| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/0054/э |
| Дугаар | 2025/ШЦТ/65 |
| Огноо | 2025-03-12 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,
улсын яллагч Б.Түвшинтөр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******,
шүүгдэгчийн өмгөөлөгч ******,
шүүгдэгч ****** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ****** холбогдох ****** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: ******.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ****** Говь-Алтай аймгийн *******сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн төрсөн эгч ****** 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тус сургуульд Англи, Орос хэлний багшаар түр томилсон Б/93 дугаартай тушаал гаргаж 2023 оны 09, 10, 11 саруудад ажилласан мэтээр 5,706,593.39 төгрөгийн цалинг ****** дансаар дамжуулан авсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ****** гэм бурууг хянан хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг дараах байдлаар тогтоолоо. Үүнд:
1.Шүүгдэгч ****** нь Говь-Алтай аймгийн *******сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн төрсөн эгч ****** 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тус сургуульд Англи, Орос хэлний багшаар түр томилсон Б/93 дугаартай тушаал гаргаж 2023 оны 09, 10, 11 саруудын цалин 5,706,593.39 төгрөгийг ****** дансаар дамжуулан авсан болох нь:
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Говь-Алтай аймгийн *******сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ****** нь 2023 оны 09 дүгээр сараас 2023 оны 11 дүгээр сарын хооронд өөрийн төрсөн эгч ****** тус сургуульд ажиллаагүй байхад нь ажилладаг мэтээр тушаал гаргаж цалинд нийт 4.102.610,47 төгрөгийг олгосон талаар гомдол гарч ёс зүйн зөрчилтэй гээд өөрөө хүсэлтээр ажлаа өгсөн. ****** нь хууль бусаар олгосон 4.102.610,47 төгрөгийг хохирлыг нөхөн төлсөн эсэх талаар мэдэхгүй. Гэхдээ буруутай нь тогтоогдвол уг мөнгийг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг./1-р хх-ийн 29-35-р хуудас/
3.Гэрч ****** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...****** нь манай сургуулийн захирал байсан ****** төрсөн эгч юм. ****** нь 2023 оны 09 сараас захирал ****** тушаалаар манай сургуульд Англи хэлний багшийн орон тоонд тушаал гаруулан авсан. Ингээд орон тоог нөхөж өгөөгүй тул англи хэлний хичээлийг захирал ****** өөрөө, орос хэлний хичээлийг сургалтын менежер ****** заасан. Миний тухайд захирлын тушаалын дагуу ****** гэх хүнд цалинг нь бодоод тэр хүний данс руу мөнгийг нь хийж байсан. 2023 оны 09, 10, 11 сар гэсэн 3 сарын цалин бодож өгсөн...” гэх мэдүүлэг./1-р хх-ийн 39-р хуудас/
4.Гэрч ****** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие тухайн тушаал гаргасан гэдгийг нь мэдэж байсан, миний төрсөн дүү ****** надтай 2023 оны 09 дүгээр сарын үед надтай холбогдоод Говь-Алтай аймгийн *******сумын ерөнхий боловсролын сургуульд англи, орос хэлний багш байхгүй байна. Багш иртэл түр ажиллаад өгөөч, багш сонгон шалгаруулах зарыг гаргасан байгаа гэж хэлж байсан. Миний бие тухайн үедээ зөвшөөрч байсан. Говь-Аптай аймгийн *******суманд очиж ажиллаж байгаагүй, ажиллахаар явах гэхэд өөрийнхөө ажилладаг гэх Инженер хангамжийн удирдах газарт хийх техникийн ажлыг зохицуулах боломжгүй байсан. Тус мөнгөнүүд нь *******сумын ерөнхий боловсролын сургуулиас цалин гэж орж ирдэг байсан. Би тухайн мөнгөнүүдийг нь бүгдийг нь ****** данс руу шилжүүлж өгдөг байсан. ****** тус мөнгийг юунд зарцуулсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг./1-р хх-ийн 41-42-р хуудас/
5.Гэрч ****** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллахдаа орос хэлний хичээл орж байсан. Захирлаар ажиллаж байсан ****** нь англи хэл болон япон хэл орж байсан. 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр захирал ****** миний хаан банкны 5005084468 дугаарын данс руу өөрийн Хаан банкны данснаас 477.000 төгрөг шилжүүлж байсан бөгөөд өөр мөнгө шилжүүлж байгаагүй. Миний 2023 оны 09 дүгээр сард орос хэлний хичээл орсон цагийн мөнгө гэж хэлж байсан. Яагаад захирал ****** өөрийн данснаас шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. Говь-Алтай аймгийн *******сумын ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежерээр ажиллах хугацаанд ****** гэдэг багш ажиллаж байгаагүй...” гэх мэдүүлэг./1-р хх-ийн 44-47-р хуудас/
6.Гэрч ****** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Говь-Алтай аймгийн *******сумын ерөнхий боловсролын сургуульд ажиллах хугацаанд ****** гэдэг багш ажиллаж байгаагүй...” гэх мэдүүлэг./1-р хх-ийн 54-55-р хуудас/
7.****** Хаан банканд эзэмшдэг ****** дугаартай данс, ****** Хаан банканд эзэмшдэг ******1 дугаартай данс хооронд гүйлгээ хийсэн үйл явцыг тусгасан данснуудын дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл./1- р хх-ийн 92-оос 115-р хуудас/
8.Говь-Алтай аймгийн *******сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ****** ажилд томилох тухай Б/12 дугаартай захирамж./1-р хх-ийн 148-р хуудас/
9.Говь-Алтай аймаг *******сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/93 дугаартай ****** ажилд түр томилох тухай тушаал./1-р хх-ийн 150-р хуудас/
10.****** нь 2023 оны 09, 10, 11 дүгээр саруудад Говь Алтай аймгийн *******сумын ЕБС-иас цалин авч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх мэдээлэлтэй нийгмийн даатгал төлөлтийн тодорхойлолт./1-р хх-ийн 205-р хуудас/
11.Говь Алтай аймгийн *******сумын ЕБС-ийн цалингийн хүснэгт, төлбөрийн хүсэлтүүд, төрийн албаны цалингийн нэгдсэн системийн мэдээллүүд/1-р хх-ийн 208-аас 237-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол...” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжүүдийг тодорхойлжээ.
Нийтийн албан тушаалтны эрх мэдэл, албан тушаалын байдал гэдгийг хууль, түүнд үндэслэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, ажил үүргийн хуваарь, албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэг, бүрэн эрх, эрх хэмжээний агуулгаар ойлгох бөгөөд үүгээр нь урвуулан ашиглах, эрх мэдлээ хэрэгжүүлэхгүй байх гэх мэт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүдийн шинжүүдийг тодорхойлдог.
Өөрөөр хэлбэл, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулна. Мөн “урвуулан ашиглах” гэдэг нь албан үүрэг, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, эсвэл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёстой үйлдээ хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.
Түүнчлэн, 2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, “давуу байдал” гэдгийг 3.1.4 дэх хэсэгт “... албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор тус тус заажээ. Энэ нь нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагдах агуулгаар тайлбарлагдана.
Нийтийн албан тушаалтан нь дээрх байдлаар тодорхойлогдсон албан үүрэг, бүрэн эрхээ биелүүлэхгүй байх, хийх ёстой үйлдлээ хийхгүй байх, эсвэл хийх ёсгүй үйлдлийг хийж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдал бүрэн эрхээ урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Говь-Алтай аймгийн *******сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хуулинд тусгагдснаар нийтийн албан тушаалтан болон төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалд хамаарч байна.
Шүүгдэгч ****** нь Говь-Алтай аймгийн *******сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/93 дугаартай тушаалаар төрсөн эгч ****** тус сургуулийн англи, орос хэлний багшаар түр томилж, огт ажил үүргээ хийж гүйцэтгээгүй байхад нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,032,235 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 200,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,234,973 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 200,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 1,126,916 төгрөгийн цалинг тус тус Ж.Энхбаярын эзэмшлийн Хаан банкны ****** тоот дансанд шилжүүлжээ. Улмаар 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,030,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 200,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,204,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 200,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1,126,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ****** тоот дансанд буцаан шилжүүлэх замаар 5,706,593 төгрөгийг авсан байна. Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн “...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж... өөртөө...давуу байдал бий болгосон...” шинжийг бүрэн хангана гэж шүүх үзлээ.
Иймээс шүүх шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар хэрэгжүүлэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг билээ.
Шүүгдэгчийн өөрийн хамаарал бүхий харилцаатай хүнийг ажилд авсан тушаал гарган баталгаажуулж, тодорхой хугацаанд цалин хөлсийг нь олгон, өөртөө буцаан авсан үйлдэл нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилготой, хийх ёсгүй үйлдлийг хийж, санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн дээрх шинжийг хангана гэж шүүх үзсэн болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал болон учирсан хохирлын хэмжээг тогтоох зорилгоор “...****** нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэсэн мэдээлэлтэй эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/1-р хавтаст хэргийн 169-р хуудас/, шүүгдэгч ****** нөхөр ****** нас барсны бүртгэлийн лавлагаа, хүү ******, хүү ******, хүү ****** нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Баянзүрх дүүргийн 37-р хорооны Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 185 дугаартай тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч ****** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ. Мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж гэмт хэргийн ангилалыг тодорхойлжээ. Шүүгдэгчийг үйлдсэн гэм буруутайт тооцохоор шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан нь гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байна.
Үүнийг албан тушаал эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглах/22.1 дүгээр зүйлийн 1 хэсэг/ гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно гэж ойлгох нь зүйтэй.
Иймээс шүүгдэгчийн хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэдгээ буюу тухайн үед болсон үйл явдлыг мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрсөн, өрх толгойлсон ганц бие эх, мэргэжлийн багшийн дутагдалтай нөхцөл байдлаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд хууль бусаар олсон орлогоо төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзаад тэнсэх зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2(хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ. Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж хуульчилсан тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялыг хэрэглэсэн болохыг тайлбарлах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилсан.
Иймээс шүүгдэгч ****** гэмт хэрэг үйлдэж буюу хууль бусаар олсон орлого 5,706,593 (таван сая долоон зуун зургаан мянга таван зуун ерэн гурав) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн уг зохицуулалтанд нийцнэ гэж шүүх дүгнэсэн болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дуудаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 6 хуудас баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч ****** нийтийн албанд томилох эрхийг 2 жилийн хугацаагаар хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасаар оршин суух газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд шүүгдэгч ****** хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** гэмт хэрэг үйлдэж олсон орлого 5,706,593 (таван сая долоон зуун зургаан мянга таван зуун ерэн гурав) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгосугай.
5.Тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон энэ хэрэгт ял оногдуулахыг шүүгдэгч ****** сануулсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дуудаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 6 хуудас баримтыг хэрэгт хавсаргасугай.
8.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч хохирогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатын прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10.Тогтоолд давж заалдах гомдол эсэргүүцэл гарвал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА