсийг санаатай ашиг сонирхлын зорилгоор алаагүй. Миний буудсанаас болж үхсэн юм байна. Би буруугаа ойлгож байна. Тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэхүү хэрэгт Улсын нэрийн өмнөөс иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Ирвэсийн талаар мэдээлэл өгье. Ирвэс нь хуулиараа нэн ховор ангилалд багтсан. Ирвэс манай дэлхийн 12 оронд байдаг. 2015 онд Олон улсын судалгааны байгууллагууд судалгаа хийсэн байдаг. Энэ дэлхийн 12 оронд 3900-6300 орчим ирвэс байна гэсэн судалгаа гаргасан байдаг. Энэ 12 орон нь Евро Ази Монгол, Хятад, Энэтхэг, Түвдийн нутагт байна гэсэн тоог гаргасан байдаг. Манай Монгол орон 1000 орчим ирвэстэй гэсэн судалгаа байдаг. Монгол орон ирвэсний нөөцөөрөө 12 орны хоёр дугаарт орж байгаа. Дэлхийн хэмжээнд ховордсон гэдэг утгаараа дэлхийн Байгаль хамгаалах холбоо,  конвенц, Засгийн газрын тогтоолоороо батлаад Амьтны тухай хуулиараа нэн ховор амьтны жагсаалтад оруулж өгсөн байдаг. Ирвэсийг сүүлийн үед малчид иргэд маш их олширч байна. Гэрийн тэжээвэр мал амьтан руу дайрч байна гэдэг хандлага маш их гарч байгаа. Үүнийг мэргэжлийн байгууллага судлаачид олширсон зүйл бол байхгүй. Зөвхөн идэш тэжээлийн хомсдолд орсон. Үүнээсээ болж айлын мал, амьтан руу дайрах хандлага олширч байгаа гэсэн дүгнэлт байгаа. Миний мэдэж байгаагаар орон нутгийн төсвийн орлогын дансанд 11.200.000 төгрөг орсон байгаа. Хууль бусаар агнасан тохиолдолд үнийг хоёр дахин нугалж төлүүлнэ гэсэн хуулийн дагуу тал мөнгө нь ороогүй байгаа. Энэ мөнгийг нэхэмжилж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 10 дугаар сарын дундуур буугаа 3.500.000 төгрөгөөр зарсан. Э надад 1.000.000 төгрөг өгсөн. Үлдсэн 2.500.000 төгрөгийг хавар өгье гэсэн. Одоо энэ шүүх хурал болсны дараа мөнгийг нь өгье гэсэн. Мөнгө төгрөгний боломж болохгүй бол буугаа буцааж авъя гэсэн санал тавьж байгаа гэв.

Гэрч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид орой унтах гээд орондоо орсон хэвтэж байхад хонь үргээд манай нөхөр гараад ирвэс ирсэн байна гээд эргэж орж ирээд буугаа аваад гарсан. Гадаа гараад нэг буун дуу сонсогдсон. Тэгээд орилоод нэг буун дуу сонсогдсон тэгэхээр нь би сандраад орноосоо босоод хувцасаа өмсөөд гарах гэж байсан чинь манай хүн урдаас ороод ирсэн. Тэгээд юу болов гэсэн чинь ирвэс ирсэн байхаар нь хөөгөөд явуулчихлаа гэсэн. Юу болоод орилсон юм бэ гэсэн чинь хашаа дээр харайж гарч ирээд дайрах гэсэн гээд орилсоноо өрөө мэдээгүй сандарсан байртай орж ирсэн. Тэгээд унтаад өглөө болоод манай хүн хонио бэлчээх гэж гарч яваад эргэж орж ирээд хотны захад нөгөөтөх чинь хэвтэж байна гээд буугаа аваад гараад явсан. Нэг буун дуу сонсогдсон хэсэг хугацааны дараа хөлдсөн ирвэс чирч оруулж ирээд өчигдөр оройны буудсан ирвэс хотны захад үхсэн байна гэж хэлсэн. Би айгаад наадхаа гарга гэхэд гаргасан гэв.

Гэрч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сард тэр өвөлжөөн дээрээ буусан. Өнгөрсөн зун 6 дугаар сард аймаг дээр ажил хийж байхад нь малчин болгох гээд хөдөө гаргасан. Тэгээд өвөлжөөн дээрээ буулгасан. Хот руу нь хэд хэдэн удаа дайраад ямаа бариад идсэн байсан. Өвлийн хүйтэнд өөр буух газар байхгүй байсан. Ингээд болохгүй байна гэхээр нь би аймгийн Байгаль орчны газар өргөдөл бичиж өгсөн. Тэгэхэд байгаль орчны газар арга байхгүй, Олон улсын хамгаалтад байдаг. Энд бөхөнгийн хэргээр хүмүүс ирсэн байгаа. Та ирвэс хамгаалах байгууллагад давхар өргөдөл өг гээд ирвэс хамгаалах байгууллагад давхар өргөдөл өгсөн. Хоёр өргөдөл өгчихөөд байж байсан чинь нэг өглөө манай хүү яриад ирвэс урд шөнө хот руу дайраад хашаан дээр үсэрч гарч ирээд өмнөөс дайраад буудсан чинь маргааш нь хотны цаана үхсэн байна гэсэн мэдээлэл надад өгсөн. Тэгээд би хоёр газар нь өргөдөл өгсөн юм чинь гээд өөр хаана хандах уу гэж бодоод орхисон. *** над руу аав ирвэс чинь үхсэн байна цааш нь мэдэгдэх үү гэсэн. Тэгэхээр нь хэсэг бодож байгаад Байгаль орчны газар руу нэг явах гэснээ өмнө нь өргөдөл өгсөн юм хэлээд нэмэргүй юм байлгүй гэж бодоод би хүүгээ хуулаад мах арьсыг нь аваад арьсанд нь шороо хийчих гэсэн. 2 дугаар сард очиход гэрийнх нь гадаа хэвтэж байсан. Нууж хаасан зүйлгүй тийм байдалтай байсан гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр байцаасан ***-ын мэдүүлэг /хх-49-50-рт/, иргэний нэхэмжлэгч ***-гийн мэдүүлэгийг шүүх хуралдаанд өөрөө оролцсон учир унших шаардлагагүй, гэрч ***-гийн мэдүүлэг /хх-54-57-рт/ эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөд гарын үсэг зуруулсан байна, гэрч ***-ын мэдүүлэг /хх-63-рт/, эд хөрөнгө хураан авсан тэмдэглэл /хх-22-23-рт/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-24-рт/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-25-26-рт/, Цоохор ирвэсний арьс болон маханд үзлэг хийсэн тэмдэглэл эд мөрийн баримтад үзлэг тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлийг CD-ний бичлэгт үзлэг хийх учраас унших шаардлагагүй, шинжээчийн дүгнэлт /хх-82-83-рт/, шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-93-рт/, байгаль орчны сайдын тушаал /хх-149-рт/ зэрэг нотлох баримтуудыг,  шүүгдэгчийн өмгөөлөгч ***-ийн хүсэлтээр: Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-24-рт/, гэрч***-гийн мэдүүлэг /хх-54-рт/, гэрч ***-ын мэдүүлэг /хх-66-рт/, гэрч Ж.Хасаабаатарын мэдүүлэг /хх-76-рт/, шинжээчийн дүгнэлт /хх-82-рт/, гэрч ***-ын мэдүүлэг /хх-70-рт/, гэрч ***-гийн мэдүүлэг /хх-153-рт/, ял шалгуулах хуудас /хх-121-рт/, Багийн засаг даргын тодорхойлолт /хх-122-рт/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх үнэлэв.

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2017 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 21-22 цагийн хооронд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Хүрэмт багийн нутаг *** гэх газар Амьтны аймгийн тухай хуульд заасан нэн ховор амьтан болох залуу буюу 3-4 настай цоохор ирвэсийг шүүгдэгч *** агнаж улсад 22.400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг гарсан байна.

Уг гэмт хэргийг шүүгдэгч *** үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэргийн 15-18 дугаар хуудсанд байх эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургын үзүүлэлт /ХХ39-44/, эд мөрийн баримтаар тооцож,  хэрэгт хавсаргах тогтоол /ХХ-45/, гэрч ***-гийн “...гадаа хоттой мал үргэсэн. Тэгсэн манай нөхөр ирвэс ирсэн мал барьсан байна гэж хэлээд том буугаа аваад гарсан. Тэгээд гадаа манай нөхөр нэг удаа буудаж байгаа нь сонсогдсон. Өглөө нь босоод манай нөхөр гарч явж байгаад ирсэн чинь хотны захад, хадны цаана урд шөнө буудсан ирвэс үхчихсэн хэвтэж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч ***-ын “...*** утсаар залгаж орж ирээд надад хэлэхдээ манай хоттой малруу урд шөнө ирвэс дайраад мал бариад идэж байхаар нь би буудчихсан чинь өглөө босч ирээд үзэхэд манай хотны дээд хадан дээр үхчихсэн хэвтэж байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч ***-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, экологи, эдийн засгийн үнэлгээ болох 11.200.000 төгрөгийг нөхөн төлбөрт төлсөн баримт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар ирвэс нь нэн ховор амьтанд хамаарч байх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн  7.2 дахь хэсэгт зааснаар нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барих талаар заасан байна.

Шүүх шүүгдэгч ***-т холбогдох хэргийг аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул түүнийг ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчиж, нэн ховор ан амьтан болох ирвэс агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Улсын яллагч нь яллах дүгнэлтдээ *** нь цоохор ирвэс агнаж улсад 11.200.000 төгрөгний хохирол учруулсан гэж бичсэн байх боловч амьтны аймгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар амьтны аймагт учирсан нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо үнэлгээг 2 дахин өсгөж тогтоохоор заасан байх тул нийт учирсан хохирол 22.400.000 төгрөгний хохирлоос 11.200.000 төгрөгийг төлсөн байна гэж үзлээ.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн гүйцэд нөхөн төлөөгүй байх тул мөрдөн байцаагчийн хөрөнгө битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ***-т оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ***-ын ялыг тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг хохирол бүрэн төлөгдөөгүй байх тул хангах үндэслэлгүй байна. Харин шүүгдэгч ***-ын хохирлын зарим хэсгийг төлсөн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа талаарх мэдүүлэг зэргээр үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэв.

Шүүх шүүгдэгч ***-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв. Шүүгдэгч ***-Т хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгчдэгчийн өмгөөлөгч ***-ийн “…хөрөнгө битүүмжлэх тогтоолыг прокуророор батлаагүй, он сар тавигдаагүй байсан тул нотлох баримтаас хасуулах, ***-гийн байцаалт үндсэн хууль сануулаагүй байсан. Үүнийг нөхөж бичсэн тул нотлох баримтаас хасуулах саналтай байна...” гэх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь хөрөнгө битүүмжилсэн тогтоолд ямар үндэслэлээр хөрөнгийг битүүмжилж байгаа үндэслэлээ тодорхой бичээд хяналт тавьж байгаа прокуророор батлуулдаг. Хавтаст хэргийн 24 дүгээр хуудсанд хөрөнгө битүүмжилсэн тогтоол байх ба мөрдөн байцаагч тогтоолыг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үйлдэж, прокурор мөн өдөр хянаж баталгаажуулсан хуулийн заалтын дагуу гүйцэтгэгдсэн  байна гэж үзэж байна.

Мөн  хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд ***-г гэрчээр асуусан тэмдэглэл байна. Үүнд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан өглөө.  Та өөрийн гэр бүлийн гишүүдийн болон эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байна уу гэж асуухад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй гээд мэдүүлэг өгсөн байх тул ***-аас гэрчээр авсан мэдүүлэг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан мэдүүлэг байна гэж үзлээ.

Шүүх энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан *** маркийн 0*** гол төмрийн дугаартай, *** дугаартай замаг бүхий бууг сумны гэр, 8 ширхэг сумны хамт хурааж улсын орлого болгох үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь дээрх бууг хэний эзэмшил өмчлөлийн буу болохыг тогтоох үндэслэлийг хянахад иргэн *** “…би буугаа ***-д зарж үнийг авсан, уулзаж чадахгүй байгаа учир шилжүүлээгүй юм, ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэж мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч Б*** би ***-аас худалдаж аваад Э-т зарсан, одоо үнийн үлдэгдэл 2.500.000 төгрөг гаргуулж авна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна.

Уг бууг Галт зэвсгийн тухай хуульд заасан галт зэвсэг худалдах, худалдан авч бүртгүүлэх журмыг *** ***, *** нар зөрчсөн,  улмаар шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр нь дээрх бууг ашиглаж, нэн ховор амьтан ирвэс агнасан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хурааж, улсын орлого болгох үндэслэлтэй байна.

Шүүх бууны эзэмшигч *** буугаа ***-д зарж, үнийг бүрэн авсан гэж мэдүүлсэн болон *** *** нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний эрхийн харилцаа үүсээгүй байх тул мөрдөн байцаагч иргэний нэхэмжлэгчээр ***-г тогтоосон нь үндэслэлтэй байна гэж үзэж, шүүгдэгч ***-аас бууны үнийн үлдэгдлийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч ***-д олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 настай эр ирвэсний арьсыг Говь-Алтай аймгийн орон нутгийг судлах музейд шилжүүлж, 6 ширхэг, 14 кг 640 гр махыг устгаж, CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч *** цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь гэм хорын хохирол 11.200.000 төгрөгийг төлсөн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *** овогт ***-ын ***-ыг ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчиж, нэн ховор ан амьтан болох ирвэс агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан ***-т оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн *** маркийн *** гол төмрийн дугаартай, *** дугаартай замаг бүхий буу, сумны гэр, 8 ширхэг сум зэргийг улсын орлогод оруулахаар хурааж Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан ***-аас гэм хорын хохирлын үлдэгдэл 11.200.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод, бууны үнийн үлдэгдэл 2.500.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч ***-д тус тус олгосугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.11 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор битүүмжилсэн 26.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий 166 малыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл хугацаагаар битүүмжилсэн хэвээр байлгасугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 настай эр ирвэсний арьсыг Говь-Алтай аймгийн орон нутгийг судлах музейд шилжүүлж, 6 ширхэг, 14 кг 640 гр махыг устгаж, CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
  8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан ***-ын цахим  үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, *** дугаартай галт зэвсгийн гэрчилгээг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт тус тус шилжүүлсүгэй.
  9. Энэ хэрэгт ялтан *** цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, ялтан *** нь гэм хорын хохирол 11.200.000 төгрөгийг төлсөн зэргийг тус тус дурдсугай.
  10. Ялтан ***-ыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

          

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.САРАНТУЯА