Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лодойн Цэрэндулам |
Хэргийн индекс | 156/2020/00018/И |
Дугаар | 156/ШШ2020/00032 |
Огноо | 2020-01-13 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 156/ШШ2020/00032
2020 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 156/ШШ2020/00032 | Хэрлэн сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00018/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х...... а........ Х..... с...... .... дүгээр баг, .......... тоотод оршин суух, Э У (РД:)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.......... а........ Б..... с.... ... дугаар багт оршин суух, Л Э (РД:)-т холбогдох,
"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.У, хариуцагч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.У нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 2007 онд Л.Э гэр бүл болж, 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр том хүү Э.Ц, 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр охин Э.А нарыг төрүүлсэн. Надтай гэрлэсэн цагаас хойш архи их ууж, агсам тавьдаг байсан. Үүнээс болоод бид тааламжгүй харилцаатай болж 2018 оноос тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүүхдүүд маань эх Э.У миний асрамжинд өссөн.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг минь миний асрамжид үлдээж, эцэг Л.Э хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү... Энэ хэрэгт маргаангүй тул өмгөөлөгч авахгүй (хх-ийн 1 тал),
Хариуцагч Л.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2007 онд Э.У гэр бүл болж хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр том хүү Э.Ц, 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр охин Э.А нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас хамт амьдрах боломжгүй болж 2018 оноос тус тусдаа амьдрах болсон. Н.У гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Хүү Э.Ц, охин Э.А нартаа хүүхдийн тэтгэлэг төлнө. Энэ хэрэгт нэмж гаргах нотлох баримт байхгүй, маргаантай зүйлгүй тул өмгөөлөгч авахгүй. (хх-ийн 16 тал),
Насан хүрээгүй хүү Э.Ц... ээж надад илүү их анхаарал хандуулдаг. Ээжтэйгээ хамт амьдарна... гэсэн санал. (хх-ийн 18 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Л.Э гэрлэлтээ цуцлуулж, хүү Э.Ц, охин Э.А нарт тэтгэлэг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон нь №0026864 дугаартай гэрлэсний гэрчилгээний хуулбараар, (хх-ийн 8 тал) 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүү Э.Ц, 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр охин Э.А нарыг төрүүлсэн болох нь № 469 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, (хх-ийн 9 тал) № 000882 дугаартай Улсын бүртгэлийн хэлтсийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 9 тал) нэхэмжлэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт, (хх-ийн 7 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлахад эвлэрэхээр хүсэлт гаргасан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. (хх-ийн 10 тал)
Хариуцагч Л.Э нь хүү Э.Ц, охин Э.А нарыг өөрийн асрамжинд авах талаар болон гэрлэлт цуцлуулах талаар маргаагүй байна.
Зохигчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэлт цуцлах үед хүүхдүүдээ хэнийхээ асрамжинд үлдээх талаар харилцан тохиролцсон байна. (хх-ийн 16,17 тал)
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүү Э.Ц санал зэргийг харгалзан хэргийг шүүх шийдвэрлэв. (хх-ийн 18 тал)
Хүү Э.Ц нь 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн 12 настай, охин Э.А нь 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн 6 настай болох нь төрсний гэрчилгээний хуулбаруудаар, (хх-ийн 9 тал) ээжтэйгээ хамт амьдардаг түүнд ээнэгшин дассан болох нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг багийн засаг дарга Э.Ц тодорхойлолтоор, (хх-ийн 7 тал).... зэргээр тус тус тогтоогдож байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүү Э.Ц охин Э.А нарыг эх Э.У асрамжинд үлдээхээр тогтов.
Эцэг Л.Э Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2- зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж хүү Э.Ц охин Э.А, нарт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Зохигчид нь одоогийн байдлаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг... эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгав.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч ........... регистрийн дугаартай Б овогт Э У, хариуцагч ............. регистрийн дугаартай С овогт Л Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, хүү Э.Ц, 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, охин Э.А нарыг эх Э.У асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, хүү Э.Ц, 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, охин Э.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, эцэг Л.Э сар бүрийн цалин, орлогоос улирал тутам тэтгэлэг гаргуулж хүү Э.Ц, охин Э.А нарыг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг... эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.У нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Э 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.А даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ