Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0623

 

2022 08 30                                  128/ШШ2022/0623

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******** ******** ХХК;

Хариуцагч: Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдад холбогдох,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны */** дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйл:

1.1.Энэ хэргийн маргааны зүйлээр газар ашиглах эрхийг цуцалсан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох үйл баримт хэлэлцэгдсэн болно.

1.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны */** дугаар тушаалыг Захиигааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47. илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэн зүйл байхгүй болно.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дараахь үйл баримтыг дурдсан байна.Үүнд:

2.1.1.****** ********** ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хан-Уул дүүргийн Засаг дарга нартай ****/ ** тоот гэрчилгээ байгуулсны үндсэн дээр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт *.** га газар ашиглах эрх үүссэн талаар;

2.1.2.****** ********** ХХК-ийн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээгээр эзэмшүүлсэн газрыг ашиглах эрх нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөр дуусгавар болсон талаар;

2.1.3.Богдхаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны */** дугаар тушаалаар манай газрын эрхийг цуцалсан талаар мэдэгдэж, тушаалыг ирүүлсэн талаар бичсэн байна.

2.2.Мөн нэхэмжлэлдээ, маргаан бүхий тушаалын үндэслэл нь газраа 2 жил дараалан зориулалтаар нь ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн боловч бодит байдалд эдгээр үндэслэлүүд огт бий болоогүй, газрын эрхийг цуцлах үндэслэлгүй байтал Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны */** дугаар тушаалаар газрын эрхийг цуцалсан нь илт хууль бус гэж үзсэнээ дараахь байдлаар дэлгэрүүлжээ.Үүнд:

2.2.1.Бидний зүгээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл байдал үүсээгүй. Бид газар дээрээ аялал жуулчлалын цогцолбор барьж байгуулахаар зураг төсөл боловсруулан төсөв, төлөвлөгөөний дагуу ажиллаж байтал Хан-Уул дүүргийн газрын албанаас 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр **/*** дугаар албан бичгээр газрын төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орсон тул газар ашиглах ****/*** тоот гэрээг шинэчлэх, мөн оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улсын төсвийн хөрөнгөөр төвлөрсөн хангамжийн цагираг шугам, усан сан, насос станц барихаар төлөвлөсөн газарт манай компанийн газраас *,* га орсон тул хэсэгчилэн цуцлах мэдэгдлүүдийг тус тус өгсөн.

2.2.2.Төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг дагаж, газрын төлбөр болон газрын хэмжээнд орсон өөрчлөлтийг газар ашиглах гэрээ, гэрчилгээнд тусгуулан, шинэчилж авахаар Богдхаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт удаа дараа хандсан.

2.2.3. Богдхаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь гэрчилгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хандаж ав гэсэн бол Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар нь манайд танай газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ байхгүй гэж төөрөгдүүлсэн, өөр хоорондоо зөрчилтэй, хууль тогтоомж зөрчсөн хариу өгч бидний үйл ажиллагааг удаашруулан хүнд суртал, ойлгомжгүй байдал үүсгэсээр ирсэн.

2.2.4.2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ****/*** тоот Улсын тусгай хамаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний 3 дугаар зүйлийн 8-д зааснаар Богдхаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь газар ашиглагчийн гэрээ, гэрчилгээг сунгах, нөхөн олгох асуудлаар шийдвэр гаргах чиг үүрэг, бүрэн эрхээ үндэслэлгүйгээр хэрэгжүүлэхээс татгалзаж, газар ашиглагчийг гэрээнд заасан хугацаанд газраа зориулалтаар нь ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн.

2.2.5.Ийнхүү холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй хүнд суртал гаргаж, тодорхойгүй байдал үүсгэж, манай газрын гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгохгүй байсан бөгөөд үүний улмаас бид газар дээрээ барилга байгууламж барьж зориулалтын дагуу ашиглаж чадахгүйд хүрсэн.

2.2.6.Улсын дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай зөвлөмж-д гэрээ хийгдсний дараа бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний улмаас газраа зориулалтаар нь 2 жил дараалан ашиглаж чадахгүйд хүрсэн зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээр заасан тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл манай компанид бүрдээгүй.

2.2.7.Богдхаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албан тушаалтнууд хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, газрын төлбөр болон хэмжээнд орсон өөрчлөлтийг гэрээ, гэрчилгээнд зохих ёсоор тусгаж, шинэчлээгүйгээс барилга, байгууламж барьж ашиглаж чадахгүйд хүрсэн нь манай компанийн буруугаас бус эдгээр албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болсон.

2.2.8.Манай компаний хувьд гэрээ байгуулсан цагаас хойш 2021 оны */** дугаар тушаал гарах хүртэл газрын төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлж ирсэн.

Газрын төлбөрийг нийт талбайн хэмжээгээр тооцон өнгөрсөн * жилийн хугацаанд газрын төлбөрр нийт ***,***,*** төгрөг төлж гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ бүрэн зохих ёсоор биелүүлсэн, дутуу төлсөн, хугацаа хоцроосон төлбөр огт байхгүй.

2.2.9.Эдгээр бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэл бүрдсэн эсэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон холбогдох эрх бүхий албан тушаалтнууд шалгаж тогтоолгүйгээр манай компанийн газрын эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр цуцалж Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт гаргасан.

2.2.9.Захиргааны ерөнхий хуулийн 43.1-д зааснаар захиргааны акт хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хууль заасан журмын дагуу мэдэгдэх бөгөөд захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцах ёстой.

2.2.9.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны */** дугаар тушаалыг гаргасан захиргааны байгуулага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь өнөөдрийг хүртэл манай компанид албан ёсоор мэдэгдээгүй байгаа болно.

2.2.10. Богдхаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны */** тоот тушаалыг манай компанид ирүүлсэн ч тус тушаалын хаяглагдсан этгээдийн нэрийг тусгасан хавсралтыг ирүүлээгүй тул бодит байдал */** тоот тушаал нь манай компанид хаяглагдсан эсэх, хамааралтай эсэхийг одоо болтол бид албан ёсоор мэдээгүй, танилцаагүй байна.

2.2.11.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны */** дугаар тушаалыг манай компанид мэдэгдээгүй, танилцах боломжийг бүрдүүлээгүй атлаа газрын эрхийг илт үндэслэлгүйгээр цуцалсан нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн илт хууль бус ажиллагаа юм.

2.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Захиргааны ерөнхий хуулийн 93.1-д "Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана", 93.2-д "Энэ хуулийн 93.1 д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно" гэж заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 10 сарын 04-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад өөрт нь хандан гомдол гаргасан болно.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх гомдлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд биечлэн очиж хүргүүлсэн бөгөөд бидний гомдлыг хүлээн авсан атлаа өнөөдрийг хүртэл ямар нэг албан ёсны хариу өгөөгүй болно.

Тодруулбал бидний зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох ажилтнаас утсаар болон биечлэн очиж асуухад "хариу удахгуй гарна, ирэх долоо хоногт хариу өгнө, ****** гэх ажилтнаас тодруулна уу" гэх мэтээр албан ёсны хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн болно.

2022 оны 10 сарын 04-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гаргасан гомдлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам албан ёсоор хүлээн авч, бүртгэсэн эсэх баримтыг шаардлагатай гэж үзвэл шүүхийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулах боломжтой гэв.

2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд газар ашиглах эрхийн хугацааг дуусгавар болгох, газар ашиглах эрхийг цуцлах Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны */** дугаар тушаал гарах үндэслэлийн тухайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д заасны дагуу мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэл болгосон.

Дээрх үндэслэлүүдэд нэхэмжлэгч нь захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны актыг утга найруулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг гаргасан байгууллага тодорхойгүй, тухайн маргаан бүхий захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх байгууллага тодорхой бус байх гэсэн заалтуудад маргаан бүхий захиргааны акт тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд газар ашиглах эрхийг **** онд олгосон байдаг. Газар ашиглах эрх олгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлүүдийг тусгасан байдаг. Дээрх хуулийн заалтаас харахад газар ашиглах эрхийг дуусгавар болгосон шийдвэр нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр */**** тоот албан бичгээр нэхэмжлэгч компанид мэдэгдсэн. Сонсох ажиллагааны мэдэгдлийн дагуу холбогдох тайлбарыг нэхэмжлэгч компаниас ирүүлээгүй байдаг. Акт гаргасныг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай албан бичгээр Богдхаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас танай газрын газар ашиглах эрхийг дуусгавар болсныг тушаалын дагуу хүргүүлж байна. 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн албан бичгийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мэдээд ****** ********** ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад газар ашиглах эрхийг сэргээж өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлтийг хүргүүлсэн байдаг. Хүсэлтийн хариуг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр **/** тоот албан бичгээр газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй, шийдвэр биелүүлнэ үү гэж хариу хүргүүлж байсан. Иймд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн. Үйл ажиллагааны тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн */*** дугаар тушаалаар газар ашиглах эрх авсан байдаг. Тушаалын дагуу газрын 6 жилийн турш газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт байх гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн */** тушаалд нэхэмжлэл гаргасан ****** ********** ХХК-ийн нэр байхгүй, хавсралтаар *** иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

Нэхэмжлэгч дээрх тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд дараах зүйл хамаарна гээд 52.5.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохгы тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж заасан дагуу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт хамаарахгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд газар ашиглах эрхийн хугацааг дуусгавар болгох, газар ашиглах эрхийг цуцлах Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны */** дугаар тушаал гарах үндэслэлийн тухайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д заасны дагуу мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэл болгосон.

Дээрх үндэслэлүүдэд нэхэмжлэгч нь захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны актыг утга найруулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг гаргасан байгууллага тодорхойгүй, тухайн маргаан бүхий захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх байгууллага тодорхой бус байх гэсэн заалтуудад маргаан бүхий захиргааны акт тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд газар ашиглах эрхийг **** онд олгосон байдаг. Газар ашиглах эрх олгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлүүдийг тусгасан байдаг. Дээрх хуулийн заалтаас харахад газар ашиглах эрхийг дуусгавар болгосон шийдвэр нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр */**** тоот албан бичгээр нэхэмжлэгч компанид мэдэгдсэн. Сонсох ажиллагааны мэдэгдлийн дагуу холбогдох тайлбарыг нэхэмжлэгч компаниас ирүүлээгүй байдаг. Акт гаргасныг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас танай газрын газар ашиглах эрхийг дуусгавар болсныг тушаалын дагуу хүргүүлж байна. 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн албан бичгийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мэдээд ****** ********** ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад газар ашиглах эрхийг сэргээж өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлтийг хүргүүлсэн байдаг. Хүсэлтийн хариуг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр **/** тоот албан бичгээр газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй, шийдвэр биелүүлнэ үү гэж хариу хүргүүлж байсан. Иймд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн. Үйл ажиллагааны тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн */*** дугаар тушаалаар газар ашиглах эрх авсан байдаг. Тушаалын дагуу газрын 6 жилийн турш газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт байх гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэг.Маргааны үйл баримтад:

1.1.Энэ хэрэгт захиргааны актыг илт хууль бус гэж тооцуулах үйл баримт хэлэлцэгдсэн учраас анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий захиргааны актыг хянахдаа Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг хэрэглэж маргааныг шийдвэрлэсэн болно.

1.2.Маргааны зүйлээр нэхэмжлэгч нь захиргааны албан тушаалтныг иргэн, хуулийн этгээдийн эрхэд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй гэдэг үйл баримтыг тодорхойлж, маргах ёстой байсан боловч манай компани газрын төлбөрийг бүрэн төлсөн, газрыг 2 жил дараалан зориулалтаар ашиглаагүй нь нэхэмжлэгчийн буруутай ажиллагаанаас болоогүй байхад энэ үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан гэж маргасан нь илт хууль бус захиргааны актын үндэслэлд хамаарахгүй байна гэж үзлээ.

Хоёр.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

2.1.Энэхүү хэргийн үйл баримтад газар ашиглах эрхийг цуцалсан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох маргаан хэлэлцэгдсэн учраас актын зөвхөн илт хууль бус гэж үзэх эсэх хууль зүйн үндэслэлд хамаарах нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг хэрхэн үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

2.2.Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох маргаанд нэхэмжлэгчийг ашиглаж буй газрын төлбөрөө бүрэн төлсөн эсэх, газрыг зориулалтаар ашиглаагүй нь хэний буруутай ажиллагаанаас болсон, Ковид-19 цар тахлын улмаас хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх, газар ашиглах эрхийг дуусгавар болох үндэслэлд цагдаагийн байгууллагын илрүүлсэн ямар зөрчил нөлөөлсөн, юу тогтоогдсон зэрэг нотлох баримтыг цуглуулах, үнэлэх нь анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэвэл зохих нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзсэн тул шүүх үнэлээгүй болно.

Гурав.Шүүх хуралдааны ирцийн талаар:

3.1.Шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар шүүх хуралдааныг товлохдоо нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн саналыг үндэслэн, хуралдааныг 08 дугаар сарын 19-ний өдөр явуулахаар тогтсон.

3.2.Гэтэл ийнхүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрсний дагуу товлосон 08 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааныг тэрээр өөр шүүхэд товлосон хуралтай давхацсан, тэр хурлаа хийлгэх шаардлагатай тул хурлыг хойшлуулах-аар хүсэлт ирүүлснийг нь шүүх хүлээн авч мөн өдрийн шүүх хуралдааныг эхний удаад хойшлуулсан байна.

3.3.Шүүх дараагийн шүүх хуралдааныг 08 дугаар сарын 30-ны өдрийн 9.00 цагт явуулахаар товлож, товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ******** дугаарын утсанд мэдэгдсэн талаар Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын утсаар ярьсан тэмдэглэл хэрэгт авагдсан байна.

3.4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т Хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй гэж хуульчилсан.

3.5.Хуульд заасны дагуу нэхэмжлэгч шүүх хуралдааны товыг өөрөө шүүхээс лавлаж мэдэх үүрэгтэй байхад шүүхээс хуралдааны товыг утсаар мэдэгдсэн нь хууль зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгч 08 дугаар сарын 30-ны өдрийн 9.00 цагт явуулах хуралдааны товыг мэдсэн, мэдэх үүрэгтэй байсан гэж үзсэн.

3.6.Түүнчлэн Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас 08 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан эхлэхээс 20 минутын өмнө /8.40 цагт/ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Л********-тай утсаар холбогдоход Очих болоогүй байна гэж хариу өгсөн боловч шүүх хуралдаан эхлэх үед дахин шүүхэд ирэх эсэх-ийг асууж тодруулахаар холбогдоход утсаа аваагүй болохыг шүүх хуралдаанд танилцуулсан, энэ тухай бичгээр тэмдэглэлд хийсэн байсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүрэлцэн ирээгүй болно.

3.7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ үйлдэл нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэдэгт хамаарна гэж анхан шатны шүүх үзсэн.

3.8.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.3-т заасны дагуу шүүх хэргийг хянан шийдвэрлэх хугацаа сунгагдаж, хэргийг шийдвэрлэх хуульд заасан хугацаа 27 хоногоор хэтэрсэн байгаа тул шүүн таслах ажиллагаа удааширсан зөрчлийг арилгах нь шүүгчийн үүрэг бөгөөд ийм тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй оролцогчийг ирүүлэхээр дахин хуралдааныг хойшлуулах нь хуульд нийцэхгүй юм.

3.9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэгт нотлох баримтаар авагдсан материалуудтай бүрэн танилцсан, шүүхээс эрх, үүрэг, шүүгчид нөлөөлөл үзүүлэхгүй байх хуулийн заалтуудыг танилцуулж, энэ талаар баримт үйлдсэн байна.

3.10.Иймд хариуцагчийн хүсэлтийг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасны дагуу нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахаар шийдвэрлэсэн.

3.11.Энэ нь анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг хязгаарласан явдал биш юм.

3.12.Учир нь шүүхэд захиргааны хэрэг үүсгэснээс үеэс эхлэн хэргийн оролцогчид нь эсрэг талын гаргаж өгсөн тайлбар, нотлох баримттай танилцах эрхтэй ба энэ эрхээ бүрэн эдэлж ирсэн, түүнчлэн нотлох баримтыг няцаасан тайлбараа бичгээр гаргах, нотлох баримт гаргах, эсхүл шүүхээр гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад хүсэлт гаргах, хүсэлтээ шүүхээр шийдвэрлүүлэх нь нээлттэй явж ирсэн бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан ийм хүсэлтүүдийг шүүхээс хангаж ирсэн, Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд болон шүүх хуралдаанаас өмнө аливаа хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан учраас мэтгэлцэх эрх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны энэ шатуудад хэрэгжсэн, нэхэмжлэгч тал мэтгэлцэх зарчмаар хэргээ шийдвэрлүүлэх эрхээ эдэлсэн гэж үзсэн болно.

Дөрөв.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

4.1. ****** ********** ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн */*** дугаар тушаалаар Хан-уул дүүрэг, Богдхаан уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор, Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлал зориулалтаар *,** га газрыг эзэмших эрхтэй болж, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хан-Уул дүүргийн Засаг дарга нартай гуравласан гэрээг байгуулж, уг гэрчилгээ болон гэрээгээр газрыг * жилийн хугацаатай буюу 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ашиглуулахаар тогтжээ.

4.2.Иймд ****** ********** ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн */*** дугаар тушаал болон 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээгээр эзэмшүүлсэн газрыг ашиглах эрх нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөр дуусгавар болсон байна.

4.3.Нэхэмжлэгч ****** ********** ХХК-ийн дээрх ашиглах эрхтэй газартай холбоотой үйл баримтуудыг доорхи цаг хугацааны дарааллаар хүснэгтээр гаргавал:

 

Д/д

 

Огноо

 

Хэнээс хэнд хандсан

 

1

2019.02.12.

Хан-Уул дүүргийн газрын албанаас ****** **********-д хандан Гэрээг шинэчлэн байгуулахыг мэдэгдсэн. /ХХ-н 17 дахь тал/

 

2

2019.04.19.

Байгаль орчин аялал, жуулчлалын яамнаас ****** ********** ХХК-д хандан Гуравласан гэрээг байгуулж, газрын төлбөрийг төлөхийг шаардсан./ХХ-н 21 дэх тал/

 

3

2019.05.03.

****** ********** ХХК-иас Богд хаан уулын хамгаалалтын захиргаанд хандан Гэрчилгээ гээгдүүлсэн тул нөхөн олгож өгөх хүсэлт гаргасан. /ХХ-н 92 дахь тал/

4

2019.05.08.

Богдхаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа ирсэн бичгийн хяналтын карт нээсэн. /ХХ-н 91 дэх тал/

 

5

2019.05.28.

Богдхаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны *** дугаар албан бичгээр ****** ********** ХХК-д хандан гэрчилгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас олгодог гээд тус газарт хандахыг мэдэгдсэн. /ХХ-н 94 дэх тал/

 

6

2019.08.19.

Богдхаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 1384 дугаар албан бичгээр ****** ********** ХХК-д хандан Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгож байгаагаа мэдэгдсэн. /ХХ-н 93 дахь тал/

 

7

2019.10.17.

****** ********** ХХК-ийн **-**/** дугаар албан бичгээр Богдхаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан Уг газар дээр Улсын төсвийн хөрөнгөөр төвлөрсөн хангамжийн цагираг шугам, усан сан, насос станц барих болсонтой холбогдуулан сонсох ажиллагаанд оролцохоо мэдэгдсэн.

8

2019.10.18.

Богдхаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны **** дугаар албан бичгээр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хандан тус хамгаалалтын захиргаанаас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ****** ********** ХХК-ийн * га газрыг ашиглах эрхийг цуцлахтай холбоотой сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл хүргүүлсэн. /ХХ-н 90 дэх тал/

 

9

2019.11.08.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын */*** дүгээр тушаалаар ****** ********** ХХК-д олгосон *,** га газраас Улсын төсвийн хөрөнгөөр төвлөрсөн хангамжийн цагираг шугам, усан сан, насос станц барихаар төлөвлөсөн * га газрыг хэсэгчлэн цуцалж, *,** га ашиглах эрхтэй болгож багасгасан.

 

10

2020.09.24.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны ***-*/**** дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан Мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхтэй иргэн, хуулийн этгээд нь хууль зөрчсөн үйлдэл тогтоогдсон гэх агуулгатай мэдэгдлийг хүргүүлсэн. /ХХ-н 52 дахь тал/

 

11

2020.09.24.

Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 15 дугаартай ... Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн *** иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, ... цуцлуулах гэх агуулгатай мэдэгдлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн /ХХ-н 53-56 дахь тал дахь тал/

 

12

2020.11.24.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны **/**** үгээр албан бичгээр ****** ********** ХХК-д хандан Газар ашиглах эрхийн хугацаагаа сунгуулаагүй, хугацаандаа хүсэлтээ гаргаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, зориулалтын дагуу тухайн газраа * жил дараалан ашиглаагүй байх тул цуцлах болсныг мэдэгдэж, энэ зөрчлүүдтэй холбогдох нотлох баримтыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн дотор ирүүлэх, ирүүлээгүй бол газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцлахыг мэдэгдсэн сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн байна./ХХ-н 57 дахь тал/

 

13

2021.02.18.

Байгаль орчин, аялал жуулалын сайдын */** дугаар тушаал гарсан. Уг тушаалын Хавсралтын 70 дахь хэсэгт ****** ********** ХХК-ийн Зайсангийн аман дахь 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн *-*** дугаар тушаалаар ашиглах эрх олгосон *.** метр квадрат газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэж хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 

14

2021.02.26.

Богдхаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны *** дугаар албан бичгээр ****** ********** ХХК-д хандан *.** га газрын эрхийг цуцалсан тул газар ашиглах гэрчилгээ, гэрээг хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн. /ХХ-н 58 дахь тал/

 

15

2021.03.25.

****** ********** ХХК-иас **-**/** дугаартай албан бичгээрээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан Манай *.** га газар эзэмших эрхийг цуцалж, хүчингүй болгосон байна. ****/*** тоот гэрээ байгуулсан бөгөөд төлбөрт ***,* сая төгрөгийг төлсөн, цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн улмаас газрыг зориулалтын дагуу ашиглаагүй тул газар ашиглах эрхийг сэргээж өгөх гэх хүсэлт гаргасан /ХХ-н 59 дахь тал/

16

2021.05.11.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны **/**** дугаар албан бичгээр ****** ********** ХХК-д хандан Нэгэнт шийдвэр гарсан тул газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй гэсэн хариуг өгсөн. /ХХ-н 60 дахь тал/

 

4.4. ****** ********** ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн **-**/** дугаартай албан бичгээс үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн */** дугаар тушаалыг тухайн өдрөөр мэдсэн байх бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй байна.

4.5.Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн */*** дүгээр тушаалаараа ****** ********** ХХК-ийн ашиглах газрыг * га-гаар багасгаж, *,** га болгосон /ХХ-ийн 88 дахь тал/ боловч үүнийг үүнийг баталгаажуулж гэрчилгээ олгоогүй, гэрээ байгуулаагүй байна.

4.6.Энэ үйл баримтад нэхэмжлэгч маргаж байгаагүй.

4.7.Хариуцагч талаас ****** ********** ХХК-ийг газрын төлбөрөө төлөөгүй гэж маргахгүй байгаа зэрэг үйл баримтууд бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.

Тав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

5.1.Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг илт хууль бусад тооцуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, ийнхүү нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон захиргааны актыг илт хууль бус болох нь шүүхэд тогтоогдвол, өөрийн газар ашиглах эрх сэргээгдэнэ гэж үзсэнийг анхан шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

5.2.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д Иргэн, хуулийн этгээдийн эрхэд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй бол захиргааны актыг илт хууль бусад тооцохоор хуульчилсан байна.

5.3.Хуулийн энэ заалтын эрхэд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй гэдэг нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор иргэн, хуулийн этгээдийн аливаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж эерэг болон сөрөг үйлчлэлтэй, хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан зэрэг зохицуулалт бүхий захиргааны акт гаргах эрхийг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд олгоогүй байхыг ойлгох хууль зүйн ойлголт юм.

5.4.Хариуцагч нь ****** ********** ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдсон гэж шүүхэд тайлбарласан тул энэ хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон гэж үзсэн.

5.5.Иргэн, хуулийн этгээд болон төрийн хооронд үүссэн газрын эрх зүйн харилцаа нь Газрын тухай хуулийн 21.2.3, 21.5.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үүсч, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар дуусгавар болохоор хуульчлан тогтоосон байна.

5.6.Өөрөөр хэлбэл, газар ашиглагч, эзэмшигчээс Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан тохиолдлыг гаргасан гэж үзсэн албан тушаалтнаас аливаа этгээдийн газар ашиглах, эзэмших эрхийг дуусгавар болгож болох буюу газар ашиглах, эзэмших эрхэд нь халдаж болохоор хуульд заасан байна.

5.7.Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан тохиолдлыг аливаа газар ашиглагч гаргасан, энэ нь нотлох баримтаар нотлогдож байгаа бол уг хуулийн заалтын дагуу газар ашиглах эрхийг дуусгавар болгох, цуцлах эрхтэй буюу газар ашиглагчийн эрхэд халдах хууль зүйн үндэслэлтэй болдог.

5.8.Харин Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан тохиолдлыг газар ашиглагч гаргаагүй, энэ нь нотлох баримтаар нотлогдоогүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд уг хуулийн заалтыг үндэслэн газар ашиглагчийн эрхийг дуусгавар болгож болгосон нь шүүхэд тогтоогдвол уг гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзэн хүчингүй болгох хууль зүйн үндэслэл нь болох юм.

5.9.Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2021 оны */** дугаар тушаалаар ****** ********** ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан тохиолдлыг гаргасан, газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж үзэж газар ашиглах эрхийг дуусгавар болгож, цуцалсан нь нотлох баримтаар нотлогдохгүй бол шүүхээс энэ нь тушаалыг хууль бус гэж үзэн хүчингүй болгох боломжтой юм.

5.10.Харин ****** ********** ХХК-ийг газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэдэг нь нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд хариуцагчийн шийдвэр хуульд нийцээгүй гаргасан гэдэг нь шүүхэд тогтоогдсон тохиолдолд ч хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг энэ нь уг хуулийн заалтыг хэрэглэх эрхгүй гэж шүүх дүгнэх эрх зүйн боломжгүй, зөвхөн хууль бус, хуульд нийцээгүй гэж дүгнэх ёстой.

5.11.Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг хэрэглэх эрхтэй, харин гаргасан шийдвэр нь хууль нийцсэн байх шаардлага тогтоох бөгөөд хуульд нийцсэн үндэслэл бүхий нотлох баримтад тулгаарлаж Богдхаан уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор газар ашиглаж байгаа аливаа этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох, цуцлах болгох эрх хэмжээтэй этгээд мөн байна.

5.12.Гэхдээ хариуцагчийн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн аливаа этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон шийдвэрийг хуульд нийцсэн эсэхийг хянах эрх нь өөрт нь эсхүл шүүхэд хадгалагдаж байдаг бөгөөд хуульд нийцээгүй бол хүчингүй болгох эрх зүйн боломж байгаа, харин илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй болно.

5.13.Эрх зүйн энэ шалгуураар дүгнэвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн */** дугаар тушаалын ****** ********** ХХК гэсэн хэсгийг илт хууль бус гэж тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.

5.14.Маргаан бүхий акт дахь Хавсралтын 70-д ****** ********** ХХК-ийн Зайсангийн аман дахь 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн *-*** дугаар тушаалаар ашиглах эрх олгосон *.** метр квадрат газар гэсэн хэсэг нь нэхэмжлэгч ****** ********** ХХК-д хамаарч байна.

5.15.Учир нь Богдхаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь ****** ********** ХХК-д гэж хаягласан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар албан бичигтээ *.** га газрын эрхийг цуцалсан тул газар ашиглах гэрчилгээ, гэрээг хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн болон ****** ********** ХХК-иас 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн **-**/** дугаартай албан бичгээрээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан өөрийн *.** га газар эзэмших эрхийг цуцалж, хүчингүй болгосныг газрын төлбөрт ***,* сая төгрөгийг төлсөн, цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн улмаас газрыг зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг шалтгааныг тоочин газар ашиглах эрхийг сэргээж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан зэргээс үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын */** дугаар тушаалын хавсралтын 70-д заасан ****** ********** ХХК гэдэг нь ****** ********** ХХК руу чиглэсэн захиргааны акт, тус компанид хууль зүйн үр дагавар үүсгэсэн шийдвэр мөн байгаа бөгөөд энэ талаар талууд адил ойлголттой байсан гэдэг нь дээр албан бичгүүдээр нотлогдож байна.

5.16.Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны */** дугаар тушаалын хавсралтын 70-д заасан ****** ********** ХХК гэсэн нь нэхэмжлэгч рүү чиглэсэн захиргааны акт мөн гэж дүгнэв.

5.17.Нэхэмжлэгч нь хариуцагчийн өөрийнх нь газар ашиглах эрхийг дуусгавар болгох болсон захиргааны актын үндэслэлийг няцааж, газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь захиргааны буруутай үйл ажиллагаанаас болон дэлхийд тархсан цар тахлын улмаас давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс үүдсэн хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон гэж, газрын төлбөрийг бүрэн төлсөн гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг гарган маргаж байна.

5.18.Нэхэмжлэгч болон хариуцагчаас эдгээр зөрчил гаргасан, эсхүл огт гаргаагүй, ийм зүйл тогтоогдсон эсэх нь шүүхээс маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэл биш юм.

5.19.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан эдгээр үндэслэлүүд нь захиргааны акт хуульд нийцээгүй гарсан, хууль зөрчсөн эсэхийг хянахад холбогдох үндэслэл тул нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад хамаатуулж маргасан тул шүүх энэ үйл баримтыг хянаж, энд дүгнэлт хийх хууль зүйн боломжгүй юм.

5.20.Учир нь нэхэмжлэгч ****** ********** ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны */** дугаар тушаалыг /нэхэмжлэгч нэхэмжлэлдээ маргаан бүхий актаа ингэж тодорхойлсон боловч уг актын хавсралтын 70-д заасан ******  ХХК гэсэн хэсэг л тус компанид холбогдох байна/ илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан тул шүүхээс маргаан бүхий захиргааны актад заасан үйл баримт тогтоогдсон эсэх, үйл баримт болон захиргааны акт хууль нийцсэн эсэх зэрэгт дүгнэлт өгөөгүй ба ийм дүгнэлт өгөх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс давсан дүгнэлт болж, анхан шатны шүүх хууль зөрчсөнд тооцогдох юм.

5.21.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны */** дугаар тушаалын ****** ********** ХХК-д холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээд хууль зөрчсөн тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь халдаж, газар ашиглах эрхийг нь цуцлах, дуусгавар болгох эрхийг хуулиар олгосон байна.

5.22.Энэхүү дүгнэлт нь ****** ********** ХХК-ийг газрыг зориулалтаар ашиглаагүй гэж үзэн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон гэх хариуцагчийн шийдвэрийг зөвтгөсөн дүгнэлт биш, ийм дүгнэлт өгөөгүй гэдгийг тэмдэглэж байна.

5.23.Дээрх үйл баримтаас гадна нэхэмжлэгч ****** ********** ХХК-ийн газар ашиглах эрх нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөр дуусгавар болсон тул шүүхэд сэргээгдэх хууль ёсны эрх байхгүй байна.

5.24.Эцэст нь бүх үйл баримт, нотлох баримтыг нэгтгэн дүгнэвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны */** дугаар тушаал ****** ********** ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй, нэхэмжлэгчид шүүхээр хамгаалуулах газар ашиглах эрх нь дуусгавар болчихсон байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ****** ********** ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын */** дугаар тушаалын ****** ********** ХХК /****** ********** ХХК/-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, ****** ********** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ