Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/187

 

 

 

 

 

 

 

  2025         03          27                                    2025/ШЦТ/187

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших,

улсын яллагч Ч.Батбаатар,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Э.Ундраххэрлэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 12 дугаар танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2403 00938 0268 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 30-ны өдөр, Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулалт, кадастрын мэргэжилтэй, .......... ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

......... овогт Ч.Б /РД:********/.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Ч.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 08 цаг 00 минутын орчимд Баянзүрх дүүргийн .. дугаар хороо ..... замд “Toyota prius-41” маркийн **** УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.5 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Toyota prius-20” маркийн **** УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тухайн тээврийн хэрэгслийн жолооч М.Н-гийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 2 дахь хуудас/,

- Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 4-9 дэх хуудас/,

- Хохирогч М.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр өдөр өглөө хүүхэд А, А нарыг Улиастайн ** дугаар сургуульд нь хүргэж өгөөд би жирэмсэн учраас 15 дугаар төв эмнэлэг рүү цаг авсан үзүүлж шинжилгээ өгөхөөр явж байсан ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй Шархад тал руугаа Улиастай гүүр арай хүрэлгүй чигээрээ Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн “Toyota prius-20” маркийн эсрэг талын урсгалаас нэг цагаан өнгийн машин маш их хурдтай урсгал сөрж ирээд миний унаж явсан машины урдаас мөргөсөн тэгээд миний нүд бүрэлзээд цаашаа юу болсоныг санахгүй байна нэг мэдэхэд миний цээж задрах гээд байх шиг болсон. Тэгээд би машинаасаа буух гээд хамгаалах бүсээ тайлаад буух гэтэл миний хөл гишгэж болохгүй байсан. Тухайн үед би нөгөө мөргөсөн машины жолооч гээд нэг охин байсан би тэр охинд түргэн дуудаад өгөөчээ гэхэд тэр хавьд явж байсан нэг хүн түргэн дуудаж өгсөн. Удалгүй 103 ирээд намайг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явж байхад гэнэт доошоогоо цус гоожоод байсан. Тэгээд гэмтэл явахгүйгээр намайг шууд Эх нялхасын эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд Эх нялхас дээр очоод яаралтайгаар намайг шууд хагалгаанд оруулж миний хүүхдийг төрүүлсэн. Тэгээд маргааш нь миний хөлийн зургийг аваад хөл чинь хугарсан байна гээд шууд аваад Гэмтлийн эмнэлэг дээр очоод миний зүүн хөлийг гипстсэн. ...Миний зүүн хөл хугарсан 2 өвдөг зөөлөн эдийн няцралтай, толгой доргисон ослоос болж 7 сартай дутуу төрсөн. ...Мөргөсөн жолооч нийт 1,000,000 төгрөг манай нөхөр А-ын ХААН банкны данс руу шилжүүлсэн. ...эмчилгээний зардал, ажилгүй байх хугацааны цалин, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 13 дахь хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тэр осол болох үед нь би цуг байгаагүй. Тэр өглөө манай эхнэр Н өөрийнхөө ****** дугаарын утаснаасаа 2 удаа залгасан байсан. Тухайн үед би Баянзүрх дүүргийн *** дугаар хороо ....... тоот гэртээ унтаж байсан. Манай хүргэн ах Г манай эгч У нар манай гэрт ирээд намайг сэрээгээд болсон явдлын талаар хэлсэн. Би шууд осол болсон газар дээр нь очиход манай эхнэр Н газар гишгэж чадахгүй байсан. Би түргэн дуудсан уу гэж эхнэрээсээ асуухад нэг ахаар түргэн дуудсан байгаа гэж байсан тэгээд түргэн ирээд манай эхнэрийг аваад явсан. Би осол болсон газар дээр нь замын цагдаагийн бүрэлдэхүүн хүлээсэн. Манай эхнэр Н тухайн осолд орох үедээ 7 сартай жирэмсэн байсан. Тэгээд 103-ийн машинаар Гэмтлийн эмнэлэг рүү явж байгаад доошоо цус гараад байхаар нь шууд Эх нялхасын эмнэлэгт очсон. Тэр осол болсон өдөр хагалгаанд оруулаад манай эхнэрийг төрүүлсэн. ...Хохирлын баримт гаргаж өгнө. Жолоочийн зүгээс нийт хохирол гэж 12,000,000 төгрөг эхнэр Н-ийн ХААН банкны данс руу шилжүүлсэн. Ослоос болж эхнэр бид хоёр ажлаа хийж чадахгүй байгаа ажилгүй байх үеийн цалин нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 20 дахь хуудас/,

- Гэрч О.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Баянзүрх дүүргийн ......... тоот гэртээ байхад манай охин Б над руу өглөө 08 цагийн орчимд өөрийнхөө ********** дугаарын утаснаасаа анх залгаад осол гаргасан талаараа хэлсэн. Би гэрээсээ гараад осол болсон газар дээр нь ирэхэд миний охин Б уйлчихсан ааваа би одоо яанаа би яахын бэ гээд байсан. Тэгэхээр нь би тухайн үед юу ч бодолгүй за аав нь жолоо барьж яваад осол гаргасан гээд цагдаад хэлчихье гэсэн удалгүй замын цагдаагийн бүрэлдэхүүн ирээд үзлэг хийхэд нь би тээврийн хэрэгсэл жолоодсон гэж мөрдөгчид хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 22 дахь хуудас/,

- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .... дугаартай шинжээчийн: “1.3. М.Н-н биед зүүн шагай ясны хугарал, баруун, зүүн өвдөг, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.М.Н нь авто ослын улмаас ихэс ховхорч 29 долоо хоногтой дутуу төржээ. 4.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 5.Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 6.Зүүн шагайн ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. М.Н-ийн 29 долоо хоногтой жирэмслэлт таслагдаж дутуу төрсөн нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.5.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 34-36 дахь хуудас/,

- “В Үнэлгээ” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний “Тоёота -приус-20” маркийн **** УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6.403.000 төгрөгийн шууд, 7.473.000 төгрөгийн нийт хохирол учирсан гэж тайлан /1хх-ийн 65- 56 дахь хуудас/,

- “В Үнэлгээ” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний “Тоёота-приус-Алфа” маркийн **** УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 8.977.500 төгрөгийн шууд 10.357.500 төгрөгийн нийт хохирол учирсан гэж тайлан /1хх-ийн 79-80 дахь хуудас/,

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн **** дугаартай: “Toyota prius-20” маркийн **** УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх ундэслэл тогтоогдохгүй байна. “Toyota prius Alpha” маркийн **** УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.5 Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна...” гэх магадлагаа /1хх-ийн 244-245 дахь хуудас/,

- Иргэний нэхэмжпэгч, хариуцагч О.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Toyota prius Alpha” маркийн **** УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлдэгч О.Ч манай байгууллагатай зээлийн гэрээ байгуулж 23.100.000 төгрөгийн үнийн дүнтэй 48 сарын хугацаатай барьцаалсан. Зээлээ хэвийн хугацаанд төлөөд явж байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. ...Манай байгууллагаас иргэний хариуцагчаар оролцохгүй. Фидуцын гэрээнд заасны дагуу зээл авсан зээлдэгч О.Ч өөрөө хариуцна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 10-13 дахь хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч С.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М.Н Эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 906.920 төгрөг гарсаныг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /2хх-ийн 16 дахь хуудас/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 48 дахь хуудас/,

- Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /2хх-ийн 61 дэх хуудас/,

- Яллагдагчид оногдуулах прокурорын санал /хх-ийн 62-63 дахь хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ундраххэрлэн гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргах зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ч.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч М.Н нь гомдол саналгүй, хохирол төлбөрөө авсан, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг  оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ундраххэрлэн эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, хохирогчтой гэмт хэрэг гарснаас хойш тогтмол холбогдож эмчилгээ сувилгаа хийлгэсэн. Хохирол төлбөрийн хувьд хохирогчид 23,000,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 930,000 төгрөг төлсөн. Иймд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Иймд шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Ч.Б-ийг шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Шүүгдэгч Ч.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ..... овогт Ч.Б /РД:********/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасанТээврийнхэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Ч.Б-ийг шүүхээс тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ч.АЛДАР