| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 2038000000447 |
| Дугаар | 2021/ДШМ/11 |
| Огноо | 2021-03-03 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Ц.М |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2021/ДШМ/11
2021 03 03 2021/ДШМ/11
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор: Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр,
Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолтой Б.Б, Ц.Бнар холбогдох 2038000000447 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, Хулст овогт Б, 1996 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .................../.
2. Монгол Улсын иргэн, Иргэд овогт Б, 1995 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан /регистрийн дугаар .........../.
Ц.Бнь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 39-01 тоотод хохирогч Т.Мийн толгой хэсэгт модоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, Бнь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 39-01 тоотод хохирогч Б.Бийн толгой хэсэгт модоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Иргид овогт Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Хулст овогт Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, шүүгдэгч Иргид овогт Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Хулст овогт Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Баатарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Бнь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-аас 152,574 /нэг зуун тавин хоёр мянга таван зуун далин дөрвөн/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Мэд, шүүгдэгч Б.Батхүүгээс 2,337,921 /хоёр сая гурван зуун гучин долоо мянга есөн зуун хорин нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бид тус тус олгож, Эрүүгийн 2038000000447 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн 2038000000447 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Б нь 208,469 /хоёр зуун найман мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөгийг хохирол болон цаашид гаргах эмчилгээний зардлаа, хохирогч Т.Мэ цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр давж заалдах гомдолдоо: Өмгөөлөгчийн хувьд өөрийн үйлчлүүлэгчийн хүсэл зорилгод нийцүүлэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу давж заалдах гомдол гаргаж байна.
Учир нь, дээрх шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүгдэгч Бын эрх, хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх шийдвэр болсон байна. Үүнд:
Нэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн...хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ... ” гэсэн нь учир дутагдалтай байна.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэсэн байдаг. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 39-01 тоотод хохирогч Т.Мийн толгой хэсэгт модоор цохиж эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэх үйл баримтын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь хоорондоо харилцан адилгүй зөрүүтэй, эргэлзээтэй байдаг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн шалгаж, тогтоогоогүй байна.
Хохирогч Т.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...нэлээд удсаны дараа таксины жолооч Баатараа хоёр орж ирээд хэсэг сууж байсан чинь Аагий гэдэг хүүхэн “явлаа” гээд гарах гэсэн чинь Баатараа гэх залуу цүнхийг нь утастай нь аваад буйдан доогуур шидсэн...Тэгтэл манай найз Бямбадорж “манай гэрт ирчихээд манай найзуудыг доромжлох эрх байхгүй...” гээд...Бямбахүү нь Бямбадорж бид хоёроос уучлалт гуйгаад...удалгүй Баатараа нь миний араас толгой руу модоор цохиод... ” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р тал/,
Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Нэг цаг орчмын дараа гурвуулаа орж ирээд Ээгийгийн цүнхийг авч шидээд...Ээгийгийн найзын куртикийг татаж байгаад урсан...жижигхэн залуу нь хашаан дотроос мод авч гарч ирээд Мөнх-Эрдэнийн толгой руу цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,
Гэрч П.Бямбахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би буцаад орох гэж байхад Бямбадорж, Баатар, Батхүү, Мөнх-Эрдэнэ ах нар зөрөөд гарч ирээд Бямбадорж намайг цохихоор нь... тэврэлдээд зогсож байхад манай найз Баатараа мод авчирч ирээд Мөнх-Эрдэнэ ахыг цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,
Гэрч Б.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг хашааны үүдэнд гарч ирэхэд Мөөгий нь Баатарыг хөөсөн гүйж явсан. Баатар надад хэлэхдээ “Бямбааг хамжаад байна" гэж хэлэхээр нь би харах үед Бямбахүү, Бямбадорж хоёр дээр, доороо ороод ноцолдож байх үед 2 охин хажууд нь зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,
Гэрч Х.Тодбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Ээгий, Аагий хоёртой явлаа гээд таксигаа дуудчихаад хүлээгээд сууж байхад Бямбаа, Мөөгий хоёрыг өндөр залуу аваад гарсан...Тэгээд хоёр найз нь үлдчихээд бид гурвыг гаргахгүй... араас гарч ирээд байшингийн хажууд байсан саадны хажууд намхан залуу нь намайг шахаж зогсоод... янхан минь гэх мэт үгээр доромжлоод... хашааны гадаа гарах үед өндөр залуу нь мод барьсан явж...Бямбаа, Мөөгий, бас нэг өндөр залуу руу модоо чирч очоод орилолдоод унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,
Гэрч С.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Тодоо Аагий хоёртой явлаа гээд таксигаа дуудчихаад хүлээгээд сууж байхад Бямбаа, Мөөгий хоёрыг өндөр залуу аваад гараад явсан. Тэгээд хоёр найз нь үлдчихээд бид гурвыг гаргахгүй...гадаа гарсан чинь зодоон болж байсан. Өндөр залуу нь мод барьсан эргүүлээд тааралдсанаа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/ ... зэрэг баримтууд байна. Эдгээр хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдийг дүгнэж үзэхэд нэгнийгээ үгүйсгэсэн мэдүүлгүүд байдаг. Тодруулбал, тухайн хэрэг учрал болсон газрыг улсын яллагчийн яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт нэрлэн заахдаа “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 39-01 тоот” гэсэн байх боловч маргаан, зодоон бүхий үйл явц нь иргэн Б.Бийн байшинд, аль эсвэл түүний хашаанд юм уу хашааны гадаа гудамжинд болсон эсэх нь тодорхойгүй байдаг.
Түүнчлэн дээрх маргаанаас үүдэлтэй гэрч Б.Б, П.Бямбахүү нарыг хоорондоо цохилцсон үйл явдлыг хохирогч, гэрчүүд нь өөр, өөр байдлаар тайлбарладаг. Хохирогч Т.Мэ, гэрч Б.Б нар байшинд буюу дотор гэрт сууж байхад болсон мэтээр ярьсан байдаг бол гэрч П.Бямбахүү, Х.Тодбаяр, С.Эрдэнэчимэг нар нь мэдүүлэхдээ байшингаас гарч ирсний дараа, аль эсвэл хашаанаас гадна гудамжинд болсон мэтээр харилцан зөрүүтэй мэдүүлэг өгсөн байсныг анхан шатны шүүх анзаарсангүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Мэ нь “...Баатараа нь миний араас толгой руу модоор цохиод...” гэх, гэрч Б.Б нь “...жижигхэн залуу нь хашаан дотроос мод авч гарч ирээд Мөнх-Эрдэнийн толгой руу цохисон “ гэх, гэрч П.Бямбахүүгийн “...манай найз Баатараа мод авчирч ирээд Мөнх-Эрдэнэ ахыг цохисон” гэх мэдүүлгүүдийг тус тус өгч шүүгдэгч Ц.Баатарыг хохирогч Т.Мийн биед гэмтэл учруулсан болохыг нотолж байх боловч гэрч Х.Тодбаяр, С.Эрдэнэчимэг нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “хашааны гадаа гарах үед өндөр залуу нь мод барьсан чирээд явсан... өндөр залуу нь мод барьсан эргүүлээд тааралдсанаа цохиод байсан...” мэтээр дээр дурдсан мэдүүлгүүдийг няцааж, харилцан адилгүй зөрүүтэй мэдүүлгийг өгсөн байдаг.
Иймд хохирогч Т.Мийн биед хүнд гэмтэл учруулсан гэх үйлдлийг шүүгдэгч Ц.Бучруулсан эсэх, аль эсвэл мэдүүлэгт дурдагдаад байгаа “өндөр залуу” болох шүүгдэгч Бучруулсан аль нь болох нь тодорхойгүй, эргэлзээтэй байдлыг үүсгэж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан бичгийн бусад баримтууд болон шүүгдэгч Ц.Б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэгт “хохирогч Т.Мийн толгой руу араас нь модоор ганц л удаа цохисон” талаар дурдагддаг. Гэтэл Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 540 дугаартай дүгнэлтэд “Т.Мийн биед учирсан ... Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл бөгөөд цохилтоос үүссэн гэмтэл байх боломжтой...” гэсэн байдаг. Дээрх дүгнэлтээс үзэхэд хохирогч Т.Мэ нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд шүүгдэгч Баас гадна өөр бусад хүнд цохиулсан байж болзошгүй юм. Тодруулбал, Бын модоор цохисон үйлдэл нь дангаараа хүнд гэмтэл учруулсан хор уршгийг үүсгэсэн эсэх нь эргэлзээтэй байна.
Хоёр. Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ш.Дэлгэрцэцэгийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэн Т.Мийн биед үзлэг хийлгэхэд тусгай мэдлэг бүхий шинжээчээр үзлэгийг хийлгэх тухай шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолд тусгагдсан шинжээч эмчид тавигдсан асуултад шинжээч эмч Б.Цолмон нь дутуу хариулж дүгнэлт гаргасан байдаг.
Тодруулбал, “биеийн аль хэсэгт ямар, ямар гэмтэл үүссэн байна вэ” гэх асуултад дутуу хариулж, КТГ шинжилгээний хариунд дурдсан: “хамрын таславч бага зэрэг баруун тийш муруйсан” гэх гэмтлийг дүгнэлтэд дурдаагүй. Мөн “зүүн шилбэнд учирсан цус хуралт бүхий” гэмтлийг гэмтлийн зэрэгт хамаарах эсэхийг тодруулан тусгаагүй зэрэг нь дээрх 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 540 дугаартай дүгнэлт нь үндэслэл бүхий байх шинжийг алдагдуулсан байна.
Гурав. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Мэ нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Баатар миний толгой руу ар хэсгээс 6x6 харьцаатай дөрвөлжин урт модоор цохиод тэр мод нь хугарсан...” гэж, гэрч Б.Б мэдүүлэг өгөхдөө “5х7-ын харьцаатай дөрвөлжин, 1 метр урттай мод байсан...” гэж тус тус зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Тэгвэл тус хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дээрх модонд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасны дагуу үзлэг хийж, тэмдэглэл хөтлөөгүй нь мөн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын “зөвшөөрөл олгох тухай”, “эд мөрийн баримт хураан авах тухай” 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 161 дүгээр тогтоол гарсан байтал уг прокурорын тогтоол гарахаас өмнө буюу прокурорын зөвшөөрөлгүйгээр 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд заасан эд мөрийн баримт хураан авах журмыг зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчсөн ноцтой үйлдэл болсон байна.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгөхийг хүсэж энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 381 дугаартай яллах дүгнэлтээр Ц.Б-ыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 39 дүгээр гудамжны 1 тоотод 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.Мийн биед халдаж толгойн тус газарт модоор цохиж хүнд гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б-г Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 39 дүгээр гудамжны 1 тоотод 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Бийн биед халдаж толгойн тус газарт модоор цохиж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.
Учир нь шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан нөхцөл байдлын талаар давхардуулан бичсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой асуудлын талаар дүгнэхдээ “...хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Боос 2 546 390 төгрөгийг нэхэмжилсэн...” гэж шүүгдэгчийн нэрийг буруу бичсэн, хохирогч Т.Мэ нь шүүгдэгч Баас 152 574 төгрөг нэхэмжилсэн байхад “...шүүгдэгч Баас 152 574 төгрөг гаргуулж хохирогч Б.Бид олгож шийдвэрлэв...” гэж хохирогчийн нэрийг зөрүүлж бичсэн зэрэг алдаа гаргажээ.
Мөн шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогч Б.Б нь нэхэмжлэлээс үлдэх 208 469 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч Т.Мэ цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчжээ.
Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолд хэнээс хэн нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй болохыг нэг бүрчлэн зааж өгөөгүйгээс хохирогч нар нь энэ хэргийн шүүгдэгчийн хэн алинаас цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй байдлаар бичигдсэнийг буруу гэж үзнэ. Хохирол, хор уршиг учруулсан этгээдээс л хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй юм.
Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8-д заасан шаардлага хангаагүй нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх, улмаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно.
Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/57 дугаартай захирамжаар тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолд тогтоох, тодорхойлох хэсэг нь хамт бичигдэж үг, үсэг, техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэн залруулга хийхдээ шүүгчийн захирамжаар залруулга хийсэн нь ойлгомжгүй байна.
Иймд Б, Бнарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б, Бнарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ