2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/210

 

 

 

 

 

 

  2025           01            17                                      2025/ШЦТ/210             

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч Э.Булганчимэг,

Хохирогч М.А ,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн 2409020521*** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 12 дугаар сарын 11-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх дүүгийн хамт амьдардаг, Улаанбаатар хот *** дүүргийн ** дүгээр хороо, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ** аймгийн *** сумын *** тоотод оршин суудаг гэх,

Урьд нь Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн №289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны №484 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн №127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08- ны өдрийн №48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хязгаарлалтын бүсийг *** сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар шийдвэрлэсэн, Б.Н /РД:********* /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н-ыг шунахайн сэдэлтээр 2024 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "**** " худалдааны төвийн 1 давхарт байрлах гоо сайхны дэлгүүрийн худалдагч М.А-ын эзэмшлийн лангуун дээр байсан айфоне 13 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,875,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ***** нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны 1 дүгээр орцонд иргэн Д.Б ийн эзэмшлийн самсунг А-24 загварын гар утсыг хулгайлж бусдад 450,000 төгрөгийн хохирол учруулж нийт 2,325,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч Б.Н-ыг шунахайн сэдэлтээр 2024 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "**** " худалдааны төвийн 1 давхарт байрлах гоо сайхны дэлгүүрийн худалдагч М.А-ын эзэмшлийн лангуун дээр байсан айфоне 13 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,875,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр *** нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны 1 дүгээр орцонд иргэн Д.Б ийн эзэмшлийн самсунг А-24 загварын гар утсыг хулгайлж бусдад 450,000 төгрөгийн хохирол учруулж нийт 2,325,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч М.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг/ хх-ийн 8-9 дугаар хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Хулгайд алдагдсан эд зүйлсийг 1,875,000 төгрөгөөр үнэлсэн тухай “Дамно" ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн СБ1-24**** дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 28-32 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/,

 

Гэрч Ц.У-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч Л.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Гэрч Д.У-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

"****" ХХК үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай ... Үнэлгээнд хамрагдсан "Самсунг А-24" загварын гар утас /хэрэглэж байсан/ зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 450.000 төгрөг байна. Үнэлгээчин Я.Б гэх шинжээчийн дүгнэлт/ хх-ийн 8-9 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, оролцсон болохыг дурдаж байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг гэмт этгээд ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Н нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “...энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээ /гурван зуун мянган төгрөгөөс доош/-ний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй...” гэж заасан бөгөөд уг гэмт хэргийн улмаас бусдад 2.325.000 төгрөгийн хохирол учирсан байна. 

Иймд шүүгдэгч Б.Н-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.А-д 1.875.000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Б -д 450.000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд дээрх хохирлыг төлж барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч Б.Н-аас 1.875.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.А-д, 450.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д тус тус олгож шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Н-ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оноож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч нь **** сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулссан ба тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн ялыг 10 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн байна.

Дээрх ялаас  8 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлээгүй үлджээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан  хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг нь 1 жил 11 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 30 хоногийг хорих ялаас хасч тооцуулах нь зүйтэй байна.

Бусад асуудлаар:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Н-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан  хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 /найм/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг нь 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ын цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Н-аас 1.875.000 /нэг сая найман зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.А-д, 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д тус тус олгосугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  10. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ТҮВШИНТӨГС