| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2018/02472/И |
| Дугаар | 101/ШШ2018/02806 |
| Огноо | 2018-09-05 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2018/02806
| 2018 оны 09 сарын 05 өдөр | Дугаар 101/ШШ2018/02806 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхий шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.Т-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: К ХХК -д холбогдох
1 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Т, хариуцагчийн төлөөлөгч Ч.П, гэрч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ү.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2 өрөө байр худалдан авахаар урьдчилгаа төлбөрт "К ХХК-нд шилжүүлсэн 1,000,000 /нэг сая/ төгрөгийг тус компаниас гаргуулж өгнө үү. Ж.Т миний бие 2016 оны 11 дүгээр сард "К ХХК-ийн борлуулалтын албаны ажилтан /эмэгтэй/-тай уулзаж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд тус компанийн барьж буй Офицер таун 1 орон сууцны барилгын 3 дугаар давхарт 38 м.кв 2 өрөө байрыг 1 м.кв-ийг 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 1,000,000 /нэг сая/ төгрөгийг тус компанийн дансанд тушааж, байр ашиглалтад ороход тус байрыг худалдан авах төлбөр болох 54,000,000 /тавин дөрвөн сая/ төгрөгийг бэлэн тушаах, тус худалдан авах төлбөрийг тушааснаас хойш 1 сарын дотор тус компани надад худалдан авч буй уг байрны Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхөөр тохиролцсон. Миний бие борлуулалтын ажилтантай тохиролцсоны дагуу дээр дурдсан байр худалдан авах урьдчилгаа төлбөр болох 1,000,000 /нэг сая/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Г оломт банкин дахь К ХХК-ийн дансанд тушаагаад 14 хоног тутамд худалдан авах байраа очиж үзэж байсан. Офицер таун 1 орон сууцны барилга ашиглалтад орох дөхөж байхаар дээр дурдсан нөхдөлийн дагуу байр худалдан авахаар тохиролцсон борлуулалтын албаны ажилтантай уулзахаар очиход тус барилгыг гардан бариулж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер залуу миний уулзахаар очсон борлуулалтын албаны ажилтанд энэ хүний худалдан авах гэж буй 2 өрөө байрыг өөр хүнд худалдчихсан байхаа гэхэд нөгөө борлуулалтын албаны ажилтан тийм гэсэн. Би та нар ярьж хэлсэнээсээ буцаад яаж байгаа юм гэхэд Офицер таун 1 орон сууцны 10 давхарт яг ижил өрөө байгаа гэхэд би эхнэр бид хоёр 70 гарсан, даралт ихтэй хүмүүс учир тийм өндөрт байр худалдан авмааргүй байна гэсэн. Маргааш нь манай эхнэр Амирд овогтой Нямаа К ХХК-ийн захиралтай очиж уулзахад таны худалдан авах гэж байгаа байрыг өөр хүнд худалдсан асуудал байхгуй, санаа зоволтгүй, орон сууц ашиглалтад орох үед таньд утсаар хэлнэ гэж хэлсэн. Байр ашиглалтад орох гэж байхад барилга ашиглалтад орохоор ярина гэсэн К ХХК-ийн захиралтай очиж уулзахад таны худалдан авах гэж байгаа байрыг өөр хүнд худалдсан манай компани Офицер таун 2 гэх 2019 оны 2 дугаар улиралд ашиглалтад орох орон сууцны барилгыг энэ барилгын хажууд барих гэж байгаа тэр барилгад захиалга өгч болно гэсэн. Тэгэхээр нь 2 жил хүлээх боломжгүй, байр худалдан авахад урьдчилгаа болгон өгсөн 1,000,000 /нэг сая/ төгрөгөө буцаан авъя гэхэд тус захирал урьдчилгаа 1 сая төгрөгийг чинь буцаагаад өгье, таны данс руу буцаагаад шилжүүлчихье гэсэн. Буцааж өгнө гэсэн 1 сая төгрөг шилжүүлэхгүй болохоор дахин очиж уулзахад нөгөө "К ХХК-ийн захирал хөгшин настай улсууд байна цагаан сарын өмнө данс руу чинь шилжүүлье гэсэн боловч өнөөдрийг хүртэл худалдан авах байрын урьдчилгаа төлбөрт төлсөн 1,000,000 /нэг сая/ төгрөгийг өнөөдрийг хүртэл К ХХК шилжүүлэхгүй байна. Иймээс 2 өрөө байр худалдан авахаар урьдчилгаа төлбөрт К ХХК-нд шилжүүлсэн 1,000,000 /нэг сая/ төгрөгийг тус компаниас гаргуулж өгнө үү.
Байрыг зарсан гэж инженер нь хэлсэн. Гэр бүлийн хүнээ захирал уруу нь явуулсан. Хариуцагчийн захирал нь намайг яагаад ирж уулзахгүй байгаа юм гэсэн гэдэг. Захирал нь байрыг зарсан зүйл байхгүй гэсэн. Байр ашиглалтад орохоор утасдана санаа зоволтгүй гэсэн. Хэд хоногийн дотор дахиж очиход инженер нь та нар зарсан байрыг авах гэснээс манай байрыг авчих гэсэн. Би гэрээ байгуулаагүй, улсын комисс аваагүй байрны төлөө 67 сая төгрөг өгөхгүй гэхэд инженер нь гар гэж хөөгөөд, харуулдаа дахиж битгий оруул гэсэн. Нийт 9 удаа очиж уулзсан. Хамгийн сүүлд захирал нь хөгшин хүнийг чирэгдүүлээд яахав 1 сая төгрөгийг чинь өгнө гээд дансаа үлдээ гэсэн. Гэтэл өгөөгүй тул мөнгөө гаргуулах хүсэлтэй байна. Манайд байр авна гээд саад учруулсан гэдэг нь худлаа. Борлуулалтын алба нь 5-6 сая төгрөг төлөөд гэрээ хийнэ гэсэн. Би 1 сая байна, миний хугацаатай хадгаламж байна гээд би байраа авахдаа бэлэн мөнгө өгье гээд хадгаламжийн дэвтэрээ үзүүлсэн. Ингээд 1 саяыг өгөөд байр ашиглалтад ороход үлдэгдэл 54 саяыг төлнө шүү гэсэн. Одоо байрыг авахаа болиод өгсөн мөнгөө авна гэв.
Хариуцагч К ХХК нь шүүхэд болон түүний төлөөлөгч Ч.Пэрэнлэйням нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Т нь тус компанийн нэр дээр нэхэмжлэх ирүүлсэн ба 2016 оны 12-р сарын 07-нд тус компаниас Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан байр худалдаж авахаар 1.000.000 /нэг сая/ төгрөгийг баталгаа маягаар /дэнчин/ байршуулан урьдчилгаа төлбөрийг 14 хоногийн дотор шилжүүлэн гэрээ байгуулна хэмээн амаар тохиролцсон. Уг тохирсон хугацаанд иргэн Ж.Т нь урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэн өгөх ба манай зүгээс тухайн байрыг бусдад борлуулахгүйгээр хадгалж байхаар харилцан үүрэг хүлээсэн. Тухайн үедээ Ж.Т нь тохиролцсон хугацаанд урьдчилгаа төлбөрөө төлж гэрээ хийгээгүй тохиолдолд баталгаа болох нэг сая төгрөгийг авахгүй гэж өөрийн биеэр хэлж харилцан тохиролцсон. Гэвч тохирсон хугацаа өнгөрөөд төдийгүй, 2 cap буюу 60 хоногийн турш урьдчилгаа төлбөрөө төлөлгүй гэрээ хийхгүй байсан. Бидний зүгээс 2 сарын хугацаанд тухайн байрыг хэн нэгэнд борлуулахгүйгээр эргэлтийн хөрөнгө болон олох боломжтой орлогоо түгжиж хүлээсэн. Иргэн Ж.Т-ын захиалсан байр нь манай барьж байсан барилгын хамгийн байршил сайтай эрэлт ихтэй (З6мкв, 1 өрөө, урагшаа болон баруун тийшээ харсан 3 цонх, 1 тагттай) байр байсан. Энэ хугацаанд манай зүгээс удаа дараа урьдчилгаа төлбөрөө төлж гэрээгээ хийхийг шаардсан боловч иргэн Ж.Т нь ярьж тохиролцсоноосоо зөрж (байр ашиглалтанд орж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсаны дараа төлбөрөө төлж байраа авна, танайд яаж итгэж мөнгөө өгөх юм бэ? баруун зүүнээрээ солино) гэх мэтчилэн ярьж тохиролцсоноосоо эрс өөр гажууд зүйлийг хэлэх болсон. Иймд иргэн Ж.Т нь амаар тохиролцсон тохиролцооноосоо буцаж гэрээ байгуулахгүй нь тодорхой болсон тул тухайн байрыг дараагийн захиалагчид борлуулсан болно. Мөн тухайн байрыг тодорхой хугацаанд зарж борлуулахгүйгээр эргэлтийн хөрөнгө болон мөнгөн орлогоо түгжиж манай компани тодорхой хэмжээний хохирол амссан. Ийм учраас иргэн Ж.Т-ын дэнчин болгож тавьсан нэг сая төгрөгийг буцаан олгох боломжгүй болно.
Манайх 66 айлын орон сууц барьсан. 2016-2017 онд барьсан. 2016 оны 11 сард нэхэмжлэгч нь байр авахаар манайд хандсан. Ингэхдээ манай журмаар урьдчилгаа 30 хувь төлж, үлдэгдэлийг 2-3 жилийн хугацаанд хүүгүйгээр төлөхөөр байдаг. Энэ хүн манайд захиалга өгнө гээд байр авахаар ярьсан. Ярихдаа 1 сая төгрөгийг гэрээ хийх баталгаа болгоод өгье гэсэн. Манайх 1 сая төгрөгөөр урьдчилгаа авдаггүй. Барилга 2017 оны 6 сард ашиглалтад орох байсан. Барилга барьж байх хугацаандаа захиалагчаас урьдчилгаа авч барилгаа барьдаг. Энэ хүн 14 хоногийн хугацаанд урьдчилгаа өгч гэрээ хийнэ гээд 1 сая төгрөг барьцаа болгож өгсөн. Хэд хэдэн удаа уулзахдаа би найдвартай гэрээ хийнэ, миний хадгаламжийн хугацаа дуусахаар мөнгөө аваад гэрээ хийнэ гэсэн. 14 хоногийн хугацаа хүсээд бид өгсөн. Хугацаа болоход энэ хүн урьдчилгаагаа өгөхгүй байсан тул утсаар ярьхад өөр зүйл хэлсэн. Ашиглалтад ороход чинь төлбөрөө өгөөд байраа авна, миний байр гэсэн. Та нарт яаж итгэж мөнгө өгөх юм, байраа авахдаа өгнө гэсэн. Ингээд урьдчилгаа төлөхгүй гэдэг нь тодорхой болсон. Бид 14 хоног биш 3 сар хүлээгээд дараа нь бусдад борлуулахаар танилцуулаад 5 сард бусадтай гэрээ хийсэн. Дараагийн захиалагч нь урьдчилгаагаа төлсөн байдаг. Нэхэмжлэгч нь 7-8 сарын дараа ашиглалтад орох байр нь захиалагчийн урьдчилгаа төлбөрийг авч байж байрыг ашиглалтад оруулдаг гэдгийг мэдэж байсан. Гэтэл нэхэмжлэгч нь байрыг өгөх үед мөнгөө төлнө гэж тохироцсон гэдэг нь худлаа. Нэхэмжлэгч нь 14 хоногт урьдчилгаагаа төлөөд гэрээгээ хийсэн бол асуудал үүсэхгүй байсан. Бид хүндэтгээд 3 сар хүлээсэн боловч хэлсэн ёсоороо урьдчилгаагаа төлөөгүй тул бусдад зарсан. Уг нь 1 сая төгрөгийг буцааж өгнө гэсэн боловч нэхэмжлэгчийн зан харилцааны байдлаас болоод барилгын борлуулалтыг саатуулсан тул дэнчин болгосон 1 саяыг буцааж өгөх боломжгүй. Урьдчилгаа төлөөгүй тул гэрээ хийгээгүй. 1 сая төгрөг төлсөн талаар маргаангүй. Гэхдээ манай борлуулалтыг саатуулсан тул буцаан олгохгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Т нь 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч К ХХК нь гэрээ хийнэ гэсэн боловч хийгээгүй, борлуулалт саатуулж, хохирол учруулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигчид орон сууц захиалгаар бариулах буюу ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаар нэхэмжлэгч санал гаргаснаар хариуцагч гэрээний стандарт нөхцөл танилцуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Уг гэрээний саналын дагуу нэхэмжлэгч нь урьдчилгаанд 1,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 54,000,000 төгрөгийг орон сууц хүлээлгэн өгөх үед төлөхөөр тохиролсон гэж тайлбарласан бол харин хариуцагч нь гэрээ байгуулж, урьдчилгаанд 30 хувийн төлбөр төлөх ёстой байсан бөгөөд нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрөө төлөөгүй тул гэрээ байгуулагдаагүй гэж маргасан. Нэхэмжлэгч нь урьдчилгаанд 1,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэх тайлбараа нотлоогүй бөгөөд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч нь орон сууц захиалгаар бариулах гэрээг одоо байгуулахгүй, төлсөн төлбөрөө буцаан гаргуулна гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр урьдчилгаа гэж 1,000,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт байгаа орлогын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй. /хэргийн 19 дүгээр тал/
Хариуцагч нь орон сууцны төлбөрийн 30 хувийг урьдчилгаанд төлнө, улмаар гэрээ байгуулах баталгаа болгож 1,000,000 төгрөг төлсөн бөгөөд гэрээгээ байгуулаагүй, борлуулалт саатуулж, хохирол учруулсан тул 1,000,000 төгрөгийг буцаан олгохгүй гэж маргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Гэвч хариуцагч нь орон сууц захиалах гэрээ байгуулаагүйгээс борлуулалтад саад учруулсан, түүнтэй холбоотойгоор хохирол учирсан гэж тайлбараа нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл зохигчдын хооронд гэрээний үүрэг үүсээгүй байх тул хариуцагчийг нэхэмжлэгчийн гэрээ байгуулалгүйгээр урьдчилан төлсөн 1,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч К ХХК-с 1,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Т-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД