Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2021/02925

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2021/02925

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч-   оршин суух,  Б -ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Б тоотод оршин суух, Б-ын А /-д холбогдох,

гуравдагч этгээд- Бтоотод хаягийн бүртгэлтэй, одоо АНУ-д суралцаж байгаа гэх Аийн А,

гуравдагч этгээд-  тоотод хаягийн бүртгэлтэй, одоо АНУ-д суралцаж байгаа гэх Аийн Б нарын бие даасан шаардлага гаргаагүй,

Бтоотод байрлалтай 147.46 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууцны Б.Аийн оногдох хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н /ӨҮ-0/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч Б, хариуцагч А нарын гэрлэлтийг 2019 оны 3 дугаар сарын 4-нд тус шүүхээс цуцалсан. Гэрлэлтийг цуцлах үед эд хөрөнгийн байдлыг шийдвэрлэхдээ хариуцагч А нь Баянзүрх дүүргийн 0 , 13 дугаар хороолол, М 00, 09 тоотод байрлалтай 147.46 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2 дугаартай орон сууцыг дангаар өмчилж байсныг гэр бүлийн бусад гишүүд болох нэхэмжлэгч Б, эдгээр хүмүүсийн хүүхдүүд болохА, Б нарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх шидйвэр гарсан байдаг. Шүүхээс гэрлэлтийг цуцласан шүүх хуралдаанд хариуцагч А биечлэн оролцохдоо дээрх байрны өмчлөх эрхээс татгалзах талаар тайлбар гаргаж байсан. Энэ үед А нь гэр бүлийн гишүүдэд мэдэгдэлгүйгээр дээрх байрыг зээлийн барьцаанд тавьсан байгааг мэдэгдсэнээр Баянзүрх дүүргийн 0 , 13 дугаар хороолол, М 00, 09 тоотод байрлалтай 147.46 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2 дугаартай орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Б, хариуцагч А, хүүхдүүд болох Б,А нар өмчлөгчөөр бүртгэгдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлхэд А нь Бт байрыг барьцаанд тавьсан зээлийн өрийг төлж чадахгүй тул өрийг төлчихвөл өөрт ногдох хэсгийг шилжүүлэхээр санал гаргасан байдаг.

Агийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан тул нэхэмжлэгч Б саналыг хүлээн авч бусдаас зээл авч И м -д 2019 оны 6-р сард Агийн зээлийн үлдэгдэлийг төлж барагдуулж, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул улсын бүртгэлийн байгууллагад А ирдэггүй, нотариатын газар очиж хэлцэл хийе гэхээр ирэхгүй, нэхэмжлэгч Бийг удаа дараа хуурсан тул шүүхэд хандсан.

Харин улсын бүртгэлийн газраас өмчлөгчөөс хасагдах иргэний зөвшөөрөл байхыг шаардаж байгаа тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч Б нь Баянзүрх дүүргийн 0 , 13 дугаар хороолол, М 00, 09 тоотод байрлалтай 147.46 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2 дугаартай орон сууцны Ад ногдох хэсгийн үнийг бүрэн төлсөн тул хариуцагч Ад ногдох хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч Б.А 2021-06-03-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тус байрны /Баянзүрх дүүрэг, 0-р хороо, 41-9 тоот/ барьцаанд тавьсан мөнгийг Ш.Б нь төлсөн тул миний бие өөрийн нэрийг өмчлөгчөөс хасахыг зөвшөөрч байна гэжээ /хх-31/.

 

Хариуцагч Б.А 2021-07-06-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн үед би өөрийн нэр дээр байсан нэхэмжлэлд дурдсан орон сууцыг И м -д зээлийн барьцаанд тавьж зээл авсан нь үнэн. И-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг А миний бие төлж барагдуулах боломжгүй байсан тул тухайн үед нэхэмжлэгч Ш.Бт миний өр төлбөрийг төлж барагдуулах, барагдуулсан тохиолдолд нэрээ уг үл хөдлөхөөс хасуулах санал тавьсан. Уг саналыг тухайн үед нэхэмжлэгч Ш.Б болон И 2-уулаа зөвшөөрсөн. Үүний дагуу нэхэмжлэгч Ш.Б И-тай миний өмнөөс харилцан тохирч, зээлийн үлдэгдэл 57.386.799 төгрөгийг төлсөн байсан. Гэтэл уг үл хөдлөхийн барьцааг И нь одоог хүртэл барьцаанаас чөлөөлөхгүй байгаа тул миний бие дангаараа нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй байгаа нь надаас шалтгаалахгүй байна. Ш.Б тэр зээлийг төлж барагдуулсан тул уг орон сууцны ордерийг И барьцаанаас чөлөөлөх байтал одоог хүртэл барьцаанаас чөлөөлөөгүй байна. Тиймээс нэхэмжлэлд дурдсан асуудал надаас хамаарахгүй, шалтгаалахгүй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй байна гэжээ /хх-34/.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б, А нар 2019 оны 3-р сарын 04-нд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед А нь И м -д өртэй байгаад шийдвэр гүйцэтгэлээр төлөх өрийн дарамтад орсон, зээлийг төлөх боломжгүй байсан тул Бт төлбөрийг төлж байрыг чөлөөлөх талаар хэлснээр Б нь Агийн зээлийг төлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эрх шилжүүлэх гэрээ авчирах талаар зөвлөсөн тул А эрх шилжүүлэх, нэхэмжлэгч Б нь худалдах, худалдан авах гэрээ хийх санал гаргаснаар эдгээр иргэд хоорондоо маргалдаж бие биенээ доромжилсноор тохиролцоонд хүрч гэрээ байгуулаагүй тул хариуцагч А нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаар тайлбар байхгүй, өмчлөгчөөс нэрээ хасуулахыг зөвшөөрч, байраа ав гэдэг асуудал яригдаж байгаа гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: А.А, А.Б нарын ээж Ш.Б, аав Б.А нар 1987 онд гэр бүлж, хүүАыг 1988 онд, охин Быг 1991 онд төрүүлсэн. Ш.Б болон Б.А нар 2004 оноос эхлэн тусдаа амьдарч, нэхэмжлэгч Ш.Б нь ганцаараа ажил хийж, Б.Агаас хүүхдийн тэтгэмж, тусламж, дэмжлэг авахгүйгээрА, Б нарыг өөрөө өсгөсөн. Ш.Б, Б.А нар гэр бүл болсноос хойш 2019 онд гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж гэрлэлтээ цуцлуулах үед Ш.Б, А.А, А.Б нар уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болсон. Сүүлийн жилүүдэд Б.Агийн зан ааш их өөрчлөгдөж үр хүүхэд, эхнэртээ хандах хандлага байхгүй болж, Ш.Б,А, Б нарт мэдэгдэхгүйгээр, мөн зөвшөөрөл авахгүйгээрА, Б, Б нарын амьдарч байсан байрыг зээлийн барьцаанд тавсьан болохыг И м -н хүмүүсээс Б мэдсэн. Ш.Б ньА, Б нартай ярилцаад Их монгол кредит ББСД-д тавьсан Б.Агийн өр зээл болох 57.386.799 төгрөгийг бусдаас зээлж төлсөн. Тухайн үед Б.А нь Ш.Бт би өр зээлээ төлж барагдуулж чадахгүй болчихлоо, миний зээлийн өрийг төлөөд дуусгачихвал байрны өмчлөгчөөс өөрийнхөө нэрээ хасуулна гэсэн санал гаргасныг Ш.Б амьдарч байгаа орон сууцаа алдахгүй байх аргагүй эрхэнд зөвшөөрч, Б.Агийн зээлийн өрийг И м -д төлж барагдуулсан нь үнэн болно. Гэтэл Б.А тохирсон ёсоор нэхэмжлэгч Ш.Бээр өр зээлээ төлүүлж барагдуулсаны дараа улсын бүртгэл дээр очиж нэрээ хасуулах битгий хэл утсаа авахгүй, өөрийнхөө өмчлөх эрхээс татгаллзана гэж хэлсэн амлалтандаа хүрэхгүй өнөөдрийг хүрсэн.А, Б нар нэхэмжлэгч Ш.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа бөгөөд Б.Агийн тавьсан өр зээлийгА, Б нар авч зарцуулаагүй, хэрэглээгүй, Б.Агийн И м -с авсан зээлийн 57.386.799 төгрөгийн зээлийн өрийг Ш.Б төлж барагдуулсан нь үнэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-71/.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын амаар болон бичгээр гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Б.Ад холбогдуулан Баянзүрх дүүргийн 0 , 13 дугаар хороолол, М 00, 09 тоотод байрлах, 147.46 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2 дугаартай орон сууцны Б.Ад ногдох хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.А зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эрх шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээ хийнэ гэж талууд маргалдснаар хариуцагчийг доромжилсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б.Агийн гаргасан ...зээлийн төлбөрийг төлснөөр орон сууцыг барьцаанаас чөлөөлж, нэрээ хасуулна... гэх саналыг хүлээн авч 2019-06-17-ны өдөр И м ХХК-д Б.Агийн өмнөөс зээлийн 57.386.799 төгрөгийг төлсөн тул Баянзүрх дүүргийн 0 , 13 дугаар хороолол, 41 дүгээр байр, 09 тоотод байрлах, 147.46 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2 дугаартай орон сууцны Б.Ад ногдох хэсгийн өмчлөгчөөр тогтоолгоно гэж тодорхойлсон.

 

Дээрх шаардлагатай холбогдуулан Баянзүрх дүүргийн 0 , 13 дугаар хороолол, 41 дүгээр байрны 09 тоотод байрлах, 134,0 м.кв талбайтай, 6 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 187.600.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайланг хэрэгт нотлох баримтаар гаргаж /хх-77/, уг үнэлгээний 187.000.000 төгрөгийг орон сууцны өмчлөгч 4 иргэнд хувааж, нэг иргэнд буюу хариуцагч Б.Ад ногдох 46.750.000 төгрөгийг 57.386.799 төгрөг болгон түүний хүсэлтээр зээлийг төлсөн гэж тайлбарласан.

 

Хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн хувийг 2021 оны 06 дугаар сарын 3-ны өдөр шүүхээс гардан авч /хх-28/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2021-8-10-ны өдөр төлөөлөгч А.Дэлгэрцэцэгт олгосноор /хх-76/ хэргийн материалтай 2021-6-3, 2021-8-19-ний өдрүүдэд танилцсан байх боловч хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлоогүй, дээрх орон сууцны үнэлгээний талаар маргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд Ш.Б, Б.А нарын гэрлэлтийг шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00684 дугаар шийдвэрээр цуцалж, Баянзүрх дүүргийн 0 , 13 дугаар хороолол, Модун 41 дүгээр байр, 09 тоотод байрлах, 147.46 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2 дугаартай орон сууцны хамтран өмчлөгч нь Ш.Б, А.А, А.Б нар мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Б.А нь бусдад төлөх зээлийн гэрээний үүргээ нэхэмжлэгчээр төлүүлэх, ингэж төлүүлснээр дээрх орон сууцны өмчлөх эрхээс нэрээ хасуулах хүсэл зоригоо нэхэмжлэгчид илэрхийлснээр И м ХХК-д 57.386.799 төгрөгийг Б.Агийн зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч Ш.Б шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон /хх-16/ тул зохигчдын хэн алины хүсэл зориг бодитоор илэрхийлэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин Ш.Б, Б.А нарын хоорондох тохиролцооны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх байх бөгөөд гэрээг бичгээр байгуулах, зохих бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага хангаагүй боловч Б.Агийн бусдад төлөх зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч Ш.Б нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гүйцэтгэсэн үйл баримтад хариуцагч тал маргаагүй тул хариуцагчийн бусдын өмнө хүлээсэн үүргийг нэхэмжлэгч гүйцэтгэснээр хариуцагчийн дээрх орон сууцны өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх татгалзаж буй тайлбар, түүний үндэслэлээ тайлбарлаагүй, баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан нь эд хөрөнгийг худалдаж, үнийг нь хэсэгчлэн төлөхийг худалдан авагчид зөвшөөрсөн худалдагчид чиглэсэн зохицуулалт юм.

 

Гэтэл нэхэмжлэлийн шаардлага болох Баянзүрх дүүргийн 0 , 13 дугаар хороолол, 41 дүгээр байр, 09 тоотод байрлах, 147.46 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2 дугаартай орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч, хариуцагч нар тэдгээрийн хүүхдүүд бүртгэгдсэн буюу дээрх хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгө болохын хувьд өмчлөгчийг улсын бүртгэлд бүртгүүлснээр тодорхойлох /хх-11/ тул уг үл хөдлөх хөрөнгө нь зохигчийн дундын өмч байна.

 

Иргэний хуулийн 490 дүгээр зүйлийн 490.1-д дундаа хэсгээр өмчлөгч нь өөрт оногдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хариуцах бол өмчлөгч бүр дундын өмчийн эрх дуусгавар болсон тохиолдолд тухайн ногдох хэсгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй гэж,

хуулийн 489 дүгээр зүйлийн 489.6Дундын өмчлөлийн зүйлийг биет байдлаар хувааж болохгүй бол энэ хуулийн 159 дүгээр зүйлд заасан журмын дагуу худалдах, эдэлбэр газар болон үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах, олсон ашгийг хуваарилах замаар дундын өмчийн эрхийг дуусгавар болгож болно гэж,

108 дугаар зүйлийн 108.6Дундаа хэсгээр өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн тодорхой хэсгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй байна гэж тус тус заасан.

 

Иймд хариуцагч Б.А нь дээрх орон сууцны өмчлөх эрхээс нэрээ хасуулах хүсэл зоригоо биелүүлээгүй, түүний хүсэлтээр нэхэмжлэгч Ш.Б нь 57.386.799 төгрөгөөр түүний зээлийн гэрээний үүргийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төлснөөр зохигчдын хооронд маргаан гарсан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчийн Баянзүрх дүүргийн 0 , 13 дугаар хороолол, 41 дүгээр байр, 09 тоотод байрлах, 147.46 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2 дугаартай орон сууцны өмчлөх эрхийг дуусгавар болгохоор шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татагдсан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ш.Бийн нэхэмжлэлтэй, Б.Ад холбогдох хэрэг маргаанд гуравдагч этгээдийн хувиар хариу тайлбар хүргүүлсэн, нэхэмжлэгч, хариуцагч нарын хүүхдүүдийн албан ёсны байр суурийг бичгээр хүргүүлсэн тул гуравдагч этгээдүүдийг байлцуулахгүйгээр эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй /хх-72/ гэх тайлбар, хүсэлтийг гаргаж, зохигчийн дундын үл хөдлөх эд хөрөнгөөс хариуцагчид ногдох хэсгийг нэхэмжлэгч худалдан авсан үйл баримтад бусад хамтран өмчлөгч нар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан 2021-4-12-ны өдөр төлсөн 461.900 төгрөгнөөс 46.750.000 төгрөгт ногдох хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагад ногдох 391.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 391.700 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.6, 489 дүгээр зүйлийн 489.6-д заасныг тус тус заасныг баримтлан хариуцагч Боржигин овогт Балн А /-н Баянзүрх дүүрэг, 0 , 13 дугаар хороолол, 41 дүгээр байрны 09 тоотод байрлах, 147.46 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2 дугаартай орон сууцны өмчлөх эрх дуусгавар болсон болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 461.900 төгрөгний 391.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Агаас 391.700 төгрөгийг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан улсын төсвөөс илүү төлсөн 70.200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Бт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ